Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04160

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04160                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:............................................

            Хариуцагч: .................................

            Нэхэмжлэлийн шаардлага: ...............................................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч................. хариуцагч................ хариуцагчийн өмгөөлөгч ................. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга............ хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “...................-ийн төлөөлөгч ....................... шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани Баянгол дүүрэгт хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нарантуул худалдааны төвийн өргөтгөл хэсгийн 8 тоот павилонд худалдаа эрхэлдэг иргэн ..................... 2 төрлийн савлагаатай НАСА нэрийн кимчи нийлүүлж олон жил хамтран ажиллаж байгаа. Манай хүргэлтийн түгээгч ажилтан .................. бараа өгөөд,........................нь төлбөрөө дараа дансаар хийж явж байсан боловч 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд өгсөн нийт кимчиний төлбөр 123,841,900 төгрөг манай байгууллагад төлөгдөхгүй хуримтлагдсан байна. Манай зүгээс иргэн.................т тухайн кимчиний мөнгөө өгөхийг сануулахад “бага багаар хийе, удаахгүй өгнө өө” гэсээр, кимчи нэмж авсаар өнөөг хүрч барааны өр хуримтлагдсан. Ингээд бидний зүгээс удаа дараа шаардсан боловч хэлсэн ёсоороо сүүлийн саруудын төлбөрөө ч хийгээгүй, бага багаар ч төлөхгүй байгаа тул иргэн ................ кимчиний төлбөр 147,723,400 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай борлуулагч ................ нь хариуцагч ................. кимчи хүргэж өгдөг байсан. 2020 оны 1 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийлүүлж байсан. Энэ хугацаанд төлбөрийг ............ зарим хугацаанд бэлэн мөнгөөр, зарим үед дансны тооцоогоор гэсэн байдлаар цуглуулж компанид төвлөрүүлдэг байсан. ................. дээр авлага нэмэгдээд байна гэдэг байсан. ................... борлуулалтаас хувьдаа завшдаг байсан үйлдэлд нь 2023 оны 10 дугаар сараас хойш цагдаагийн байгууллагаар шалгуулж, одоо шүүхээр шийдвэрлэгдэх гэж байгаа. ..................., ...............нар 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, энэ актаар.................155,341,900 төгрөгийн өглөгтэй гэсэн тооцоо гаргасан байсныг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гаргасан байгаа. Энэ актыг үйлдсэнээс хойш............... 2023 оноы 11 дүгээр сард компани руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 1,500,000 төгрөгийг 2 хувааж ............... руу шилжүүлснийг компани руу ..................... тушаасан. Актаар хийсэн тооцооллоос .................. төлсөн нийт 31,500,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй ба үргэлжлүүлэн бараа авч, шинээр ажиллаж байсан борлуулагч................ 2023 ондоо тооцоогүй явж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс авлага үүсэж эхэлсэн нь 23,881,500 төгрөг болсон байсан. Ингээд нийт .................. төлсөн 31,500,000 төгрөгийг хасаад 147,723,400 төгрөгийн авлага үүссэнийг шүүхэд нэхэхмжлэл гарган шаардаж байгаа. Хариуцагчийн дансны хуулгаас харахад 109,460,600 төгрөгийг ................ руу шилжүүлсэн юм байна. Үүнээс 30,000,000 төгрөгийг компанид төлсөн нь тооцоонд орж тооцогдсон байгаа.................. 2023 онд С.Өнөржаргалтай үнэн зөвөөр тооцоо нийлсэн бол ................ холбогдох эрүүгийн хэрэгт мөнгөн дүн нь хасагдаад, ...................нэхэмжил гэсэн шийдэлгүй явж байх ёстой байсан. Компани ................. хэдэн төгрөг авах ёстой нь тодорхой байх ёстой. Тэгэхээр хэн хэнийх нь хариуцлагагүй байдлаас болсон...гэв.

2. Хариу тайлбар:

2.1. Хариуцагч ............... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Миний бие Нарантуул зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд аж ахуй нэгж байгууллагаас хүнсний бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдан авч, жижиглэнгийн үнээр худалдан борлуулдаг, олон жил энэ чиглэлээрээ ажиллаж байна. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд ................... ХХК-ийн борлуулагч ................ 200гр, 300гр, 500гр-ын савалгаатай НАСА нэртэй кимчиг бөөний үнээр худалдан авч байсан. “................” ХХК болон борлуулагч ............. нь бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхдөө огт анхан шатны баримт үйлдэж байгаагүй учраас би өөртөө зориулж дэвтэр хөтөлж, данс тооцоогоо хийдэг байсан. Нэхэмжлэгч надаас өмнө бараа бүтээгдэхүүний төлбөр огт шаардаж байгаагүй бөгөөд 2023 оны 9 дүгээр сараас эхлэн борлуулагч .............. гэнэт “байгууллага намайг тооцоогоо хий гээд байна, таны тооцоо энэ байна” гээд өөрийн гараар бичсэн цаас үзүүлж, намайг олон өдөр шавдуулсан учраас би тухайн үед тооцоолол, үнийн дүнг анхааралгүй,............ өөрт нь тус болох юм байна гэж ойлгоод цаасан дээр нь гарын үсэг зурж өгсөн. Борлуулагч ............... тэр цаасыг яаж ашигласныг би мэдэхгүй байна. Үүний дараа компанийн захирал .......... гэж хүн эхнэрийн хамт хоёр ч удаа манай ажил дээр ирж уулзсан, тооцоо нийлэх талаар ярилцсан. Хамгийн сүүлд захирал...........нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өндөр эрэгтэй хүнтэй хамт ирж үлдэгдлийн баталгаа гэсэн баримтанд гарын үсэг зур гэж шаардсан. Удаа дараа мессеж бичиж дарамталж байсан учраас 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 123,841,900 төгрөгийн баримтанд гарын үсэг зурсан. Гэхдээ энэ бол бодитой тооцоолол биш.

Харин би өөрт байгаа хар дэвтэр, дансны хуулгаа үндэслэн тооцоо хийж үзэхэд: 2020 онд нийт 50,012,200 төгрөгийн үнэ бүхий кимчи худалдан авч, төлбөрийг тухай бүр борлуулагч ............. Хаан банк ХК дахь 5............ дансанд төлсөн байна. Тооцоог тухай бүрт нь хийж байсан учраас ямар нэгэн өр төлбөр үүсээгүй. 2021 онд 26,891,000 төгрөгийн үнэтэй кимчи худалдан авснаас 25,919,000 төгрөгийг борлуулагч С............ Хаан банк ХК дахь ................. дансанд төлсөн байна. Харин 2021 оны 6 дугаар сарын 03-нд худалдан авсан кимчиний үнэ 486,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 05-нд худалдан авсан кимчиний үнэ 486,000 төгрөг, нийт 972,000 төгрөгийг төлөөгүй байна. Энэ нь ковидын нөхцөл байдал арилаагүй, үргэлжилж байсан учраас “.............” ХХК-иас кимчиний татан авалт бага байсантай холбоотой. 2022 онны 1 дүгээр сард 2 удаагийн худалдан авалтаар 2,646,000 төгрөг, 6 дугаар сард 9 удаагийн худалдан авалтаар 7,410,000 төгрөг, 7 дугаар сард 5 удаагийн худалдан авалтаар 3,600,700 төгрөг, 8 дугаар сард 6 удаагийн худалдан авалтаар 4,967,300 төгрөг, 9 дүгээр сард 6 удаагийн худалдан авалтаар 4,764,000 төгрөг, 10 дугаар сард 794,000 төгрөг, нийт 24,182,000 төгрөгийн кимчи худалдан авсан байх боловч төлбөрийг төлөөгүй болохоо зөвшөөрч байгаа. Энэ үед борлуулагч .............. нь төлбөрөө төлөхийг шаардаж байгаагүй, ер нь л их задгай, замбараагүй байсан. Иймд худалдан авсан кимчиний төлбөр 24,182,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин 2022 оны 5 дугаар сард 2 удаагийн худалдан авалтаар 1,588,000 төгрөгийн кимчи авсан бөгөөд төлбөрийг дансаар төлсөн байна. Үүнээс өөр төлбөр тооцоо энэ онд байхгүй. 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 5,934,000 төгрөгийн кимчи худалдан авсан боловч төлөөгүй байна. Энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Харин 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 274,200 төгрөгийн кимчи, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 167,200 төгрөгийн кимчи худалдан авч, нийт 441,400 төгрөгийг ............... дансаар төлсөн байна.

Улмаар ............... нь 2023 оны 9 дүгээр сард “та их бага хэмжээгээр дансаа хөдөлгөх хэрэгтэй байна, компани надаас тооцоо хийхийг шаардаад байна. Та бага хэмжээгээр ч болтугай тогтмол төлөөд яв” гэж шаардаж, Хаан банк ХК-ийн ............... тоот дансыг өгсөн. Тийм учраас би .................данс руу 2023 оны 9 дүгээр сарын 24-нд 500,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлж, .................” ХК-ийн Голомт банк ХК-ийн.............. тоот дансанд 30,000,000 төгрөгийг төлсөн. Миний бие ..................... ХХК-д нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 31,088,000 төгрөгийг төлөх өртэй байсан боловч уг төлбөрийг нийт 109,019,200 төгрөг болгон давуулан төлж дуусгасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан хугацаанд ямар нэгэн төлбөрийн тооцоогүй байна. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

2.2. Хариуцагч ................... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би ...................... төлбөрийг өгдөг байсан. Нэхэмжлэлд дурдсан он сард нь тааруулж дансны хуулгаа нотлох баримтаар гаргасан байгаа. Нэхэмэлэлийн шаардлагад шинэ борлуулагч .............. тооцоог оруулсан байсан юм байна гэдгийг одоо ойлголоо. Би 2020 онд 44,843,200 төгрөгийн төлбөрийг ................... дансанд хийсэн. Би өөрөө 2020 онд төрөөд, манай нөхрийн данснаас 5,169,000 төгрөгийн зарлага гарсан. Ингээд нийт 50,212,000 төгрөг төлсөн. 2021 онд 25,919,000 төгрөгийн зарлага .............. рүү гаргасан. 2022 онд 1,588,000 төгрөгийн зарлага гаргасан байна. 2023 онд 441,400 төгрөг өгсөн байна. Ковидын үед эхлээд хөнгөлөлттэй байж байгаад кимчи ирэхгүй алдагдаад ирэхээр өөр төрлийнхийг өөр газраас авсан. Энэ хугацаанд төлөгдөөгүй гэсэн төлбөрүүдээ түүвэрлэхэд 972,000 төгрөгийн тооцоо байгаа гэх мэтчилэн нийт 31,088,000 төгрөгийн тооцоо миний өөрийн хар данснаас гарч ирсэн. Би .............. болон ................. ХХК-д нийт 109,460,600 төгрөгийг төлсөн байгаа юм. Энэ бүгдийг би өөрийнхөө тооцоог харж гаргасан. Тэрнээс биш би энэ нэхэмжлэлийн үнийн дүнд тааруулж гаргаагүй. Нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой бус, надад хүлээлгэж өгсөн падаан байхгүй байна. Энэ 31,088,000 төгрөгийг би төлөхгүй. Энэ нь төлөгдсөн гэж харагдаж байна. 2023 оноос өмнөх тооцоо байна. Тэгэхээр төлөгдсөн гэж үзэж байна. 2023 онд би нийт 31,500,000 төгрөг төлсөн нь тооцооллоос суутгагдах ёстой. 2024 оны төлбөрийг үлдэгдлийг бол хүлээн зөвшөөрнө...гэв.

            2.3. Хариуцагчийн өмгөөлөгч .................. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадсангүй. Иймд шаардаж буй 147,723,400 төгрөгөөс .................г нь 2024 оны 23,881,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг төлөхөө хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

            3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-4/, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-5, 140/, Харилцагчийн авлагын 2024 оны дэлгэрэнгүй /хх-141/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

            4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: .............г болон .............. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-14/, .................... “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь............. тоот харилцах дансны хуулга /хх-16/, ................ “Хаан банк” ХК дахь................ тоот депозит дансны хуулга /хх-17-22, 24-29, 31-68, 70-122/, ............. “Хаан банк” ХК дахь ................... тоот депозит дансны хуулга /хх-123-132/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

            5. Хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн............... дугаар захирамжаар тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн.................. гэрчээр асуухаар шийдвэрлэж /хх-136/, түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан.

            5.1. Гэрч. ............ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би................. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран ажиллаж байгаа. Энэ хооронд “...............” ХХК-иас кимчи нийлүүлэхдээ зүгээр авчирч өгдөг, падаан өгдөггүй, тоолж өгдөг байсан. Манайх 6 хоног ажиллахад ер нь л авдаг байсан. .................... бэлэн үедээ бэлэн, данслах үедээ дансалж төлбөрөө төлдөг байсан. Бэлэн мөнгө өгөхөд падаан хүлээж аваад ирсэн барааг тооцдог. Санхүүгийн тооцоог би мэдэхгүй. ....................... ................. тооцоо нийлэхэд би хамт байсан. ............................. орж ирээд “За, Эгчээ энд гарын үсэг зураад өг” гээд байсан. Ер нь манайх ачаалал ихтэй байдаг. Хэзээ, яаж зурсныг бол мэдэхгүй...гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “...........” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. “...........” ХХК нь .................. худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 147,723,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “.................. 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд авсан кимчиний төлбөр 155,341,900 төгрөгийн үлдэгдэлтэй талаар 2023 онд тус компанид борлуулагчаар ажиллаж байсан .................. тооцоо нийлсэн акт үйлдэж, актын дагуу компанийн дансанд 30,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сард, 1,500,000 төгрөгийг................. дамжуулан төлсөн. Үлдэгдэл 123,841,900 төгрөгийг компанийн удирдлагатай дахин 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж баталгаажуулсан учир төлбөрийн үлдэгдлийг шаардана. Үүн дээр 2024 онд компаниас шинээр авсан кимчиний төлбөрийн үлдэгдэл 23,881,500 төгрөгийг нэмж, нийт 147,723,400 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2024 онд худалдан авсан кимчиний төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн актын дагуу шаардсан 123,841,900 төгрөгийг эс зөвшөөрөн, татгалзлын үндэслэлээ: “Компаниас авсан нийт кимчиний төлбөрийг борлуулагч.............. төлдөг байсан. Нийтдээ 109,460,600 төгрөгийг төлсөн. Үүний 30,000,000 төгрөгийг компанийн дансанд, 79,460,600 төгрөгийг борлуулагч ............... төлсөн учир 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны тооцоо байхгүй. 2023 онд .................. тооцоо нийлэх үедээ компанид төлбөрт орох гээд байна гэж гуйсан учраас акт дээр нь гарын үсэг зурсан. Одоо төлөх төлбөр байхгүй учир илүү шаардсан төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Шүүх хуралдаанд оролцсон гэрч ................... зүгээс 2023 оны тооцоо нийлсэн актыг үйлдэх үед ..............., ................... “гарын үсэг зураад өгчих” гэж гуйж байсан талаар мэдүүлэв.

            5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1.............., түүний нөхөр .............. нарын дансны хуулгуудаар хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад борлуулагчаар ажиллаж байсан .............. ..............тоот дансанд 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 104 удаагийн гүйлгээгээр нийт 77,960,600 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 24-25 өдрийн хооронд............... данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, нийт 79,460,600 төгрөг төлж, “..............” ХХК-д 30,000,000 төгрөг, нийт 109,460,600 төгрөгийг төлсөн байна.

            5.2. “..................” ХХК, ................. нарын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 123,841,900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ үед хариуцагч нийт 109,460,600 төгрөгийг “..............” ХХК болон борлуулагч .............. нарт дансаар төлсөн байсан ба зөрүү 14,381,300 төгрөг болж байна.

            5.3. Дээрх тооцоо нийлсэн актыг үйлдэхдээ талууд ................. дансны хуулга, бараа хүлээлцсэн санхүүгийн анхан шатны баримт зэргийг харилцан тулгаж тооцоо нийлээгүй, харин ................ борлуулагч ..................... 2023 онд хийсэн Тооцоо нийлсэн актыг үндэслэн, тухайн актад бичигдсэн 155,341,900 төгрөгөөс.................. 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш төлсөн 31,500,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүнгээр тооцооны үлдэгдлийн баталгааг гаргасан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.

            5.4. Гэвч 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн Тооцоо нийлсэн актыг үйлдэхдээ ............., .................... нар нь мөн л санхүүгийн анхан шатны баримт болон төлбөрийн гүйлгээ хийсэн дансны хуулга зэргийг харьцуулан тулгаж тооцолгүйгээр, .................. гуйлтаар .................. уг баримтад гарын үсэг зурсан болох нь зохигчийн тайлбар болон гэрч .................... мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            5.5. Хариуцагч.................. нэхэмжлэгч “................” ХХК-иас хэзээ, ямар хэмжээтэй кимчи хүлээлгэж өгсөн талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна. Харин хариуцагч 2020 онд нийт 50,012,200 төгрөгийн кимчи авсны төлбөрийг төлж барагдуулсан, 2021 онд 26,891,000 төгрөгийн кимчи авснаас 25,919,000 төгрөг төлж 972,000 төгрөг төлөөгүй, 2022 онд 24,182,000 төгрөгийн кимчи авсныг төлөөгүй, 2023 онд 5,934,000 төгрөгийн кимчи авсныг төлөөгүй буюу нийт 31,088,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж тайлбарласан ба тэрээр 2023 оны 9 дүгээр сард 1,500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард 30,000,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ.

            6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд аман хэлбэрээр хийгдэж, худалдан авагч ................... нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг худалдагч “.............” ХХК-ийн борлуулагч................ данс руу шилжүүлдэг байсан байна.

            7. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон бүтээгдэхүүний төлбөрөөс 79,460,000 төгрөгийг “....................” ХХК-ийн борлуулагч................, 30,000,000 төгрөгийг компанийн дансанд............ шилжүүлсэн талаар, мөн 2024 онд нийлүүлсэн кимчиний үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй. Харин 2023, 2024 онуудад хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт зэрэг баримтууд үндэслэлтэй эсэх, төлбөрийн үлдэгдэл 147,723,400 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргав.

            8. Нэхэмжлэгч “............” ХХК-иас хэрэгт ....................., ................. нарын 2023 онд хийсэн гэх Тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргаагүй бөгөөд хариуцагч ............ нийт хэдэн удаагийн нийлүүлэлтээр, ямар хэмжээтэй кимчи нийлүүлсэн болохоо баримтаар нотлоогүй байна.

            9. Харин хариуцагч .............. зүгээс ................. гуйлтаар 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан гэж тайлбарласныг гэрч ................ нотолсон ба нэхэмжлэгч талаас уг гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх баримт гаргаагүй, харин .................................. барааны төлбөр төлж байсан болох нь түүний болон нөхөр ................ дансны хуулгаар тогтоогдлоо.

            10. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд “......................” ХХК-иас ............... нийлүүлсэн нийт кимчиний хэмжээг хариуцагчийн гаргасан “107,019,200 төгрөгийн кимчи авсан” гэх тайлбарыг үндэслэл болгож, энэ хэмжээнээс нэхэмжлэгчийн борлуулагчаар ажиллаж байсан ............. төлсөн 77,960,600 төгрөг, компанид төлсөн 30,000,000 төгрөг, нийт 109,960,600 төгрөгийг гэрээний дагуу төлж, 2,941,400 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байна.

11. Харин 2024 онд хариуцагч нь нийт 24,649,500 төгрөгийн бараа авснаас 2 удаагийн төлөлтөөр 5,892,000 төгрөгийг төлж, 23,881,500 төгрөг төлөөгүй болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу ..............2024 онд авсан кимчиний үлдэгдэл төлбөр 23,881,500 төгрөгөөс илүү төлсөн 2,941,000 төгрөгийг хасаж, үлдэх 20,940,100 төгрөгийг гаргуулан .................” ХХК-д олгон, илүү нэхэмжилсэн 126,783,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 896,567 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 262,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч.............. 20,940,100 /хорин сая есөн зуун дөчин мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..............” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 126,783,300 /нэг зуун хорин зургаан сая долоон зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896,567 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....................... 262,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...............” ХХК-д олгосугай.

            3. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА