Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ч.Бямбажаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Хохирогч Д.Ц, 

Гэрч Х.Д,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 201522000799 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ч.Б. 

Шүүгдэгч Ч.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг болох Намаржаат гэх газраас иргэн Д.Ц-ийн хар зүсмийн азаргатай 48 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж Д.Ц-д 35.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг болох Намаржаат гэх газраас иргэн Д.Ц-ийн хар зүсмийн азаргатай 48 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажилллагааны шатанд өгсөн: “...Манай адуу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Зүүн гол, Гуя, Чулуут зэрэг газруудаар нутагшиж байнга байдаг. Хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19-20 цагийн орчим Х.Э-ийн гадаа, тэдний адуутай манай адуу хамт байсан байгаа юм. Тэгээд түүнээс хойш адуу үзэгдэж харагдахгүй, энд тэнд хайгаад одоог хүртэл олдоогүй байна. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 46 тооны адуу алдагдсан гэж мэдүүлсэн байгаа. Сүүлд бодоод байхад нийт 48 тооны адуу алдагдсан байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-147 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр шиг санагдаж байна. Би өршөөлөөр суллагдчихаад Хатгал тосгоны Улаан даваа гэх газар байх Л гээд найзындаа ирсэн. Тэгээд нэг өдөр Л-ийн адууг хайж яваад Г-ийн хаваржаан дээр Б, цаатан Д хоёр өөр хоёр хүнтэй хамт дөрвүүлээ адуу хашчихсан, адуу нядалж байгаатай нь тааралдсан. Миний харснаар хар азаргатай 40 тооны адуу хашчихсан, 2 адууг нь нядалчихсан байж байсан. Би санаандгүй явж байгаад тааралдсан. Тэгтэл Б надтай уулзаад чи битгий хэлээрэй гэж гуйж байсан. Тэгж ярьж байснаа Б Алаг-Эрдэнэ зүг рүү заагаад энэ адууг энэ талаас тууж авчирсан гэж хэлсэн. ...Би өмнө нь цагдаад өгсөн мэдүүлэг дээр арай буруу зүйл ярьсан байна. ...Би 2015 оны 11 дүгээр сард өршөөлөөр суллагдаад 11 дүгээр сарын 07-ны өдөр Хатгал тосгоны харъяат Л-нд очсон. Тэднийд хэд хонож байтал 3-4 хоногийн дараа Б буюу Б мөн Чандмань-Өндөрийн Д.Б, эхнэр П-ийн хамт Улаан давааны ар гэх газарт Б.Л-ийн намаржаан дээр багцаагаар 30-аад тооны халтар, хээр зүсмийн азаргатай адуу хөөж ирсэн. Тэндээс Б эхнэртэйгээ хамт 2 унагатай гүү, нэг морь авч явсан. ...Б Л-нд орж ирэхдээ би айлд байсан адуугаа аваад явж байна. Төвд ойрхон юм чинь зарим нэгийг нь цохиж нядалж зардаг юм бил үү гээд танай хажууханд хашаа барьж адуу хашдаг юм бил үү, манай адуу их ааштай адуунууд байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд Б ганцаараа Л-нд хоноод маргааш нь бор зүсмийн, хул зүсмийн 2 морийг цохисон. ...Тэгээд тэр орой ч болсон, Б адуугаа туугаад яваад өгсөн. Маргааш орой 19-20 цагийн үед Д өөрийнхөө жижиг саарал машинтайгаа ирээд Б-ийн цохиж унагасан 2 адууны махыг ачаад явсан. Д ирэхдээ хар Х нар ирсэн. Гэрээр Х орж ирээд гарсан санагдаж байна. Бусад хүмүүс нь машинд сууж байгаад Л-ийн саравчны ар талд байх бүдүүн модны хажууд тайрдаснуудыг вандан болгоод дээр нь хөлдөөгөөд тавьсан адууны махнуудыг ачаад яваад өгсөн. Ер нь бол ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-180 дугаар хуудас/,

Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би яг адуу нядалсан үед өөрөө адуунд явсан байсан. Намайг байхгүй байхад Б 2 адуу нядалсан. Тэгээд машинтай хүнтэй ирээд аваад явсан гэж эхнэр хэлсэн. Жижиг машинтай ирсэн гэсэн. Манайх тэгэхэд Улаан давааны ар талд байсан. ...Б ах тэр өдөр өглөө, одоо бодоход 2015 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр байх, намайг адуундаа явж байхад над руу утсаар яриад би хүнд идэш өгөх ёстой, 2 адуу танай дээр нядалъя гэхээр нь би тэг тэг гээд зөвшөөрсөн. ...Урд өдөр нь 2 тооны адууг Б нядалсан бөгөөд идэш авах хүнээ авч ирнэ гээд яваад маргааш нь ирэхдээ жижиг машинтай, хажуудаа хоёр хүнтэй ирсэн гэсэн. ...Ирэхдээ хар хээр зүсмийн азаргатай 30 гаран тооны ижилтэй адууг Чандмань-Өндөр сумын М, эхнэрийн хамт, Б гурвуулаа хөөгөөд ирсэн. ...Тэр оройноо бол гэрээс гараагүй, маргааш нь хар хээр азаргатай бараан голдуу адуу байсан гэдгийг харж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-185 дугаар хуудас/,

