Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05782

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 11 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05782                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо, **дугаар байрны **тоот хаягт оршин суух, **овогт ** /РД:***/,

            Хариуцагч: Баянгол дүүргийн **дүгээр хороо, Голден парк хотхон, **дугаар байрны **тоот хаягт түр оршин суух, ***РД:***/,

            Нэхэмжлэлийн шаардлага: Б.**гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай Б.** нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.**, хариуцагч Б.**нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би 2014 онд нөхөр Б.**танилцан гэр бүл болж, 2015 оноос албан ёсоор гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Бидний амьдралын явцад 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр том хүү М.**, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү М.**нар тус тус төрсөн. Б.**бид хоёрын хувьд гэр бүлийн харилцааны хувьд таарамж муутай болж, үл ойлголцох, гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл маргаантай амьдарч байгаад 2024 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Б.**нь хамт амьдарч байх хугацаандаа амьдралд хайр халамж муутай, хүнийг хайрлах сэтгэлгүй болж бүр сүүлдээ намайг дарамтлах, заналхийлэх, хар буруугаар санах, хоёр хүүхдээ харж буй намайг мөнгө нэхлээ гэж сэтгэл санааны байнгын хүчирхийлэл үйлдэх гэх мэт үйлдлүүд байнга гаргаж, хамт амьдрах нөхцөлгүй болгосон. Өөрийнх нь санаанд таарахгүй зүйл болвол намайг доромжлох, хүүхдүүдэд муу үлгэр дуурайл үзүүлэх, ажлаасаа ирээд утсаар оролцох, хардаж миний бүх сошиал хаяг, банкны гүйлгээг байнга шалгах зэрэг үйлдлүүдээс нь би залхахад ална, эсвэл амиа хорлоно, хүүхдээ ална гэж айлган сүрдүүлдэг болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд элэг бүтэн амьдралаа бодож энэ бүхнийг би тэвчиж ирсэн. Б.**мөрийтэй тоглоомноос хамааралтай болж, гэр бүлээс гадуурх харилцаатай болсон учраас өөрийн болон хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож, тэднийг эрүүл аюулгүй орчинд, буруу үлгэр дуурайлал, буруу хүмүүжлээс хол байлгаж, зөв хүмүүжилтэй, зөв хүн болгохын төлөө амьдарч байна. Гэр бүлийн хүчирхийллээс болж Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2405000001170 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Гэр бүлийн маргаанаас болж хутга авч дайран манай ээжийн гарыг зүсэж, гэмтлийн зэрэг тогтоогдсон. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулахаар шаардаж байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

            2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.**гаргасан нэхэмжлэлийн дагуу хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид байлгаж, сар бүр хоёр хүүхдийн тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. 2024 оны 5 дугаар сараас тусдаа амьдарсан. Өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Хайр халамжгүй байсан нь үнэн. Хүүхдүүдээ зодсон нь үнэн. Тэтгэлгийг хоорондоо ярилцахад одоохондоо өгөх боломжгүй байгаа бол хэдэн сарын дараагаас өгч болно гэсэн. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүдтэйгээ 7 хоногт нэг удаа уулзаж байгаа...гэв.

3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-6/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7-8/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-9/, Ерөнхий боловсролын ***дугаар сургуулийн тодорхойлолт /хх-10/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-11-12/, Баянгол дүүргийн прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-13-15/, дүрс бичлэг бүхий компакт диск /хх-16/ зэрэг болно.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Б.**гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай Б.**нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Б.**нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагчийн биемахбод, сэтгэл санааны хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалан 2024 оны 5 дугаар сараас тусдаа амьдарсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хариуцагчаас тэтгэлэг гаргуулна, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч Б.**дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбарлаж байна.

            4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Б.**, Б.**нар 2014 онд танилцаж, улмаар хамтран амьдарснаар 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн **дугаарт бүртгэгдэж гэр бүл болсон байна.

4.2. Гэрлэгчид хамтын амьдралын хугацаандаа том хүү М.***2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, бага хүү М.**2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус тус төрүүлжээ.

4.3. Хариуцагч Б.**нь нэхэмжлэгч Б.**болон хүүхдүүддээ бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэний улмаас 2024 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2405000001170 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Мягмарцэрэнг яллагдагчаар татсан болох нь зохигчдын тайлбар, прокурорын тогтоол, дүрс бичлэг бүхий компакт диск зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ “хариуцагчийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон” гэж тайлбарлан, хариуцагч үүнийг үгүйсгээгүй.

            6. Тиймээс шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. 

            7. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар Б.**нь хүүхдүүд болох М.**, М.**нарыг өөрийн асрамжид үлдээхийг хүсэж, хариуцагчаас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар шаардсаныг Б.**хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээх нь зүйтэй.

            8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар М.**, М.**нарт тэтгэлэг тогтоож, эцэг Б.**тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхдүүдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан Б.**, Б.**нарт даалгах нь зүйтэй.

13. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. Мөн гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдана.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.**, Б.**нарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү М.**/9 нас/, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү М.**/1 нас/ нарыг эх Б.**асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар М.**, М.**нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.**сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан Б.**, Б.** нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй хүү М.**, М.**нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА