| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04296/И |
| Дугаар | 102/ШШ2024/02832 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/02832
2024 оны 05 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2024/02832 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Г.Ариунаа, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Л.Бархасжавыг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:......................................................................................................................................
Нэхэмжлэгч:..................................................................................................................................................
Нэхэмжлэлийн шаардлага: ............................................................................................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ........................ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.....................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ................ хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага.
1.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл,...................шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: Манай мал болон малын хашаа, саравч маань 2012 оны 4 дүгээр сарын 22-нд Төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан түймэрт өртөж шатсан. Тэр үед Төмөр замынхан төмөр замаа түймрийн аюулаас хамгаалах зурвас цурав тавьж шатааж байгаад хариуцлага алдаж гал алдсанаас Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуун хороот сумдын нутаг шатаж, олон айл өрх гэр орон, мал хөрөнгөө шатаалгаж хохирсон. Уг хэргийг цагдаагийн газар шалгаж байгаад эцэст нь 2017 оны 5 дугаар сард Эрүүгийн хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Бид тэрийн мэдээгүй, өмгөөлөгч л гомдол гаргаж байсан гэсэн. Гэтэл малчин иргэн бид яахаа мэдэхгүй байтал хохирлоо иргэний журмаар нэхэж байна гэдгийг сонсоод өмгөөлөгчид хандаж, 2022 оны 4 дүгээр сарын 06-нд өргөдөл бичиж шүүхэд өгсөн. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхээс хэргийг шийдэхдээ ..................-ийн нэр дээр тоологдсон малыг ............ нэхэх эрхгүй гэж нэхэмжлэлийг маань хэлэлцэхгүй хэргийг хэрэгсэхгүй орхижээ. ............би аав.............аас итгэмжлэл авч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн нэрээр гаргасан. Одоо бид хоёулаа нэхэмжлэгчээр оролцож байна. Мал маань аав дээр тоологдож явсан. Уг түймэрт манай малын хашаа саравч /6х8 харьцаатай/ шатсан. Саравчны материалын тооцоо үнэлгээг өгсөн. Үүнд: Шопол 35 ширхэг, нэг бүрийг 10,000 төгрөгөөр үнэлж 900,000 төгрөг гэж үнэлснийг үнэлгээ хийсэн шинжээч багасгасан байсан. Бид энэ үнэлгээг нь зөвшөөрч нэхэмжлэлээ гаргаж байгаа. Шопол 35 ширхэгийг нийт 280,000 төгрөг, 3-ын банк 250 ширхэгийг нийт 450,000 төгрөг, хамаг хашаа 8 ширхэгийг нийт 240,000 төгрөг, аргал хөрзөн 10 машин нийт 100,000 төгрөг, эм ямаа 45 толгой нийт 910,000 төгрөг, борлон 11 толгой нийт 440,000 төгрөг, эм хонь 16 толгой нийт 1,120,000 төгрөг гэж хөрөнгийн үнэлгээний шинжээч үнэлсэн байсан нийт 6,240,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Уг нь манай хохирол 9,195,000 төгрөг гэж тухайн үедээ тогтоогдсон. Тэр үед Төмөр замынхан хохиролгүй болгоно гэдэг яриа гарч, гэр бараа шатсан айлд муу сайн гэр өгсөн л байсан. Одоо бид хохирсон хохирлоо авч чадахгүй 11 жил гаран болоод хохирч байхад ганц удаа ч “яаж байна” гэж туслаж дэмжээгүй. Шинээр хашаа саравчийн мод зөөж тээвэрлэж өчнөөн зардал гаргаж, хохирсон дээрээ л хохирсон. Аав бид хоёрын мал адил, мөн адилхан маллаж, адилхан л бүх малдаа хашаа саравч бэлдэж өгсөн. Ийм учир мал, хашаа саравч, шатсан бүх зүйлийг ялгаж салгах боломжгүй. Малын хашаа саравч, хаамаг шополь нийт 970,000 төгрөгөөр үнэлсний 50 хувь болох 485,000 төгрөг, аргал хөрзөн 100,000 төгрөгийн 50 хувь болох 50,000 төгрөг, шатсан мал нийт 5,170,000 төгрөгөөр үнэлэгдсэний 50 хувь болох 2,585,000 төгрөг, нийт 3,120,000 төгрөгийг шаардаж байгаа. Одоо би аав .............-аас авсан итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Манайх Чулуунхороот суманд Дөргөн нуур гэдэг газар нутаглаж байсан. Төмөр замаас гарсан түймрээр мал, малын саравч, түлээ түлш зэрэг өртсөн. Сүүлийн үнэлгээний газраас үнэлсэн үнэлгээгээр 6,240,000 төгрөгийг шаардаж байгаа. Хэдий тэнцүү хувааж бичсэн ч бид хоёулаа энэ нэхэмжлэлийг хариуцагчаас шаардах эрхтэй, бид хоёулаа хохирсон, бидний хэн алиных нь хөрөнгө юм. Аав маань өндөр настай учир хуулийн байгууллагаар яваад байх боломжгүй учраас эрүүгийн хэрэгт би хохирогчоор тогтоогдож явсан. Галын улмаас учир хөрөнгийн хохирлын талаар комиссын дүгнэлт гарахад миний ч, аавын ч нэрээр явж байгаа...гэв.
1.2. Нэхэмжлэгч ............. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулгад: Дорнод аймгийн Чулуун хороот сумын Дэлгэр багийн иргэн ............................................... миний бие 2012 онд сумандаа малаа маллаж байхад 4 сарын 22-нд түймэр гарч, төмөр замын ажилчдын тавьсан уг түймэрт манай мал, хашаа саравч, аргал хөрзөн түлш бүгд шатаж, хэдэн малаа авч үлдсэн. Зарим нь шатсан............... бид төрсөн эцэг хүү болохоор мал хашаа саравчаа хамтарч авч босгож, өсгөж үржүүлдэг. Мал дээрээ би голдуу байдаг ч ойрхон учир хүү............... байнга л ирж очиж, тусалж дэмжиж малаа малладаг. Миний нэр дээр мал тоологддог. Тэрийгээ дагаад хашаа худаг нь тоологддог............ бидний дундын өмч учир хүү.................цагдаа шүүхээр явах нь дээр гэж хохирогчоор оруулсан. Гэтэл шүүхэд юм гэдэг их нарийн, ам өрх тусгаар болохоор хэн нь юугаараа хохирсон, хэн хэний юу юу шатсан талаар нарийн хэлэлцдэг юм байна. Ингээд хэрэг шийдэгдэж чадахгүй дахин дахин явж байгааг ойлголоо. Уг нь хүүгийн мал бас малладаг, ижил им тэмдэгтэй. Тэрнийх энэнийх гэж өөр өөр им тэмдэг хэрэглэдэггүй. Хашаа саравчийг залуу хүн болохоор хүү мод шопалийг нь авч шинээр янзалж босгосон юм. Хуучин хашаа нь шургааг банз дотор гадарт нь зайг бөглөж битүүлсэн байсан. Ийм болохоор хүү бид хоёр миний чинийх гэж ялгадаггүй. Тэгээд заавал ялгаа зааг гаргах ёстой бол бүх хохирлыг тэгш тэнцүү тоогоор тооцож тоог гаргахаас өөр аргагүй. Нэгэнт шатаад үрэгдээд дууссан хашаа саравч түлээ түлш, мал шүү дээ. Нэхэмжилсэн мал хашаа саравч аргал хөрзөн түлшээ хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлсэн үнэлгээгээр үнэлэн тэгш хувааж буруутай газраас буюу УБТЗамаас гаргуулж өгнө үү...гэжээ.
1.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ..................шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг дээр.............. хохирогчоор тогтоогдсон учраас л ................ нэхэмжлэл гаргасан боловч итгэмжлэл олгоогүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Нэг гэр бүлийн хөрөнгийг хоёулаа шаардах эрхтэй гээд хариуцагч тал зүтгээд байгаа юм. Хоёулангийнх нь дундын өмч байна гээд байхаар бид нар ярилцаад хэнийх нь өмч юм бэ гэдэг талаар ..................................нараас асуухаар нэг тамга тэмдэгтэй, нэг угшилтай мал учир зааглахгүй. Анх......................... нь өнөөдрийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Тэр нь 2017 оны 5 дугаар сарын 05-нд Эрүүгийн хэрэг шалгаж дууссанаас хойш 5 жилийн хугацаандаа багтаж нэхэмжлэл гаргасан. Тиймээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Итгэмжлэл байхгүй гэсэн зөрчлөө арилгаад нэхэмжлэл гаргасан. Нийт учирсан хохирол 9,195,000 төгрөг байгаа. Үүнийг өмнөх хэрэг дээр хөрөнгийн үнэлгээний байгууллага яг тэр тоо ширхэг хэмжээгээр нь үнэлсэн. Үнэлээд 6,240,000 төгрөг болгож хоргодуулж гаргасан. 10 тэрэг гэдэг нь 10 машин аргал юм. Гэтэл үүнийг 10,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үүнийг нь бид орхихоор болсон. Иймд ......................................нарын гэр бүлд учирсан хохирлыг арилгаж өгнө үү. Тухайн үед хөрөнгө үнэлэгдсэн. Шүүхээс шинжээч томилж үнэлүүлээгүй байсан ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байх ёстой гэдэг байсан. Үнэлгээ гаргуулсан байсан учраас дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хохирол учирсан нь үнэн. Бүтэн 12 жил өнгөрсөн байхад нэг ч төгрөг төлөөгүй. 9,195,000 төгрөгийн хохирол 6,240,000 төгрөг болж багассан байгаа учир дахин хохироохгүй байна уу...гэв.
2. Хариу тайлбар.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:
2012 оны 4 дүгээр сард Дорнод аймгийн зарим сумд тал хээрийн түймэртэй байсан ба 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумаас эхтэй тал хээрийн түймэр гарсан. Уг түймэр Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумдыг хамарсан бөгөөд Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замын дэр мод, төмөр зам, холбооны шугамаа түймрийн галаас хамгаалж, цурав тавих ажиллагаа хийсэн. Энэхүү хээрийн түймрийн эзэн холбогдогчоор иргэн ........................мөрдөн байцаалтаар тогтоож Дорнод аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Сум дундын шүүхээр хянан хэлэлцэгдэж, хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар хорих ялаар шийтгэгдсэн. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд нийт 194,031,040 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин УБТЗ-ын Баянтүмэн тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, шинжилгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэ шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нарын хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт нь 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийн материалаас бүрдсэн байх ба хэргийг шалгах явцад гэм буруутайг тогтоосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг нээн шалгаад гэм буруутай этгээдийг тодорхой болгоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь эцэслэн тогтоогдоогүйн улмаас хэргийг хаасан, хариуцагч “УБТЗ” ХНН-ийг яллагдагчаар татаагүй, яллагдагчаар татсан тогтоол гараагүй, түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсээгүй, шалгаагүй. 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа сэжигтнээр ................................................ нарыг тооцон татаж, холбогдох ажиллагааг явуулсан........................ нь нэхэмжлэлдээ нийт хохирлоо 6,240,000 төгрөгөөр үнэлэн 8 төрлийн эд зүйлийг нэрлэсэн байх ба тус бүрийн үнийг заан шаарджээ. .................... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл байна. 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан баримтад хохирогчоор ........................тогтоогдоогүй. Иймээс гэм хорын улмаас учирсан хохирлыг шаардах эргүй этгээд болно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн 8 төрлийн эд зүйлээ үнэлсэн 6,240,000 төгрөгийг ямар тоо баримт, үнийн эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх ба дээрх үнэ өртгөөр шатсан гэх хашаа саравчийн материал, эд зүйлээ худалдан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь нийт 85 тооны малаа түймэрт алдсан гэж нэхэмжлэх ба дээрх тооны малтай байсан гэдгээ нотолсон баримтыг ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэр дээр 2011-2012 онд хэдэн тооны ямар мал тоологдож бүртгэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А-53 дугаартай захирамжаар түймрийн хохирол тогтоох ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг Чулуунхороот сумын малчдын түймэрт шатсан гэр, хашаа саравч, пингийн жагсаалтыг гаргасан ба уг жагсаалтад Г.Гангаа гэх иргэний мэдээлэл байхгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гомдлын шаардлага гаргах ерөнхий болон тусгай хугацааг зохицуулсан ба 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил” гэж заасан. Нэхэмжлэгч 2012 онд үүссэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш 5 жилийн дотор шаардлагаа гаргаагүй тул хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Гарсан гал түймэртэй маргахгүй. Хэрэгт авагдсан баримтаар манай байгууллагыг түймэрт буруутай гэж үзээд байгаа. Бусдын буруутай хууль бус үйлдлээс болж учирсан хохирлоо шаардах эрхээ тодорхойлохдоо тухайн эд хөрөнгө, мал, малын хашаа саравч гээд байгаа ч өөрийн эзэмшил, өмчлөлд байсан гэдгийг нотлох үүргийг хуулиар хүлээж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ..................нь нэхэмжлээд байгаа толгой, тооны мал эзэмшдэг байсан гэдэг нь мал тооллогын баримтаар нотлогдохгүй байгаа. Малын саравч хэзээ ашиглалтанд орсон, хэдэн жил эзэмшсэн, байсан гэдэг нь тодорхойгүй байдлаар нэхэмжлээд байдаг. Өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах ёстой боловч тодорхойлж чадахгүй байна. Тэгэхээр хариу тайлбараа ямар журмаар гаргахаа ойлгохгүй байна. 50, 50 хувь гээд байгаа, хоёулаа хэзээ хаанаас яаж худалдаж авсан гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас харахаар хоргодсон гээд байгаа мал нь аавын нэр дээр нь бүртгэгдсэн байдаг. Гэтэл ...............тал нь минийх” гээд нэхээд байдаг. Аль нь..................., аль нь...................ийнх гэдэг нь тодорхойгүй байна. Үнэлгээ гаргасан 6,240,000 гэж тодорхойлоод байна. Тухайн үнэлгээний тооцоолол нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гарсан шийдвэртэй холбоотой гарсан үнэлгээ юм. Өөр хэргийг шийдвэрлэсэн хэргийн материалаас авсан баримтыг үндэслээд шаардаж байгаа нь үндэслэлгүй. .......................ийн хохиролд тооцсон зүйл үнэлгээнд байхгүй. Энэ хэрэг 2023 оны 12 дугаар сард үүссэн. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа 2017 онд хэрэгсэхгүй болж хаагдсан. Тухайн хэрэгт хохирсон гэх иргэд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны дотор шаардах эрх үүснэ. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж дууссанаас хойш нэхэмжлэл гаргасан хугацаа нь хуульд заасан 5 жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт өгөөгүй байна. Хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлнө. . ...........................улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. Харин нэхэмжлэгч.бол өөрий...........н нэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч....................хохирогчоор тогтоогдоогүй. Хохирогчоор М.Ганхуягийг тогтоох үндэслэл байхгүй. Иймд .................ийг хохирогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хохирогч болон хууль ёсны төлөөлөгч томилох тогтоолын хуулбар /хх-6/, .................г хохирогчоор байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-7-10/, Эд зүйлийн үнэлгээний хуулбар /хх-11/, Хээрийн түймэрт өртөж шатсан хохиролтой танилцсан тэмдэглэлийн хуулбар /хх-12/, Галуут багийн малчин ...................ийн суурь хохирлын дүнгийн хуулбар /хх-13/, Ой хээрийн түймрийн хохирлын актын хуулбар /хх-14-18/, Түймэрт өртсөн малын тоо, ангиллын хуулбар /хх-19/, Чулуунхороот суманд 2012 оны 4 сарын 22-23-нд гарсан түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалтын хуулбар /хх-20-21/, Ажлын хэсэг байгуулах тухай Чулуунхороот сумын засаг даргын захирамжийн хуулбар /хх-22/, мөн засаг даргын Үнэлгээний комисс томилох тухай захирамжийн хуулбар /хх-23/, Малын сэг зэм устгах тухай захирамжийн хуулбар /хх-24/, Түймэрт шатсан малын сэг, зэмийг устгасан тухай илтгэх хуудсын хуулбар /хх-25-26/, Хамгаалалтын зурвас татах тухай УБТЗ-ын Баянтүмэн тасгийн даргын тушаалын хуулбар /хх-27/, УБТЗ-ын Баянтүмэн тасгаас Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргад хүргүүлсэн “Зөвшөөрөл хүсэх тухай” албан бичгийн хуулбар /хх-28/, Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудсын хуулбар /хх-29/, Баянтүмэн тасгаас Дорнод аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн “Хээрийн түймрийн тухай” албан бичгийн хуулбар /хх-30/, Иргэний хариуцагчаар татах тогтоолын хуулбар /хх-31, 64/, ЦЕГ Гэмт хэрэгтэй тэмцэх газрын төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс УБТЗ-ын даргад хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-32/,......................................................... нарыг гэрчээр байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-33-41/, фото зургууд /хх-42-43/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01896 дугаар шийдвэрийн хуулбар /хх-48-50/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн Шинжээч томилох тогтоолуудын хуулбар /хх-51-52, 55-56/, Галын шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-53-54, 57-60/, Хэрэг учралын газар үлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-61-62/, 2012.04.22-нд гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем /хх-63/, Хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай танилцуулга /хх-65-67/, Мал тооллогын А дансны хуулбар /хх-84/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай “УБТЗ” ХНН-ийн даргын 2012 оны Б-2-64 тоот тушаалын хуулбар /хх-85/, Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-86/, Дорнод аймгийн Прокурорын газраас өмгөөлөгч ..................д хүргүүлсэн шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17027 дугаар захирамжийн хуулбар /хх-89-91/, өмгөөлөгч ........................ийн гаргасан хүсэлтийн хуулбар /хх-92-93/,........................................р нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /хх-94-97/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-98-104/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан тухай баримтын эх хувь /хх-109/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа нотлох баримт шүүхэд гаргаагүй байна.
5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хэрэг аав дээр нь шийдэж болохгүй гээд байх шиг байна. Миний бодлоор нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж бодож байна. Сайн мэдэхгүйгээс л аав нь хөгшин настай учраас хүүгээ явуулаад байсан байна. Хуулийн мэдлэггүйгээс нэхэмжлэлээ буруу гаргаж явсан болов уу гэж бодож байна. Хариуцагч байгууллагыг гэм буруутай гэж үзэж байна...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх.................................нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. .....................................нар “УБТЗ” ХНН-ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6,240,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “2012 онд гарсан хээрийн гал түймэрт хариуцагч байгууллагын Баянтүмэн тасгийн ажилчдын тавьсан цуравнаас гал алдсаны улмаас түймэрт мал болон бусад хөрөнгө шатаж хохирол учирсан. Тухайн үед тогтоогдсон хохирлын үнэлгээ 9,195,000 төгрөг байсан боловч....................ын өмнө гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтийн үнэлгээ 6,240,000 төгрөгийн хэмжээгээр хохирлоо шаардаж байна. Мал болон хашаа саравч зэрэг хөрөнгүүд .......................................... бидний дундын хөрөнгө учир хоёулаа шаардах эрхтэй, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ................................ийн эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй,....................ын нэр дээр мал бүртгэлгүй, нэхэмжлэгч нар 2017 онд хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, шаардаж буй хохирол учирсан гэх эд хөрөнгө нэхэмжлэгч нарын хэнийх гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч ................. улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. “УБТЗ” ХНН-ийн Баянтүмэн тасгийн ажилчид 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах тус тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт экологийн 80,478,078 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680,502,470 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан, тэдэнд холбогдуулан Эрүүгийн 201211000253 дугаартай хэрэг үүсгэн шалгасан байна.
4.2. Дээрх эрүүгийн хэрэгт “УБТЗ” ХНН нь эрүүгийн хариуцагчаар, нэхэмжлэгч................ нь хохирогчоор тогтоогдсон байх бөгөөд Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ..............................ийн гаргасан гомдлын дагуу Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/107 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дээрх прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учир гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.
4.4. “УБТЗ” ХНН-ийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-64 тоот тушаалаар Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын зам түймрээс хамгаалах зурвас газрын өвс шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангаагүйгээр ажиллуулж гал алдаж хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн дарга........................д үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, орлогч дарга............................. үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, Цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн дарга ...................................., барилга орон сууцны хэсгийн дарга .........................Замын 5 дугаар хэсгийн мастер ...................... нарт үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.
4.5. Нэхэмжлэгч................нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд..................... ..........................нарын хамт нэхэмжлэл гаргаж, тэдний нэхэмжлэлийг шүүх хянаад 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01896 дугаар шийдвэрээр....................................... нарын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, харин.......................................өмнөөс, түүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгосон баримтгүй гэж дүгнэн, түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.
4.6. Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр Г.Гангын 35 ширхэг шпаль 280,000 төгрөг, 250 ширхэг 3-ын банз нийт 400,000 төгрөг, 8 ширхэг хаамаг 240,000 төгрөг, 10 машин аргал хөрзөн 100,000 төгрөг, 45 толгой эм ямаа 2,700,000 төгрөг, 13 толгой эр ямаа 910,000 төгрөг, 11 ширхэг борлон 440,000 төгрөг, 16 толгой эм хонь 1,120,000 төгрөгийн тус тус хохирол учирсан болохыг тогтоосон байна.
5. Талууд 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хээрийн түймэр “УБТЗ”-ын Баянтүмэн тасгийн ажилчдын тавьсан цуравнаас үүссэн, уг галын улмаас буюу хариуцагч байгууллагын ажилчдын гэм буруугаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нар гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, гэм хор учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг хуульд нийцүүлэн нотолсон эсэх, нэхэмжлэгч нар хохирол шаардах эрхтэй эсэх, хариуцагч хохирлыг барагдуулах үүрэг хүлээх эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргав.
6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч “УБТЗ” ХНН-ийн гэм буруугаас шалтгаалан нэхэмжлэгч................................ нарын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогдсон, хуулийн мэдлэггүйгээс нэхэмжлэлээ буруу гаргаж явсан байна гэж дүгнэсэн.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гал түймэр хариуцагч байгууллагын ажилтнуудын гэм буруугаас гарсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд иргэдийн төлөөлөгч хариуцагч байгууллагыг буруутай байна гэж дүгнэсэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар гэм буруугийн байдал нотлогдсон учир шүүх бүрэлдэхүүн хариуцагч “УБТЗ” ХНН-ийн гэм буруугийн талаар тусгайлан, нотлох баримт тус бүрд дүгнэлт хийх шаардлагагүй үзэн, нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу эд хөрөнгөд учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж шийдвэрлэлээ.
8. Харин хариуцагч талын татгалзаж буй эхний үндэслэл болох хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх тухайд дараах дүгнэлтийг хийв.
8.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна.
8.2. Хариуцагч “УБТЗ” ХНН-ийн Баянтүмэн тасгийн ажилчдад холбогдох Эрүүгийн 201211000253 дугаартай хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Ганга 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд .............................................нарын хамт нэхэмжлэл гаргасан байна.
8.3. Дээрх иргэний хэргийг шүүх хянаад 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01896 дугаар шийдвэрээр........................................ нарын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж,....................аав .........................ийн өмнөөс, түүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгосон баримтгүй гэж дүгнэн, түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,................. нь ...................аас итгэмжлэл авснаар 2023 оны 8 дугаа рсарын 28-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад........................нар хамтран нэхэмжлэгчээр оролцож байна.
8.4.................. анх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна.
8.5. Тодруулбал: эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гарч, нэхэмжлэгч...............2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буюу хуульд заасан 5 жилийн хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Тухайн хэрэг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэгдэж, ................ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосноор Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хугацааг дахин шинээр тоолох тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргасан байна.
9. Нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол шаардах эрхийн тухайд:
9.1. Хээрийн гал түймэр гарахад нэхэмжлэгч....................... нар Дорнод аймгийн Чулуунхороот суманд оршин сууж, мал малладаг байсан ба одоо ч амьдарсаар байгаа. 2011 оны Малын тооллогын А данс бүртгэлээр Дорнод аймгийн Чулуунхороот сум, Галуут баг, ............................................ адуу 6, үхэр 19, хонь 9, ямаа 82, бүгд 116 мал бэлэн тоологдож, эх малын төллөлт хэсэгт гүү-1, үнээ 8, эм хонь 25, эм ямаа 46, бүгд 80 бүртгэгджээ.
9.2. Нэхэмжлэгч ............. 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, галд шатаж хохирсон хохирлоо: банз шополоор хийсэн 6х8 хэмжээтэй малын хашаа 806,400 төгрөг, хаамаг хашаа 8 ширхэг, тус бүр нь 35,000 төгрөг нийт 280,000 төгрөг, түлээний мод /аргал хөрзөн/ 10 машин тус бүр 70,000 төгрөг нийт 700,000 төгрөг, ямаа 69 тус бүр 43,000 төгрөг нийт 2,967,000 төгрөг, хонь 16 тус бүр 54,000 төгрөг нийт 864,000 төгрөг гэж үнэлж байгаа тухай хохирогчоор асуугдахдаа тайлбарлаж, 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор дахин асуугдахдаа галын шинжээчийн дүгнэлтэд ямар нэг саналгүй болохоо илэрхийлж, мал болон эд хөрөнгийн талаар сумаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарласан байна.
9.3. Эрүүгийн хэрэг хянагдах явцад мөрдөн байцаагч ..................үйлдэж, үнэлгээний комиссын дарга . гишүүд .................................нар гарын үсэг зурж баталгаажуулан, Цагдаагийн газрын МБТ-ийн дарга ................... зөвшөөрсөн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр .......................ийн ................ын малын хашааг 900,000 төгрөгөөр, 250 ширхэг 3-ын банзыг 500,000 төгрөгөөр, 8 ширхэг хаамаг хашааг 280,000 төгрөгөөр, 10 машин аргал хөрзөнг 700,000 төгрөгөөр, эм 45 толгой ямааг 3,375,000 төгрөгөөр, эр 13 толгой ямааг 1,560,000 төгрөгөөр, 11 толгой борлон ямааг 440,000 төгрөгөөр, эм 16 толгой хонийг 1,440,000 төгрөгөөр тус тус үнэлж, нэхэмжлэгч М.Ганхуяг 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутад түймэрт өртөж шатсан хохиролтой холбоотойгоор 6х8 харьцаатай малын хашаа, хаамаг 8 ширхэг, ямаа 69, хонь 16, түлээ 10 тэвш байсан талаар мэдүүлэн бичиж, гарын үсэг зуржээ.
9.4. Мөн Галуут багийн малчин.ийн суури.................ны малын хашаа, хаамаг, түлээ, ямаа 69, хонь 16 зэрэг хөрөнгө өртсөн талаар Чулуунхороот сумын засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/53 тоот захирамжаар байгуулагдсан “түймэрт өртсөн айл өрхийн хохирлыг тогтоох” ажлын хэсгийн ахлагч, гишүүд гарын үсэг зурж гаргасан байна.
9.5. Дээрх ажлын хэсгээс 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Ой хээрийн түймрийн хохирлын акт” үйлдэж, Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг дарга .........................актыг батласан байх бөгөөд уг актын 8 дугаарт................................./Махбарагийн Ганхуягийн хүү/ малын хашаа, 3-ын банз 250 ширхэг, шопол 35 ширхэг, хаамаг, түлээ хөрзөн 10 тэвш, эм ямаа 45 толгой, эр ямаа 13 толгой, борлон 11 толгой, эм хонь 16 толгой, нийт 9,195,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаржээ.
9.6. Мөн түймэрт өртсөн малын тоо, ангилал бүхий жагсаалтын 2 дугаарт “..................... хонь 16, ямаа 69, бүгд 85” гэж, 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн Түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалтын 17 дугаарт ...................хашаа саравч -1, мал-85” гэж, 4 дүгээр сарын 25-ны өдрийн Түймэрт өртсөн иргэдийн хохирлын мөнгөн дүнгийн нэгтгэл бүхий жагсаалтын 6 дугаарт “...........................мал 3,831,000 төгрөг, хашаа 1,086,400 төгрөг, эд зүйл 700,000 төгрөг, нийт дүн 5,617,400 төгрөг” гэж тус тус бичигдсэн байна.
9.7......................................................................нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас................. учирсан хохирлыг: “35 ширхэг шпаль 280,000 төгрөг, 250 ширхэг 3-ын банз нийт 400,000 төгрөг, 8 ширхэг хаамаг 240,000 төгрөг, 10 машин аргал хөрзөн 100,000 төгрөг, 45 толгой эм ямаа 2,700,000 төгрөг, 13 толгой эр ямаа 910,000 төгрөг, 11 ширхэг борлон 440,000 төгрөг, 16 толгой эм хонь 1,120,000 төгрөгөөр” тус тус үнэлэн, дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч нар уг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нийт 6,240,000 төгрөгийг шаардсан.
9.8. .................... эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгөхдөө “...Галуут багийн иргэн өөрийн төрсөн аав.....................ийн гэрийн гадаа очиход баруун урд зүгээс гал малын хашаа руу нөмрөөд орж ирсэн. Тэгээд бид нар малын хашааны галыг унтраах гэхэд дийлэгдэхгүй болохоор байшингаа хамгаалж байх хооронд гэрээс 40-50 метрийн зайд байсан манай бог мал руу гал орж бүх мал шатчихсан. Миний аав.......................................нь хөдөө байгаа учир галд шатсан хохирогчоор нь би байцаалт өгнө...” гэж мэдүүлжээ.
9.9. Хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч ............................. нар хэн аль нь нэхэмжилж буй малын хашаа саравч, хаамаг хашаа, аргал хөрзөн зэрэг эд хөрөнгүүд болон 69 толгой ямаа, 16 толгой хонь зэргийг дундаа хамтран өмчлөгчид гэж дүгнэх үндэслэлтэй байна.
9.10. Учир нь нэхэмжлэгч нарын шаардаж буй хохирол учирсан эд хөрөнгүүд нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан хөдлөх эд хөрөнгө байна. Тиймээс мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох бөгөөд хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэгт заасны дагуу нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байх боломжтой.
9.11. Нэхэмжлэгч нар нь Дорнод аймгийн Чулуунхороот суманд амьдардаг, мал болон малын хашаа саравч, аргал хөрзөн зэргийг хамтран бий болгосон талаар тайлбарласан ба тэдний тайлбар түймэрт өртсөн айл өрхийн хохирол тогтоох ажлын хэсгийн акт, айл өрхийн хөрөнгийн жагсаалт, мал тооллогын баримтууд зэргээр нотлогдож байх тул түймэрт өртсөн эд хөрөнгийн хохирлоо................... нар хамт шаардах эрхтэй байх тул хариуцагч “УБТЗ” ХНН-ээс хохирол 6,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
9.12. Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэгч нарыг тухайн эд хөрөнгүүдийг эзэмших, өмчлөх эрхгүй гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудыг няцаах баримт гаргаагүй байна.
10. Нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 113,990 төгрөгийг нэхэмжлэгч ............. гаргаснаар нэхэмжлэгч.................тухайн нэхэмжлэлийг..................ын хамт шаардах эрхийг үгүйсгэхгүй ба..............нь ................... олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.
11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид төлсөн 113,990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 6,240,000 /зургаан сая хоёр зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................................... нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид төлсөн 113,990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.АРИУНАА
Ш.ОЮУНТУУЛ