Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/05538

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05538                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **дүгээр хороо, Парисын гудамж-42, Ай Си тауэр 14 давхарт байрлах, ***регистртэй “***ББСБ” ХК,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, **дүгээр байрны **тоот хаягт оршин суух, **регистртэй, **овогт ****-**,

Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, **дүгээр байрны **тоот хаягт байрлах, **регистртэй “***,

            Нэхэмжлэлийн шаардлага: **, “**” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 123,391,079.63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай “**ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Н.**, “**” ХХК нар нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр **дугаартай Зээлийн гэрээ, F1202307240201 дугаартай Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 115,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд **-**УАХ улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн Lexus RX450h загварын автомашиныг фидуцийн гэрээнд 115,500,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул зээлийн гэрээний 9.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулахаар нэхэмжилсэн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 111,035,447.50 төгрөг, хүү 12,286,653.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,478.49 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 123,391,079.63 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 123,391,079.63 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээгээр хангуулж өгнө үү...гэв.

            2. Хариуцагч Н.*** нь хариуцагч “**” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд тэрээр 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрт болон хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

            3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-5/, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-7-9/, Зээлийн гэрээний хуулбар /хх-10-13/, Фидуцийн гэрээний хуулбар /хх-14-17/, “**” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /хх-18-21/, Иргэний зээлийн хүсэлтийн хуулбар /хх-22/, зээл хүсэгчийн анкетын хуулбар /хх-23-24/, “**” ХХК-ийн тодорхойлолтын хуулбар /хх-25/, Н.**хүсэлтийн хуулбар /хх-26/, нотариатын зардал төлсөн баримт /хх-27/, зээлийн дансны хуулга /хх-28/ зэрэг болно.

            4. Хариуцагч талын нотлох баримтууд: “**” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-31/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-40/ зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “**ББСБ” ХК-ийн Н.Г**, “***н” ХХК нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,391,079.63 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслээр хангуулах шаардлага гаргасан.

            2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нар зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөх үүргээ биелүүлэхгүй үүргийн ноцтой зөрчил гаргасан учир гэрээг нэг талын санаачилгаар цуцалж гэрээний үүргийг шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нар нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

            3.1. Хариуцагч “***” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.**итгэмжлэл олгосон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэл авснаас хойш шүүх хуралдаан товлогдсон энэ өдрийг хүртэл шүүхэд ирж хавтаст хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч болон хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч Н.*** 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирж хавтаст хэргийн материалтай танилцсанаас хойш хэрэгт шинээр нэмэлт нотлох баримт авагдаагүй байна.

            3.2. Мөн хариуцагч Н.** шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тодорхой шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч “***ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтгүйгээр буюу хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь хэсэгт заасан шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            4. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Нэхэмжлэгч “***ББСБ” ХК нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх тул Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулах эрхтэй этгээд байна.

            4.2. “**” ХХК, Н.*** нарын гаргасан хүсэлтийг үндэслэн “**ББСБ” ХК нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ***дугаартай Зээлийн гэрээг тэдэнтэй байгуулан, автомашин худалдан авах зориулалтаар 115,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 0,58 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн мөнгийг зээлдэгч нарт шилжүүлжээ. Талууд гэрээний гол нөхцлийг харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тусгаснаар бичгээр байгуулж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

             4.3. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр талууд F1202307240201 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулан, үүрэг гүйцэтгэгч Н** нь 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, **-***УАХ улсын дугаар, GYL200003528 арлын дугаартай Lexus RX450h маркийн тээврийн хэрэгслийг 115,500,000 төгрөгөөр үнэлэн, зээлдүүлэгч “*** ББСБ” ХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.

4.4. Зээлдэгч нь гэрээний дагуу 60 сарын хугацаанд сар бүр 4,083,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулснаас хойш 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тус тус төлөлт хийгээгүй байна. Энэ хугацаанд зээлдэгч нараас нийт 36,336,000 төгрөг төлсөн, үүнээс үндсэн зээлд 4,464,552.49 төгрөг төлсөн байна.  

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.  

7. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч нарт 115,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зээлдэгчийн хувьд гэрээний дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэний дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалжээ.

8. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээг цуцалсан үеэс гэрээний үүрэг болох үндсэн зээл 111,035,447.50 төгрөг, хүү 12,286,653.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,478.49 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

9. Мөн зээлдэгч нарын гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээ цуцлагдаж, гэрээний үүрэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад 17,500 төгрөгийн нотариатын зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангах нь зүйтэй.

10. Талуудын байгуулсан Фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардсан.

10.1. Гэвч нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн үүрэг болох мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхийг фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамт нэгэн зэрэг шаардах боломжгүй. Иймд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 845,106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 774,906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Инвескор ББСБ” ХК-д олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******нараас зээлийн гэрээний үүрэгт 123,391,079.63 /нэг зуун хорин гурван сая гурван зуун ерэн нэгэн мянга далан есөн төгрөг, жаран гурван мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “****ББСБ” ХК-д олгож, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 845,106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 774,906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “**** ББСБ” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА