Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бд холбогдох 1705016750037 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .....оны ... дүгээр сарын ......-ны өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..........-ийн нийтийн удирдлага олон улсын харилцааны ...... дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт .........дүүргийн .......дугаар хороо ..... дугаар байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б, /............... /

 

Шүүгдэгч Б нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ..............дүүргийн ........дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар байрны ...... тоотын үүдэн хэсэгт цахилгаанчин Быг ажлаа хийж байхад нь марган улмаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б Бтай марган улмаар шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Бын “Би Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан ОСНААУГ-ын хэрэглэгчид үйлчлэх төв 14-т цахилгаанчин ажилтай ба 2017 оны  12 дугаар сарын 01-ний өдөр байцаагч Энхцэцэгийн хамтаар байрны төлбөрийг тушаагаагүй айлуудаар цагийн хуваарийн дагуу явж байх үед өдрийн 12 цагийн орчимд ... 2017 оны 11 сарын мөнгөө тушаагаагүй айл болох 112 тоот айлыг байцаагч Энхцэцэг нь тогшсон. ... Энэ үед гэр дотроос намайг түлхэж унагаасан залуу болох одоо нэрийг нь мэддэг болсон Б ээжийнхээ хамтаар үүдэн хэсэгтээ дөхөж ирсэн. Тэгэхээр нь би Энхцэцэг эгчийн хойно нь зогсож байгаад Энхцэцэг эгчийг татангаа Амгалан гэж хүнийг наад хүн чинь согтуу байгаа юм биш үү гэж хэлээд таттал гэр дотроос Б гарч ирээд ямар нэгэн үг хэлэлгүй шууд цээжин хэсэг рүү гараараа түлхэх үед би хойшлоод нуруугаараа хана буюу хананд байрлуулсан байдаг галын гедерантыг толгой хэсгээрээ мөргөсөн. Тэгээд би дахин яаж байнаа гээд урдаас дөхөх үед дахин цээж хэсэг рүү хоёр гараараа түлхэх үед дахин хойшлохдоо хойно эд зүйл тулалгүй, шууд шатны уруу хөл алдаж унасан. Ингээд би босож чадахгүй байсан ба Б гэх залуугийн аав, ээж хоёр нь ирээд гайгүй юу гэж асуусан. ...Одоо биеийн байдал хэвийн болж байгаа. ... Надад учирсан гэмтэл нь эдгэж биеийн байдал зүгээр болж байгаа учраас надад цаашид гаргах гомдол санал хүсэлт байхгүй, Хэргийг хурдан түргэн шуурхай хөнгөн байдлаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

“... Харин Б болон түүний ар гэрээс надад учирсан гэмтэлтэй холбоотой бүхий хохирлыг барагдуулж, зохих эмчилгээг хийлгэж, тэр бүү хэл миний биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор эмнэлэгт хэвтүүлсэн учир цаашид гаргах гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Гэрч М.Энхцэцэгийн “... Хамгийн сүүлд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 36-112 тоотод ороод та сайн байна уу, танайх дулааны мөнгөө хэзээ төлөх вэ гэсэн чинь манайх өгөхгүй, хүйтэн байна, та нар яахаараа хүйтэн байхад мөнгө нэхдэг юм гэсэн. Тэгэхээр нь та нар ядахдаа 9-10 сарынхаа мөнгийг өг гэсэн чинь та нар халаалтаа зүгээр болго гэсэн. Тэгээд маргаж байсан чинь Батбаяр цаанаас наад хүн чинь согтуу байна холд гэсэн. Тэгсэн цаанаас хүү нь гээд нэг залуу гарч ирсэнээ чи манай аавыг доромжилдог хэн бэ гээд Б-г ханатай хоёр удаа хавсраад шат руу цохиход нь унасан”

“... Б-г заамдаж аваад толгойны хэсэг рүү цохиж байгаа байдал харагдаад Батбаяр нь хойшлох үедээ хананд байрлуулсан байсан галын гедерант буюу гал унтраах зориулалтын хоолойг толгойны ар хэсэг буюу зүүн талаар цохисон. Тэгээд Батбаярын урагшлах үед дахин үл таних залуу түлхээд шатны уруу унагаасан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16, 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14917 дугаартай:

“1. Бын биед аарцагны зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд зулгаралт, баруун чамархайд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Бы яллагдагчаар өгсөн “... Надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн зохих зүйл анги болон надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хөнгөн байдлаар түргэн шуурхай шийдэж өгнө үү гэж хүсэж байна. ... Миний бие нь уурлаж маргалдаж куртикнээс нь татаж угзарч байгаад шатны ойрхон байсан учир түлхэгдээд шат руу ойролцоо гишгүүр дээр зогсож байсан тул цаашаа уначихсан юм. Тэрнээс болоод гэмтэл учирсан. ... Бид хоёр бүр бага байхдаа хамт тоглож байсан найзууд гэдгээ сүүлд нэг нэгэнтэйгээ ярилцаж байгаад мэдсэн. Миний бие өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Батбаяр бид хоёр сайн дураараа эвлэрсэн байгаа учраас хэргийг хөнгөн байдлаар хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар мэдүүлэгтээ дурджээ.

Түүний мэдүүлгийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

                                                                          

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Быг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.