Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05355

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05355                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **дугаар хороо, Эрэл хотхоны **, ****дүгээр байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг “****” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/,

            Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, Эрэл хотхоны *** тоот хаягт оршин суух, *** /РД:****/

            Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 2,785,000 /хоёр сая долоон зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.**, хариуцагч Я.**нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “**” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.**шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай СӨХ бүх гишүүдийн хурлын шийдвэрээр 2017 оны 10 дугаар сараас сар бүр 20,000 төгрөгийн хураамж төлж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч тус хотхоны оршин суугч Я.**нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” үүргээ биелүүлэхгүй байна. Мөн хуулийн 13.2.6, 13.3 дахь хэсэгт заасныг анхааруулж мэдэгдсээр байхад төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа тул Я.**төлөгдөөгүй хуримтлагдсан төлбөр 2,785,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.**шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хотхоны 47в байрны 1 тоотын оршин суугч Я.**нь 2021 оноос эхлэн СӨХ-ны төлбөр төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахад 2,785,000 төгрөг хуримтлагдсан байсан. Сүүлд Төрийн банкнаас ирсэн баримтаар 2,900,000 төгрөг болсон байна. СӨХ бол банкнаас гаргасан нэхэмжлэхийн дагуу л нэхэмжлэл гаргаж шаардсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа өмнөх үнийн дүнгээр дэмжиж байна. Зөрүүг нь харсан учраас барагдуулчих байх.*** байрнуудын доор байрлах гаражид би нэг гараж эзэмшдэг, хариуцагч Я.**ч мөн адил гараж эзэмшдэг. Өмнө нь Даваа гээд настай хүн гэр бүлийнхээ хамт амьдраад гаражийг манадаг байсан. Бид СӨХ-г аваад өөр хүмүүс оруулаад ажиллуулж байгаа. Энэ хүмүүст цалин өгч байсан, гараж дотор тог цахилгаан ашигладаг. СӨХ-ны үйл ажиллагаа доголдож байсан нь үнэн. Би бол сард 35,000 төгрөг боловч бөөгнөрвөл хэцүү гэж бодоод сар бүр төлөөд л явж байсан. Шүүмжлэлийг хүлээж авна. Нэгэнт гараж эзэмшиж харуул хамгаалалтын үйлчилгээ авч, дулаан зогсоолыг ашиглаж байгаа учир гаражийн 15,000 төгрөгийг сар бүр төлөх үүрэг хүлээнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариуцагч Я.**шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний амьдарч буй **байрны 1 тоотын залгаа зүүн талын гаражийн дээд талд хүүхдийн тоглоомын талбай байсан боловч тэр талбай дээр үйлдвэрлэл явуулах байр барьснаас барилгын орон зайн төлөвлөлт алдагдаж, салхи хуйларч манай зүүн талын цонх, балконы дор байнгын хог хуралддаг болсон. Манай байрныхан СӨХ-нд орохын өмнө 2019 оны 5 дугаар сар хүртэл өөрсдөө мөнгөө цуглуулж байрны эргэн тойрон, гадна болон дотор талын шат довжоог, талбайд хуралдсан хогийг байнга цэвэрлэдэг байсан. Гэтэл СӨХ-нд бүртгэгдсэн цаг мөчөөс хойш тэр үеийн захирал Наранчимэгт удаа дараа хэлж байсан боловч байрны зүүн булангийн хогийг цэвэрлэгээ хийхгүй байсаар өдий хүрсэн. Манайд булан хогийн сав болж хувирсан. Үүнийг сүүлийн 5 жил сард дунджаар нэг удаа би хүүхдийнхээ хамт өөрөө цэвэрлэж байна. “**” СӨХ-ны шинэ удирдлага энд хог хуралддаг, цэвэрлэх шаардлагатайг мэдэхгүй байгаа. Амьдрах орчныг цэвэр байлгаж хогийг нь цэвэрлэхгүй юм бол СӨХ-нд мөнгө төлөөд яах юм бэ? Сүүлийн 5 жил сард нэг удаагийн цэвэрлэгээг 20,000 төгрөг гэвэл 1,200,000 төгрөг болно. СӨХ-ны төлбөр төлөөгүй дараагийн шалтгаан бол миний хүү мөн 1 дүгээр давхрын 4 тоотод оршин суудаг ба тэдний баруун талын бетонон хашаа, байрны хооронд нэг хэсэг хугацаанд гудамжны хог түүгчид ирж байрлаад хог новш хаяж, орилоон зодоон хийдэг. Тэгээд зогсохгүй хүн амины хэрэг гарсан. СӨХ-ноос хаалт хашаа барихыг хүсээд нэмэр болоогүй. Харин СӨХ-ны захиралтай амаар тохиролцож хүү бид хоёр бетоны үлдэгдэл, хог новшийг цэвэрлэж, зүлэг ногоог сэргээж, 12м урт үйлдвэрийн төмөр хашааг урд, хойд талд босгосон. СӨХ-ны хуучин захирал Наранчимэг энэ зардлыг төлөөгүй, амласандаа хүрээгүй. Төмөр хашаа хийх, анхны цэвэрлэгээ, хөрс ногоо сэргээлтийн ажилд нийт 1,300,000 төгрөгийн шууд зардал гарсан. Энэ зардлыг хүү бид хоёр хуваавал надад 650,000 төгрөг ногдоно. Манай байр бусад байруудаас хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сард гэрчилгээгээ авахад гэрчилгээг нь харж байж элссэн. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд СӨХ тэр бүр хэвийн ажиллаагүй. Ялангуяа 2023 онд цэвэрлэгээ хийхгүй бүрэн зогссоноос манай байрны айлууд ихэнх нь төлбөрөө зогсоож байсан. Гэхдээ 5 жил ажилласнаар тооцоход сар бүрийн 20,000 төгрөг нь нийт 1,200,000 төгрөг, нэг гаражийг 2021 оны 5 дугаар сараас хойш өнгөрсөн 3 жилд сард 15,000 төгрөгөөр тооцвол 540,000 төгрөг, нийт 1,740,000 төгрөгийн тооцоо л бий. Миний хийсэн ажлын хэмжээ 1,850,000 төгрөг болно. Энэ бүгдийг “**” СӨХ-ны шинэ удирдлага мэдэхгүй байгаа. Үндэслэл нотолгоогүй 2,750,000 төгрөг нэхэж байгаад гайхаж байна.

Төрийн банкнаас төлбөрийн задаргааг ирүүлсэн байна. Энд байрны 20,000 төгрөг дээр гаражийн 15,000 нэмээд 35,000 төгрөгийг нэхэмжлэлд оруулсан байгааг сая мэдлээ. Энэ задаргаагаар давхар мөнгө нэхэмжлээд орон сууцны гараж эзэмшигчдийг давхар хохироож байсан байна гэдгийг мэдлээ. Иймд гаражийн 15,000 төгрөгийг оруулахгүйгээр тусдаа шийдүүлэх хэрэгтэй байх. Мөн байрны мөнгөн дээр 2012 оны 5 дугаар сар хүртэл манай байрныхан өөрсдөө мөнгө цуглуулаад байраа цэвэрлүүлээд яваад байсан. Гэтэл энэ үед СӨХ давхар төлбөр авч байсан гэдэг нь харагдлаа. Иймд байрны 20,000 төгрөг гаргуулах зардлыг нэмж шаардаж байгаа мөнгийг хасаад миний өрийг хүчингүй болгож өгнө үү. ***СӨХ-ны удирдлагыг цаашид манай хажууд хуримтлагддаг хогийг цэвэрлээд байвал зохих ёсоор хуримтлалыг цаашид төлнө. Өмнөх шүүх хуралдаанд зөвхөн СӨХ-ны 20,000 төгрөг хамаарна гэж хэлж байсан. 10 гаруй жилийн төлбөр байх, 2014 оноос эхтэй байх гэж хэлж байсан. Тэгэхээр төлбөрийн задаргааг харалгүйгээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Анхнаасаа гаражийг эзэмшээгүй байж Наранчимэг нь төлбөр оруулаад яваад байсан юм байна. Гаражид нилээн өндөр хүчин чадалтай тоос сорогч авсан байсан. Төлбөрийн задаргаа бол нэхэмжлэлд хуурамчаар ч бичсэн байж болзошгүй байна. Би 2007 оноос гараж болон орон сууцыг өмчилж байгаа...гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “**” СӨХ-ны Я.**холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. “***” СӨХ нь Я.**холбогдуулан СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлагдсан хураамжийн 2017 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрт 2,785,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба нэг сарын үндсэн хураамж 20,000 төгрөг, гаражийн төлбөр 15,000 төгрөг, нийт сар бүр 35,000 төгрөгөөр тооцвол 2,830,000 төгрөгийн тооцоо гарч байх боловч нэхэмжлэгч нь 2,785,000 төгрөг шаарджээ.

            2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагч Я.**огт СӨХ-ны төлбөр төлдөггүй, сар бүрийн тогтмол хураамж нь 20,000 төгрөг, гараж эзэмшдэг учир гаражийн төлбөр 15,000 төгрөгийн хамт сар бүр төлөх үүрэг хүлээнэ” гэж тайлбарлав.

            3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч *** СӨХ үйл ажиллагаа явуулдаггүй байсан, өөрөө гэрийн гаднах орчноо цэвэрлэж арчилдаг байсан. Орон сууцны оршин суугч, гараж эзэмшигч мөн боловч төлбөр төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, төлбөрийн задаргаа нь ойлгомжгүй, эхлээд сар бүр 20,000 төгрөгийн төлбөр тогтоогдсоныг шаардаж байгаа гэж тайлбарласан боловч банкны төлбөрийн нэхэмжлэхээр гаражийн төлбөр давхар шаардаж байсан нь ойлгомжгүй, үүнийгээ нотлоогүй, СӨХ гаражийг хүлээж аваагүй байхад төлбөр нэхэж байна” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. “***” СӨХ нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн засаг даргын шийдвэрээр Баянгол дүүргийн СӨХ-ны бүртгэлд бүртгэгдэж, 288 тоот гэрчилгээ олгогдсон байна.

4.2. Хариуцагч Я.**уг орон сууцны оршин суугч, СӨХ-ны гишүүн мөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолоор С.**СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсныг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж, гэрчилгээнд өөрчлөлтийг бүртгэж, СӨХ-ны дүрмийг 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталжээ.

            4.3. “Төрийн банк” ХК-иас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх бүхий баримтад хариуцагч Я.Алагбандиас 2017 оны 11 дүгээр сараас СӨХ-ны төлбөр эхний 2 сард 30,000 төгрөгөөр, дараагийн сард 40,000 төгрөгөөр, улмаар 4 дэх сараас эхлэн сар бүр 35,000 төгрөгөөр тус тус нэхэмжилсэн байх бөгөөд эдгээр төлбөрийн дүн 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 2,935,000 төгрөг болсон байна.

            4.4. Хариуцагч өөрийн амьдарч буй орон сууц болон гаражийг 2007 оноос эхлэн өмчилсөн талаар тайлбарлаж, өөрийн орон сууцны цахилгаан болон ус дулааны төлбөрийг тогтмол төлдөг байна.

            5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна...” гэж, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан бөгөөд “Төрийн банк” ХК-ийн төлбөрийн нэхэмжлэхээр хариуцагч Я.**төлөгдөөгүй төлбөрийн тооцоолол тогтоогдож байх тул нэхэмжлэгч “**” СӨХ нь хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрх үүссэн байна.

            6. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.**нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээх бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

            7. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар хуульчилсан ба “**” СӨХ нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлснээр төлбөр шаардах эрх үүссэн байхад энэ хугацаанаас өмнөх буюу 2017 оны 11 дүгээр сараас эхлэн төлбөр шаардсан нь үндэслэлгүй байна.

            7.1. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд “***” СӨХ байгуулагдсан үеэс эхлэн тооцвол нэхэмжлэл гаргасан 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 64 сарын хураамж 2,240,000 төгрөг болж байна.

            7.2. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас тогтмол төлөгдөх СӨХ-ны төлбөрийг хэрхэн шаардаж байсан талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх байдал тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 4 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир энэ хугацааны зардал 1,560,000 төгрөгийг төлөхөөс хариуцагч татгалзах эрхтэй.

            7.3. Иймд төлбөрийг 2021 оны 8 дугаар сараас эхлэн тооцвол хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 8 дугаар сард дуусахаар байх тул энэ хугацааны 35 сарын төлбөр 1,225,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээж байна.

8. Хариуцагч орон сууцны байшингийн доор байрлах дулаан гараж өмчилдөг талаар тайлбарлаж, бичгээр гаргасан хариу тайлбартаа гаражийн төлбөр 15,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. Иймд тухайн гаражийг нийтэд нь хэн эзэмшиж байгаагаас үл хамаарч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, бусад нийтлэг зардалд хамаарч, холбогдох байгууллагуудад СӨХ төлбөр төлж, харуул хамгаалалтаар хангаж ажилладаг учир оршин суугч энэ зардлыг хамтран хариуцах үүрэг хүлээнэ. Иймд хариуцагч сар бүрийн гаражийн 15,000 төгрөгийг төлөхөөс татгазах эрхгүй юм.

9. Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,225,000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 1,560,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 1,225,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 33,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.***1,225,000 /нэг сая хоёр зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “***” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 1,560,000 /нэг сая таван зуун жаран мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА