| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/03994/И |
| Дугаар | 102/ШШ2024/04278 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/04278
2024 оны 09 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2024/04278 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...................................................................................................................................
.............................................................................
Хариуцагч: .........................................................................................................................................
....................................................................................
Нэхэмжлэлийн шаардлага:............................................................................................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........................................., хариуцагч........................ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ....................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2019 онд ........................................ танилцаж, 2020 оноос хамтран амьдарсан. Бидний охин .....................................................өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээ авч охин маань эцгээрээ овоглосон. Бид тухайн хүний зан харилцаа, хартай байдал, архины хамаарлаас болж 2023 оны 6 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин.......................... нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, цэцэрлэгийн дунд бүлэгт суралцдаг бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас болон бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байгаа тул мөнгөн тэтгэлэг авахыг хүсэж байна.
Охин маань одоо 4 настай, цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг. Юмны үнэ ханш хэт өндөр болж байгаа ба цэцэрлэгийн хүүхдийн урлагийн үзлэгт өмсөх нэг ботинк плать гэхэд л 100,000 төгрөг байгаа. Иймд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Би хэрэглээгээ дийлэхгүйдээ мөнгө нэхэмжлээгүй. ............................ охиныхоо төлөө хариуцлага хүлээх ёстой. Хэзээ ч би охиныхоо асрамжийг хариуцагч руу шилжүүлэхгүй. Охинтойгоо уулзаж болно. Сард нэг удаа уулзахыг зөвшөөрнө. Гэхдээ тэтгэлэг төлж байгаа гээд хамаа замбараагүй үйлдэл гаргаж болохгүй. Гэр орон руугаа авч явах, гэрээр ирдэг ч юмуу тийм харилцаа байхыг зөвшөөрөхгүй. Хүүхдийн тэтгэлгийг өгөх хэрэгтэй. Сард нэг удаа уулзахдаа хүүхдийн зан араншинг эвдэхээр зүйл битгий хийгээрэй гэж хүсэж байна...гэв.
2. Хариуцагч ......................................... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би .............................-ийн гаргасан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу тогтоосон тэтгэлгийг өгөх болно. Цаашид өөрийн охин ..........................-ийг хугацаа тогтоохгүйгээр, хүссэн үедээ уулзах хүсэлт гаргаж байна. Иймд миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч хэрвээ охиноо өсгөж чадахгүй, хэрэглээний хэрэгцээг нь дийлэхгүй байгаа бол асрамжийг нь би өөр дээрээ авах хүсэлтэй байна. Өөрөө хуулийн дагуу тогтоосон тэтгэмжээ авна гэж байгаа бол би эрхийнхээ дагуу сард нэг удаа ч юмуу, эсвэл хүссэн үедээ өдөр товлоод уулзаж байх хүсэлтэй байна. Уулзахдаа урьдчилж хэлнэ, шууд явж очоод уулзахыг шаардахгүй...гэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-4/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-5/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг тогтоосон тухай Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгийн эх хувь /хх-7/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ....................-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. ................................................. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1...........................................нар 2019 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр 2020 оноос хамтран амьдарсан ба ....................................................... төрүүлж, эцэг ..................................... овоглон, төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна.
3.2. Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2023 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч, энэ үеэс охин .......................................... нь эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа болох нь эмчийн болон засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.
4. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ... эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу зохигчид охин....................................................... овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй.
5. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчаар охин .............................-ийг тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
6. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар... 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...” гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, .........................-ийг эцэг ..............................-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
7. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээрз үйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэж тус тус заасны дагуу зохигчид охин ................................-ийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүргийг адил тэнцүү хүлээнэ.
8. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж, 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
9. Дээрх хуулиудад зааснаар .................................... нар нь охин ..................................-ийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэх болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд бие биедээ саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ................................................ нарын дундаас 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин .............................................11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг......................................-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. .................................................... нар нь охин ........................-ийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэх болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд бие биедээ саад учруулахгүй байхыг даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА