| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05566/И |
| Дугаар | 102/ШШ2024/04115 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/04115
2024 оны 08 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2024/04115 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:..............................
Гуравдагч этгээд: .............................
Нэхэмжлэлийн шаардлага: ..............................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., гуравдагч этгээд .................. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга............ хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ................... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг 25 дугаар хорооны ........................5 тоотод оршин суух................... нь согтуурсан, мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тул архины албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .................... нь сүүлийн 5-10 жилийн хугацаанд байнга архидан согтуурч, хүрээлэн байгаа орчиндоо аюулт байдал үүсгэдэг бөгөөд гудамж тайлбай, орц хонгилд бүлэг бөөгнөрөл үүсгэж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Цагдаагийн байгууллагад иргэдээс удаа дараа дуудлага мэдээлэл ирүүлдэг ба өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Өмнө нь албадан эмчилгээнд хамрагдсан боловч дахин архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэж байгаа...гэв.
2. Гуравдагч этгээд ................. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би сүүлийн 5-6 жил ээж аавыгаа алдсанаас хойш архи уугаад байдаг болчихоод байгаа юм. Энэ байрандаа би ганцаараа амьдардаг. Эхнэр хүүхэд байхгүй, хоёр эгч, хоёр дүүтэй ч хамт амьдардаггүй. Оюу толгойд барилгын шат угсрагчаар ажиллаж байгаад сая гарсан. Өмнө нь архины албадан эмчилгээнд яваад, эмчилгээнээс гарч ирээд сарын дараанаас архи ууж эхэлсэн. Эмчилгээний газарт архинаас гаргадаг эмнүүд нь байгаагүй. Харин гэр бүлийн талаас сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ нь үр дүн өгсөн гэж бодож байна. Гарч ирээд ганцаараа байсан учраас уугаад эхэлсэн...гэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлохоор: Баянгол дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-2/, ................... оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-3/, ................асууж авсан тэмдэглэл /хх-5/, ЦЕГ-ын АСАП сангийн мэдээлэл /хх-7-19/, ..............,.................нарыг асууж авсан тэмдэглэл /хх-20-22/, Эрүүл мэндийн байгууллагын Согтуурах, мансуурах, донтох эсэхийг тодорхойлох дүгнэлт /хх-23/, Хэсгийн байцаагчийн тэмдэглэл болон фото зургууд /хх-24-27/, ................. иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ...................... албадан эмчилгээнд давтан хамруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гуравдагч этгээд ................. албадан эмчилгээ хийлгэх тухай хүсэлт бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: ...............согтуурсан, мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан, архины албадан эмчилгээ хийлгэсэн боловч дахин архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн гэж тодорхойлсон.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд .................й хүсэлттэй холбогдуулан архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэг нь үнэн, сүүлийн 5-6 жил ээж аавыгаа алдсанаас хойш архи уугаад байдаг болсон гэж тайлбарлав.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. Гуравдагч этгээд ................ нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны ...............5 тоот хаягт ганцаараа амьдардаг. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд аав ээж нас барсны улмаас архи согтууруулах төрлийн зүйл тогтмол хэрэглэдэг болсон талаар өөрөө тайлбарласан.
4.2. Тус шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00457 дугаар шийдвэрээр түүнийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Гэвч албадан эмчилгээнээс гарснаас хойш 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн .............нь олон нийтийн газар хог хаях, ил задгай хог хаях, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие засах зэргээр зөрчлүүдийг удаа дараа гаргаж, цагдаагийн байгууллагаас түүнд торгох арга хэмжээ авч байсан байна.
4.3. Мөн .................... байнга согтуу байж, архи ууж, гэрийн үүдэнд бие засаж байсан талаар түүний хөрш ................цагдаагийн байгууллагад мэдүүлсэн, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж, орчин тойрондоо айдас түгшүүр төрүүлж, удаан хугацаанд бохир орчин үүсгэж байгаа учир архины эмчилгээнд хамруулахыг талаар Баянгол дүүргийн 25 дугаар хорооны засаг дарга хүссэн байна.
4.4. Түүнийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Согтуурах, мансуурах, донтох эсэхийг тогтоох эмч нарын баг үзлэг, оношилгоо хийснээр ...................Сэтгэц-донтолтын эмчийн үзлэгээр хий юм харна, сонсоно, тархинд гэмтэл /+/, удамшил /+/, өмнө нэг удаа албадан, СЭМҮТ 3 удаа хэвтсэн F.10.2 гэж оношлон, багийн гишүүдийн саналаар согтуурах, мансуурах донтой гэж дүгнэн, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэжээ.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулж болох ба мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар албадан эмчилгээнд давтан хамруулж болохоор хуульчилжээ.
6. Баянгол дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын хүсэлт, гуравдагч этгээдийн хөрш иргэнээс авсан тайлбар зэргээр ............... нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах ба цагдаагийн байгууллага уг хүсэлтийг хүлээн авмагц тухайн хүний хувийн баримт бичиг, тодорхойлолтыг бүрдүүлж, согтуурах мансуурах донтой эсэх талаар эрүүл мэндийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтээр .................... согтуурах, мансуурах донтой тул захиргааны журмаар албдан эмчилж болно гэж дүгнэжээ.
7. Иймд дээрх үндэслэлээр .................... архины албадан эмчилгээнд давтан хамруулах болон сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа өгөх шаардлагатай байх тул Баянгол дүүргийн .................. хэлтсийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Хүсэлт гаргагч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан ............... регистртэй, ..........................архины албадан эмчилгээнд давтан хамруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА