Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04279

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2024/04279 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....................................................................................................................................................

Хариуцагч: ...........................................................................................................................................................................................................

Нэхэмжлэлийн  шаардлага:......................................................................................................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .............................................. нэхэмжлэгчийн өмгөөлөгч ................................................ /ШТЭД:0216/, хариуцагч ................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ........................... хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ......................: шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Япон улсад ажиллаж амьдардаг учир жил бүр эх орондоо ирж, ах дүүс дээрээ ирэхэд өөрийн гэсэн орон байргүй байсныг мэдэх миний багын найз, УБТЗ-ын коллежид хамт сурж байсан ..................миний нэр дээр хөнгөлөлттэй үнээр байр захиалчих гэж санал тавьсны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ...........................................................-гийн нэр дээр гэрээ байгуулан захиалж, төлбөрийг 100 хувь бэлнээр 180,960,000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5027807621 данснаас Орчлон консалтинг ХХК-ийн 5011683421 тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Нэмэлт гэрээ байгуулан смарт зогсоол захиалж, төлбөрийн 50 хувь 23,750,000 төгрөгийг шилжүүлж, 2023 оны 4 дүгээр улиралд байр, зогсоолоо хүлээж авахаар болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл уг байрны гүйцэтгэл 70-80 хувьтай, дуусаагүй үргэлжилж байгаа. А.Болормаа ажлаасаа халагдаж, ажилгүй байна гэсэн учир Япон улсад очих үед нь би өөрийн боломж бололцооны хэрээр тусалж дэмжиж байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд надаас үндэслэлгүйгээр их мөнгө нэхэж, өгөхгүй бол гэрээгээ цуцлаад сонирхсон нэгэнд нь байрыг зарж ашиг олно гэж сүрдүүлэн, уулзахаас зайлсхийж зугтаах болсон. ......................................-тай очиж уулзахад ................................. учраа олж чадвал гэрээг миний нэр дээр шилжүүлж болно гэсэн хариу өгсөн. Би ........................................ энэ гэрээг хийж өгвөл нэмэлт төлбөр урамшуулал өгнө, авна гэсэн яриа огт явагдаагүй. Иймд намайг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудад үндэслэн уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг шүүхийн журмаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Би 2022 оны 9 дүгээр сард байр авах гэж явж байхад ......................... надад санал тавьж, Төмөр замын ажилчдад 30 хувийн хөнгөлөлттэй захиалга авч байгаа гэсэн. Тэр үед нь би байр хайж байсан учир найзынхаа үгэнд итгээд байранд нь захиалга өгч, 100 хувь төлбөрөө төлсөн. Гаражийн 50 хувийг төлсөн. Эхний 10,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд хийгээд, 10 дугаар сард Монголд ирэхдээ үлдэгдэл 190,000,000 гаруй төгрөгийг ...................................-ийн данс руу хийсэн. Бид хоорондоо ярихдаа ямар нэгэн мөнгөний асуудал яригдаагүй. ...............................................-иас тухайн орон сууцны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг авсан байсан. ............................ цагдаад өгсөн шалтгаан нь өөрөө надаас 10,000,000 төгрөг нэхсэн учраас гомдол гаргасан юм. Цагдаа дээр миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байсан. .......................................нь бид хоёрыг өөрсдөө зохицчих юм бол гэрээг сольж болно гэдэг...гэв.

1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Гэрээний нийт үнэ орон сууц, гараж нийлээд 230,000,000 төгрөг юм. Төлбөр төлсөн талаар ямар нэг маргаангүй. Талууд олон жил найзалсан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид найзын хувьд тусалсан байна. Энэ утгаараа .........................энэхүү нэхэмжлэлээр юу ч нэхээгүй. ............................-тай А............................ гэрээ байгуулсан учраас бусдад худалдаж, ашиг олох талаар өмнө нь ярьж байсан. НӨАТ-ын буцаан олголт 5,000,000 орчим төгрөгийг ..................................авсан байсан. Гэрээг ....................................ийн нэр рүү шилжүүлээд найздаа туслах боломжтой. Гэтэл шилжүүлэхгүй зугтаагаад байгаа юм. Хэрэв шүүхийн шийдвэрээр тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газарт очих боломжтой гэж харсан учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. Тухайн хөрөнгө нь компанийн өмч биш юм. Хууль дүрмийн дагуу, нэгэнт мөнгө ...............................-ээс гарсан гэдэг нь баримтуудаар нотлогдож байгаа. Гэрээг зөрчсөн зүйл байхгүй учир нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2. Хариу тайлбар:

2.1. Хариуцагч :................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Яг одоогийн байдлаар нэхэмжлэлд дурдагдсан орон сууцны барилгын явц 70-80 хувьтай, нэхэмжлэлд заасан байрлалд баригдаж, нэхэмжлэгчийн бүх мөнгө 204,710,000 ................................-ийн Хаан банкны ............................... тоот дансанд шилжиж орсон байгааг нотлох баримтуудаас харж болно. Миний хувьд Орон сууц бариулах гэрээг, гэрээний бүх нөхцлүүдийг харилцан ойлголцож байгуулсан. Нэхэмжлэгчийг Японд байхад холбогдож, уг орон сууцнаас Төмөр замчдад хөнгөлөлттэй үнээр худалдах хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусах талаар хэлж, нэхэмжлэгч байрыг авахаар болж судлаад хөөцөлдөөд өг гэсэн тул 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн бүх талаар нь судлан Орчлон консалтингийн төв байр, төмөр замын удирдах газар болон бусад холбогдох газраас шаардагдах бичиг баримтуудаа гаргуулан авч яаралтайгаар ажлын дундуур зохицуулан Орон сууц бариулах гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн. 10 хоногийн турш нэхэмжлэгчийг бүх төрлийн мэдээллээр хангаж, өөрийн цаг зав, үнэн сэтгэлээ зориулан цаг нь тулсан энэ том ажлыг бүтээсэн. Нэхэмжлэгч сонирхсон болохоор сайн санааны үүднээс, миний нэрээр захиалж болно гэж хэлсэн. Түүнийг ятгасан, байр авах гэж байсныг болиулсан зүйл огт байхгүй. Бид хоорондоо орон сууцыг Төмөр замчны хөнгөлөлттэй үнээр хямд байр авахын тулд Өмчлөлийн гэрчилгээ гарахаар авна гэж ярьж тохирсон байсан ба Орон сууц бариулах гэрээг хийсэн цагаас 2023 оны 8 дугаар сар хүртэл энэ талаар ямар нэгэн асуудал үүсээгүй, баригдаж байгаа явцын талаар хааяа зургийг нь дарж явуулдаг байсан.

2023 оны намраас байрыг миний нэр дээр шилжүүл, өөр хүнд итгэмжлэл хийж өг, эсвэл хүчингүй болгож өг гэж дайрч давшилж эхэлсэн. Хоорондоо ярьснаараа өмчлөлийн гэрчилгээ гарахаар ав гэж нэхэх бүрд нь гэрээний тодорхой заалтуудыг тайлбарлаж, мөн миний нэрээр авсан болохоор асуудал үүсэж болно гэж хэлж тайлбарлаж байсан. Би ......................................-тай Захиалгаар орон сууц бариулах гэрээний нөхцлүүдийг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээг Төмөр замын бус хүнд шилжүүлэхтэй холбоотой заалтууд 2.7, 3.2.6, 6.6, мөн Смарт зогсоол бариулах гэрээний 4.2 дахь заалтуудад заасан. Гэрээний заалтуудын дагуу захиалагчид сууцны өмчлөх эрх бүрэн шилжээгүй байхад гэрээний эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхээр бол Орон сууц бариулах гэрээний 6.6 дахь заалтын дагуу 36,192,000 төгрөг, смарт зогсоол бариулах гэрээний 2.4 дэх заалтын дагуу 4,750,000 төгрөг, нийт 40,942,000 төгрөгийн зардал, торгуулийг төсөл хэрэгжүүлэгчид төлөхөөр заасан. Гэрээний заалтуудаас гадна янз бүрийн төлбөр тооцож авахыг үгүйсгэхгүй. Гэрээ хийх үед байрны үнэ төмөр замчдад 1 м.кв-ыг 3,480,000 төгрөг, бусад худалдан авагч нарт 1 м.кв-ыг 4,750,000 төгрөг байсны зөрүү нь 1,270,000 төгрөг буюу нэхэмжлэгч 247,000,000 төгрөгөөр авах байраа 180,960,000 төгрөгөөр авсан. Яг одоогийн байдлаар байрны үнэ 1 м.кв-ыг 5,500,000 төгрөгөөс 6,950,000 төгрөг, захиалсан орон сууц өнөөдөр бага дүнгээр тооцоход 286,000,000 төгрөг болж өссөн байгааг харахад хамгийн сайн байршилтай, хэзээ ч үнэ ханш нь буурах эрсдэлгүй юм.

Тухайн байр одоо гэрээнд заасан хаяг байршилдаа баригдаж байгаа ба нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн баримтуудаараа намайг түүнээс ямар нэг мөнгө аваагүйг нотлон харуулсан байна. Нэхэмжлэгч байрыг өмчлөлийн гэрчилгээ гараагүй байхад шилжүүлж өг гэж олон удаа дарамталж байна. Иймд байр баригдаж дуусаагүй, өмчлөлийн асуудлыг миний бие шилжүүлэх боломжгүй, надаас шалтгаалсан зүйл биш, миний нэр дээр өмчлөх эрх үүсээгүй байхад би .................... дээр хэрхэн өмчлөгчөөр тогтоолгох вэ? Ийм эрх надад байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэрээ байгуулсан, мөнгийг би аваагүй, би өөрөө өмчлөгч болоогүй байж яаж хариуцагч болох вэ? Энэ нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч бол би биш байна.

Намайг цагдаад өгөхдөө 10,000,000 төгрөг нэхсэн гэж ярилаа. Цагдаагийн бичиг дээр 30,000,000 төгрөг нэхсэн гэсэн байна. Хамгийн сүүлд Япон яваад ирэхэд нь мөнгөний талаар би огт дурдаагүй. Ирэхэд нь шилжүүлж өгнө гэдгээ шийдсэн байсан. Орон сууц бариулах гэрээн дээр А.Болормаа гэдэг хүн нэг бүрчлэн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Энэ хүнд бол гэрээ нэг их хамаагүй байгаа юм. Нэхэмжлэлд намайг гүтгэж бичсэн байна. Би хэзээ, хэнд зарах гээд явсан гэдэг нь ойлгомжгүй, ор үндэсгүй байна...гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх .............................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан, .................................болон ........................... нарын байгуулсан Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээний зүйл болох ашиглалтанд ороогүй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ: ........................-гийн нэрээр түүний ажиллаж байсан УБТЗ-ын ажилчдад зориулсан хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалуулж, төлбөрийг төлсөн. Уг орон сууц ашиглалтанд ороогүй байгаа. Гэрээг шилжүүлэхийг хүссэн боловч ............................... зөвшөөрөхгүй байгаа учир тухайн хөрөнгийн өмчлөгчөөр ........................ийг тогтоолгоно. Гэрээний 3.2.6-д зааснаар зардлыг төлөх боломжтой. ........................... нь .......................ийг өмчлөгчөөр тогтоох эрх бүхий этгээд биш бөгөөд хариуцагч ..............-аас ямар нэг зүйл шаардаагүй гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: тухайн орон сууцны өмчлөгчөөр ......................-ийг тогтоох эрх бүхий этгээд .....................биш. Мөн гэрээнд зааснаар бусдад гэрээг буюу захиалагчийн эрх, үүргийг шилжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгчид шимтгэл, төлбөр төлөх эрсдэл ...................... ирж байгаа учир зөвшөөрөх боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтанд орж, гэрчилгээ гарсны дараа шилжүүлэх боломжтой гэж тайлбарлав.

4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

4.1. Хариуцагч .....................................2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ..............................-тай ОК-II-С-18-126/01-174 тоот Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээг бичгээр байгуулан, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Orchlon Tower барилгын С байрны 18 давхар, 126 тоот дахь 52 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 3,480,000 төгрөг, нийт 180,960,000 төгрөгт бариулахаар захиалж, гүйцэтгэгч ................................................... нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон байна.

4.2. Дээрх гэрээний талууд мөн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ОК-II-SP-J-C-3-5/01-175 тоот Захиалгаар смарт зогсоол бариулах тухай гэрээ байгуулж 5 тоот 10,51 м.кв талбай бүхий смарт дулаан зогсоолын талбайг Төмөр замын төслөөс С-18-126 тоот байр худалдаж авсан тул 5% хөнгөлж 50,000,000 төгрөгөөр захиалан, төлбөр төлөх хуваарь болон бусад нөхцлийн талаар гэрээнд тусгажээ.

4.3. Орон сууц болон смарт зогсоол бариулах гэрээнүүдийн төлбөрийг нэхэмжлэгч .................-гээс ....................-д дансаар 10,000,000 төгрөг ....................................д 194,710,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлсэн байна.

5. Хариуцагч..........................гийн ажиллаж байсан УБТЗ ХНН-ийн ажилчдад зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууц захиалах нөхцөлийг ашиглаж, нэхэмжлэгч ................................... нь зах зээлийн үнээс хямдаар буюу 1 м.кв талбайг 3,480,000 төгрөгөөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Орчлон тауэр барилгад орон сууц захиалахаар хариуцагчтай харилцан тохиролцож, улмаар ............................... нь барилгын ажлыг гүйцэтгэж буй ..................................-тай гэрээ байгуулж, 52 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан, гэрээний төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлсөн, ..........................ээс ...............................д аливаа шагнал урамшуулал, хөлс төлөхөөр тохиролцоогүй зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6. Харин нэхэмжлэгч .................................. нь ашиглалтанд ороогүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хариуцагч ..........................гийн өмчлөлд шилжээгүй байгаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй эсэх, ...................... уг нэхэмжлэлийг хариуцах этгээд мөн эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргав.

7. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж хуульчилсны дагуу үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөл бий болно.

8. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 52 м.кв талбай бүхий орон сууц нь ашиглалтанд ороогүй, барилгын явц 70-80 хувь байгаа бөгөөд тухайн орон сууц хариуцагчийн өмчлөлд бүртгэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

9. Мөн нэхэмжлэгч ............................, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа хариуцагч ........................маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ......................-ийг тогтоох эрх бүхий этгээд биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар ..................-гаас ..................................-тай байгуулсан Захиалгаар орон сууц бариулах болон Захиалгаар смарт зогсоол бариулах тухай гэрээнүүдийн захиалагчийн эрхийг ..................................-т шилжүүлэхийг даалгах хүсэл сонирхолтой байгаа болох нь харагдах боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлээр уг гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан учир энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

10. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийхн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

11. Хариуцагч ....................... нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч бус, тухайн хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй, ашиглалтанд ороогүй байхад ...................................... холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй ..................................-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, уг шаардлагыг ............................ биелүүлэх боломжгүй бөгөөд хариуцах эрх бүхий этгээд биш байна.

12. Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

13. Иймд дээрх үндэслэлээр шүүх ..........................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ......................-д холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Орчлон тауэр С байр 18 давхар 126 тоот дахь 52 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай .......................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА