| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/01536/И |
| Дугаар | 102/ШШ2024/04183 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04183
2024 оны 09 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2024/04183 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.................................
Хариуцагч: .................................
Нэхэмжлэлийн шаардлага: .......................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч............., хариуцагчийн өмгөөлөгч........................ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга..................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: ..............................Эрчим хүчний гудамж 103 дугаар байрны 11 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тус орон сууцыг иргэн ................... 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ..................... Орон сууц хөлслөх гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч талын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн хөлслүүлсэн бөгөөд гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан тул арга буюу .................. байрнаас гаргасан. Хөлслөгч..................... нь төлбөрөө зарим сард дутуу, эсхүл хэд хэдэн сараар, сүүлдээ бүтэн жилээр төлбөрөө төлөхгүй явсаар 2022 оны 4 дүгээр сарын байдлаар 9,300,000 төгрөгийн өртэй болсон. Энэ талаар хөлслөгч талд хэлэхэд маргааш, нөгөөдөр, ирэх сар, удахгүй зэрэг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд ...................... орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 9,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээнд заасан нөхцлийн талаар маргадаггүй. Хариуцагч тал нь тайлбартаа гэрээнд заасан 5 сараас хойш амьдраагүй, хөлслөөгүй, төлбөр төлөхгүй гэдэг. Гэтэл бодит байдал дээр гэрээний хугацаа дууссан ч хөлслөгч талын хүсэлтээр үргэлжлүүлэн хөлслүүлсэн бөгөөд 2017, 2018, 2019, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамгийн сүүлд орон сууцны хөлс төлж байсан нь харагддаг. Чат-д үзлэг хийсэн тэмдэглэлээс харвал тухайн байрнаас 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан болох нь харагддаг. ......................... хувьд төлбөрөө хагас дутуу төлдөг нөхцөл байдал их гаргаж байсан учир арга буюу байрнаас албадаж гаргасан. Хамтарч ажиллаж байсан учир шүүхэд хандаагүй удсан байсан. Тооцооллын хувьд төлбөрт 9,300,000 төгрөг шаардсан. Анх гэрээ 5 сарын хугацаатай байгуулагдсан. Үүнээс хойш ................... хүсэлтээр сунгагдаж явсан. Зохигчдын дансны хуулгаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчийг ажиллуулж, хийсэн ажлынх нь цалинг бага багаар өгөөд явдаг байсан нь харагдана. ..................... нягтлангаар ажиллаж байсан. Хоёр компанийн асуудал бол орон сууц хөлслөх гэрээнээс тусдаа, өөр харилцаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. Хариуцагчийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбарт: .....................би БНХАУ-ын иргэн ........................Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Эрчим хүчний гудамж, Ирээдүй хороолол, 103 дугаар байрны 11 тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 103-2-11 тоот гэрээний дагуу нийт 5 сарын хугацаанд хөлслөхөөр харилцан тохиролцсон. Миний бие түрээсийн төлбөрийг бүгдийг төлж барагдуулсан бөгөөд гэрээний үүрэг дуусгавар болсон тул одоо ямар нэгэн төлбөр төлөх үүрэг байхгүй. 2020 оны 3 дугаар сараас би өөрийн .................................. хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд би эхлээд өөрийн компаниараа, дараа нь түүний компанийн нэр дээр ............................................................. ковидын цар тахлын үеэр амны хаалт, шүдний сойз, бурам зэрэг ахуйн хэрэглээний барааг худалдан борлуулж, хамтран бизнес хийдэг болсон. Би нягтлан бодогч мэргэжилтэй, ............... эгч дүүс шиг харилцаатай байсан тул компанийн санхүүгийн болон татварын тайланг гаргах ажлыг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, хамтарч ажилладаг байсан. Хожим нь би ............... эгчийг хугацаа нь дуусах дөхсөн бурамныхаа хайрцаг дээрх он сарыг засварлаж Монголчуудыг эрүүл мэндийн эрсдэлд оруулж байгааг олж мэдээд .......................... дэлгүүрт мэдэгдсэнээс болж тэр надад хонзогнож, миний амьдарч байгаа байрыг цагдаа хүчний байгууллагын ажилтнуудаар удаа дараа асуулган хайлгаж, намайг айлган сүрдүүлж, одоо бүр шүүхэд хандан үндэслэлгүй гомдол гаргасан байна. Намайг ямар ч үндэслэлгүйгээр үнэ төлбөргүйгээр түүний орон сууцанд амьдарсан мэтээр гүтгэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2.2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Талууд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэж гэрээнд бичсэн байдаг. Гэрээний хугацаа 5 сар байсан ба гэрээг сунгасан гэдэг.........................болон ..............н нар хамтран ажиллаж байсан гэдэг аман тохироо байдаг нь имэйлд хийсэн үзлэгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч талын ярьж буй чат-д ямар ч төлбөр тооцооны тухай ярьдаггүй. Харин хариуцагчаас байраа суллаж өгөхийг шаардаад байдаг. Хариуцагч орон сууцыг чөлөөлөөд сулласан байгаа. Харин НӨАТ-ыг шивээрэй, төлбөрийг шивээрэй гэдэг. Эсрэгээрээ чат-д хариуцагч нэхэмжлэгчээс төлбөр шаарддага. Орон сууц хөлслөх гэрээний 1.2-т “талууд гэрээг сунгаж байгаа тохиолдолд заавал бичгээр байгуулна” гэж тодорхой заасан. Энэ гэрээг сунгах талаар аль нэг тал хүсэлт гаргаагүй. Мөн талууд нэмэлт гэрээний хугацаа сунгасан талаар тохиролцсон зүйл байдаггүй. 2022 оны 3 дугаар сар хүртэл.................... түрээслэж байгаад агуулахын зориулалтаар ашигласан гэдэг боловч энэ үүргийн харилцааг шийдвэрлэхийн тулд гэрээний үндсэн шаардлагуудыг мөрдөх ёстой. Цаашилбал энэ гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх дээр эргэлзэж байна. Иргэний хуулийн 300 дугаар зүйлд эд хөрөнгө хөлслөх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тодорхой заасан байгаа. Энэ гэрээнд хөлслүүлэгч нь гэрээ цуцлах эрхээ дурдаж байгаа хэрнээ хөлслөгчийн гэрээ цуцлах эрхийг хариуцагчид олгоогүй байна. Цаашид агуулахын зориулалтаар ашиглаж байсан гэдгийг хариуцагч хэлдэг, энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Бараа материалаа хадгалж байсан учир ....................байнга очиж байсан нь тодорхой.................. хамтрахаа больсон үеэс өөрөө бие даан өөр бараа хадгалж байсан учир төлбөр төлж байсан болох юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-3/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-4/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-5-7/, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгсөн өргөдөл /1-р хх-8-9/, 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд онцгой ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэл /1-р хх-10-11/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-12/, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 103-2-11 тоот Орон сууц хөлслөх гэрээ /1-р хх-13-14/, Тооцоо нийлсэн акт /1-р хх-16/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг /1-р хх-31/, Цюроны Хаан банк дахь 5034720150 тоот харилцах дансны хуулга /1-р хх-67-93/,
4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-35/, ........................Хаан банк дахь ................ тоот харилцах дансны хуулга /1-р хх-50-54/, “Ано сабису” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь .....................тоот харилцах дансны хуулга /1-р хх-55-58, 146-150/, .......................... гарын үсэг бүхий, нотариатаар гэрчлүүлсэн гэрчийн мэдүүлэг /1-р хх-123/
5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд:
5.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 13730 дугаар захирамжаар нэхэмжлэгч ............ гар утасны мессежид үзлэг хийхээр шийдвэрлэж /1-р хх-106/, захирамжийн дагуу үзлэгийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийж тэмдэглэл үйлдсэн. /1-р хх-112-119/
5.2. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 16277 дугаар захирамжаар шүүхийн журмаар хариуцагч ...................цахим шууданд үзлэг хийж, нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-159-160/, захирамжийн дагуу үзлэгийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хийж тэмдэглэл үйлдсэн /1-р хх-170-190/ ба шүүгчийн захирамжийн дагуу ............................. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 03/410 албан бичгээр /1-р хх-191-195/, ....................2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр /1-р хх-201-214/, .......................... 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 24/40 албан бичгээр /1-р хх-219-225/, ............... 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4/2-6 албан бичгээр /1-р хх-228-239/,......................... 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15/242/15/24-655 албан бичгээр /1-р хх-241-249/ тус тус ирүүлсэн.
5.3. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10995 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-8/, захирамжийн дагуу Татварын ерөнхий газраас .................... 2020, 2021 онуудад нэр бүхий компаниудад хийсэн цахим төлбөрийн баримтын борлуулалтын мэдээллийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 07/1410 тоот албан бичгээр ирүүлсэн байна. /2-р хх-14-15/
5.4. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14165 дугаар захирамжаар ................ гэрчээр асуухаар шийдвэрлэж /1-р хх-125/, захирамжийн дагуу гэрчийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр асууж, тэмдэглэл үйлдсэн. /2-р хх-30-32/
5.4.1. Гэрч .................... мэдүүлэгтээ: “...Би хүргэлтийг нь хийдэг ажилтан байсан. Хоёулантай нь ажлын холбоотой. .............., ...................... нар хамтран ажиллагч нар байсан. Надад ажлын санал тавьснаас хойш тэдний харилцааг мэддэг болсон. Тэр нь 3-4 жилийн өмнө гэж санаж байна. Хүргэлтийн ажлын хөлсөө өдөр өдөрт нь дансаар авдаг байсан. Эд зүйл авч байгаагүй. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ирээдүй хотхоны .................. тоот орон сууцнаас бараа авахаар очиж байсан. Тэндээс бараагаа авах гэж очдог байсан. Тэнд дууссан байвал.............. бараагаа гүйцээж очиж авдаг байсан. Бизнес явуулдаг байсан. Агуулахын журмаар ашиглаж байсан....................оршин суудаггүй байсан. Бараа л авдаг байсан. Хамтарч ажилладаг, хувь хувь хүмүүсийн компани байсан. .............. бараа хадгалдаг байрныхаа төлбөрийг хоёр компанийн төлбөрөөс суутгадаг байсан. Би энэ талаар сонсож байсан. Цюронтой намайг .............. анх танилцуулахаар түүний гэр нь юм шиг байгаа юм Яармагт байдаг газарт анха хамт очсон. Тэгэхэд тэр хоёрын ярианаас энэ талаар сонсож байсан. Миний цалинг ихэнхдээ ..................... өгдөг байсан. Заримдаа ................. шилжүүлдэг байсан. Банкны дансны хуулга надад байгаа...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ................ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар хурлын тов мэдсэн боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ирсэн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй гэж үзэн, өмгөөлөгч нарыг оролцуулснаар шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: “хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээг 5 сарын хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслүүлсэн. Бичгээр байгуулсан гэрээний хугацаа дуусахад хөлслөгчийн хүсэлтээр гэрээг сунгаж, хариуцагч 2022 оны...................... өдөр орон сууцыг хүлээлгэж өгөх хүртлээ ашигласан. Гэрээний дагуу хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир үлдэгдэл төлбөр 9,300,000 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчтэй бичгээр байгуулж, 5 сарын хугацаанд хөлслөхөөр тохиролцсон ба 2020 оны 3 дугаар сар хүртэл уг орон сууцанд амьдарч, ашиглаж байсан. Харин энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж эхэлсэн учир орон сууцыг хамтын үйл ажиллагаанд зориулан бараа материал хадгалах агуулахын зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөрийг хамтын үйл ажиллагааны ашигаас тооцохоор тохиролцсон. 2022 оны 4 дүгээр сард байрыг чөлөөлсөн. Хамтын үйл ажиллагаанаас тооцохоор тохиролцсон учир одоо төлөх төлбөр байхгүй” гэж тайлбарлан маргаж байна.
5. Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар өөр өөрийн үйлчлүүлэгчийн тайлбарыг дэмжиж оролцсон ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд орон сууц хөлслөх гэрээний харилцаа 2022 оны .......................өдөр хүртэл үргэлжилсэн, хамтын үйл ажиллагааны дагуу түрээсийн төлбөрт тооцохоор тохиролцоогүй, хариуцагч түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч дансаар дутуу төлж байсан гэдэг нь дансны хуулгаар тогтоогдоно гэж тайлбарласан.
6. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд “орон сууц хөлслөх гэрээгээр хөлслөгч талын санаачилгаар гэрээг цуцлах эрх олгоогүй нь хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус болсон. Төлбөрийн үлдэгдэлтэй учир төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардаж байгаагүй” гэж тайлбарлан маргаж байна.
7. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
7.1...................................................... /17071/ Эрчим хүчний гудамж, 103 дугаар байрны 11 тоот хаягт байршилтай 33,7 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн уг орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 103-2-11 тоот Орон сууц хөлслөх гэрээгээр Монгол улсын иргэн ......................мөн оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар, сарын 300,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байна.
7.2.......................... Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрийг .................. дансаар шилжүүлдэг байсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн төлбөр төлөгдөөгүй, талууд бичгээр гэрээ байгуулж хугацааг сунгаагүй, гэрээний зүйл болох орон сууцыг 2022 оны 4 дүгээр сард нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ.
7.3. Талууд орон сууц хөлслөх гэрээний харилцаанаас гадна өөрсдийн эзэмшлийн хуулийн этгээдүүдээр хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан болох нь тэдний хоорондоо харилцсан цахим шуудан, мессеж, .................... Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.
8. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ 2017 онд бичгээр байгуулагдаж, хариуцагч гэрээний зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх хүртэл ашигласан талаар болон төлбөрийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж байсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин орон сууц хөлслөх гэрээ сунгагдсан эсэх, хариуцагч 2020 оноос хойш хугацааны хөлсийг төлөх үүрэг хүлээх эсэх талаар үндэслэл заан маргаж байна.
9. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулжээ.
10. Талууд Орон сууц хөлслөх гэрээний 1.2 дахь хэсэгт “гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал бичгээр тохиролцож сунгаж болно” гэж заасан бөгөөд гэрээг үргэлжлүүлэн сунгахдаа бичгээр байгуулаагүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус болсон, эсхүл дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл болохгүй тул гэрээний талууд аман хэлбэрээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг сунгасан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасанд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
11. Хариуцагч ..........................нь Орон сууц хөлслөх гэрээг байгуулснаас хойш 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж байсан, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн төлбөр төлөөгүй болох нь түүний болон нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон ба нэхэмжлэгч ....................... 2018 оны төлбөрт 1,500,000 төгрөг, 2020 оны төлбөрт 3,000,000 төгрөг, 2021 оны төлбөрт 3,600,000 төгрөг, 2022 оны төлбөрт 1,200,000 төгрөг, нийт 9,300,000 төгрөг шаардсан байна.
12. Хариуцагч нь хариу тайлбараар 2020 оны 3 дугаар сараас нэхэмжлэгчийн компанитай өөрийн компаниар дамжуулан хамтран ажиллаж эхэлсэн учраас хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас түрээсийн төлбөрийг тооцохоор тохиролцсон, тухайн орон сууцанд амьдраагүй учир үүнээс хойш хуагцааны төлбөр үндэслэлгүй гэх агуулгаар маргасан.
13. Гэтэл .................. дансны хуулгаар түүний шүүхэд гаргасан тайлбар үгүйсгэгдсэн буюу 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд орон сууц хөлсөлсөн төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан, улмаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарим эд хогшлыг хүлээлцэж /хх-109/, 2022 оны 4 дүгээр сард гэрээний зүйлийг чөлөөлж хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, ............... болон ................... нарын хоорондоо харилцсан чат зэргээр тогтоогдож байна.
14. Мөн хариуцагчийн эзэмшлийн гэх ....................., нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх ..................... ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн нь энэхүү маргаан бүхий Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт хамааралгүй учир хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Орон сууц хөлслөх гэрээний биелэгдээгүй үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
15. Харин нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба харицуагч 2020 онд 4 удаагийн төлөлт хийхдээ 2020 оны 2 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрийг төлсөн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц хөлслөх гэрээний дагуу гэрээний зүйлийг ашигласан 2018 оны төлбөр 1,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учир нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
16. Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлага 9,300,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 7,800,000 төгрөгийг хариуцагч .................. гаргуулан нэхэмжлэгч................ олгохоор шийдвэрлэв.
17. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 139,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .................... 7,800,000 /долоон сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч......................-д олгож, нэхэмжлэлээс 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч...................139,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .................. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА