| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01132/И |
| Дугаар | 102/ШШ2024/04159 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04159
2024 оны 09 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2024/04159 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..............................................
Хариуцагч: .................................
Нэхэмжлэлийн шаардлага: .............................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч . нар................... оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ................хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч................ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Zoomlion маркийн ..........УБЦ улсын дугаартай 25тн даацтай автокранаар...................... ХХК-ийн ажилласан төсөл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд орших Арвай вилла хотхоны С....................... буулгах ажлыг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн, нэг өдрийн 1,000,000 төгрөгийн хөлстэйгөөр ажиллаж эхэлсэн. Би ажлыг өгсөн зааварчилгааны дагуу 100 хувь хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Ажлын хөлсөө хэдэн өдөр ажиллаж байгаад цувуулж авдаг байсан ба ажил дуусахад “................” ХХК-иас нийт 16,000,000 төгрөгийн авлагатай үлдсэн. Хариуцагч тал үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байнга нэхэл дагал болгож ажлын байр болон утсаар мөнгөө нэхүүлж байж 2023 онд 3,000,000 төгрөгөөр 2 удаа тасалж, нийт 6,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхгүй хүндрэл учруулж байна. Хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн баталгааг 2 удаа бичиж өгсөн хэдий ч баталгааны дагуу төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй. Нэхээд очихоор “чамд мөнгө өгөхгүй, чадахгүй” гэх мэтээр хэл амаар доромжилж намайг маш их хохироож байна. Тухайн үед 2022 онд ямар ч НӨАТ-ын баримт, хувь хүний орлогын албан татварын талаар ярилцаагүйгээр орсон. Гэтэл одоо үндэслэлгүйгээр ийм юм нэхээд байгаа...гэв.
1.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д зааснаар ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, харилцан тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна. Өдрийн 1,000,000 төгрөгийн хөлстэй байхаар тохиролцсон. 10 өдрийн юмуу 3 өдрийн ажлын хөлс нь дансаар орж байсан гэдэг нь дансны хуулгаар тогтоогдоно. Хариу тайлбарт дурдсан Хувь хүний орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйлд зааснаар.............. нь хөлсөөр ажиллах юмуу, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Харин ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.1-18.6.8 дахь хэсгүүдэд зааснаар талуудын хооронд татвар суутгах талаар тохиролцоогүй, ийм тохироо байхгүй. Хэрвээ суутгагдсан бол компанийн татварын тайлангаас харагдана............... компаниас төлбөрийг төлж байгаагүй, харин захирал н.Ганбатын дансаар мөнгийг шилжүүлж байсан. Иймд үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг ............... гаргуулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс ...................... ажил хийгээгүй гэж, мөн хоног хугацаа дутуу гэж маргаагүй. Үлдэгдлийн талаар баталгаа бүхий албан бичиг үйлдэж байгаа нь ............. хариуцагч.................-ийн барилгын талбайд хариуцсан ажлаа хийгээд, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байгааг нотолж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч...................... ХХК-ийн төлөөлөгч Г.Ганбат шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манай компани ...............2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аман тохироогоор өргөгч машины үйлчилгээ /өргөгч кран/ авч байсан бөгөөд тухай бүр төлбөрийг шилжүүлж байсан................ нь нийт 66,200,000 төгрөгийн ажил гүйцэтгэж, үүнээс 55,200,000 төгрөгийг Хаан банкны............. тоот......................... дансанд шилжүүлсэн байна. Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын дагуу........... нь татвар төлөгч, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсгийн дагуу түүний үзүүлсэн үйлчилгээ нь татвар ногдох орлого мөн гэж үзэж байгаа тул хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу 6,620,000 төгрөгийг суутган тооцож, .............. 3,380,000 төгрөгийн өглөгтэй. Иймд тус өглөгийг........... харилцан тохиролцож, үл маргах журмаар төлж барагдуулахад бэлэн байна...гэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, “Дэвжих буянт оршихуй” ХХК-ийн захирал ......... болон ........... нарын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн баримтын хуулбар /хх-5/, “............. ХХК-иас............... хүргүүлсэн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 06/07 тоот Баталгаа гаргах тухай албан бичгийн хуулбар /хх-6/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-7/, фото зураг /хх-9/, ............ “Голомт банк” ХК дахь харилцах дансны хуулга /хх-10-53/, ................. “Хаан банк” ХК дахь харилцах дансны хуулга /хх-54-155/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргасан /хх-8/ боловч тухайн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.
4. Хариуцагч талаас шүүхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-170/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-160/ зэргийг баримтаар гаргаж, тайлбар татгалзлаа нотлох аливаа бичмэл баримт гаргаагүй байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ................. нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр байгуулж, хариуцагчаас өгсөн зааварчилгааны дагуу өөрийн өмчлөлийн автокранаар хариуцагчийн барилгын ажил явуулж байсан Арвай вилла хотхоны С2 барилга дээр өргөх, буулгах ажлыг гүйцэтгэн, ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Нэг өдрийн 1,000,000 төгрөгийн хөлстэй ажилласан, ажил дуусахад 16,000,000 төгрөгийн үлдэгдэл хөлс олгогдоогүйг талууд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлж баримт үйлдсэнээс хойш 6,000,000 төгрөгж төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөөгүй учир буцаан шаардана...” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, тайлбар татгалзлын үндэслэлээ: “төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөг байгаа талаар болон ажилласан хугацаа, цалин хөлсийн талаар маргаагүй. Харин уг төлбөрийн үлдэгдлээс 6,620,000 төгрөгийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу нийт гүйцэтгэсэн 66,200,000 төгрөгийн үнэ бүхий ажлын хөлсний 10%-д суутган тооцож, үлдэгдэл 3,380,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө” гэх агуулгаар тайлбарлаж маргасан байна.
4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. ............. нь өөрийн эзэмшлийн ............. УБЦ улсын дугаартай Zoomlion маркийн автокранаар “.....................” ХХК-ийн төсөл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах .....................ы С-2 барилга дээр хариуцагчаас өгсөн зааварчилгааны дагуу өргөх, буулгах ажил гүйцэтгэх, нэг өдрийн хөлс 1,000,000 төгрөг байхаар аман хэлбэрээр харилцан тохиролцсон байна.
4.2. Талууд харилцан тохиролцсоноор............... нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн автокраныг барилгын талбайд ажиллуулж, нийт 66,200,000 төгрөгийн хөлс авахаас “......................” ХХК-ийн захирал Г................... 50,200,000 төгрөгийг дансаар авч, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 16,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй болохыг талууд тооцоо нийлсэн баримтаар баталгаажуулжээ.
4.3. Хариуцагч нь дээрх төлбөрөөс 3,000,000 төгрөгийг төлж, улмаар 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “......................” ХХК-иас 06/07 тоот “Баталгаа гаргах тухай” албан бичгээр төлбөрийн үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 6 дугаар сарын 09-ний тухайн өдөртөө 3,000,000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж харилцан өр төлбөргүй болохыг баталсан байна.
5. Талууд аман хэлбэрээр харилцан тохиролцож....................... өөрийн эзэмшлийн автокранаар “.........................” ХХК-ийн барилгын талбайд ажилласан талаар, мөн нийт хөлс 66,200,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар хэн аль нь маргаагүй. Харин уг төлбөрийн үлдэгдлээс хариуцагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар 10 хувийн татвар 6,620,000 төгрөг суутгах эрхтэй эсэх талаар тус тус үндэслэл зааж маргасан.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Талууд байгуулсан гэрээндээ тодорхой ажлын үр дүн юу байх, хэрхэн хүлээлцэх талаар тохиролцоогүй, энэ талаар маргаагүй тул тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
7. Харин Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хариуцагчийн барилгын талбайд ажиллаж, нэг өдрийн 1,000,000 төгрөгийн хөлс авах нөхцөлөөр, барилгын материалуудыг хариуцагчийн зааварчилгааны дагуу зөөвөрлөхөөр ажилласан. Ажиллуулагч тал гэрээний дагуу хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул ажиллагч нь үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.
5. Талуудын байгуулсан гэрээгээр ажиллуулагч нь ажлын хөлсөөс хувь хүний орлогын албан татварыг тооцож суутган төлбөрөөс хасах талаар харилцан тохиролцоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
6. Түүнчлэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна” гэж заасан ба нэхэмжлэгч............. аливаа үйл ажиллагаа эрхэлснээс олсон орлогын албан татварыг хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад төлвөл зохих татвар, төлбөрийг хариуцагч............................ ХХК-д суутгах эрх үүсэхгүй. Тиймээс хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байх тул ................. нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс шүүхийн зардалд төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........................” ХХК-иас 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч.................... олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дэвжих буянт оршихуй” ХХК-иас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Орхонтуулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА