| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05570/И |
| Дугаар | 102/ШШ2024/04116 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/04116
2024 оны 08 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2024/04116 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...................................
Гуравдагч этгээд: ...................................................
Нэхэмжлэлийн шаардлага: Ц.........................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... гуравдагч этгээд.............. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ................. шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг 6 дугаар хороо .....................тоотод оршин суух .............. нь согтуурсан, мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тул архины албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .т хаягт өөрийн эх ......................................... хамт амьдардаг ба оюутан ахуй наснаасаа согтууруулах зүйл хэрэглэж эхэлсэн. Хувийн байдлын зүгээс тодорхой хэмжээний гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй боловч архидан согтуурч, нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээг зөрчих үйлдлүүд гаргаж байсан. Төрсөн эхтэй нь уулзаж ярилцаад, тайлбар мэдээллийг нь авсан. Хариуцсан хэсгийн ахлагчтай холбогдохоор нэрийг нь мэдэхгүй ч царай зүсээр нь таньдаг ба бүлэг бөөгнөрөл үүсгэдэг талаар ярьдаг. 6 дугаар хорооны эргүүл хариуцсан ажилтан нь .................. архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаа нь харагддаг гэж тайлбар өгсөн байгаа. ................. сайн дураараа эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Хувийн эрүүл мэнд нь маш муудсан. Өчигдөр цусаар бөөлжиж, таталт өгч, ухаан алдаж унасан. Эрүүл мэндийн байгууллагаас дүгнэлт гарах үеэр ээж нь нэмэлт шинжилгээ хийлгэж, ходоодыг нь дурандуулсан. Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр мансуурах, согтуурах донтой гэсэн дүгнэлт гарсан байгаа. Иймд эмчилгээнд хамруулж өгнө үү...гэв.
2. Гуравдагч этгээд ................а шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй. Үнэн ярьж байна. Эмнэлэгт дүгнэлт гаргуулах үед ходоодны дуран хийлгэсэн, бичиг баримт нь байгаа. Ходоод жаахан шархалсан байсан. Таталт ер нь өгдөггүй. Өмнө нь нэг удаа халамцуу байхдаа хүйтэн усанд ороод шөрмөс татаж байсан. Би одоогоор ажил хийдэггүй. Хувиараа найзуудтайгаа нийлээд барилгын ажил хийдэг байсан. Сүүлийн 10-аад жил архи ууж байна. Уухдаа заримдаа гэртээ ганцаараа, заримдаа байрныхаа залуучуудтай гадаа, басетик, саданд орой үдшийн цагаар уудаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүлжүүлэгдсэн байх, сайн санахгүй байна. Архи уух зовлон бол байхгүй. Найз нөхдүүдтэйгээ инээж ханиагаад л бие биенээ харж онгироод л уудаг. Гэртээ ганцаараа амьдардаг. Ер нь бол ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Ээж сүүлийн 2-3 жил гаруй эгчийгээ гэрт нь очиж харж байгаа. Улаанбаатар хотын Энканто ........... хардаг. Эгч нь 4-5 удаа толгойны хагалгаанд орж байсан. Би архи уусан үедээ бол ээждээ агсан согтуу тавьж хүчирхийлэл үзүүлж байгаагүй. Хүнд өвчин эмгэг одоогоор надад байхгүй. Арван хэдэн хоногийн өмнө хальтирч унаад тархиндаа гэмтэл авсан. Гэхдээ эмчилгээ хийлгээгүй...гэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлохоор: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын хүсэлт /хх-3/, ............ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/,................. ээж ............. цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт /хх-5-6/, ............... асууж авсан тэмдэглэл /хх-7/, ............... асууж авсан тэмдэглэл /хх-8/, ................... ............ нарыг асууж авсан тэмдэглэл /хх-9-10/, ЦЕГ-ын АСАП сангийн мэдээлэл /хх-12-19/, Эрүүл мэндийн байгууллагын Согтуурах, мансуурах, донтох эсэхийг тодорхойлох дүгнэлт /хх-20/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч ........................г бүхэлд нь хангаж, ................ албадан эмчилгээ хийлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Баянгол дүүргийн ..................... гуравдагч этгээд ..................албадан эмчилгээ хийлгэх тухай хүсэлт бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: ............ согтуурсан, мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан, гэр бүлийн гишүүнээс албадан эмчилгээ хийлгүүлэхийг хүссэн гэж тодорхойлсон.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............ хүсэлттэй холбогдуулан архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэг нь үнэн, сүүлийн 10 жил архи ууж байгаа, тодорхой шалтгаангүйгээр уудаг гэж тайлбарлав.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. Гуравдагч этгээд .............. нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, К.8 тоот хаягт ээж................... хамт амьдардаг ба сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэг, гэртээ ганцаараа болон найзуудтайгаа гадаа саданд, орой үдэш уудаг гэж тайлбарласан.
4.2. ............. ээж .................. цагдаагийн байгууллагад хандаж түүнийг архиын эмчилгээнд явуулахыг хүссэн байна. Хүсэлтийн шалтгааныг тайлбарлахдаа: сүүлийн 2 жил өөрийн төрсөн эгчийг гэрт нь очиж асрах шаардлагатай болсны улмаас Ц.Гантулга гэртээ ганцаараа амьдарч, ойр хавийн архины асуудалтай хүмүүс гэртээ цуглуулж ахуйн архидалт их болсон, үүнээс болж хэд хэдэн удаа гэртээ хулгай оруулсан, цонхоор үсрэнэ гэж 2 удаа айлгаж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, хэзээ ч мэдэхгүй гэмт хэрэг болох вий гэж болгоомжилж байна гэж тайлбарласан байна.
4.3. ................... 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Согтуурах, мансуурах, донтох эсэхийг тогтоох эмч нарын баг үзлэг, оношилгоо хийснээр ................... Сэтгэц-донтолтын эмчийн үзлэгээр хий юм харна, сонсоно, тархинд гэмтэл /+/, удамшил /-/, тархины гэмтэл авч байсан, анх удаа эмчилгээнд хамрагдаж байгаа F.10.2 гэж оношлон, багийн гишүүдийн саналаар согтуурах, мансуурах донтой гэж дүгнэн, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэжээ.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулж болохоор хуульчилжээ.
6. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын болон гуравдагч этгээдийн төрсөн ээж .................гаргасан хүсэлтүүд, ЦЕГ-ын АСАП сангийн мэдээлэл, хороо хариуцсан цагдаагийн болон 6 дугаар хорооны хэсгийн ахлагч нарыг асууж авсан тайлбар зэргээр .......... нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах ба цагдаагийн байгууллага уг хүсэлтийг хүлээн авмагц тухайн хүний хувийн баримт бичиг, тодорхойлолтыг бүрдүүлж, согтуурах мансуурах донтой эсэх талаар эрүүл мэндийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтээр Ц.Гантулгыг согтуурах, мансуурах донтой тул захиргааны журмаар албдан эмчилж болно гэж дүгнэжээ.
7. Иймд дээрх үндэслэлээр ............... архины албадан эмчилгээнд хамруулах болон сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа өгөх шаардлагатай байх тул ......................гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Хүсэлт гаргагч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..............регистртэй, .......................... архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА