| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2318000000091 |
| Дугаар | 2023/ДШМ/21 |
| Огноо | 2023-05-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/21
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 231000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:
-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ял,
-Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаатай баривчлах ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүнсний дэлгүүрээс ******* цэнэглэж байсан цэнхэр өнгийн “Huawei W7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 550,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт ******* ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 1-ны өдрийн 479 дугаар магадлалаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 26 хоногоор тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг хорих ялын 7 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Би хохирогчид учруулсан хохирол болох “Huawei W7” маркийн гар утсыг нь буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулан гомдол саналгүй болгож өгсөн. Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Би дахин хувийн ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч бусдад хохирол учруулахгүй цаашид маш сайн засан хүмүүжих болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Би гэмшиж байна. Би ээж, дүүгийн хамт амьдардаг, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэх гомдол гаргасан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шинж чанараас гадна хувийн байдлыг харгалзан шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж ял оногдуулсан. Шүүгдэгч нь хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Гэтэл энэ хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тухайн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл халдаасан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцэн гарсан. Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүнсний дэлгүүрээс “Huawei W7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 170/,
-Хохирогч ******* өгсөн: “...Би Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******а” хүнсний дэлгүүрийн жимсний тасагт худалдагчаар ажилладаг.
2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би хажуу талын лангуун дээр бараагаа янзалж байгаад кассан дээр ирэхэд гар утас алга болсон байсан. Залгаад үзсэн чинь холбогдох боломжгүй гэж байсан.
Тэгээд дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд нэг хар куртик, саарал цамц, бор майктай жижигхэн залуу гар утсыг маань аваад гараад явж байгаа бичлэг байсан. ...гар утсаа авчихвал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 27/,
-*******аас “Huawei W7” маркийн гар утсыг хураан авч, Б.Энхзаяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 19 /,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэл, хувийн байдалд нь тохирсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Би хохирогчид учруулсан хохирол болох “Huawei W7” маркийн гар утсыг нь буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулж, гомдол, саналгүй болгож өгсөн.
Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна.
Би дахин хувийн ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч бусдад хохирол учруулахгүй, цаашид маш сайн засарч хүмүүжих болно.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна....” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч ******* нь урьд буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 1-ны өдрийн 479 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байна.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон боловч энэ хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлджээ.
Түүнчлэн шүүгдэгч ******* хяналтын хугацаанд буюу 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдөр архи ууж согтуурсан үедээ иргэн зодсон, биедээ хутга, мэс авч явсан үйлдэлдээ зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР