Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0791

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “********** **********” ХХК /РД:******** /,

Хариуцагч: Сангийн сайд,

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********** нарын хооронд үүссэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн улсын байцаагчийн санал /дүгнэлт/, Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э*********, хариуцагч Ч.Б******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “********** **********” ХХК нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******д холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”,

1.2. Сангийн сайдад холбогдуулан “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “********** **********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “********** **********” ХХК нь *********** дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан СБДХААА/202201067 дугаартай Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил"-ын тендерт шалгаруулалтад оролцжээ.

2.2. ********** дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3/1736 дугаар[1] ******** *******ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “… Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн татгалзаж буйг мэдэгдэж, ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзсэн тул тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хүргүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

2.3. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай[2] удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийх болсон тухай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11/6597 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “********** **********” ХХК-д мэдэгджээ.[3]

2.4. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*********ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаар[4] “Хяналт шалгалтын тухай ”дүгнэлтийн дүгнэлт болгох нь хэсгийн 1 дэх заалтаар “…  “********** **********” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож” 2 дахь заалтаар “… мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “********** **********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна” гэжээ.

2.5. Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч “********** **********” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 365/23 дугаар “Гомдол хүргүүлэх тухай” албан бичгээр[5] Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргажээ.

2.6. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8519 дугаар[6]  “Гомдол хянасан тухай” алба бичигт “… Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх хэвээр үлдээж шийдвэрлэсэн” тухай “********** **********” ХХК-д мэдэгджээ.

2.7. Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар[7] “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4, 2.5 дахь заалт, улсын байцаагчийн саналыг үндэслэн нэхэмжлэгч “********** **********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаатай хамруулахаар шийдвэрлэсэн.

2.8. Дээрх Сангийн сайдын шийдвэр болон улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0399 дугаар шийдвэрийн[8] тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “… нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.9. Дээрх шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0516 дугаар магадлалын[9] тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “…Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэсэн.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс “... Тендерийн баримтаар хүргүүлсэн манай компанийн зарим нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн A/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн нөхцөл байдал манайн компанид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй тухайн ажилтны үнэмлэхийг манай компаниас шалгах боломжгүй байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.2 дахь хэсэгт зааснаар төлөвлөгөөт бус шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлэх ёстой байтал тухайн үйл явдал болсноос хойш 11 сарын дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хэлтсээс удирдамж гарган хяналт шалгалтын ажиллагааг явуулсан нь хяналт шалгалтын хугацааг ноцтой зөрчиж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж байгаа нь компанийн эрх ашгийг хохироосон, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан, Сангийн сайдын тушаал журам зөрчин 34 хоногийн дараа гарсан нь хууль бус ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... ******** ******* ХХК-ийн тус тендерт баталгаажуулан ирүүлсэн материалд ажилтны мэргэжлийн үнэмлэх нь илт худал мэдээлэл болох талаар Улсын байцаагч үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Улсын байцаагч хүчингүй хууль баримталж дүгнэлт гаргасан гэх гомдол нь үндэслэлгүй, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болоогүй байсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар удирдамж гарч, манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгахаар улсын байцаагч хяналт шалгалт хийсэн. Улсын байцаагч нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаарын дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, жил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хариуцлагатай байх зарчим, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ удалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн олохыг тогтоож, манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах дүгнэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн.

Тендерийн баримтаар хүргүүлсэн манай компанийн зарим нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн A/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн нөхцөл байдал манайн компанид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Учир нь тухайн ажилтны үнэмлэхийг манай компаниас шалгах боломжгүй байсан, Ковид-19 цар тахал, хорио цээрийн дэглэмтэй байсан. Тендерт оролцсоны дараа захиалагчийн мэдэгдлийг хүлээн авсан үедээ л мэдсэн. Өөрөөр хэлбэл, ******** дүүргийн Тамгын газраас ******** *******ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3/7336 дугаартай албан бичгээр ирсэн. Уг албан бичгийг харж тендерт оролцогч ямар нэг зөрчил гаргасан гэдгийг мэдсэн. Тийм учраас тендерт оролцох талаар ямар нэг маргаан үүсгээгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.2 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамаарах бөгөөд тухайн мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлэхээр заасан байна. Гэвч уг мэдээллийн үндсэн дээр буюу тухайн үйл явдал болсноос хойш 11 сарын дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хэлтсээс удирдамж гарган хяналт шалгалтын ажиллагааг явуулж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж байгаа нь компанийн эрх ашгийг хохироосон, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь, худалдан авах 413060 ажиллагааны улсын байцаагч нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.1-т Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно" гэж заасан хяналт шалгалтын хугацааг ноцтой зөрчсөн байна. Сангийн сайдын тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж, улмаар манай компанийг цаашид тендерт оролцох эрхийг нь хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, тендерийн хуулиар зохицуулсан тендерт оролцох талаарх эрхийг хөндөж байна. Эрх зүйн зөрчилтэй улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн Сангийн сайдын тушаал нь мөн адил эрх зүйн зөрчилтэй юм. Учир нь, аль хэдий нь болоод өнгөрсөн тендерийн асуудлаар буюу мэдээлэл ирүүлсэн даруйд хуульд заасан хугацаанд шалгаагүй атлаа хожим журмын заалт үндэслэн дүгнэлт хийж байгаа хууль дээдлэх болон улсын байцаагчийн үйл ажиллагааны асуудалд бодитой хандах зарчимд нийцэхгүй байна.

Сангийн сайд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5-д "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ", Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2.3 дахь хэсэгт заасан "Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө" гэснийг хэрэгжүүлэхдээ улсын байцаагчийн саналыг үндэслэлтэй эсэх, тухайн тендерт оролцогч "********** **********" ХХК-ийг тендерт оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлснийг хангалттай тогтоосон эсэх, мэдээлэл ирүүлсэн даруйд буюу ямар шалтгаанаар хугацаандаа захиргааны акт гаргасан болохыг нягтлах үүргээ биелүүлээгүй. Тиймээс хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн сайдын тушаал нь Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.4-т "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ" гэж заасан хугацааг зөрчсөн байна. Дээрх байдлаар ********** ******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн байна. Тиймээс захиргааны актууд нь эрх зүйн зөрчилтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т зааснаар хууль бус болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай "Хяналт шалгалтын ухай" дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын "********** **********" ХХК-ийг Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2-д заасан төрийн хяналт шалгалтыг эхлүүлэх хугацааг зөрчсөн талаар дурддаг. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ********** дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан бичгээр Сангийн яаманд хандсан байдаг. Үүнээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу 11 сарын дараа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хяналт шалгалт хийх тухай  удирдамж гарсан байдаг. 11 сарын дараа хяналт шалгалт хийх удирдамж гарсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш 30 хоногийн дотор Сангийн сайдын тушаал гарах ёстой байсан. Гэтэл манай тохиолдолд 34 хоногийн дараа тушаал гарсан. Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4-д заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчсөн. Саналд үндэслэн гэхээр санал болгох байцаагчийн дүгнэлт буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, үүнээс хойш 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэхээр Сангийн сайдын тушаал 34 хоног буюу хуульд заасан хугацааг зөрчсөн байна. ******** ******* ХХК-аас зөрчил гаргасан 4 ажилтантай холбоотой хяналт шалгалтыг Сангийн яам дээр явуулж байх хугацаанд тэр даруй мэдээд дотоод хяналт шалгалт буюу хавтаст хэргийн 23-аас 27 дугаар тал хүртэл нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ариутгагч нарын үнэмлэхийг шалгах тухай тушаал гаргасан. 3 ажилтан анх ажилд орохдоо хуурамч баримт бичиг үйлдэж орсон болохыг хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлгээ өгсөн.” гэв.

3.3 Хариуцагч Ч.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ********** дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас Сангийн яаманд 2022 оны 09 дүгээр сард хүсэлт ирүүлсэн. Хэргийн материалд авагдсан Засгийн газрын тогтоолд иргэн, аж ахуй нэгжүүдэд хандсан хяналт шалгалтын ажлыг зогсоох буюу зөвхөн төрийн байгууллагууд хоорондоо хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж болно. Ковид-19 цар тахалт халдварт өвчин дууссаны дараа мөн энэ үед удирдамж гаргаж хяналт шалгалт хийхгүй байх гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу Сангийн яаманд ирсэн олон хүсэлт, гомдол зогсонги байдалд орсон. Байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн удирдамж гарсан. Энэ удирдамж дээр 100 гаруй аж ахуй нэгжийг хяналт шалгалтад хамруулах талаар дурдсан. Энэ удирдамж гарсны дараа надад цохогдсон байна гэдгийг мэдсэн. Удирдамж гарахаас өмнө миний зүгээс хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн зүйл байхгүй. Удирдамж гарсны дараа хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Хяналт шалгалтын хүрээнд ********** дүүргээс ямар хүсэлт тавьсан гэхээр энэ ажлыг хийж гүйцэтгэх ажилчдын мэргэжлийн үнэмлэх нь хуурамч байсан учраас тендерээс татгалзсан. Тиймээс энэ асуудлын талаар Сангийн яамнаас тогтоож, хар жагсаалтад оруулж өгнө үү гэсэн хүсэлт байсан. Энэ хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийхэд ажилчдын материалыг шалгахад Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн A/61 дүгээр тушаалын хавсралтад бичигдээгүй хуурамч материал болох нь тогтоогдсон. Цахим тендер зохион байгуулах журамд 7.4-д аж ахуй нэгж тендер шалгаруулалтад орохдоо үнэн бодит мэдээллийг ирүүлнэ, хуурамч алдаатай эсэхийг тендерт материалаа ирүүлсэн компани бүрэн хариуцна гэсэн агуулгатай. Сангийн сайдын тушаал 34 хоногийн дараа гарсан гэх асуудлын талаар “********** **********” ХХК нь улсын байцаагчийн дүгнэлтийг авсны дараа Сангийн яаманд ерөнхий байцаагчид гомдол гаргасан нь Сангийн сайдын тушаал 4 хоногоор хойшлоход нөлөөлсөн.” гэв.

3.4. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******** шүүхэд гаргасан тайлбартаа: “... Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна "********** **********" ХХК-тай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас удирдамж гарч, зохих журмын дагуу хяналт шалгалт хийснээр худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******** хяналт шалгалт хийсний үндсэн дээр 105 дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Тус дүгнэлтээр "********** **********" ХХК-ийг нийслэлийн ********** дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан "СБДХААА/202201067 дугаартай "Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ********** халдваргүйтгэл хийх ажил"-ын тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баримтаар хүргүүлсэн тус компанийн зарим нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн гэж үзэх үндэслэлтэй тухай дүгнэсэн байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг тус компани эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендерт хүргүүлсэн ажилтны мэргэжлийн үнэмлэх нь илт худал мэдээлэл болох тухай үндэслэл бүхий дүгнэлт гаргажээ. Гомдолд дээрх мэргэжлийн үнэмлэхийн хүчин төгөлдөр байдлыг цахимаар шалгах боломжгүй, хүний нөөцийн хувьд ариутгагч хийх сувилагч олддоггүй, ажилд орохоор ирсэн ажилтнууд хуурамч баримт бичиг үйлдсэнийг мэдээгүй, хуурамч баримт бичиг үйлдэж ажилд орсон гэх ажилтнуудад хариуцлага хүлээлгэсэн зэрэг нөхцөл байдал дурдсан боловч уг асуудлаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэх эрхгүй ба эдгээр нь дүгнэлтийн үндэслэлд нөлөөлөхгүй байна.

Мөн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг хүчингүй болсон хууль баримталж дүгнэлт гаргасан гэх гомдол үндэслэлгүй ба 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болоогүй байсан болно. Иймд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаал үндэслэлтэй тул ******** *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “********** **********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх мөчид Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн байх боловч нэхэмжлэл дэх маргааны зүйл болсон захиргааны актууд нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлийн үед гарсан, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хүчинтэй хэвээр байна.” гэж заасан байх тул энэ тохиолдолд шүүх 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэх болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэг. “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:

1.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “********** **********” ХХК нь ********** дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан "СБДХААА/202201067 дугаартай "Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил"-ын тендер шалгаруулалтад оролцсон тендерийн баримт бичиг дэх хүний нөөцийн мэдээлэл буюу нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх хуурамч байсан нь ********** дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендер шалгаруулалтаар болон Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоогджээ.

1.2 Тодруулбал, тендерийн материал дахь нэр бүхий дөрвөн ариутгагч мэргэжилтний мэргэшсэн ариутгагч-ийн үнэмлэх хуурамч буюу Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн болох нь ийнхүү тогтоогдсон байна.

1.3 Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, тодруулбал ********** судлалаар мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн сувилагч нарт төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх олгосон, үүнд нэр бүхий 4 ариутгагч багтаагүй буюу төрөлжсөн мэргэшлийн хуурамч үнэмлэхээр тус компани тендерт оролцсон нь тогтоогджээ.

1.4. Сангийн сайдын 2019 оны 255 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт тендерт оролцогч нь холбогдох цахим системд буюу өөрийн тендерт холбогдох мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах боломжтой байна.

1.5. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан ерөнхий нөхцөлийг хангасан болохоо тендерт оролцогч 14.6 дахь хэсэгт зааснаар бичгээр мэдээлнэ. Өөрөөр хэлбэл тендерт оролцогч нь өөрийн тендерийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцна.

1.6. Тус компани бодит байдлыг тогтоохоор ариутгагч нарын мэргэшсэн үнэмлэхийг 2022 оны 10 дугаар сард шалгаж, ажилчдаасаа тодруулга мэдээлэл авсан, улмаар энэ талаараа 2023 оны 10 дугаар сарын 26-нд улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдолдоо ажилчдынхаа ажилд орохдоо бүрдүүлж өгсөн баримт бичгийг шалгаж нягтлаагүй тендер шалгаруулалтад оролцсон болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар мөн маргаагүй.

1.7. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол ерөнхий нөхцөлийг хангаагүй” гэж үзэхийн зэрэгцээ 14.5 дахь хэсэгт тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж, нийтэд мэдээлэхээр, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад “14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”-аар зохицуулжээ.

1.8. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас “... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.2 дахь хэсэгт зааснаар төлөвлөгөөт бус шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлэх ёстой байтал тухайн үйл явдал болсноос хойш 11 сарын дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хэлтсээс удирдамж гарган хяналт шалгалтын ажиллагааг явуулсан нь хяналт шалгалтын хугацааг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар, хариуцагч талаас “... хуульд заасны дагуу Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас удирдамж гарсны дагуу хяналт шалгалтыг явуулсан” гэх агуулгаар маргасан.

1.9. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Тодруулахад:

1.10. ********** дүүргийн Худалдан авах ажиллагааны газар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3/1736 тоот албан бичгээр[10] нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх хуурамч үндэслэлээр шаардлага хангаагүй уг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн-ийг мэдэгдэхийн зэрэгцээ илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлэхийг мэдэгджээ.

1.11. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11/6597 тоот албан бичгээр[11] улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай удирдамжаар[12] шалгалт хийж буй тухай болон сонсох ажиллагаа хийхийг мэдэгдсэн, мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн үйл баримт тогтоогдсон.

1.12. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн[13] 5.1-д “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно.” гэж заажээ.

1.13. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хяналт шалгалтын байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно.” гэж удирдамжгүйгээр хийж болох хяналт шалгалтын тохиолдлыг хуульчилсан.

1.14. Харин мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.”, 52.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.” гэж заасан.

1.15. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг үгчилсэн тайлбарын аргаар бус, системчилсэн тайлбарын аргаар авч үзэн тайлбарлавал, аливаа хуулийн этгээдийн тендерт оролцох эрхийг хасахтай холбоотой эрх зүйн харилцаа нь бие даасан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнийг дагаж гарсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм” болон “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлийг хөтлөх журам”-аар зохицуулагддаг онцлогтой бөгөөд хууль хэрэглээний эрэмбэ дарааллын хувьд энэ тохиолдолд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5.1-д заасан зохицуулалт нарийвчилсан зохицуулалт болно.

1.16. Өөрөөр хэлбэл, “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5.1-д “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно.” гэж зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлснээс хойш хяналт шалгалтыг эхлүүлэх хугацааг тухайлан заагаагүй тул хуулийн этгээдийн тендерт оролцох эрхийг хасахтай холбоотой эрх зүйн харилцаанд зайлшгүй 5 хоногийн хугацааг баримтална гэж үзэхгүй.

1.17. Түүнчлэн, дүрмийн дээрх зохицуулалтын дагуу Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот удирдамжаар хяналт шалгалтын хугацааг 30 хоногоор тогтоож, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 30 хоногоор сунгасан, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын байцаагч дүгнэлтээ гаргасан байгаа нь хуульд нийцжээ.

1.18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “********** **********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:

2.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас “... Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4-д заасан “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчин 34 хоногийн дараа тушаал гаргасан нь хууль бус” гэх агуулгаар маргасан.

2.2. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад Сангийн яам мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөхөөр хуульчилж, Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын[14] 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхээр”, 2.5-д “Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байхаар” журам тогтоожээ.

2.3. Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаарын удирдамжаар Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б****** Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн эсэхийг тогтоохоор хяналт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтээр ******** *******ХХК-ийг 14.1.6-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д зааснаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлсний дараа нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 365/23 тоот албан бичгээр[15] Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргажээ.

2.4. Улмаар тус гомдлыг шийдвэрлэн Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8519 тоот албан бичгээр[16] “Гомдол хянасан тухай” хариуг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагджээ.

2.5. Түүний дараа Сангийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар улсын байцаагчийн саналыг үндэслэн ******** *******ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэснээс үзэхэд “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т заасан 30 хоногийн хугацааг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхгүй, харин энэ тохиолдолд тус журамд заасан гомдлыг холбогдох эрх бүхий этгээд болох Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч шийдвэрлэхээр хүлээгдэж байсны улмаас Сангийн сайдын тушаал 34 хоногийн дараа гарсан болох нь тогтоогдож байна.

2.6. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

2.7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

3.1. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор иргэн Л.З*******, Д.Д******, Л.Н******** нар сонгогдсон боловч Д.Д******, Л.Н******** нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухай мэдэгдсэн, иргэн Л.З***** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн оролцогч талуудаас энэ талаар саналыг нь асуухад “байлцуулахгүйгээр хийх боломжтой” гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно ...” гэж заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

3.2. Мөн шүүх хуралдаанд Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц********** оролцоогүй бөгөөд хэргийн оролцогч талууд ирцийн талаар саналгүй гэдгээ илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг мөн тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт, 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтыг тус тус баримтлан “********** **********” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “********** **********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                                              ШҮҮГЧ                    С.ГАНБАТ

                                                 ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 15 дахь тал

[2] 1Хх 51-52 дахь тал

[3] 1Хх 17 дахь тал

[4] 1Хх 20-22 дахь тал

[5] 1Хх 28-30 дахь тал

[6] 1Хх 31 дэх тал

[7] 1Хх 33-34 дэх тал

[8] 1Хх 73-81 дэх тал

[9] 2Хх 111-116 дахь тал

[10] 1Хх 15-16 дахь тал

[11] 1Хх 17 дахь тал

[12] 1Хх 51-52 дахь тал

[13] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209932&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[14] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209933&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[15] 1Хх 28 дахь тал

[16] 1Хх 62 дахь тал

   2024         10            08                                        128/ШШ2024/0791

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “********** **********” ХХК /РД:******** /,

Хариуцагч: Сангийн сайд,

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаа нарын хооронд үүссэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн улсын байцаагчийн санал /дүгнэлт/, Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.