Хохирогч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид гурав Хатгал тосгонд очоод нэг айлд очсон. Тэр айлд цаг гаруй болоод явъя гээд буцаад явсан. Буцаж явж байгаад нэг айлд очсон. Тэнд очиход гэрт хоёр залуу, нэг эмэгтэй, хойморт орон дээр нэг хэвтрийн хөгшин байсан. Намайг тэр айлд сууж байхад Д тэр залуучуудтай гэрээр орж гараад л яваад байсан. Тэгж байснаа Х ах гараад ирээч, машин түлхээд өг, махаа ачаад явъя гэхээр нь би машинд нь суугаад Д, Мөрөнгөөс хамт явсан залуу бид гурав машинтайгаа буцаад Хатгал тосгоны зүг явж байгаад нэг модтой газар ирээд Д машинаа модтой хэсэг рүү ухрааж байгаад махаа ачъя гэхээр нь буугаад харсан чинь юман дээр дэлгээд тавьчихсан адууны мах байхаар нь би машинд хамт ачилцаж өгсөн. Миний бодлоор нэг адууны мах байсан байх, тэгээд буцаж яваад Хатгал тосгоны урд талын гүүрээр гараад буцаад Мөрөн суманд ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187 дугаар хуудас/,

Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б-ийн яриагаар Б, Д хоёр 48 тооны адуу хулгайлаад хамт хоригдож байгаад Д-г хохирлоо төлөөрэй гээд гаргасан чинь одоо төлөхгүй, мөнгө олж өгөхгүй байна. Хэрвээ мөнгө олоод өгчихвөл Д-г хаядагаараа хаяна, мөнгө олж өгөхгүй бол чирээд явна. Тэр адууг хулгай хийхэд би Д-г гуйгаад юм ачуулсан юм, мөнгөө төлчихвөл би Д-г хулгай хийгээгүй гээд аваад гарч чадна, тэрнээс биш мөнгөө өгөхгүй бол шууд чирнэ гэсэн юм ярьж байсан. Би энэ яриаг нь сонсоод өнгөрсөн. Сая батлан даалтанд гараад Д-д энэ талаар хэлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197 дугаар хуудас/,

Гэрч Х.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Намайг зах дээр Х ахтай хамт миний машинтай байж байсан чинь Б тааралдаад Хатгал ороод адууны мах ачаад өгөөч гэхээр нь би хэдэн адууны мах юм бэ гэсэн чинь хоёр адууны мах айлд бэлдээд тавьчихсан байгаа гэхээр нь би хэдэн төгрөгийн хөлс өгөх юм... Тэгээд Х, Б бид гурав Хатгал явсан... Тэгээд хөдөө явна гээд Хатгалын урд талын гүүр гараад урагшаа уруудаад уулан дээр байх нэг айлд очсон. ...Тэр айлын гадаа амбаараас хоёр адууны мах ачаад тэгээд наашаа би Х-тай хамт Мөрөн рүү явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 189-191 дүгээр хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /5 дугаар хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ч.Б- нь хохирогч Д.Ц-ийн 48 тооны адууг хулгайлж нийт 35.550.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ч.Б-д Аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч Ч.Б-ийн үйлдэл нь 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан олон тооны мал хулгайлсан гэсэн заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, мөн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ч.Б-ийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, шүүгдэгч Ч.Б-ийн цагдан хоригдсон 409 /дөрвөн зуун ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Ц нь нийт 48 тооны адуугаа хулгайд алдаж, нийт 35.550.000 /гучин таван сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирснаас 30 тооны адуу нь олдсон бөгөөд олдоогүй 18 тооны адуу буюу 20.650.000 /хорин сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирлоос хохирогч Д.Ц нь 1 тооны унага авч үүний үнэ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирлыг хасч, 20.450.000 /хорин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Б-с гаргуулж хохирогч Д.Ц-д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Д.Ц нь адуугаа эрж хайсны зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Б-с нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн 201522000799 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Б-ийн эзэмшлийн 1 тооны хөх сарлагын эм үхрийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг үхрийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хохирогч Д.Ц-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Ч.Б-г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-н цагдан хоригдсон 409 /дөрвөн зуун ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 20.450.000 /хорин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д олгож, хохирогч нь адуугаа эрж хайсны зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Б-с жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн 201522000799 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийн эзэмшлийн 1 тооны хөх сарлагын эм үхрийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 1 тооны хөх сарлагын эм үхрийг хохирогч Д.Ц-д олгосугай.  
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМСҮРЭН