Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04212

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04212                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .................................................................................................................................

            Хариуцагч: .....................................................................................................................................

            Нэхэмжлэлийн шаардлага: ..........................................................................................................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ....................., хариуцагч ..................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга.................. хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ...................2013 онд танилцаж, 2013 оны өвлөөс хамтран амьдраад 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний том хүү ......................................................................................................... төрсөн. Хамтран амьдрах хугацаанд .................................. нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн согтуурхаж, миний биед гэмтэл учруулж, сэтгэл санааны асар их дарамттай амьдарч байсан. 2018 онд..................... гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхээр таслагдан 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Мөн бид 2019 оноос хойш тусдаа амьдраад 5 жил болж байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүү ........... тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Энэ 5 жилийн хугацаанд.....................нь өөр амьдрал үүсгэн, гэр бүлтэй болсон байгаа.

Бид хамтын амьдралын хугацаанд таарамжгүй харилцааны улмаас 3-4 сараар тусдаа амьдрах үе байсан. 2017 онд маргаан болж, үүнээс болоод тусдаа амьдарч байгаад би жирэмсэн болсон байсан учраас эргээд нийлсэн. Гэвч өмнөх маргаан байдаг байсан учраас би шийдвэр гаргаад салахаар шийдсэн. Том хүүгээ аваад Сингапур улс руу 2019 оны 10 дугаар сард явсан. Энэ 5 жилийн хугацаанд бид хоёр нэг ч уулзаагүй. 2024 оны 8 дугаар сарын 18-нд би анх удаа Монгол улсад ирээд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хоёр хүүхдээ хоёуланг нь өөрийн асрамжид аваад, том хүү дээрээ тэтгэлэг гаргуулахаар шаардаж байгаа. Хоёр хүүхдийнхээ зардлыг тус тусдаа хариуцдаг байсан. Үүнийгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа учраас бага хүүдээ тэтгэлэг шаардахгүй. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Том хүү ......ыг Сингапурт 1-3 дугаар анги хүртэл нь сургаж байгаад Монгол хэл сургахаар 2023 онд 141 дүгээр сургуульд сургасан. Одоо хоёр хүүхдээ хоёуланг нь аваад явна. Зун болохоор Монголд ирнэ. Өмнө нь хоёр хүний зардал их байсан. Тийм учраас 4 жил нэг ч удаа буцаж ирээгүй. Одоо бол ямар ч байсан жилд нэг удаа ирж эмээ, өвөөтэй нь уулзуулна. Хүүхдүүдтэй уулзахад би хязгаар тогтоодоггүй...гэв.

            2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Баярцэцэгтэй 2013 онд танилцаж, 2015 онд гэр бүл болж амьдарсан. Амьдрах хугацаанд урдны амьдрал сөхөн ярих, өөрийн урдны гэр бүл болж байсан хоёр нөхөртэй удаа дараа холбогдож, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулан хэрүүл их болдог байсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй болоод 2 талдаа амьдардаг болсон. 2018 оноос хойш хоёр талд байгаа. Нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаан байхгүй. Эд хөрөнгийн маргаангүй. 2017 онд хүнд асуудал болоод гэр бүлийн хүчирхийллээр хоригдсон. Хоригдож гарч ирээд буцаж гэр бүл болохоор шинэ байранд ороод хэсэг амьдарч байсан боловч хэрүүл маргаан болоод салж, би байраа орхиод явсан. ..................байсхийгээд л Сингапур руу 1-2 сар явчихдаг. Ямар ажлаар явж байгааг нь мэдэхгүй. Том хүү ..............ыг авч явсан ч энэ хугацаанд хүүг 6 настай байхад нь онгоцоор хоёр удаа таньдаг хүмүүсээр юмуу замын хүнд итгэмжлэлээр явуулж байсан. Тэр бүрд нь би хүүхдийн ирээдүйг бодоод тогтвортой эдийн засагтай сургуульд сургаж байгаа юм байна гээд орхиж байсан. Одоо нэхэмжлэлийнх нь дагуу хоёр хүүхдээ тус тусдаа хариуцаад явъя гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Шаардлагатай үед би Сингапурт очиж хүүхдүүдтэйгээ уулзах үед саад болохгүй байхыг хүсэж байна...гэв.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5-6/, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-8-9/, Ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-10/, хариуцагч................... иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-11/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-12-14/, мөн шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 396 дугаар шийтгэврийн хуулбар /хх-18-19/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч ................ хариу тайлбараа бичгээр гаргаж, аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх........................-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “гэр бүлийн хүчирхийллийн улмаас хариуцагчаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, том хүүд тэтгэлэг тогтоолгон хариуцагчаас тэтгэлэг гаргуулна” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээх зэрэг шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Том хүү Б.Анандад тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө” гэж тайлбарлав.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Гэрлэгчид 2013 онд танилцаж хамт амьдраад, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд ..........................................................................................нарыг тус тус төрүүлсэн байна.

4.2. Хариуцагч ....................нь нэхэмжлэгч ........................ийн биед хөнгөн гэмтэл учруулсны улмаас түүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

4.3. Харин ................дахин 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ С.Баярцэцэгийн “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэх зөрчил гаргасныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 396 дугаар шийтгэврээр түүнийг 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

4.4. Гэрлэгчид 2019 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч, ...................... нь том хүү ...............-ын хамт Сингапур улсад амьдарч, хүү.............. 2023 оноос Монгол улсад ирж, Ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуульд суралцаж байгаа талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарласан ба тус сургуулиас энэ талаар тодорхойлсныг нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар гаргасан.

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шийтгэвэр зэргийг хавсаргаж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулахыг хүссэний дагуу шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид тусдаа амьдарсан 2019 оноос хойш хариуцагч ............нь нэхэмжлэгч..................болон хүүхдүүдэд аливаа байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй болох нь тогтоогдсон ба гэрлэгчид хэн аль нь эвлэрэх хүсэлгүй байгаа талаар илэрхийлсэн учир шүүх тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар .............................................. нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

7. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс том хүү.............. эхийн асрамжид, бага хүү ................ нэхэмжлэгчийн эцэг эхийн асрамжид байсан бөгөөд цаашид хүүхдүүдийг эх................... өөрийн асрамжид байлгаж, Сингапур улсад амьдрахаар болсон талаар тайлбарлаж, хариуцагч уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү .......................... нарыг эх .................-ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаас том хүү...................-д тэтгэлэг гаргуулахыг хүсэж, бага хүүхдэд тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэж тайлбарласан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү ................./10 настай/-ыг  11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг .................-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан С.Баярцэцэг, С.Батхуяг нарт даалгаж, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй.

10. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч .................... нь хариуцагч ..........-ийг хүүхдүүдтэй цахимаар холбоо тогтооход хязгаар тавихгүй байх, Сингапур улсад хүүхдүүдтэй уулзахаар очиход хязгаарлалтгүй уулзуулж байхаар журам тогтоосныг баталж, шийдвэрт тусгана.

11. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ......................................................, Монгол улсын иргэн .........................................................нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ...................................................................................................................нарыг эх ....................................-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү.....-ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг..................аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .......................... нь хариуцагч ...........-ийг хүүхдүүдтэй цахимаар холбоо тогтооход хязгаар тавихгүй байх, Сингапур улсад хүүхдүүдтэй уулзахаар очиход хязгаарлалтгүй уулзуулж байхаар журам тогтоосныг баталж, хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хариуцагчаас хүү .............. тэтгэлэг шаардахгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА