Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/05479

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05479                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **дугаар хороо, **тауэр хотхоны **байрны **тоот хаягт байрлах, **регистртэй, “****” ХХК,

            Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах, **регистртэй, *** /цаашд “**” ХНН гэх/,

            Нэхэмжлэлийн шаардлага: “**” ХНН-ээс Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 149,950,000 /нэг зуун дөчин есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*/ШТЭД:0539/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: “**” ХХК нь “**” ХНН-ийн захиалгаар төмөр замын шинэчлэлтийн ажилд Komatsu-D65-N12 бульдозерыг түрээслүүлэн, оператортойгоор ажиллуулсан ба 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл шороо түрэх, хусах ажлыг хийж гүйцэтгэсэн. Төмөр замын шинэчлэлтийн ажил нь 62,350 м.куб, Толгойтоос Улаанбаатар, Улаанбаатараас Амгалан болон Наран-Элгэн-Агуйт чиглэл хүртэлх замыг шинэчлэн засварласан ба ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нь нийт 149,950,000 төгрөг болсон, хариуцагч тал гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрдөг. Бид төлбөрөө авахаар удаа дараа албан бичгийг хүргүүлсэн боловч албан ёсны хариу өгөхгүй, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй 2 жил дамнан хөөцөлдөж байгаа бөгөөд манай байгууллагыг санхүүгийн хүнд байдалд оруулж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 149,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч тал хийгдсэн ажил, төлөх ёстой төлбөрийн талаар ч маргадаггүй. Том байгууллагын дотоод асуудлаас болж бид хохирч байна. Энэ гэрээний дагуу “**” ХХК-ийн эзэмшлийн бульдозероор, компанийн жолооч ажиллуулж гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэлийг “** ХХК гаргасан учир компанийн захирал хэн байсан, одоо хэн байх нь үндсэн маргаанд ач холбогдолгүй юм. Өмнөх захирал Б.*нас барсан ба одоогийн захирал Э.Ууганцэцэг нь түүний эхнэр юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2021 оны 11 дүгээр сард ажил гүйцэтгэсэн гэж бодохоор хуульд заасан гомдлын шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.  

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“**” ХНН-ийн Зам засварын машинт станц нь “** ХХК-иас 2021 зам эрүүлжүүлэлтийн их засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Komatsu-D-N12 бульдозер түрээслэн ажиллуулсан байдаг. Талууд дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй, тендерийн сонгон шалгаруулалтгүй тус компаниар гүйцэтгүүлсний улмаас төлбөр нэхэгдэж байсан. “**” ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан Суурь бүтэц хариуцсан Замын орлогч дарга Белош К.Р-тэй тохиролцож гэрээ байгуулсан гэж бичсэн байх боловч **-ын гэрээ байгуулах журмын дагуу эрх бүхий албадууд эцсийн байдлаар зөвшөөрөл өгсний дараа эцсийн байдлаар зурах эрх нээгддэг. ***-ын Эдийн засаг ба санхүү хариуцсан замын орлогч дарга болон Төлөвлөлт эдийн засгийн албанаас дээрх төлбөрийг өгөх эсэх дээр зөвшөөрөл олгоогүй. Иймд **-ын зүгээс дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй, төлбөр тооцооны гэрээ байгуулагдаагүй, гэрээний бүртгэлд бүртгэгдээгүй байна. Мөн “**” ХХК нь шаардлага гаргах эрхээ алдаж 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрх төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд “**” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2021 оны 6 дугаар сард зам эрүүлжүүлэлт хийх засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Б.Ганбүргэд гэдэг захиралтай тохиролцож бульдозерыг ажиллуулсан. Жолооч нь хамт ирж ажилласан. Ийнхүү ажиллуулахдаа гэрээ бичгээр байгуулаагүй, амаар тохиролцоод хийсэн байдаг Манайх гэрээ байгуулахдаа Б.Ганбүргэд гэдэг хүнийг л таньдаг байсан. Нийт 149,950,000 төгрөгийн төлбөрийн үнийн дүн дээр бол маргаан байхгүй. “**” ХХК-ийн бульдозер ажилласан. Тус компанийн албан бичгүүдийн дагуу дотооддоо хуралдаж, санхүүжилт хүсэх тухай албан бичгүүд гарч байсан...гэв.

            3. Нэхэмжлэгч талын нотлох баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Төлбөрийн нэхэмжлэх /хх-4/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-5/, “**” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн “**” ХХК-иас 2021 онд зам сунгалт, их засварын ажилд Бульдозер түрээсээр авч ажиллуулсан тухай **-аас Б.*, Я.*нар, “**” ХХК-иас Б.*нарын гарын үсэг зурж баталгаажуулсан тайлбарын хуулбар /хх-7/, “**” ХХК-иас “**” ХНН-ийн дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн албан бичгүүдийн хуулбар /хх-8-13/, Төлбөр тооцооны гэрээний хуулбар /хх-14/, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл /хх-15-16/ зэрэг болно.

            4. Хариуцагч талын нотлох баримт: төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-21/, “**” ХНН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-22/ зэрэг болно.

            5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20499 дүгээр захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-40/, захирамжийн дагуу **-ын Зам засварын машинт станцаас Суурь бүтэц хариуцсан замн орлогч дарга Белош К.Р-т хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 50/703 дугаар албан бичгийн хуулбар /хх-44/, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хурлын протоколын хуулбар /хх-45-46/, **-ын Зам засварын машинт станцаас Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд хүргүүлсэн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 50/479 дүгээр албан бичгийн хуулбар /хх-47/, “**” ХХК-иас “**” ХНН-ийн дарга Х.*хүргүүлсэн албан бичгүүдийн хуулбар /хх-48-53/ зэргийг хариуцагч тал нотлох баримтаар гаргаж ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 149,950,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагчтай аман хэлбэрээр тохиролцсоны дагуу 62,350м3 хэмжээтэй шороо түрэх, хусах ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлс төлөгдөөгүй, удаа дараа шаардсан ч биелүүлээгүй учир төлбөрөө гаргуулна. Гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “бульдозероор хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, төлбөрийг төлөөгүй нь үнэн боловч гэрээг бичгээр байгуулаагүй, “**” ХНН-ийн хууль зүйн албанд бүртгэгдээгүй, зохих этгээдийн зөвшөөрөл авахгүйгээр гэрээ хийсэн. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            4.1. “**” ХНН-ийн Зам засварын машинт станцын захиалгын дагуу “**” ХХК-ийн Komatsu-D65-N12 бульдозероор төмөр замын шинэчлэлтийн ажилд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зам засварын эрүүлжүүлэлтийн их засварын ажилд шороо түрэх, хусах ажлыг хийж гүйцэтгэсэн ба гэрээний дагуу нийт 149,950,000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгч “**” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

            4.2. Дээрх гэрээг талууд бичгээр байгуулаагүй, аман хэлбэрээр харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн эзэмшлийн бульдозерыг ажиллуулан, тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

            4.3. Гэрээгээр тохирсон төлбөр төлөгдөөгүйн улмаас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “**” ХХК-ийг төлөөлөн захирал Б.*, “**” ХНН-ийг төлөөлөн ПДМСИмех Б.*, ПДмех Я.*нар хамтарч тайлбар гэх баримт үйлдэж, төлбөрт 149,950,000 төгрөг төлөхөөс 69,950,000 төгрөгийг 2021 оны санхүүгийн балансад өглөгөөр тусгасан боловч төлөгдөөгүй байгаа талаар тайлбарлажээ. /хх-7/

            4.4. Харин гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас “**ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 6 удаагийн албан бичгээр төлбөр 149,950,000 төгрөгийг төлж барагдуулахыг “**” ХНН-ийн дарга Х.Хэрлэнд мэдэгдсэнийг хариуцагч хүлээж авсан байна.

            4.5. “**” ХНН-ийн Зам засварын машинт станцаас Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор буюу “**” ХХК-ийн бульдозер ажиллаж байгаа учир ажиллуулах шийдвэрийг яаралтай шийдвэрлүүлэхийг Суурь бүтэц хариуцсан замын орлогч даргад 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлж, “**” ХХК-ийн гаргасан төлбөр шаардсан албан бичгүүдийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, төлбөр болох 149,950,000 төгрөгийг барагдуулах тал дээр анхаарч ажиллахаар шийдвэрлэж, “**” ХХК-ийн гаргасан төлбөр барагдуулах тухай мэдэгдэл бүхий албан бичгүүдийг хүлээж авсан байна. /хх-44-53/

            4.6. Улмаар Зам засвар машинт станцаас Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд “Санхүүжилт хүсэх тухай” 50/479 тоот албан бичгийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлж, “**” ХХК-иас бульдозер авч ажиллуулсан, төлбөр 149,950,000 төгрөг төлөгдөөгүй, 2021 оны Санхүүгийн тайланд өглөгөөр бүртгэж, Замын их засварын өртөгт тооцуулж хаасан, “**” ХХК удаа дараа төлбөрийг шаардаж байгаа учир өглөгийг барагдуулах санхүүжилт олгуулахыг хүсжээ.

            5. Зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаагүй ч “**” ХХК-ийн бульдозерыг “**” ХНН-ийн төмөр замын шинэчлэлтийн их засварын ажилд ажиллуулсан, ажлын хөлс 149,950,000 төгрөг болсон, төлбөр төлөгдөөгүй талаар маргаагүй. Харин гэрээг бичгээр байгуулаагүй нь төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл эсэх, нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар тус тусын үндэслэл зааж маргав.

            6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байна.

7. Захиалагч тал болох “*” ХНН нь гүйцэтгэгч “**” ХХК-иас ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан боловч төлбөр 149,950,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарсан тайлбар, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн шаардлага бүхий мэдэгдлүүд, “**” ХНН-ийн Зам засварын машинт станцын албан бичгүүд болон зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий гэрээг бичгээр байгуулаагүй, “**” ХНН-ийн гэрээ байгуулах журмыг зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр, зохих зөвшөөрөл авалгүй ажилласан, Төлбөр барагдуулах гэрээ журмын дагуу гэрээний бүртгэлд бүртгэгдээгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

8.1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулахаар хуульд тусгайлан зохицуулаагүй.

8.2. Мөн талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, нэхэмжлэгч тал өөрийн эзэмшлийн бульдозерийг өөрийн операторчноор ажиллуулан хариуцагчийн даалгасан ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

8.3. Түүнчлэн, хариуцагч байгууллагын “гэрээ байгуулах журам” нь тухайн байгууллагын дотооддоо мөрдөх журам ба энэ журмын дагуу бичгээр гэрээ байгуулж, маргаан бүхий гэрээ бүртгэгдээгүй нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 149,950,000 төгрөгийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх тухай “***” ХХК-ийн саналд “**” ХНН хариу өгөлгүй, ажил үйлчилгээг нь хүлээн авснаар хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

9.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.

9.2. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилж дууссан талаар хэн аль нь маргаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацааг тооцвол, шаардах эрх үүссэн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

9.3. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс ирүүлсэн албан бичгүүдийн дагуу дотооддоо хуралдаж, төлбөр гаргахыг холбогдох албанд мэдэгдэж байсан нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой.

9.4. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг эс зөвшөөрөх татгалзлын дараагийн үндэслэлээ: “** ХХК-ийг төлөөлөн захирал Б.*нь “**” ХНН-тэй аман хэлбэрээр тохиролцож байсан бөгөөд тэрээр нас барсан, уг гэрээний талаар тохиролцоо хийгээгүй, компанийн эрх шилжсэн эсэх нь тодорхойгүй Э.*нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэх агуулгаар тайлбарласан.

10.1. Маргаан бүхий хэлцэл хийгдэх үед гүйцэтгэгч “**” ХХК-ийн захирал Б.Ганбүргэд байсан ба тэрээр 2022 онд нас барж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Э.*томилогдсоныг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. /хх-6/

10.2. “**” ХНН-т холбогдуулан “**” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Э.* олгогдсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. /хх-2, 5/

10.3. Маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэх үед нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.* нас барснаар “**” ХХК тухайн гэрээний үүргийг шаардах эрх хязгаарлагдахгүй. Учир нь “*” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг “**” ХНН хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлс төлөх үүрэг хүлээнэ.

10.4. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.

            11. Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “**” ХНН-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 149,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “**” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

            12. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 907,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***нийгэмлэгээс 149,950,000 /нэг зуун дөчин есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “**” ХХК-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 907,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18504 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА