Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/05684

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 03 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05684                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Н.Хангал, шүүгч Ч.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Партизаны гудамж, өөрийн байранд байрлах ***/цаашид **гэх/,

            Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **дүгээр байрны **тоот хаягт оршин суух, ****,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 418,249,020 /дөрвөн зуун арван найман сая хоёр зуун дөчин есөн сая хорин/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*, Г.*, хариуцагч Х.*, хариуцагчийн өмгөөлөгч М.*/ШТЭД:2043/ нар оролцож, хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч *шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас Төв аймгийн Онцгой байдлын газрын **дугаар ангийн **дүгээр цэгт албаны шалгалт явуулж тус цэгт хадгалагдаж байсан “**-325”, “**-100” сортын үрийн улаанбуудайнаас нийт 1,106.3 тоноо дутагдсаныг илрүүлж Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргаснаар Монгол улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг нээн, Төв аймгийн Жаргалант, Цээл сум дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан ахлах дэслэгч Г.**, хурандаа Х.**, ахмад С.**нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж дур мэдэн үрийн улаанбуудай гаргасныг тогтоосон байна. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **дугаар шийтгэх тогтоолд “Иргэний хариуцагч Х.**586,012,829 төгрөгийн хохирлыг нэхэмжилдэг боловч хэрэгт авагдсан яллах дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр 167,763,800 төгрөгийн хохирол нотлогдсон, түүнийг иргэний хариуцагч нөхөн төлөхөө илэрхийлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын зөрүү 418,249,020 төгрөгийг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, холбогдох байгууллагад гомдол гаргаж хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж тогтоосон. Иймд иргэний хариуцагч Х.***418,249,020 төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ.

            1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.**шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **-аас 2019 онд буудай борлуулалтыг тариалалтанд гаргахаар шийдвэрлэсний дагуу тухайн Жаргалант салбарт байсан хүрэн улаан буудайг гаргах явцад 1000 орчим тонн буудай дутагдсан. Үүнээс болж **-аас шалгалт зохион байгуулж, шалгалтын дагуу илтгэх хуудас гарч, үүний дагуу АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Үр дүнд нь **аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ***дугаар шийтгэх тогтоолоор Г.**, Б.**нарт эрүүгийн хариуцлага ногдуулж тодорхой төлбөрийг төлүүлсэн. Харин Х.**хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага ногдуулаагүй, иргэний хариуцагчаар оролцсон. Шүүх хурлаас 418,249,000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар тухайн үед дутагдсан 1,046.875 улаан үрийн буудайнаас Б.***, Г.**нарын төлсөн болон Х.**тухайн эрүүгийн хэрэгт нотлогдож төлөхийг даалгасан төлбөрийг Г.**164 сая, Г.**82 сая, Б.**7,970,400, Х.Мягмаржавд ногдох төлбөр зэргийг хасаад 436,703,300 төгрөг байгаа. Манай нэхэмжилсэн дүнгийн зөрүүг залруулаад Х.**төлсөн 48,750,000 төгрөгийг хасаад 387,953,300 төгрөгийг нэхэмжилж байна. Албаны шалгалтын дүн дээр тухайн аж ахуй нэгж болон 3 хариуцагч нарт холбогдох асуудлуудыг он оноор нь ялгасан хүснэгт байгаа. Энд дурдсан “***т” ХХК, “**” ХХК нь Х.**. “****” ХХК, “****” ХХК-ийн төлбөрийг өөрөө төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээрээс төлсөн төлбөрүүдийг хасаад үлдэж байгаа үлдэгдэл нь юм. Түүнчлэн, “ул” гэх хаягдал үрийн буудайн хохиролд 68,962,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Ингээд хариуцагчаас нийт 318,991,300 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардана. Х.**хариуцахгүй гээд байгаа “****” ХХК, “**” ХХК-ийн гэх пүүний баримтуудад штрихээр засчихсан байгаа үйлдлүүдийг компанид төлсөн гэж үзээд байгаа. Гэтэл н.Баасанхүү нь өөрөө бие даасан гэрээ хийсэн, өөрөө тэр төлбөрөө төлсөн гэдэг нь баримтаар харагдана. Пүүний дэвтэр дээр дурдагдаад байгаа “***” гэдэг нь 30,95тн гарсан, тусдаа бие даасан гэрээ хийгээд тооцоогоо хийсэн байна. Х.**өөрөө “****” ХХК-ийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь ийм хий үйлдэл хийдэг байсан гэдгээ өөрөө нотолж байна. Энэ хүн 2005-2015 он хүртэл 10 жил энэ ажлыг хийсэн. Энэнээс өмнөх асуудлуудыг бид сөхөж яриагүй. Тухайн үед үүссэн байсан авлагын асуудал нь 2019 онд илрээд хэн хэнд хамаарах, хэдэн онд хамаарахыг нь ялгаж шалгаад, холбогдох дүгнэлтээ гаргаад эрх бүхий байгууллагуудаар шалгуулахаар өгөөд, тодорхой хэсгийг нь нөхөн төлүүлсэн. Үлдсэн төлбөр нь тогтоогдож байна...гэв.

            2. Хариуцагч Х.**шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие **-ын харьяа, Төв аймгийн **сум дахь Улсын нөөцийн салбарт эрхлэгчийн үүрэгт ажлыг 2015 оны 5 дугаар сар хүртэл эрхлэн гүйцэтгэж байгаад **-ын даргын 2015 оны Б/***дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. Миний гүйцэтгэж байсан ажлыг хошууч Ю.**хүлээн авч цаашид хэд хэдэн хүн солигдож ажилласан байдаг. Улмаар миний ажиллаж байсан хэлтэст 2019 онд албан шалгалт орж шалгалтыг явуулсан. Тус шалгалтаар 832,710,000 төгрөгийн үнэ бүхий 1,015 тонн буудай дутсан гэсэн албаны дүгнэлт гарсан бөгөөд шалгалтын хүрээнд холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэр орсон. **-ын гомдлоор үүссэн эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад миний хувьд тус дутсан гэх тариа будааны үнийн дүнгээс 167,763,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх хэмжээний хохирол нотлогдсон гэж үзсэн байдаг. Тиймээс би шүүх дээр тус төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлж, одоо энэ төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчид төлж байгаа. Нэхэмжлэгч нь эрүүгийн шүүх хуралдаан дээр 586,012,829 төгрөгийг нэхэмжилж байсан мөртлөө одоо Иргэний шүүх дээр 418,249,020 төгрөг болж өөрчлөгдсөнийг би сайн ойлгохгүй байна. Улмаар энэ мөнгийг бүхэлд нь намайг хариуцах ёстой гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтаас үзэхэд “бүрдүүлэлтийн явцад аваагүй байх магадлалтай 254,856,000 төгрөг, авлагаар аваагүй байх магадлалтай 44,247,200 төгрөг, дарга нар аман шийдвэр авсан гэх 464,923,600 төгрөг /энд миний эрүүгийн журмаар төлөх болсон 167,763,800 төгрөг багтсан/, Ул гэх хаягдал үрийн буудайг устгасан 68,962,000 төгрөг, нийт 418,249,020 төгрөгийг надаас нэхэмжилжээ. Ул гэх хаягдал үрийн буудайны үнийн хувьд: Улаанбуудайн нөөцийн ажиллагаанд нилээн хүндрэл бэрхшээл гардаг бөгөөд хадгалж нөөцөлсөн буудайнд хаягдал гарах тохиолдол түгээмэл байдаг. Тариа буудайг зохих стандартын дагуу хадгалах шаардлагатайгаас гадна байнга шалгаж, тухай бүр арга хэмжээ авч, зарим тохиолдолд устгах хүртэл шаардлага үүсдэг. Нэхэмжлэгч нь тус албан шалгалтыг хийхдээ 2015-2019 оны хугацаанд холбогдуулан шалгасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан “Ул” гэх хаягдал үрийн буудайг бүхэлд нь намайг хариуцах ёстой гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хаягдал буудай нь ажлаа өгсний дараах хугацаанд хамаардаг бөгөөд намайг ажлаа өгснөөс хойш олон дарга нар солигдсон. Намайг ажлаа өгөхөд манай агуулахын буудайн 60-80 хувь нь гарсан буюу тухайн хаврын буудайн гаргалт, намрын буудайн хүлээн авалтын үеэр ** чиглэл хариуцсан мэргэжилтнүүд байнга үзэж шалгаж явдаг байсан. Түүнчлэн надад агуулахын түлхүүр цоож байдаггүй буюу би өөрөө дур мэдэн нэг тонн ч буудай авах, гаргах мэдэлгүй болно. Нэхэмжлэгчийн баримтад дурдсан 2015-2019 он хүртэл хугацааны 60,352,000 төгрөгийн үнэ бүхий ул хаягдал буудай, одоо “хаягдал” гэх 10,5 тонн буудайны үнэ 8,610,000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй, үүнийг яагаад надаас нэхэмжилж байгааг би сайн ойлгохгүй, тухайн хаягдал буудайны талаар би мэдэхгүй тул үүнийг хариуцах этгээд нь би биш гэж үзэж байна.

            Бүрдүүлэлтээр аваагүй байх магадлалтай гэх буудайны үнэ 254,856,000 төгрөгийн тухайд: **-ын хийсэн албаны шалгалт нь холбогдох бичиг баримтын хүрээнд хийгдсэн бөгөөд тэр тусмаа санхүүгийн холбогдох бичиг баримтыг шалгах хүрээнд явагдсан. “***” ХХК-ийн 137 тонн буудайны 112,340,000 төгрөгийн санхүүгийн баримт нь нэхэмжлэгч талд байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.**нь надад хэлж байсан. Харин “**” ХХК-ийн 2014 оны 65 тонн буудайны үнэ 53,300,000 төгрөгийг тус компани төлж өнөөдрийн байдлаар 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Нэхэмжлэгч нь иргэн Г.**16,400,000 төгрөгийг надаас нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг тухайн иргэн хариуцах ёстой. Тэгээд ч Г.**эхнэр н.**нэр дээр үрийн буудай тушааж авлага хаасан гэдгийг нягтлан хэлж байсан. Авлагаар аваагүй байх магадлалтай гэх буудайны 44,247,200 төгрөгийн тухайд: Энэ төлбөрөөс миний хувьд “****” ХХК-ийн буудайны үнэ болох 20,992,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч хариуцаж болох бөгөөд бусад “****” ХХК, П.**, “****” ХХК, “*** ХХК, “******” ХХК-иуд нь миний ажлаа өгсний дараа буудайны төлбөрөө төлж барагдуулсан гэдэг. Дарга нар өөрсдийн аман шийдвэрээр өгсөн гэх буудайны төлбөр 464,923,600 төгрөгийн тухайд: **-аас шалгалтыг явуулахдаа зарим талаар хардалт сэрдэлтийн үүднээс асуудалд хандаж, тэгсэн байж магадгүй зэргээр асуудалд бодитоор хандахгүйгээр шалгалтыг явуулсан тал ажиглагддаг. Тиймээс эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хамт алба хааж байсан нөхдүүдэд их хэмжээний төлбөр гарсан бөгөөд би түүнийг хүлээн зөвшөөрч 167 сая төгрөгийг бүрэн гүйцэт төлөхөөс илэрхийлсэн. Мөн тус хэсэгт байх надад холбогдох 42,67 тонн буудайны төлбөр 34,989,400 төгрөгийг **-ын дансанд миний эхнэр н.**төлж барагдуулсан ба баримт нь байгаа. Харин “***” ХХК-ийн 9.72 тн буудайны төлбөр 7,970,400 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Б.**нь төлсөн талаар 458 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан. Иймээс тус нэхэмжлэлийн шаардлагаас би “Буурал жанжин” ХХК-ийн буудайны үнэ 20,992,000 төгрөг, ажлын хариуцлага алдсан “***” ХХК-ийн 8,200,000 төгрөг, нийт 29,192,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна...гэжээ.

            2.1. Хариуцагч Х.**нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд ажлаас чөлөөлөгдөөд удирдлагын шийдвэрээр сургуулийн захирлаар дэвшээд явсан. Сургуульд ажиллахаар очсоны дараа албаны шалгалт явж байна гээд дуудагдаж очсон. Намайг очиход шалгалт ирээд 3 хоносон байсан. Намайг очиход хувцас дутуу байна гээд явуулсан. Буцаад ирэхэд хурлын дүгнэлт сонсгосон. Тухайн үед би хүнд байдалд орсон. Нэхэмжлэл дээр дурдсан ул гэж 68,962,000 төгрөгийн будаа, “**” ХХК-тай холбоотой 135 сая төгрөг зэргийг надад сонсгож байсан. Надад тайлбар хэлэх ямар ч боломж байгаагүй. Хурал тарсны дараа хуучин нярав, нягтлан хоёртойгоо үдээс хойш суусан. Миний алдаатай зүйлс байсан. Муудах гээд байсан будааг Г.*** өгсөн зүйл байгаа. Ингээд нярав нягтлантай ярилцаад яаж өгснийг тодруулахыг хүссэн. Тэр хоёр шөнөжин сууж байгаад ерөнхий юмнуудыг нь гаргасан. Пүүн дээр сууж байсан хүний нэр андуурагдсан тохиолдол байсан. **нэр дээр бичигдэж андуурагдсан асуудал байсан. Нягтлан Баярцэцэгээр хүснэгтлүүлээд, тамгалуулаад өөртөө хадгалуулсан. 150 аж ахуй нэгжтэй харьцаж байсан учраас би нэг бүрчлэн мэдэхгүй байсан. Батболд гэж хүн шалгалтыг ахалж явсан. Намайг ороод тайлбар өгөөрэй гэсэн. Би тайлбар өгөхийн тулд тооцоолол гаргасан. Ингээд надад ямар ч боломж олголгүй АТГ руу явна гэсэн. Ингээд 7 хоногийн дараа даргын зөвлөлөөр оруулаад АТГ дээр очсон. Тэнд 3-4 жил болсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж, иргэний хариуцагчаар оролцоод би 167,000,000 төгрөг төлөхөө зөвшөөрч, төлөхөөр болсон. 2022 онд иргэний хэрэг үүссэнээс хойш ажлаа өгөөд сүүлийн үед нилээн сайн судалж байгаа. ОБЕГ-аас тодорхой бичиг баримтуудыг шаардаж байж авсан. Тэнд нөгөө нярав, нягтлан хоёрын гаргаж өгсөн зүйлс тулаад байгаа. Миний хувьд бол “***” ХХК-тай холбоотой 137 сая төгрөгийг өгсөн гэдэг нь хэд хэдэн баримтаар нотлогдож байгаа. “***” ХХК дээр төлбөргүй гэж үзэж байгаа. “** ХХК дээр орлогод авсан байж байтал аймгийн мэргэжлийн хяналт ирээд чийгээр тэнцээгүй учир буцааж өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. Энд 20-н хэдэн сая төгрөгийн будааны төлбөр дээр би хариуцлага алдсаныг хүлээн зөвшөөрч байгаа.  

2.2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ маш тодорхойгүй гаргасан. Эрүүгийн журмаар шалгагдсан учраас шаардаж байна л гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, иргэний эрх зүйн маргааны нотлох зарчим өөр. Эрүүгийн хэргээр Х.**нь 167,763,800 төгрөг төлөхөөр тогтоож, үлдэгдэл төлбөрийг холбогдох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд дурдсан. Хууль тусгаарлах зарчмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг этгээд нь тусгай субьект байдаг бол иргэний эрх зүйн маргаанд талууд өөрсдөө тайлбар шаардлагаа нотолно. Хариуцагч зарим шаардлагыг зөвшөөрч байгаа. Эрүүгийн журмаар бүрэн гүйцэт нотлогдоогүй. Хуулийн этгээдүүдэд холбогдох төлбөрийг иргэн Х.**шаардаж байгаа үндэслэлээ нотолж тодорхойлж чадсангүй. Гэм хорын хохирол шаардаж байгаа тохиолдолд гэм буруугийн асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгч тал хариуцагч Х.**хууль бус үйлдлийн талаар тодорхойлж чадаагүй. Х.** яг ямар хууль бус үйлдлээр хохирол учруулсан гэдгийг тогтоогоогүй. “хариуцагчийн эхнэрийн компани, хий бичилт хийсэн” гэж байгаа нь тогтоогдоогүй, нотолж чадсангүй гэж үзэж байна. Иймд хууль бус үйлдлийн улмаас гэдэг нь Илтгэх хуудас дээр дурдагдсан агуулгаар шаардсан байна. Гэтэл энэ илтгэх хуудас зөвхөн Х.**“холбоогүй, холбогдох шалгалтыг явуул” гэсэн санал дүгнэлт гаргасан байна. Тодруулбал: “магадлалтай” гэж заасан байна. Тухайн хүн үйлдлийг хийсэн байж болно, хийгээгүй ч байж болно гэсэн агуулгатай. Нэхэмжлэгч тал ийм байдлаар нэхэмжлэлээ нотлоогүй. Албан тушаалаа гүйцэтгэх явцдаа хохирол учруулсныг нэхэж байгаа үгүйг тодруулбал: 2015-2019 оны хооронд үүссэн бүх дутагдлыг Х.**хариуцах үндэслэлгүй. Хэрэв энэ байдлаар шаардаж байгаа бол Үр дүнгийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэрэг нь хэрэгт авагдаагүй. Хариуцлага алдсан гэдгийг нотлоогүй. Шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч байгууллагыг хохирлоо нотолж шаардах эрхтэй гэсэн. Хохирлын хэмжээгээ 167 сая төгрөгийн хэмжээнд л нотолсон гэж байгаа. Энд цуглуулсан баримтыг Х.**шүүх дээр ирээд л танилцсан. Иймд хариуцагч эд хөрөнгийн хариуцлагын гэрээний үүднээс хариуцах этгээд мөн гэдэг нь нотлогдохгүй, нэхэмжлэгч энэ үндэслэлээр нэхэмжлээгүй байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй байна.

Аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээний үүргийг аж ахуй нэгжээс л шаардах ёстой. Энэ хугацаанд тухайн байгууллагуудад бичиг явуулсан, төлбөрийг шаардсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар мэдэгдсэн ямар ч баримт байхгүй, энэ талаарх ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Харин гэрээ хийсэн, төлбөр мөнгө төлсөн талаарх баримтууд байгаа. Компаниудтай холбоотой асуудлыг яагаад тус компаниудыг дуудахгүйгээр иргэн Х.**шаардаад байгааг ойлгохгүй байна. 3 дугаар хавтаст хэрэгт байгаа “** **” ХХК болон бусад компаниуд Х.**бүгд хамааралтай биш. Зөвхөн эхнэрийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг нэг компани гэрээ байгуулсан болох нь харагдаж байна. Жолооч гэрчүүдийн мэдүүлгээр “**” ХХК-ийн буудайг зөөсөн талаар мэдүүлдэг ба тэдний тайлбар 3 дугаар хавтаст хэргийн 155, 156, 160 зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна. Хууль ёсны дагуу машины жолооч нар очоод, компанийн нэрийг хэлээд, буудайгаа бичүүлдэг юм байна. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэг алдаа дутагдал байдаг нь буудай хүлээж авч байгаа жагсаалтын бичилт “компанийн нэр тавиад шилжүүлсэн” гэсэн бичилт байна. Энэ нь тухайн байгууллагын л дотоод үйл ажиллагаандаа ашигладаг баримт юм. Эдгээрээс тухайн үед буудайтай холбоотой гэрээ байгуулаад нийлүүлсэн зүйл байгаа юм байна гэдэг нь харагдана. 3 дугаар хавтаст хэргийн 165 дугаар хуудсанд жишээлбэл машины дугаар тавиад “Туулайнхан шилжүүлсэн 88,8” гэсэн байгаа. Энэ нь “**” ХХК-ийн өмнөөс өгсөн гэдэг нь харагдаж байна. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

            3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд:

            - “***” УНС-с “үрийн будааны үнэ жаргалант хоол” гэх утгатайгаар 48,750,000 төгрөгийг 2019.05.09-ний өдөр **-УНББСШинэчлэлт данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-5/, Төв аймгийн *** улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн **, **сум дахь улсын нөөцийн эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн төвд албаны шалгалт явуулсан тухай 2019.05.27-ны илтгэх хуудас /1-р хх-6-12/, Х.*****-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт 2022.02.21-нд бичгээр гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хх-14, 35/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-82-103/, Эрүүгийн хэргээс **аймгийн прокурорын газрын “хуулбар үнэн” тэмдэг даруулсан хуулбар баримтууд /1-р хх-109-251, 2-р хх-1-28/, **, иргэн Д.***нарын 2014.10.12-ны өдөр байгуулсан Улсын нөөцөд таримал ургамлын үр худалдан авах тухай гэрээ /4-р хх-72-75/ зэрэг болно.

            4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд:

- Өмгөөлөгчтэй байгуулсан 2022.9.09-ний Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-61-66/, “**” унс-с 2019.05.09-нд “үрийн будааны үнэ жаргалант хоолт ххк” гэх утгаар 48,750,000 төгрөгийг **-т шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /3-р хх-209/, “**” ХХК-д 88,8 тонн буудайн төлбөрийг “***” ХХК-иас шилжүүлсэн гэх төлбөрийн баримтууд /4-р хх-41-53/, Г.**, Л.**нарын гарын үсгээр баталгаажуулсан “2014 оны намрын нөөц бүрдүүлэлт болон авлаганд авсан үрийн буудайн жагсаалт дэвтрийн тайлбар” гэх 2019.05.29-ний өдрийн хүснэгт бүхий баримт /4-р хх-76-77/ зэрэг болно.

            5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

            5.1. Зохигчдоос гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022.10.10-ны 16630 дугаар захирамжаар нэхэмжлэгч **-аас Х.**ажлаас чөлөөлсөн тушаал, Ю.**, Б.**, Г.**нарыг ажилд томилсон болон чөлөөлсөн, ажил хүлээлцсэн баримтуудыг, **-аас “****” ХХК, “*” ХХК, “Сангийн нуур” ХХК, “***” ХХК, “**” ХХК, “** ХХК нарын улсын бүртгэлийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-75-77/, нэхэмжлэгч тал Г.*, Ю.**, Б.**нарыг ажилд томилсон, Х.**ажлаас чөлөөлсөн тушаалуудыг ирүүлсэн. /хх-104-108/, **-аас лавлагааг 2022.12.02-ны өдөр ирүүлсэн. /2-р хх-30-36, 37-42/

            5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022.11.29-ний өдрийн 20177 дугаар захирамжаар Төв аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн архиваас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-27-28/, захирамжийн дагуу баримтуудыг 2023.08.07-ны өдөр ирүүлсэн. Үүнд:

            - Авлигатай тэмцэх газар, Гүйцэтгэх ажлын хэлтсээс 2019.10.18-ны өдөр гэмт хэргийн шинж агуулж буй мэдээллийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтсийн даргад шилүүлсэн албан бичиг /2-р хх-51/, Х.**, Г.**, Б.**нарын 832,710,000 төгрөгийн 1015.5 тн үрийн буудай дутаасан байж болзошгүй талаар харуулсан хүснэгт бүхий мэдээллүүд /2-р хх-52-58/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020.08.25-нд ОБЕГ-ын даргад хүргүүлсэн нэхэмжлэгч томилуулах тухай албан бичиг, үүний хариуд Ч.**томилсон тухай ОБЕГ-ын 2020.08.27-ны албан бичиг /2-р хх-59-60/, Х.**2019.10.25-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-61-65/, Г.**2019.11.25-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-66-68/, Г.**2020.08.26-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-69-70/, Ж.**2019.10.26-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-71-72/, Б.**2020.04.24-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-73-74/, С.**2020.08.25-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-75/, Ө.**-**2020.08.26-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-76/, Б.**2020.10.26-нд гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-77-78/, Төрийн банкнаас АТГ-т 2020.04.06-ны албан бичгээр хүргүүлсэн Х.**, Г.***, Б.**нарын дансны хуулга /2-р хх-79-81/, Албаны шалгалт явуулсан 2019.05.27-ны өдрийн Илтгэх хуудас /2-р хх-82-88/, “**” ХХК-ийн Хаан банкны **тоот дансны хуулга /2-р хх-89-91/, Х.**албан хаагчийн бүртгэлийн карт, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээллүүд /2-р хх-92-128/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020.12.04-ний өдрийн Мөрдөгчийн санал /2-р хх-129-131/, Яллагдагч Г.**2020.12.17, 2020.12.18-нд мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-132-136/, Яллагдагч Б.**2020.12.17-нд мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-137-138/, Төв аймгийн прокурорын газрын 2020.12.10-ны өдрийн 12 тоот “Мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2-р хх-139-140/, Х.**иргэний хариуцагчаар татах тухай 2020.12.17-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /2-р хх-141/, мөн өдөр түүнийг иргэний хариуцагчаар асууж авсан тэмдэглэл /2-р хх-141-142/, С.**2020.12.18-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл /2-р хх-143-144/, Төв аймгийн прокурорын газрын 2021.01.13-ны 01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэлийн хамт /2-р хх-145-147/, Х.** битүүмжилсэн хөрөнгүүдийг үнэлсэн *** ХХК-ийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /2-р хх-148-184/, Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай 2021.01.17-ны өдрийн Мөрдөгчийн санал /2-р хх-185-187/, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж /2-р хх-188-192/, мөн шүүхийн 2021.12.03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-193-209/

            5.3. Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023.10.04-ний өдрийн 16869 дүгээр захирамжаар нэхэмжлэгчээс 2019 оны шалгалтын тайлан, дүгнэлтийн явцад хянагдсан баримтуудаас Х.**болон “***” ХХК, “**” ХХК, “****” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “***” ХХК-иудтай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-215/, захирамжийн дагуу баримтуудыг 2023.10.25-ны өдөр нэхэмжлэгчээс ирүүлсэн. /3-р хх-1-197

            - **-ын Улсын нөөцийн газар “**” ББН-тэй 2014.12.08-нд хийсэн “Улсын нөөцөд таримал ургамлын үр худалдан авах” гэрээ, Гэрээний дагуу нөөцөд бараа материал хүлээн авсан акт, Гэрээ дүгнэсэн акт, Улсын нөөцөд бараа материал хүлээн авсан жагсаалт, Хянан баталгааны акт, Ёл тариа ББН-ийн хүсэлт, төлбөрийн хүсэлт зэрэг холбогдох баримтууд /3-р хх-2-13/, **-ын Улсын нөөцийн газар “Ч***ХХК-тай байгуулсан “Улсын нөөцөд таримал ургамлын үр худалдан авах тухай 2014.12.06-ны гэрээ, холбогдох баримтуудын хамт /3-р хх-14-24/, **-ын *** “**” ХХК-тай байгуулсан “Улсын нөөцөд таримал ургамлын үр худалдан авах тухай 2014.10.18-ны гэрээ, холбогдох баримтуудын хамт /3-р хх-25-39/, **-ын Улсын нөөцийн газар “**” ХХК-тай байгуулсан “Улсын нөөцөд таримал ургамлын үр худалдан авах тухай 2014.10.18-ны гэрээ, холбогдох баримтуудын хамт /3-р хх-40-52/, 2016 оны Намрын авлагын жагсаалт – бүртгэлийн дэвтэр /3-р хх-53-56/, “Жаргалант улсын нөөцийн салбарын 2017 оны будаа гаргалтын жагсаалт – бүртгэлийн дэвтэр /3-р хх-57-61/, ***дахь**** салбарын 2015 оны намрын авлаганд авсан буудайн жагсаалтууд /3-р хх-62-67/, **** салбарын 2015 оны үрийн улаан буудайн гаргалтын жагсаалтууд /3-р хх-68-87/, ***салбарын 2014 оны хаврын үрийн улаан буудай гаргалтын жагсаалтууд /3-р хх-88-101/, ** салбарын ***хүлээлцэх тэмдэглэл /3-р хх-102-152/, Жаргалант сум дахь Улсын үрийн нөөцийн салбарын намрын нөөц бүрдүүлэлтэнд авсан үрийн улаан буудайн 2014 оны жагсаалт /3-р хх-153-163/, *** салбар 2014 оны намрын авлаганд болон нөөц бүрдүүлэлтийн жагсаалтууд /3-р хх-164-174/, ****Харуулын дэвтэр 2013 он /3-р хх-175-197/

            5.4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүхийн 2023.11.23-ны 00580 дугаар тогтоолоор “Төрийн банк” ХК болон нэхэмжлэгч **-с нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /3-р хх-215/, “Төрийн банк” ХК-иас 2023.12.19-нд ***дансны хуулгыг ирүүлсэн. /3-р хх-240-241/, **-аас 2024.01.16-нд шүүхээс шаардсан хүснэгт бүхий баримт байхгүй тухай хариуг, Ю.**, Г.Баярцэцэг **байгуулсан үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөний хамт нотлох баримтаар ирүүлсэн. /4-р хх-5-27/

            5.5. 2023.12.12-ны өдөр Б.**, Б.**, Б.**, Г.**нарыг шүүх гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /3-р хх-221-239/

            5.6. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүхийн 2024.03.12-ны өдрийн 00100 дугаар тогтоолоор тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.***, Н.**нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэж /хх-56/, гэрчүүдийг асууж тэмдэглэл үйлдсэн. /4-р хх-58-69/

            5.7. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүхийн 2024.04.03-ны өдрийн 00143 дугаар тогтоолоор **-ын 2014-2019 оны жилийн эцсийн бараа материалын хөдөлгөөний тайлан, нөхөн бүрдүүлэлт, авлагын мэдээ, санхүүгийн тайлан зэрэг төрийн “маш нууц” зэрэглэлд хамаарагдах баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу үзлэг хийхээр шийдвэрлэж /4-р хх-83/, тогтоолын дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдэн бэхжүүлж, тус шүүхийн нууц хамгаалах ажилтанд шилжүүлэн өгсөн байна.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулахаар иргэн Ш.**томилогдсон. Гэвч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүйн улмаас зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн хүсэлтийг хангаж, иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч **-ын хариуцагч Х.**холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            2. **нь Х.**418,249,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол гэж тодорхойлон гаргуулахаар шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлээ 314,534,600 төгрөг болгож багасгасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 29,192,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.

            3. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг “2019.05.27-ны өдрийн илтгэх хуудсыг үндэслэн хохирол шаардаж байгаа. Үүнд: “***-тай 137 тн-ын үнийн дүн бүхий 112,340,000 төгрөг, 65тн-ын үнийн дүнгийн үлдэгдэл 4,550,000 төгрөг, “***” ХХК-д хамаарах 88,8 тн-ын үнийн дүн 2019 оны үнэлгээ болох 820,000 төгрөгөөр тооцоод 72,816,000 төгрөг, Г.**гэх хүнд Х.**аман зөвшөөрлөөр олгосон 20 тн-ын үнэлгээ болох 16,400,000 төгрөг, “**” ХХК-д хамаарах 3,84 тн-ын 3,148,800 төгрөг, Д.**4,48тн-ын 3,673,600 төгрөг, “***” ХХК-ийн 11,102,800 төгрөг, “**” ХХК-ийн 943,000 төгрөг, “**К-ийн 25,379,000 төгрөг, “***” ХХК-ийн 20,992,000 төгрөг, аман шийдвэрээр олгосон гэх 2015 оны 42,67тн-ын 34,989,400 төгрөг, 2015 оны 10 тн-ын 8,200,00 төгрөгийг тус тус гаргуулна” гэж тодруулсан.

            3.1. Харин нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагчийн буруутай үйлдлээс буюу хамаарал бүхий хүмүүсийн компаниудаар улсын нөөцөд хадгалагдаж байсан улаан буудайг гэрээ байгуулан хий гаргаж, улсын нөөцөд байсан 1,046 тн буудайн үрэгдүүлсэн. Энэ нь илтгэх хуудсаар болон санхүүгийн тайлангаар тогтоогдоно” гэж тодорхойлсон.

            4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “***” ХХК-д хамаарах 20,992,000 төгрөг, “*** ХХК-д хамаарах 8,200,000 төгрөг, нийт 29,192,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.

4.1. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг иргэн Х.Мягмаржаваас шаардаж байгаа нь үндэслэлгүй, “магадлалтай” гэж таамагласан илтгэх хуудсаас өөр баримтгүй бөгөөд уг илтгэх хуудаст дурдагдсан компаниудтай байгуулсан гэрээний үүрэг биелэгдсэн болох нь бүртгэлийн дэвтрүүд, жолооч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, нягтлан болон нярав нарын гаргасан хүснэгт зэргээр тогтоогдсон” гэж тайлбарлан маргаж байна.

5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

5.1. Хариуцагч Х.**нь **-ын харьяа, *** дахь Улсын нөөцийн салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад **-ын даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн б/373 дугаар тушаалаар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, мөн өдрөөс Хууль сахиулахын их сургуульд шилжин ажилласан байна.

5.2. *** дахь Улсын нөөцийн салбарын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Ю.**2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/214 тоот **-ын даргын тушаал гарч, дахин **-ын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/745 тоот тушаалаар Г.Ганбатыг 9 дүгээр сарын 04-ний өдрөөс **** цэг /эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн төв/-ийн эрхлэгч, ерөнхий агрономичоор томилжээ.

5.3. **-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн онцгой байдлын газрын улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн Ж***сум дахь улсын нөөцийн эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн төвд 2019 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд **-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга хурандаа Б.**ахлуулсан баг шалгалт явуулж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр **-ын дарга, хошууч генерал Т.**илтгэх хуудас бичсэн байна.

5.4. Дээрх илтгэх хуудсын

- “Үйл ажиллагааны зөрчил дутагдал” хэсэгт: **сумын Өгөөмөр 2 дугаар багт 2019 оны эхэнд дансаар 2010.4 тн үрийн буудайн үлдэгдэлтэй байснаас Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан 21 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 994.87 тн үрийн буудайг олгож, “**-325” сортын үрийн буудайнаас 61.069 тн, “***-100” сортын үрийн буудайнаас 954.438 тн, нийт 832,710,000 төгрөгийн 1,015 тн үрийн буудай дутсан гэж тусган,

“Санал” хэсэгт: “Төв аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн **сум дахь улсын нөөцийн салбарын 2014-2019 оны үйл ажиллагааны явцад их хэмжээний үрийн буудай алдагдсан гэх асуудалд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, ажилтнуудын буруутай үйлдлээс гадна тэдэнтэй уулзаж тодруулах авах зайлшгүй шаардлагатай байна. Иймд 2014 оны 1 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Төв аймгийн ***, **тусламжийн ангийн харьяа салбар, нэгжүүдэд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, их хэмжээний буудай алдагдсан гэх асуудалд холбогдсон албан тушаалтан, ажилтан нарыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах саналтай байна...гэжээ.

5.5. Илтгэх хуудсын дагуу Х.**, Г.**, Б.**нарыг эрүүгийн журмаар шалгуулахаар АТГ-т хандаж, тэдэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Х.**2020.12.07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган ирүүлсэн мөрдөгчийн саналыг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдсон” гэж дүгнэн, Төв аймгийн прокурорын газрын 2020.12.10-ны өдрийн 12 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар Мөрдөгчийн 2020.12.17-ны өдрийн тогтоолоор түүнийг иргэний хариуцагчаар татсан байна.

5.6. Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.**холбогдох иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй, шүүхийн тогтоолоор Төв аймгийн прокурорын газраас ирүүлсэн нотлох баримтуудад шинжээчийн дүгнэлт ирээгүй болно.

5.7. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 458 дугаар шийтгэх тогтоолоор “...иргэний хариуцагч Х.***иргэний нэхэмжлэгч тал 586,012,829 төгрөгийн хохирол нэхэмжилдэг боловч хэрэгт авагдсан яллах дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр 167,763,800 төгрөгийн хохирол нотлогдсон, түүнийг иргэний хариуцагч нөхөн төлөхөө илэрхийлсэн..., ...иргэний нэхэмжлэгч байгууллага Х.**холбогдох үйлдлийг хохирол зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан гэх асуудлыг холбогдох байгууллагад гомдлоо гаргаж хянан шийдвэрлүүлэх эрхтэй, ...Х.**үйлдэл холбогдол, учруулсан гэх хохирлын асуудалд шүүгдэгч нарын оролцоо хэрэгт баримтаар авагдаагүй...” гэж дүгнэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Х.**167,763,800 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, 418,249,029 төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.8. Илтгэх хуудаст дурдагдсан хуулийн этгээдүүд нь **-ын Улсын нөөцийн газартай “Улсын нөөцөд таримал ургамлын үр худалдан авах тухай” гэрээг бичгээр байгуулж, Улсын нөөцөд бараа материал хүлээн авсан акт үйлдэн хүлээлцэж, Гэрээ дүгнэсэн тэмдэглэл үйлдэн, Хянан баталгааны акт болон холбогдох баримтуудыг үйлддэг болох нь 3 дугаар хавтаст хэргийн 2-52 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

5.9. Ийнхүү иргэд, хуулийн этгээдүүдэд улаан буудай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, үрийн улаан буудай нийлүүлэлт, буцаалт тутамд дэвтрээр бүртгэл хөтөлдөг байсан нь “2014-2017 онуудын намрын авлагын болон хаврын гаргалтын жагсаалт зэрэг 3 дугаар хавтаст хэргийн 53-197 дугаар хуудаст авагдсан бүртгэлийн дэвтрүүдээр тогтоогдсон.

5.10. Илтгэх хуудсаар илэрсэн зөрчил дутагдлын талаар шалгалтын багийн бүрэлдэхүүнд орсон албан хаагчид болон үрийн буудайг тээвэрлэж байсан жолооч нар, төвийн нягтлан бодогч, няраваар ажиллаж байсан иргэдийг тус тус зохигчийн хүсэлтээр гэрчээр асуусан.

5.11. Шалгалт хийсэн багийн дарга болон гишүүдийн мэдүүлэг хэрэгт байгаа бусад баримтуудаар давхар нотлогдоогүй, шалгалтын явцад санхүүгийн баримтуудыг бүртгэлийн дэвтэртэй болон жолооч нарын зарлагын баримтуудыг тулгаж, ажилтнуудаас аман хэлбэрээр тайлбар авсны дүнд илтгэх хуудсыг үйлдсэн талаар тайлбарласан. Мөн эдгээр гэрчүүд Х.**хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллага үрийн буудайн дутагдал үүсгэсэн талаар тухайн үед ажиллаж байсан нярав, харуул зэрэг алба хаагчдын аман тайлбарыг үндэслэж тогтоосон гэх тайлбар гаргасан байна.

5.12. Харин үрийн буудайг тээвэрлэсэн жолооч нар болон 2014-2015 онуудад нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.**нарын гэрчийн мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан пүүний бүртгэлийн дэвтрүүд, зарлагын баримтууд, мөн иргэн аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

7. Хариуцагч Х.**гэм буруугийн улмаас буюу улсын нөөцийн бараа материалыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан гэх нэхэмжэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч **нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.1. Тодруулбал: Х.**өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, улсын нөөцөд хий орлогодсон, аман шийдвэрээр үрийн буудай гаргасан, авлага болон бүрдүүлэлтээр их хэмжээний үрийн буудай аваагүй байх магадлалтай зэрэг үндэслэлээр нийт 314,534,600 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлан, шалгалт явуулж илтгэх хуудас бичсэн албан хаагчдыг гэрчээр асууж, төрийн “маш нууц” зэрэглэлд хамаарах **-ын 2014-2019 оны жилийн эцсийн бараа материалын хөдөлгөөний тайлан, нөхөн бүрдүүлэлт, авлагын мэдээ, санхүүгийн тайланд үзлэг хийлгэсэн. Гэвч гэрчийн мэдүүлгүүд хэрэгт цугларсан бусад баримтуудаар хангалттай нотлогдоогүй бөгөөд жилийн эцсийн бараа материалын хөдөлгөөний тайлангаар Х.***гэм буруугаар улсад хохирол учруулсан, илтгэх хуудас бичихдээ ажилчдын аман хэлбэрээр өгсөн тайлбарыг үндэслэж, тухайн тайлбарыг шалгаагүй талаар гэрчүүд мэдүүлсэн.

8. Хэдий хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар хариуцагчийн гэм буруу тогтоогдохгүй байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн 29,192,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх 285,342,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            9. Нэхэмжлэгч **нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч Х.**нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 303,910 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.**29,192,000 /хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-т олгож, нэхэмжлэлээс 285,342,600 /хоёр зуун наян таван сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.**303,910 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ХАНГАЛ

 

                                                 ШҮҮГЧ                                  Ч.БАЯРСҮРЭН