| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05392/И |
| Дугаар | 102/ШШ2024/05555 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/05555
2024 оны 11 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2024/05555 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **дугаар хороо, **дүгээр хороолол, Өгөөмөр хотхон, **байрны **тоот хаягт оршин суух, ** овогт *** /РД:****/,
Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, *** дугаар байрны ***тоот хаягт оршин суух, *** /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж 60,094,400 /жаран сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*/ШТЭД:3302/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй **хотхон **байрнаас орон сууц худалдаж авах тохиолдолд үнийн дүнгээс 6,000,000 төгрөг хөнгөлүүлэх эрхийн бичиг хожиж уг байрнаас орон сууц худалдаж авахаар шийдсэн. Сугалааны эрхийн бичиг дээрх дугаараар холбогдоход **байрны **тоотод ирж уулзаад гэрээ байгуулна гэж хэлсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр очиход борлуулалтын менежер Б.Мөнх-Энэрэл гэдэг эмэгтэй “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ”-г надад өгснийг авч, гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээн дээр “Батлав Ж.**” гэсэн нэр, гарын үсэг, “**” ХХК гэсэн тамга дарсан байсан. Энэ гэрээгээр би **байрны **тоот дахь 55,86 м.кв 3 өрөө орон сууцыг 89,376,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, гэрээний 8 дугаар зүйлд “үлдэгдэл 70 хувь төлбөрөөс 6,000,000 төгрөг хасаж тооцно, нийт үнийн дүнгээс хөнгөлж өгсөн болно” гэснээр 83,376,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 4.1.1, 4.1.2 дахь хэсгүүдэд “нийт үнийн дүнгийн 15 хувь болох 13,500,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор, үлдэх дүнгийн 15 хувь болох 13,312,800 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлнө” гэж заасны дагуу Хаан банк дахь Ж.****данс руу шилжүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний 1.2-т зааснаар байрыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулна гэсэн ч манайх 2018 оны 8 дугаар сард 94 тоотод нүүж ороход цахилгаан шат ажиллахгүй, баригын ажил бүрэн дуусаагүй буюу Ж.**гэрээний үүргийг биелүүлээгүй байсан. “**” ХХК-ийн нягтлан бодогч гэх эмэгтэй утсаар ярьж Өгөөмөр хотхоны захиалагч нартай нэгдсэн журмаар Орон сууц захиалгын гэрээ хийж, нотариатаар батлуулах шаардлагатай байна гэсний дагуу 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр очиход хэд хэдэн захиалагч, “**” ХХК-ийн захирал Г.Ганчимэг, нягтлан бодогч, тус компанийн 2-3 ажилтан, нотариатч ирсэн байсан. Ингээд Ж.**гарын үсэгтэй №01 тоот Орон сууц захиалгын гэрээнд би гарын үсэг зурж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Шинээр байгуулагдсан гэрээний хуваарийн дагуу Ж.**данс руу 2018 оны 11 дүгээр сарын 10-нд 5,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23,281,600 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, урьд төлсөнтэй нийлээд нийт 60,094,400 төгрөг төлсөн. Гэрчилгээ гаргаж өгөхийг Ж.**шаардах бүрт **дүгээр байрыг барьж дуусахаар нэгдсэн журмаар гэрчилгээ гарна, үлдэгдлээ өг гэдэг байсан.
2020 оны 1 дүгээр сард гэрийн хаалган дээр “Тус орон сууц нь Монгол Улсын Хөгжлийн банкны өмч тул орон сууцыг чөлөөл” гэсэн мэдэгдлийг манайхаас гадна хэд хэдэн айлд наасан байсан. Үүний дагуу “**” ХХК, Ж.**нар руу удаа дараа ярьсны дүнд 2020 оны 1 дүгээр сард бүгд уулзахад Г.**“барилга барьж байгаа компани болгон барьцаанд тавьдаг, ямар сүртэй юм бэ, би шийднэ” гэж, банкны мэдэгдлийг өөдөөс шидэж байсан. Ж.**2020 оны 8 дугаар сард “танай гэрчилгээг удахгүй өгнө, краны ажлын хөлс өгөх хэрэгтэй байна 5,000,000 төгрөг өгөөч” гэхээр нь бас л итгэж мөнгийг шилжүүлсэн. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй явсаар 2022 оны 8 дугаар сард Хөгжлийн банкнаас орон сууцыг чөлөөлөх мэдэгдэл дахин ирэхэд нь манайх болон 18 захиалагч хамтран өмгөөлөгч авснаар “**” ХХК, Ж.**нар хамтран ажиллахдаа Өгөөмөр хотхон **байрны барилгын ажлыг гүйцэтгэж эхлээд 2017 онд 80 хувийн гүйцэтгэлтэй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “**” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “**” ХХК нь Хөгжлийн банктай ЗГ-МГ-З-2018-150 тоот зээлийн гэрээ, Б-МГ-ҮХХ-2018-151 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалан зээл авч, зээлийн зөрчил гарсан тул талууд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2/122 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан, гэрээний хавсралтаар **байрнаас **ширхэг орон сууцыг Хөгжлийн банкинд худалдах хэлбэрээр зээлийн төлбөрөөс суутгуулсан, эдгээр орон сууцнуудын нэг нь **тоот буюу миний худалдаж авахаар захиалсан байр байсан. Хөгжлийн банк 2019 ооны 9 дүгээр сард эдгээр орон сууцнуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэдгийг олж мэдсэн.
Ийнхүү миний худалдаж авахаар захиалсан орон сууц “**” ХХК, Ж.Ганбаатар нарын шууд оролцоотойгоор буюу тус компанийн зээлийн төлбөрт хураагдаж Хөгжлийн банкны өмч болсноор би Ж.Ганбаатарт төлбөр төлөх шаардлагагүй буюу төлбөр төлөөд ч ач холбогдолгүй болсныг 2022 оны 11 дүгээр сард өмгөөлөгчөөсөө мэдсэн. Энэ үйл баримт нь Ж.**гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, нэмэлт үүрэг тогтоосон ч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой, үүргийн биелэлт зохих ёсоор биелэгдээгүй тул үйл баримтыг мэдсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл гэрээнээс татгалзаж байгаа тул мөнгөө буцааж авахаар шаардаж ирсэн. **байрны зарим захиалагч нар өмгөөлөгчийн хамт 2023 оны 10 дугаар сард Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж хэлэлцсэний дүнд бид тус банкнаас өөрсдийн урьд захиалсан орон сууцыг худалдаж авах боломжтой болж, би банктай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2/106 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 66,333,750 төгрөгөөр **тоот орон сууцыг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. Ж.**нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот гэрээний 1.2, 3.3, 3.6, 6.1-д заасныг зөрчсөн тул гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн. Иймд Иргэний хуулийн 205.1, 206.1, 222.1.1, 225.1, 225.3, 227.1-т зааснаар Ж.**60,094,400 төгрөгийг Ц.**надад гаргуулж өгнө үү.
2023 оны 10 дугаар сард Ц.**нь байрны өмчлөгч биш, гудамжинд гарах нөхцөл байдалтай байсан учраас Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт “Ж.**, ***ХХК нь Хөгжлийн банктай гэрээ байгуулж, захиалагч иргэдийн өмчлөх эрх зөрчигдөж байна” гэдэг агуулгаар гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гарсан. Энэ хэргийн шүүх хуралдаан бол эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгтэй холбоогүй. Энэ бол Ц.**, Ж.**нарын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байгаа хэрэг учир уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа хэрэгтэй хамааралгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Хүсэлтийн үндэслэлээ Ж.**гомдлоор шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийг тайлбарлаж байна. Ж.**нь “**” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарт залилуулсан эсэх нь Ж.**Ц.**байгуулсан гэрээний үүрэг зөрчсөнөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна...гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх Ж.**нь “**” ХХК-тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц барихаар төлөвлөж “**” нэртэй 2 блок орон сууцны хотхоны төслийн эхний ээлж болох 2 давхар каркас боссон байсан **айлын **орон сууцны барилгад хамтран ажиллахаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т зааснаар хөрөнгө оруулагч Ж.**хувьд хөрөнгө оруулалт хийх, “**” ХХК нь барилгыг хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээтэй 2 орц бүхий **давхар **айлын орон сууцны **дугаартай барилгыг барьж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 3.2.1-д хөрөнгө оруулагч нь нийт орон сууцны 2, 3, 5, 6, 7, 8, 9, 11, 12 давхрын 108 айл өмчлөх, 1 давхрын үйлчилгээний талбайн 50 хувийг өмчлөх, зоорийн давхарт байрлах зогсоолын 50 хувийг өмчлөнө гэж заасан байдаг. Ж.**барилгыг барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, бараа үйлчилгээ, автомашин, баригдаж буй барилгаас өөрт ногдох хэсгээс бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэгч нарт бартерын журмаар шилжүүлэн өгөх зэргээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулж байсан. Гэтэл “**” ХХК нь **, **байрнаас зөвхөн Ж.**ногдох орон сууцнуудыг түүнд мэдэгдэлгүйгээр Хөгжлийн банкинд барьцаалан зээл авсан болохыг мэдсэн ба гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн байсан. Улмаар Өгөөмөр хотхоны **, **барилгууд баригдаж ашиглалтанд орсон хэдий ч барилгын гүйцэтгэгч компани болон хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүсэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.**“**” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээс уг иргэний хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэн, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Одоогоор Хөгжлийн банкны гомдолтой “***” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг, урьдчилгаа төлбөр авч залилсан гэх захиалагч нарын гомдолтой “**” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг бусдын ногдох орон сууц, талбайг барьцаалж хөрөнгөжин залилуулсан гэх Ж.**гомдолтой “**” ХХК, түүний захирал Г.**нарт холбогдох хэрэг эрүүгийн журмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа. Нэхэмжлэлд дурдсанаар Ж.**нь гэрээний үүргээ зөрчсөн гэх боловч үүнд “**” ХХК, захирал Г.**хууль бус, буруутай үйлдлийн улмаас уг нөхцөл байдал үүсэж, олон захиалагч болоод хөрөнгө оруулагч Ж.**мөн хохирч үлдсэн. Ж.**нь “**” ХХК-ийн дээрх үйлдлийн улмаас өөрт ногдох хөрөнгийг шилжүүлэн авах боломжгүй болж, цаашлаад захиалагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүйд хүрсэн. Иймд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэнтэй холбоотой хэд хэдэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Өгөөмөр хотхоны гүйцэтгэгч “**” ХХК-ийн хууль бус үйлдлийг шалгуулж, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэний дараа энэхүү маргаан шийдвэрлэгдэх шаардлагатай гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөл байдал нь Ж.**нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгийг нотлоно. Бусдын хууль бус үйлдлээс болоод гэрээнд ийм асуудал үүссэн. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ тогтоолын дагуу Ж.**, Г.**нарыг одоо шалгаж байгаа. Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар өгсөн байна. Захиалагч 19 иргэний гомдолтой хэрэг бүртгэлтийн хэрэгт Ц.**хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол гарсан. Үүнийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид өгсөн ба энэ нь хохирогчоор оролцохоос татгалзах асуудлыг шийдвэрлээгүй буюу тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хохирогчоор оролцож байгаа учир давхар эрүүгийн болон иргэний асуудлаар шийдвэрлэгдэж яваад байгаа нь харагдаж байна. Хэрэгт байгаа хоёр тогтоолоос үзэхэд энэ нэхэмжлэлтэй холбооттой маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Мөнгө хүлээн авсан эсэх талаар маргахгүй. Эрүүгээр ч тэр иргэнээр ч тэр учирсан хохирлоо гаргуулахаар хоёр өөр газар зэрэг нэхээд байж болохгүй. Хохирогчид гаргасан гомдлоосоо татгалзах эрх байхгүй. Хоёр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол нотлох баримтаар авагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д заасан журмыг зөрчсөн байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагааг эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэл болох тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх-5-10/, гэрээний дагуу төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудын хуулбар /хх-11/, нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь харилцах дансны хуулга /хх-12-14/, “**” ХХК-ийн төлбөрийн баримт /хх-15/, Монгол улсын хөгжлийн банк ХХК, Ц.**нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-16-18/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-19/, төлбөрийн баримтын хуулбар /хх-20/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өмгөөлөгч Ж.**хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-26/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-98/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/1799 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/1934 тоот хариу мэдэгдэх хуудсуудын хуулбар /хх-99-100/, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хүсэлтийг бүрэн /хэсэгчлэн/ хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол /хх-103/ зэрэг болно.
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: “**” ХХК, Ж.**нарын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02 тоот Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-111-112/ байна.
5. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтууд:
5.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17147 дугаар захирамж, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18025 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол улсын Хөгжлийн банк ХХК нараас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-36, 77/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн **дугаар хороо, **дүгээр хороолол, Нарны зам гудамж, **байрны **тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг /хх-44-71/, Монгол улсын хөгжлийн банк ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “**” ХХК-тай байгуулсан зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний болон холбогдох баримтуудын хуулбарын хамт /хх-84-88/ тус тус ирүүлсэн байна.
5.2. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22036 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-107/, захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 240607806 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-110/-ыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Ц.**Ж.**холбогдуулан, Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 60,094,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “хариуцагч гэрээний үүрэг зөрчиж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр гэрээний зүйлийг “**” ХХК-тай хамтран Монгол улсын Хөгжлийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж, улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан бусдын өмчлөлд шилжүүлснээр талуудын байгуулсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон, нэхэмжлэгч уг орон сууцыг банкнаас худалдан авч өмчлөгч болсон учир Ж.Ганбаатартай байгуулсан гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө буцаан шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Ж.**гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, бусдын хууль бус үйлдлийн улмаас гэрээний зүйл болох орон сууц банкны өмчлөлд шилсэн. Энэ талаар хууль бус үйлдэл гаргасан “**” ХХК-ийн захирал болон нягтлан бодогчийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Ц.**2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ”-г **ХХК-тай байгуулж, уг гэрээг Ж.**баталснаар Баянзүрх дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Өгөөмөр хотхоны ** дугаар байрны **тоот 55,86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 89,376,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон талаар тохиролцсон байна.
4.2. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ц.**, Ж.**нар “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, гэрээг нотариатаар баталгаажуулан, төлбөрийн нөхцөл болон орон сууцыг ашиглалтанд оруулах хугацаа зэргийг тохиролцсон байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй ба уг гэрээг байгуулахад захиалсан орон сууц ашиглалтанд орсон байсан бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сард нүүж оржээ.
4.3. Гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 89,376,000 төгрөг төлөхөөс 60,094,400 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь төлбөрийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Үүнээс 13,500,000 төгрөгийг Ц.**шилжүүлээгүй гэж хариуцагч тал тайлбарлах боловч тус төлбөрийн баримтаар гэрээний зүйлд зориулагдсан талаар тусгасан, мөн хариуцагч тал нийт хүлээн авсан мөнгөний дүн дээр маргаагүй.
4.4. Маргааны зүйл болж буй Өгөөмөр хотхоны орон сууцны барилгын ажлыг “**” ХХК гүйцэтгэсэн ба гэрээний зүйл болох ** тоот орон сууц байрлах **дугаар барилгыг **хувийн гүйцэтгэлтэй 6816 м.кв байхад нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр **дугаар гэрчилгээгээр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй байхад нь **дугаар гэрчилгээгээр тус тус “**” ХХК өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-45, 46/
4.5. “**” ХХК нь “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-МГ-З 2018-150 тоот Зээлийн гэрээ байгуулж, тус компанийн хэрэгжүүлж буй **хотхоны **дугаар ээлжийн **блок баригын төслийн санхүүжилтийн хүрээнд 4,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 11,09 хувийн хүүтэйгээр зээлж, Б-МГ-ҮХХ 2018-151 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний барьцаанд 80 хувийн гүйцэтгэлтэй 73а тоот хаягт байршилтай 6,816 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
4.6. Зээлийн гэрээний үүргээ “**” ХХК биелүүлээгүйгээс талууд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2/122 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зээлийн төлбөр 2,183,280,000 төгрөгт тооцон нэгж талбайн үнэлгээг 1,000,000 төгрөгт дүйцүүлэн гэрээний хавсралтад дурдсан 2183,28 м.кв талбай бүхий 45 ширхэг орон сууцыг банкны өмчлөлд бүртгүүлэхээр тохиролцож, гэрээг “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.**, төслийн удирдагч Ж.**нар байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ гэрээний хавсралтад дурдсан 45 ширхэг орон сууцанд нэхэмжлэгч Ц.**захиалсан 94 тоот орон сууц орсон байна.
4.7. Дээрх гэрээг байгуулсан өдөр “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК болон “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.**, төслийн удирдагч Ж.**нар Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг мөн байгуулж, тухайн гэрээний хавсралтаар барьцааны зүйл болох 73а тоот хаягт байршилтай 6,816 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 2,183.28 м.кв талбайтай 45 ширхэг орон сууцыг банкинд шилжүүлэхээр тохиролцсон ба гэрээний хавсралтад мөн нэхэмжлэгчийн захиалсан 94 тоот орон сууц оржээ.
4.8. Нэхэмжлэгч Ц.**нь “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2/106 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, **байрны **тоот дахь 55.86 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,187,500 төгрөгөөр тооцож, 66,333,750 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон байгуулж, төлбөрийг гэрээ байгуулсан өдөр “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-д шилжүүлснээр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, **тоот гэрчилгээ олгогдсон байна.
4.9. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр хотхонд нэр бүхий иргэд байр худалдаж авсан боловч тухайн байрыг Хөгжлийн банкинд давхар барьцаанд тавьж залилсан” гэх гомдолд хохирогч Г.**н, Б.**, Я.**, гэрч Ж.**өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **дугаар мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. /хх-98/
4.10. Дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаагүй, эрүүгийн хэрэг үүсээгүй, 19 иргэн гомдол гаргаж, тэднийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан, Ц.**хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгоогүй, гомдлоосоо татгалзаж байгаа талаарх хүсэлтээ бичгээр гаргасныг хэрэгт тусгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч Ж.**хариу мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.
4.11. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.** гаргасан “..Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөрөнгө оруулалт хийхэд захирал болон нягтлан бодогч нар нь их хэмжээний эд хөрөнгө залилсан” гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн **дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. /хх-110/
4.12. Хариуцагч Ж.**нь “**” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, Ж.*нь “**” ХХК-ийн орон сууцны барилга барих зөшөөрөл бүхий газар дээр хөрөнгө оруулалт хийж, “**” ХХК нь хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээтэй 2 орц бүхий 12 давхар 132 айлын орн сууцны 74а дугаартай барилга барих, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, гэрээгээр тохирсон хэмжээгээр барилгыг хуваан эзэмших эрхийн талаар тохиролцсон байна.
5. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн хувьд:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, дахь хэсэгт “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.
5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “маргаан бүхий гэрээний зүйл бусдын өмчлөлд шилжсэнийг мэдээгүй, бусдын хууль бус үйлдлийн улмаас шилжсэн бөгөөд энэ талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаа” гэж, мөн нэхэмжлэгч Ц.**нь бусад захиалагчдын хамт цагдаагийн байгууллагад “...байр худалдаж авсан боловч тухайн байрыг Хөгжлийн банкинд давхар барьцаанд тавьж залилсан” гэх гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн ба тус ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарласан.
5.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Орон сууц захиалгын гэрээ”-нээс татгалзаж, төлбөрөө буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай тухайн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудал шууд хамааралгүй, нэхэмжлэгчээс авсан мөнгийг цааш яаж зарцуулсан, хэнд залилуулсан байх нь хамааралгүй учир иргэний журмаар шийдвэрлэхэд саад болохгүй, өөрийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзсан байгаа” гэж тайлбарлаж байна.
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх үндэслэл нь нэхэмжлэгч хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой байх бөгөөд эрүүгийн хэрэг үүссэн байхыг ойлгоно. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл болгож буй баримтуудаар хэн нэгнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсээгүй байх тул эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлд “хэнд холбогдуулан гаргасан гомдлын дагуу шалгагдаж байгаа нь тодорхой бус нэхэмжлэгчийн хохирогчоор оролцож байгаа гэх хэрэг бүртгэлтийн хэрэг, мөн баригдаж буй барилгад хөрөнгө оруулалт хийхэд захирал болон нягтлан бодогч нар их хэмжээний хөрөнгө залилсан” гэх хэрэг бүртгэлтийн хэрэг зэрэг нь хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй буюу нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу 89,376,000 төгрөг төлөхөөс 60,094,000 төгрөг төлж, 29,281,600 төгрөг төлөөгүй байсан. Харин хариуцагчийн хувьд гэрээний зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
7. Гэрээний зүйлийг 2018 онд “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай “***” ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж, улмаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулсны дагуу Ц.***, Ж.**нарын байгуулсан гэрээний зүйл болох 94 тоот орон сууцыг Ж.**нь “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон.
8. Улмаар тус байрыг Ц.**“Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-иас худалдаж авснаар 2023 онд өмчлөх эрхээ бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байх нөхцөл байдал бий болсон байгаа учир нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй.
9. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу Ц.**нь Ж.**төлсөн 60,094,400 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
10. Шүүх Ц.**нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,422 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 458,422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.**60,094,400 /жаран сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.**олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,422 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 458,422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА