Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04211

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр                Дугаар 102/ШШ2024/04211                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............................................

Хариуцагч: ..............................................

Нэхэмжлэлийн шаардлага: ........................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, хариуцагч ............. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ............... хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч .................. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .............. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хүү ............. 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, охин ............... 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Сүүлийн 7 жилийн хугацаанд бид зан харилцааны улмаас маргаантай байснаас ирж, очин тус тусдаа амьдарцгааж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Эд хөрөнгийн маргаангүй. Миний хувьд 2017 оноос хоёр хүүхдээ аваад байр түрээслэж амьдарч эхэлсэн. Хариуцагч хүүхдүүдтэйгээ уулздаг. Хүүхдийн сургалтын төлбөрийг одоогоор би төлж байгаа. .......... надад “чи өөрөө хүүхдүүдээ ав, чи чадна гээд гараад явсан” гэх зэргээр хэлдэг. Тиймээс миний хувьд хариуцагчийг цаашид хүүхдүүдтэйгээ тогтмол харилцаатай байж, сургуулиас зохиогдох эцэг эхийн оролцоотой арга хэмжээнд оролцож байх болон хүүхдүүдийг сургуулиас нь авч байхаар тусгайлсан журам тогтоохыг хүсэж байна. Намайг эцэг эхийн хуралд суух боломжгүй үед сууж байх, долоо хоногтоо нэг удаа уулзаж байх хэрэгтэй байна. Хүүхдүүдийг сургууль, дугуйлан секэнд зөөхөд мөн тэнцүү оролцоотой баймаар байна...гэв.

2. Хариуцагч ................ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:......... 2014 онд гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч эхэлсэн. 2014 онд хүү .........., 2015 онд охин ..........нар төрсөн. Хамтран амьдрах явцад гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас удаа дараа тусдаа амьдарч байсан бөгөөд 2024 онд салахаар шийдсэн. Мөн гэр бүл эвлэрүүлэн зуучлалаар орж тус үйлчилгээг авах шаардлагагүй гэж үзсэн. Хүүхдүүд ээж дээрээ амьдрах тул хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Би хүүхдүүүдтэйгээ уулздаг. Хүүхдүүдээ сургуулиас нь авдаг байсан. Бид хоёр тусдаа амьдарснаас хойш дундаа хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Энэ хугацаанд би байнга хүүхдүүдээ авдаг байсан. Энэ хүнээс илүү хардаг байсан. Охин над дээр одоо байгаа. Энэ тал дээр санаа зовох асуудал байхгүй гэж бодож байна. Өчигдөр охин маань “би аавтайгаа амьдармаар байна” гэж хэлсэн. Би хүүхэд асрах эрхийг нь энэ хүнд шилжүүлээд өгчихсөн. Хүүхдүүдтэй уулзах болон хичээл сургуулийн үйл ажиллагаанд оролцох журам тогтоож болно. Хүүхдүүдийг зөөхөд адил оролцоотой байх, эцэг эхийн хуралд оролцох, мөн сургуулиас зохиох арга хэмжээнд оролцоно. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 00267 дугаар тэмдэглэл /хх-5/,  хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай “Ариун чанар” ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-6-7/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-8-9/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч ................. хариу тайлбараа бичгээр гаргаж, аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ................... холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээн, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлав.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Гэрлэгчид 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон ба 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү ............, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин.......... нарыг тус тус төрүүлсэн байна.

4.2. Тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос тусдаа амьдарч, энэ үеэс хүүхдүүд эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биедээ үнэнч байх, ... бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан ба хоорондын таарамжгүй харилцаатай гэх үндэслэлээр Иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэгдсэн баталгаат гэр бүлийг цуцлахгүй. Гэвч гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ........., .......... нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

6. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн асрамжид байсан бөгөөд хэн аль нь энэ байдлыг үргэлжлүүлэхийг хүссэн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү ..........., охин ............ нарыг эх .................... асрамжид үлдээх нь зүйтэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү ......... /10 настай/, охин ............ /8 настай/ нарыг  11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ............ тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан ............., ............... нарт даалгаж, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

11. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцсоноор хариуцагч ........... нь долоо хоногт нэг болон түүнээс дээш удаа хүүхдүүдээ сургуулиас авч, хүргэж өгөх болон эцэг эхийн хуралд нэхэмжлэгч ........... боломжгүй үед суух, сургуулиас зохиогдох эцэг эхийн оролцоотой арга хэмжээнд ............. адил тэнцүү оролцож байх, мөн хүүхдүүдийг нэмэлт дугуйлан секцэнд хүргэж өгөх, авахад тэнцүү оролцоотой байх зэргээр журам тогтоосныг батлах нь зүйтэй.

12. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ................., Монгол улсын иргэн ................. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү .........., 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин ........... нарыг эх ............... асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү ........., охин .......... нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ........... сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ............ нь долоо хоногт нэг болон түүнээс дээш удаа хүүхдүүдээ сургуулиас авч, хүргэж өгөх, эцэг эхийн хуралд нэхэмжлэгч ..........боломжгүй үед суух, сургуулиас зохиогдох эцэг эхийн оролцоотой арга хэмжээнд.......... адил тэнцүү оролцож байх, хүүхдүүдийг нэмэлт дугуйлан секцэнд хүргэж өгөх, авахад тэнцүү оролцоотой байх зэргээр...............,................нар журам тогтоосныг баталж, хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА