| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/1061/З |
| Дугаар | 128/ШШ2024/0784 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Г********* /РД:************ /
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор нарын хооронд үүссэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч М.Г*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч М.Г********* Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч М.Г********* нь 2000 оны 01 дүгээр сараас прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/97 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын 6 дахь хэсэгт “… Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, ахлах прокурор М.Г********* 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор томилж, урьд олгосон “Хууль цаазын шадар зөвлөх”-ийн зэрэг дэвийг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.[1]
2.2. Нэхэмжлэгчийг Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар[2] Улсын Ерөнхий прокурорын Газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Хууль цаазын шадар зөвлөх” зэрэг дэвийг хүчингүй болгожээ.
2.3. Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 48.1.13 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар зарлигийн хавсралтаар баталсан “Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам”-ын 2.11, 2.14 дэх заалтыг тус тус үндэслэжээ.
2.4. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Ажил хүлээлцсэн тэмдэглэл” үйлдэж, түүнд нэхэмжлэгч гарын үсэг зуржээ.[3]
2.5. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандаж “... Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.
2.6. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10191 дугаар захирамжаар[4] захиргааны хэрэг үүсгэсэн.
2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “... Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах” гэжээ.[5]
2.8. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2089 дугаар захирамжаар[6] “… нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0284 дугаар тогтоолоор[7] тус захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “... Миний бие прокурорын байгууллагад тасралтгүй 25 жил ажиллах хугацаандаа анхан шатны нэгжийн хяналтын прокуророос Улсын ерөнхий прокурорын туслах прокурор хүртэл ажилласан. Улсын ерөнхий прокурор нь үндэслэлгүйгээр миний ажиллаж хөдөлмөрлөх эрхийг өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчиж, албан тушаал бууруулан ажиллах саналыг надад тавьж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа нь хуулийн зохицуулалтууд болон Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн хуульчлагдсан нэмэгдэл баталгааг зөрчсөн илт хууль бус эс үйлдэхүйг гаргаж байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.10. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... Прокурор ёс зүйгүй үйлдэл гаргаж гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл олон нийтэд цацагдаж, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулсан, сөрөг үр дагаврыг бий болгосон. Нэхэмжлэгч эрүүгийн гэмт хэрэгт холбогдож Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Прокурорын ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч “Ажлаас чөлөөлсөн тухай” Улсын Ерөнхий прокурорын тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд уг тушаалтай холбогдуулан гомдол гаргаж байгаагүй, мөн гомдол гаргах эрх нь хууль тогтоомжоор хязгаарлагдаагүй байсан болно ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч М.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд ажил албан үүрэгт эгүүлэн томилохгүй байгаа талаар дараахь гурван үндэслэл байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Улсын ерөнхий прокурорын газарт улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах, ахлах, хяналтын прокурор ажиллана” гэж заасан нь албан тушаалын ангиллыг илэрхийлж байна. Үүнээс үзвэл ахлах прокурорын албан тушаалд эгүүлэн томилохгүйгээр хяналтын прокурорын албан тушаалд томилох гээд байгаа нь миний албан тушаалын зэрэг дэв буурахаас гадна үндсэн цалин болон нэмэгдэл цалин хөлс зэрэг давхар буурах учраас ахлах прокурорын албан тушаалд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна. Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр 29-ний өдрийн тушаалыг М.Г********* би гардаж аваагүй бөгөөд сонсох ажиллагаа хийгээгүй, хариуцагч талаас надад мэдэгдсэн, дуудаад ирээгүй болохоор утсаар мэдэгдсэн гэдэг тайлбар өгсөн ч нотолж чадаагүй. Ямар үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж байгаа үндэслэл, баримтыг надад огт танилцуулаагүй. Ажил хүлээлцэх үед ч танилцаагүй. Мөн ажлаас чөлөөлөх тушаалдаа Прокурорын тухай хуулийн зүйл заалтыг биш Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтаас сонгон авсан нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн үндэслэл, хариу тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон үйл баримт, уг гэмт хэргийг 3 шатны шүүхээр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт нотлогдох бөгөөд нэхэмжлэгч М.Г*********ыг гэмт хэрэг үйлдээгүй болохыг шүүх тогтоож, түүнийг цагаатгасан байна. М.Г*********ыг хэрэгт холбогдох үед хариуцагч захиргааны байгууллага ахлах прокурорын ажлыг огт хийлгээгүй ба хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй үндэслэлээр албан үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлж улмаар түүний ажлыг 2021 оны 02 дугаар сарын 18-нд хүлээн авсан нь хэрэгт авагдсан “ажил хүлээлцсэн акт”-аар нотлогдож байна. Ажил хүлээлцэх актад ажлаас чөлөөлсөн тушаалын талаар огт дурдаагүй, тушаалыг танилцуулаагүй байдаг. М.Г********* нь ахлах прокуророор ажиллаж байхдаа Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлд нэрлэн заасан сахилгын шийтгэл оногдуулах талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй, мөн хуулийн 68 дугаар зүйлд нэрлэн заасан прокурорын албан тушаалаас нь “чөлөөлөх, халах” хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрхэлж байсан ахлах прокурорын ажил, албан тушаалаас халагдах, чөлөөлөгдөх, эсхүл албан тушаал бууруулах талаар Төрийн албаны тухай хуульд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад Улсын Ерөнхий прокурор түүнийг урьд эрхэлж байсан ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжоор хангахгүй, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байх үүднээс албан тушаалын зэрэг бууруулан томилох боломжтой талаар хариу өгсөн нь хууль бус ба урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм. Төрийн жинхэнэ албан хаагч прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох шаардлагатай байсан ба Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт энэ талаар гарах ёстой байсан, дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчээс тайлбар, мэдүүлэг авах ёстой байсан боловч ийм ажиллагаа огт хийгдээгүй. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн гэх тушаалыг хариуцагч тал шүүхэд нотлох баримтаар гарган өгөх үед нь мэдсэн ба хариуцагч талаас энэ тушаал гарсан талаар өмнө нь мэдэгдээгүй, тушаалыг нэхэмжлэгч талд гардуулж өгөөгүй ба Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй ба Д.Ц********** гэх хүний тайлбараар л мэдэгдсэн гэдгийг хэлдэг. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дүгээр зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч М.Г********ын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд 2023 оны 03 дугаарын сарын 09-ны өдөр Улсын ерөнхий прокурорын 2/537 тоот хариу мэдэгдэх хуудсыг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Ц*************ын гарын үсэгтэй албан бичгээр Улсын Ерөнхий прокурорын сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын албан тушаалд томилон ажиллуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 2/2422 тоот хариу мэдэгдэх хуудсаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын албан тушаалд томилох боломжтой гэсэн хариу хүргүүлсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хуулийн хугацаанд тухай бүр хариуг нь өгч байсан нь Улсын ерөнхий прокурорыг хууль зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч М.Г***********ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын[8] хууль зүйн үндэслэлийн талаар маргадаг.
2. Шүүх энэхүү эрх зүйн маргааны хувьд хэлэлцсэн нэхэмжлэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
3. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “... Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2089 дугаар захирамжаар[9] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасны дагуу ”нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0284 дугаартай тогтоолоор[10] тус захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Мөн нэхэмжлэгч “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хожим гарсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай “Прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар” дүгнэлтийн[11] талаар тайлбарладаг.
5. Шүүх энэхүү эрх зүйн маргааны хүрээнд Прокурорын ёс зүйн зөвлөлийн тус дүгнэлттэй холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийхгүй.
6. Учир нь, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эрх зүйн үндэслэлд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт хамааралгүй, түүнчлэн, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтийн эсрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй болно.
7. Тиймээс шүүх “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах эрх зүйн дүгнэлтүүдийг хийлээ. Тодруулахад:
8. Нэхэмжлэгчээс “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорт хандаж 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлт[12], мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд[13] дурдсан “урьд эрхэлж байсан ахлах прокурорын ажилд эгүүлэн томилуулах” асуудлыг Монгол Улсын Ерөнхий прокурор шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж маргасан.
9. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтэд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/537 тоот албан бичгээр[14] хариу өгсөн, мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөлд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2422 тоот албан бичгээр[15] хариу өгсөн үйл баримт тогтоогдож байна.
10. Хууль зүйн агуулгаараа захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.
11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, “эс үйлдэхүй” гэдэгт өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагааны идэвхгүй байдлыг ойлгохоор байна.
12. Харин нэхэмжлэгчид Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/537 тоот албан бичгээр хариу өгөхдөө “... Тус прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох боломж байгаа болохыг мэдэгдье” гэж, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2422 тоот албан бичгээр хариу өгөхдөө “... Таны гаргасан хүсэлтийн дагуу ********* дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын сул орон тоо байгаа талаар, урьд нь гаргасан хүсэлтэд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоо байгаа талаар тус тус мэдэгдсэн байна” гэж хариу өгсөн агуулгаас үзэхэд энэ нь хариуцагчийн эс үйлдэхүй биш, харин нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт дэх хүсэл зоригоос өөр ажлыг санал болгосон татгалзсан шийдвэр гэж үзэхээр байна.
13. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж ... татгалзсан үйлдэл ... ойлгоно.” гэж заасан бөгөөд үүнтэй холбогдох нэхэмжлэлийн төрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж тогтоосон болно.
14. Өөрөөр хэлбэл, хариуцагч Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс нэхэмжлэгч М.Г**********ын “урьд эрхэлж байсан ахлах прокурорын ажилд эгүүлэн томилуулах” агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, харин тус хүсэлтээс өөр агуулгаар шийдвэрлэх боломжтой талаар дурдаж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт дэх хүсэл зоригийг хангахаас татгалзсан шийдвэр гаргажээ.
15. Иймд дээрх үндэслэлээр шүүх “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” боломжгүй гэж дүгнэлээ.
16. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас “Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнг шинээр байгуулсантай холбоотойгоор Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн бүтцийг өөрчлөн Сургалт, судалгааны хүрээлэнд шилжүүлсэн боловч албан тушаалын орон тоо, чиг үүрэгт өөрчлөлт гараагүй байсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “тус хүрээлэнгийн бүтэц, орон тоо өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын орон тоо байхгүй” гэх агуулгаар маргасан.
17. Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана.” гэж заажээ.
18. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч М.Г*********ыг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай тушаалаар[16] Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, ахлах прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор томилсон бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй.
19. Харин Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/48 дугаартай тушаалаар[17] Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд “Сургалт, судалгааны хүрээлэн”-г байгуулж, тус тушаалын 2 дахь заалтаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн “Сургалтын алба”-ны чиг үүрэг, орон тоог шинээр байгуулсан “Сургалт, судалгааны хүрээлэн”-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны чиг үүрэг, албан тушаалын орон тоо нь ямар нэг өөрчлөлтгүйгээр Сургалт, судалгааны хүрээлэнд шилжиж, одоогийн байдлаар тус хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурорын орон тоо – 1[18] хэвээр байгаа болох нь тогтоогдов.
21. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
22. Гэвч Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хууль, энэ хуульд заасан үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь хална.” гэж заасан агуулгын хүрээнд гарсан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /нэхэмжлэгч М.Г********ыг Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокурорын үүрэгт ажлаас чөлөөлсөн/ хүчин төгөлдөр хэвээр байгаа, мөн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан “ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
23. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 68 дугаар зүйлийн 68.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г********** Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 60 дахь тал
[2] 1Хх 59 дэх тал
[3] 1Хх 47-58 дахь тал
[4] 1Хх 35 дахь тал
[5] 1Хх 141 дэх тал
[6] 1Хх 226
[7] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 11-14 дэх тал
[8] 1Хх 59 дэх тал
[9] 1Хх 226
[10] 2хх 11-14 дэх тал
[11] 2Хх 100-104 дэх тал
[12] 1Хх 67-68 дахь тал
[13] 1Хх 70-71 дэх тал
[14] 1Хх 69 дэх тал
[15] 1Хх 72 дахь тал
[16] 1Хх 60 дахь тал
[17] 1Хх 61 дэх тал
[18] 1Хх 135 дахь тал