| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05701/И |
| Дугаар | 102/ШШ2024/05374 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/05374
2024 оны 11 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2024/05374 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **дугаар хороо, ***байрны **тоот хаягт оршин суух, эмэгтэй, **овогт ** /РД: ***/,
Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дүгээр байрны **тоот хаягт оршин суух, эрэгтэй, *** /РД: ***/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*, хариуцагч Т.*нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 6 дугаар сарын 13-нд танилцаад гэр бүл болж 2019 оны 1 дүгээр сарын 19-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний охин Д.*2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, Д.*2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн ба бид 5 жил хамт амьдарсан. Сүүлийн 4 жил бид зан харилцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас 2024 оны 7 дугаар сарын сүүлээс тусдаа амьдарсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хоёр хүүхэдтэйгээ дүүгийндээ очиж амьдраад, хүүхдийн хичээл эхлэхээр одоо байгаа гэртээ ирсэн. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. Хоёр бага охиндоо тэтгэлэг авна. Тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр авах хүсэлтэй байгаа. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхэд өргөдөл гаргахаас өмнө байрны ордерыг дүүгийнхээ нэр дээр шилжүүлчихсэн байсан...гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2017 онд танилцаад 2019 онд гэрлэлтээ батлуулсан. 2018 онд том охин, 2020 онд бага охин төрсөн. Миний хувьд С.*гаргасан нэхэмжлэлилйг хүлээн зөвшөөрч байгаа. Зан харилцаа, ааш зангаас болоод бид хоёр талдаа амьдраад 2 сар гаран болж байна. Хүүхдүүд охин болохоор ээж дээрээ байсан нь дээр гэж бодоод зөвшөөрч байгаа. Тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэх болон хүү *овогтой *төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-4/, иргэний улсын бүртгэлийн лавлагаа /хх-5/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-6-8/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-9/, Д.*сургуулийн тодорхойлолт /хх-10/, Д.*, Д.*нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-11-12/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-13/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч Т.*шүүхэд бичгийн нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Т.*гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай С.*нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, 2024 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, охин Д.*, Д.*нарыг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулна” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 7 дугаар сараас тусдаа амьдарсан, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө. Охин хүүхдүүд учир ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хуульд заасан тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ” гэж тайлбарлав.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.
4.1. Гэрлэгчид 2017 онд танилцан үрхэж, улмаар гэр бүл болж хамтран амьдарсан ба 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон байна.
4.2. Нэхэмжлэгч С.*хүү Б.*2010 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түүнийг хариуцагч Т.*овоглож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулжээ.
4.3. Харин гэрлэгчдийн дундаас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин Д.*, 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр охин Д.*нар төрсөн байна.
4.4. Гэрлэгчид 2024 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд эх С.Баярмэндийн асрамжинд эрүүл өсөн бойжиж байгааг Өрхийн эрүүл мэндийн төв болон хорооны засаг дарга тодорхойлжээ.
4.5 Нэхэмжлэгч С.*2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч уг ажиллагаа амжилтгүй болсноор 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биедээ үнэнч байх, ... бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан байна.
6. С.Баярмэнд, Т.*нар хэн аль нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
7. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн асрамжид байгаа бөгөөд хэн аль нь энэ байдлыг үргэлжлүүлэхийг хүссэн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Д.*, Д.*нарыг эх С.*асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Д.*/6 настай/, Д.**/4 настай/ нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Т.*тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг С.*, Т.*нарт даалгаж, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй.
10. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ****/***/, Монгол улсын иргэн **** /***/ нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д.*, 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Д.*нарыг эх С.*асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Д.* /6 настай/, охин Д.*/4 настай/ нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Т.*сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан С.*, Т.*нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА