| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05494/И |
| Дугаар | 102/ШШ2024/04182 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04182
2024 оны 09 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2024/04182 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................................................
Хариуцагч: ..................................................
Нэхэмжлэлийн шаардлага: ..........................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................, хариуцагч................. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .................. хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2007 оноос ...................үерхэж эхлээд 2008 оны 1 дүгээр сарын 14-нд .................. гэр бүл болж, 0035273-08 дугаартай гэрчилгээгээр баталгаажуулсан. Бидний хүү ................. 16 настай, охин .................. 6 настай. Бид сүүлийн 4 жил санхүү тусдаа, 2 өөр өрөөндөө амьдарсаар ирсэн. Улмаар .............. 2024 оны 3 дугаар сарын 29-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эвлэрүүлэн зуучлалын сэтгэл зүйчээр орсон. Гэвч бид эвлэрээгүй 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Миний бие 8 дугаар сард нэхэмжлэл гаргаж эвлэрүүлэн зуулчлалаар орсон. Бид хоёулаа гэр бүлээ цуцлуулъя гэж ярьж шийдвэрлэсэн. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй. Хоёр өрөө байраа эхнэр ........... болон хүү, охиндоо үлдээнэ. Гэрлэлтээ цуцлуулж байгаа шалтгаан хэн алиных нь буруугаас болсон. Шүүхэд хандаж байгаа нь нэг удаагийн муудалцсан асуудал биш. Эхнэр хүүхдүүдийн амьдарч байгаа байр нь ипотекийн зээлд 2012 оноос хамрагдаад өнөөдрийг хүртэл би төлөлтөө хийгээд явж байгаа. Одоо үлдэгдэл 14,500,000 төгрөг байгаа байх. Үүний 8,000,000 төгрөгийг би, 6,500,000 төгрөгийг ..................... 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөөд, байрны гэрчилгээгээ аваад, хүү охиныхоо нэр дээр шилжүүлж өгөхөөр бид ярьж тохиролцсон. Тоёота Хайландер маркийн автомашиныг цалингийн зээлээр авч байсан. Одоо 23,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би энэ машинаа өөрөө эзэмшээд явна. Би хүүхдүүддээ тэтгэлэг төлөх үүргээ биелүүлнэ. Эхнэртэйгээ ярилцаад тогтсон хугацаанд төлнө. Хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлийн 70 орчим хувийг би бэлдсэн. Надад хамгийн их хэлмээр байгаа зүйл бол би эхнэртээ ихэнх тохиолдолд буулт хийдэг байсан. Тэр байдал нь давхардсаар байгаад юм болгонд дандаа намайг эвгүй байдалд оруулах, юм болгонд нөхрөө үгүйсгэсэн нөхцөл байдал үүсгэдэг болсон. Найз нөхдийн хажууд би олон удаа эвгүй байдалд орж байсан. Ажлынхаа хүний хажууд 4 жилийн өмнө тархиа хагалуулаад 3 оёдол тавиулж байсан. Тэр байдал надад нилээн эвгүй туссан. Манай эхнэр уурлахаараа биеэ барьж чаддаггүй. Гартаа таарсан аяга, эд зүйлсийг авч шиддэг. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш...гэв.
2. Хариуцагч............. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2008 оны 1 дүгээр сард ........... гэр бүлээ баталгаажуулсан. Бидний хүү ............. 16 настай, охин.................6 настай. Бид сүүлийн жилүүдэд таарамжгүй харилцаатай удаан байсан. Эвлэрүүлэн зуучлалаар орж гэр бүл цуцлуулахаар зөвшөөрсөн. Миний нөхрийн ярьж байгаа зүйл үнэн. Миний нөхөр сайн аав, сайн хань. Би маш олон удаа алдаа гаргаж байсан. Миний уурлаж байсан шалтгаан бол би нөхрийнхөө үнэн үгийг сонсдоггүй. Гэртээ ихэнхдээ байдаггүй. Ажил, эсвэл найз нөхөд гээд шоудаад явчихдаг байсан. 7 хоногийн нэгээс хоёр өдөр шоудаад, өглөө ирдэг байсан. Олон жил тиймэрхүү амьдралаар амьдарсан. Хүүхдээ төрүүлээд 2 жил декриттэй байсан. Дараа нь ажилдаа орсон. Хүүхдээ хараад, ажлаа хийгээд, нөхрөө хүлээгээд маш их стрессдэж уурладаг байсан. Нөхөр маань хоёр хүүхэдтэйгээ сайн харилцаатай байдаг. Охин аавыгаа санаад байдаг. Охинтойгоо илүү ойр байгаарай гэж хэлмээр байна...гэв.
3. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцэж бичгээр байгуулсан гэрээнд:............, ............. нар гэрлэлтээ цуцлуулах маргааны хүрээнд гэр бүлийн дундын эд хөрөнгөө хуваарилахдаа дараах тохиролцоог хийж харилцан тохиролцсон болно. Үүнд:
- Тоёота Хайландер маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн ......... УАО улсын дугаартай 45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Батбаатар өөрийн эзэмшилдээ авна.
- Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 72 дугаар байр 54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22........... дугаартай Баттулгын Батбаатарын нэр дээрх нэг хүний өмчлөлийн 2 өрөө орон сууц нь одоо Голомт банкны Орон сууцны зээлийн гэрээний барьцаанд байгаа бөгөөд зээлийн гэрээний үлдэгдэл 8,000,000 төгрөгийг............, 7,000,000 төгрөгийг ........... тус тус 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлбөрийг төлж, зээлийг хамтран дуусгах ба төлбөр дууссаны дараа Б.Батбаатар нь уг орон сууцны өмчлөх эрхийг хүү .........., охин............,........... нарын нэр дээр бүртгүүлж өгнө. Эд хөрөнгийн талаарх харилцан тохиролцоог гадны ямар нэг нөлөөгүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр хийсэн бөгөөд шүүхийн шийдвэрт тусгуулахыг харилцан зөвшөөрсөн болно...гэжээ.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, хүүхдүүдийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх-4-5/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-6/, гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7-8/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
5. Хариуцагч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрлэгчид дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ........... шаардах эрхийн үндэслэлээ “хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хүүхдүүдээ хариуцагчийн асрамжид үлдээж хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөөр ярилцаж шийдвэрлэсэн, дундын эд хөрөнгөтэй холбоотой хариуцагчтай тохиролцож гэрээ байгуулсан” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч......... хариу тайлбараар гэрлэлт цуцлах болон хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн хуульд заасан хэмжээгээр нэхэмжлэгчээр хүүхдүүдээ тэжээн тэтгүүлэх, дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан тухай тайлбарлав.
4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Гэрлэгчид 2007 онд танилцаж үерхэн, 2008 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэр бүл болжээ.
4.2. Гэр бүл болсноос хойш 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү ............, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин ................нарыг төрүүлсэн байна.
4.3. Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд Тоёота Хайландер маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн........... УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 72 дугаар байр 54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22.................... дугаартай хоёр өрөө орон сууц зэргийг хамтран өмчилдөг бөгөөд эдгээр хөрөнгүүд нэхэмжлэгч Б............. өмчлөлд бүртгэгдсэн, аль аль нь зээлийн барьцаанд байдаг талаар зохигчид тайлбарласан.
4.4. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гэрлэгчид харилцан тохиролцож, ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ............. өмчлөлдөө авах, хариуцагч болон гэрлэгчдийн хүүхдүүд амьдарч буй дээрх орон сууцыг ............, ........., .......... нарын өмчлөлд үлдээн, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор ............ХК-д нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийг, хариуцагч 7,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулан зээлийг дуусгавар болсноор уг хөрөнгийн өмчлөгчөөс ................... хасагдаж, өмчлөлийг ............., ................, ..................... нарыг өмчлөгчөөр бүртгүүлэхээр харилцан тохиролцсон байна.
4.5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргасан боловч 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 00266 дугаар тэмдэглэл гарч, дуусгавар болгожээ.
5. Гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж амжилтгүй болсон учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
6. Мөн гэрлэгчдийн хүүхдүүд эх .............. асрамжид байдаг ба энэ байдлыг үргэлжлүүлэхийг гэрлэгчид хэн аль нь хүсэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.Доржрагчаа, охин .................. нарыг эх ............... асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
7. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гэрлэгчид шүүх хуралдаанаас өмнө харилцан тохиролцож, нэхэмжлэгч ...............өмчлөлд бүртгэлтэй......... улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшилд үлдээх, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 72 дугаар байр 54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2........... дугаартай хоёр өрөө орон сууцыг хариуцагч .............., хүү ..................., охин ................. нарын өмчлөлд үлдээх, уг орон сууцыг барьцаалсан зээлийн төлбөрт ............ 8,000,000 төгрөг, .............. төгрөгийг тус тус 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулан зээлийн гэрээг дуусгавар болгосноор өмчлөлийн нэр шилжүүлэхээр тохиролцсон байна.
8. Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар тэдний тохиролцсоныг батлах нь зүйтэй.
9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан .............., ............нар бие биедээ насанд хүрээгүй хүү............. охин ................нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн, ....................., Монгол улсын иргэн,.............нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ............... /16 настай/, 2018 он 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин ................/6 настай/ нарыг эх .............. асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин ...............11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү ............., охин ............... нарыг 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ....................... сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ..................... өмчлөлд бүртгэлтэй ......... УАО улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшилд үлдээх, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 72 дугаар байр 54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22................. дугаартай хоёр өрөө орон сууцыг хариуцагч ............., хүү ................, охин .................... нарын өмчлөлд үлдээх, уг орон сууцыг барьцаалсан зээлийн төлбөрт ................ 8,000,000 төгрөг,.............. 7,000,000 төгрөгийг тус тус 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулан зээлийн гэрээг дуусгавар болгосноор өмчлөлийн нэр шилжүүлэхээр тохиролцсоныг баталсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан .............., ............. нар бие биедээ насанд хүрээгүй хүү .............., охин .............. нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА