Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/05535

 

 

 

 

 

 

 

      2024 оны 11 сарын 28 өдөр

               Дугаар 102/ШШ2024/05535

Улаанбаатар хот

  

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ***дугаар хороо, Шинэ хотхон москва гудамж, ** дугаар байр, **тоот хаягт оршин суух,**** регистрийн дугаартай, *** овогт ***

БНСУ-ын иргэн ***тай бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн Б.*, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.*нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.*шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Солонгос улсад ажиллаж амьдрах хүсэлдээ автагдан тухайн үед зарын сонин дээр “виз гаргана” гэх зарын дагуу н.Чимгээ гэх хүнтэй холбогдож, уулзахад “Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулах юм бол виз нь хурдан гардаг” гэх хариу өгсөн. Дараагийн үр дагаврыг бодолгүйгээр шууд зөвшөөрч санал болгосон хүнтэй нь гэрлэлтээ батлуулахаар шийдэж н.Чимгээ гэх хүний зааж өгсний дагуу өргөдлийг хуулж бичээд бүрдүүлэх материалыг бүрдүүлсэн. Тухайн үед зөвхөн визний төлөө байсан. Мөн өөрөө хүсэж өргөдөл бичээгүй ямар ч хайр сэтгэлгүй гэр бүл болох зорилгогүй гэрлэлтээ батлуулсанд одоо маш их харамсаж байна. Өнөөдрийн байдлаар тухайн Солонгос улсын ***гэх хүнтэй ямар ч харилцаа холбоогүй, хамт амьдарсан өдөр хоног байхгүй. Бидний дундаас төрсөн болон үрчилсэн хүүхэд байхгүй. Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байхгүй. Зөвхөн гэрлэлтээ батлуулсан өдөр буюу 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ганцхан удаа уулзсан. Б.*миний бие виз гарснаас хойш Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад эмэргешнээр дамжин эх орондоо ирсэн. Дахиж нэг ч удаа Солонгос улс руу яваагүй бөгөөд амьдралын эрхэнд Хятад улс руу наймаанд явж амьжиргаагаа залгуулж ирсэн. Одоо С.*хайр сэтгэлтэй болж хамтран амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүү О.Алдар мань төрсөн. Хүүгээ ааваар нь овоглож төрсний гэрчилгээ авахдаа ямар ч хайр сэтгэлгүй хүнтэй гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ батлуулснаа эргэн санасан боловч ковид болон тухайн үед би нялх биетэй байсан болохоор хөөцөлдөж чадаагүй өдийг хүрсэн. Тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд хандахад шүүхээр шийдвэрлүүлээд ирэх юм бол гэрлэлтийг чинь хүчин төгөлдөр бус болохыг бүртгэж гэрлэлтийг чинь бүртгэх боломжтой гэж хэлсэн. Иймд миний бие гэр бүл болох зорилгогүйгээр Солонгос улсын иргэн **  гэх хүнтэй 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...гэв.

2. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.*нь 2008 он буюу 20 насандаа Солонгос улсад ажиллаж амьдрах хүсэлдээ хөтлөгдөн Солонгос улсын иргэн **/О жон юунтай/ гэр бүл болох зорилгогүй хайр сэтгэлийн холбоогүй байж визний төлөө гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрлэлт бол хүчин төгөлдөр бус болох нь харагдаж байгаа. Солонгос улсын иргэн ** нь Монгол улсад 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орж ирээд 7 хоногийн дараа буцаж явсан. Түүнээс хойш Монгол улсын хилээр орж ирсэн бүртгэл байхгүй. Түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй. Тэдний дундаас гарсан үр хүүхэд байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн бол мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж Солонгос улсын иргэн Oh Jung Yung 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 1. Монгол улсын иргэн Б.*нь БНСУ-ын иргэн ** -тай бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлт гаргасныг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

2. Хүсэлт гаргагч **болон БНСУ-ын иргэн ** нар нь 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг Иргэний бүртгэлийн байгууллагад 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн 0272 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. /хх-4/   

3. Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд гэрлэгчдийг гэрлэхэд харшлах шалтгаануудыг тодорхойлж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” хэмээн хуульчилсан бөгөөд, хүсэлт гаргагч Б.**нь нөхөр болох **тай гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэх үндэслэлээр уг гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн.

4. Б.***, ** нар нь гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө болон гэрлэлт бүртгүүлснээс хойш гэр бүл болж хамт амьдраагүй, түүнчлэн, БНСУ-ын иргэн ** нь Б.**гэрлэлтээ бүртгүүлсэн 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө буюу 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсын Буянт-Ухаа боомтоор нэвтрэн орж, мөн оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын хилээр гарч, үүнээс хойш Б.**нь **тай дахин уулзаагүй байх тул дээрх үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол улсын иргэн Б.**болон БНСУ-ын иргэн *** нар гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн гэж дүгнэн, тэдний гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн *** /РД: ***/ болон БНСУ-ын иргэн *** /****/ нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.САРАНТУЯА