| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02371/И |
| Дугаар | 102/ШШ2024/03021 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/03021
2024 оны 06 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2024/03021 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:..................................
Хариуцагч: ..........................................................
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж 1,626,140 /нэг сая зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................... оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ................Хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ...................... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......................миний бие Тайвань улсад англи хэл дээр магистрт тэтгэлэгтэй суралцахаар 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Боловсролыг дэмжих гэрэл төвийн төлөөлөгч .................. зуучлалын гэрээ байгуулж, гэрээний 4.2 дахь заалтын дагуу үйлчилгээний хөлс 300 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1,021,340 төгрөг урьдчилан төлсөн. Гэрээ байгуулахад Тайванийн тэтгэлэгтэй сургуулиуд англи хэлний оноо /IELTS/ шаарддаг гэсэн ба миний онооны түвшин шаардлага хангаж байсан боловч хүчинтэй хугацаа нь 2024 оны 2 дугаар сарын 24-нд дуусах байсан ч тус төвийн ажилтан ....................... нь онооны хүчинтэй хугацаанд Тайванийн сургуулиуд руу бүртгүүлчихнэ, болно гэсэн учраас гэрээ байгуулсан. Гэтэл 2 дугаар сарын 24-ний дотор ямар сургууль руу хандсан эсэх талаар надад мэдээллээгүй, танилцуулаагүй. Ингэж явсаар 3 дугаар сарын 12-нд дипломын хуулбарыг Гадаад харилцааны яам дээр баталгаажуулж ир гэж хэлсний дагуу баталгаажуулж өгсөн. Энэ нь 2 дугаар сарын 24-ний дотор сургуулиуд руу хандаагүй юм байна гэсэн эргэлзээг төрүүлсэн. Учир нь сургуулиуд руу бүртгүүлэх тухайн үед баталгаажуулсан дипломын хуулбарыг шаарддаг байтал англи хэлний онооны хугацаа дууссаны дараа дипломын материалыг баталгаажуулахыг шаардаж байгаа нь миний хэлний онооны хүчинтэй хугацаанд сургуулиуд руу бүртгүүлээгүй гэж ойлгосон тул сургуулиудын талаар мэдээлэл авч танилцъя гэж хэлсэн ч танилцуулаагүй. Төвийн ажилтан ...................... асуухад мөн хэлэхгүй, танилцуулахгүй гэсэн. Энэ нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасан үүргээ Гэрэл төв зөрчсөн ба миний хамгийн гол мэдэх шаардлагатай мэдээллийг надад өгөөгүй. Мөн хэлний онооны хугацаа дууссан учраас сургуулиуд намайг бүртгэсэн ч урилга өгөхгүй байх үндэслэлтэй. Би аль хотын ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцахаа ч мэдэхгүй байгаа нь эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн 3 дугаар сарын 22-ны өдөр Гэрэл төвийн ажилтан ...............л. утсаар дуудаж, очиход намайг бүртгүүлсэн гэх 3 сургуулиас гадна тусдаа сургуульд нэмэлтээр өндөр тэтгэлэгтэй бүртгүүлэх талаар асууж, тухайн сургуулийн бүртгэлийн хураамж 604,800 төгрөгийг свифт кодоор банкинд тухайн өдрөө буюу 5 дахь өдөр төлөхгүй бол 3 дугаар сарын 25-ны 1 дэх өдөр бүртгэл хаагдана гэж хэлсэн. Миний англи хэлний онооны хүчинтэй хугацааг Гэрэлцацрал нь миний өмнөөс аргалчихна, болгочихно гэж хэлсэн учраас итгэсэн. Үүний дараа гэртээ ирээд байж байтал ................... мессежээр “банк дээр байна, мөнгөө хийх үү” гэж асуухад нь эргэж залгаад тухайн нэмэлт сургуульд орохгүй гэхэд намайг тэнцэнэ гэж шавдуулснаар 18 цаг 20 минутад мөнгийг ................. руу шилжүүлсэн. Үүний дараа 19 цаг 12 минутад .................. руу ярьж мөнгө төлсөн эсэхийг асуухад төлсөн гэж хэлсэн. Энэ үед бүх банк хаасан байсан ба надад өгсөн 604,800 төгрөгийн квитанц дээрх тамга Гэрэл төвийнх биш “....................” ХХК гэсэн тамга байсан тул залилан байх магадлалтай гэж үзсэн. Дээрх шалтгаанууд болон гэрээний заалтын зөрчлүүдийн улмаас энэ зуучлалын байгууллагаар цаашид үйлчлүүлэх сэтгэл санаа болон итгэл үнэмшилгүй болсон ба гэрээнээс татгалзаж байгаагаа Гэрэл төвийн ажилтан ..................... мэдэгдэж, өгсөн бүх мөнгөө авъя гэхэд өгөхгүй, холбогдох газраар шийдүүл гэсэн. Иймд гэрээний 3.1, 3.2, 3.4 дэх заалтууд зөрчигдсөн учраас гэрээний 6 дугаар заалтын дагуу гэрээнээс татгалзаж, 6.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж, 1,626,140 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч тал ямар сургуульд бүртгүүлсэн, ямар арга хэмжээ авсан талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй. 2024 оны 3 дугаар сард бас өөр сургуульд бүртгүүлэх боломжтой байна, өнөө маргаашдаа төлбөрийг нь хийхгүй бол бүртгэл хаагдах гэж байна гээд тухайн үед ................... мөнгийг авсан ба бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байсан учраас гэрээнээс татгалзах тухай мэдэгдээд, мөнгөө буцааж авахыг хэлсэн. Мөнгийг нь буцааж өгнө гэж байсан боловч буцааж өгөөгүй учир нийт 1,626,140 төгрөгийг гаргуулааар шаардаж байгаа. Хариуцагчтай гэрээ байгуулах болсон шалтгаан нь англи хэлний шалгалтын оноо нь 2 дугаар сард дуусах байсан ба энэ хүчинтэй хугацаанд бүртгүүлэх боломжтой гэсэн учраас гэрээ байгуулсан. Нэмэлтээр дахин сургуульд бүртгүүлнэ гэхэд хариуцагч тал мөн оноог нь засаад хүчинтэй болгочихно гээд нэмэлт мөнгө авсан. Сургууль англи хэлний оноог үндэслэж бүртгэдэг учраас энэ хугацаанд онооны хүчинтэй байдал дууссан учир сургууль бүртгэх ямар ч боломжгүй болно. Мөн хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудаар ямар сургуульд .................. хүсэлтийг явуулсан болох нь тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа...гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Боловсролыг дэмжих гэрэл төв НҮТББ-ыг ....................р миний бие төлөөлж 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр.................. гэрээ байгуулсан. ..................... нь өөрийн хүсэлтээр манай байгууллагатай Тайвань улсын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 5.2 болон 5.5-д маш тодорхой заасан. Гэвч..................нь 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ................. уулзаж нэмэлтээр аппликейшн фи буюу өргөдлийн хураамжтай сургуулиудад нэмэлт өргөдөл өгье гэж зөвшилцөн өргөдлийн хураамж, төлбөр болох 604,800 төгрөгийг ............... дансанд шилжүүлсэн байсан. Манай байгууллагын хувьд ..................... байгуулсан гэрээний дагуу тэтгэлэгт хамрагдах материалуудыг бэлдсэн бөгөөд үүнд: суралцах төлөвлөгөө, багшийн тодорхойлолт, захидал зэрэг материалуудыг англи хэл дээр бэлтгэж, Тайванийн их дээд сургуулиудад илгээсэн. Үндсэн зуучлалын хөлсийг Тайванийн их дээд сургуулиудын урилга ирсний дараа авдаг бөгөөд.................. залилах хуурах ямар ч боломжгүй юм. Тхуайн сургуулиудад суралцах урилгууд нь 7 дугаар сарын сүүлээс шуудан болон цахим шуудангаар ирдэг болно...гэжээ.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 37 тоот Кассын орлогын ордер /хх-6/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-8/, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 188 тоот Зуучлалын гэрээ /хх-9/, Төрийн банк дахь өөрийн харилцах дансны хуулга /хх-37-38/, Төрийн банк, интернэт гүйлгээний мэдээлэл /хх-39-40/, Англи хэлний IELTS шалгалтын мэдээллийн маягт /хх-41-42/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 188 тоот Зуучлалын гэрээ /хх-21/, Суралцах төлөвлөгөө, Тодорхойлох захидал англи хэл дээр болон орчуулгын хамт /хх-22-29/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11321 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн болон түүний ээж.............. гар утасны мессежид үзлэг хийх, Г...............гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /хх-51/, шүүхийн журмаар гар утсанд үзлэг хийж бэхжүүлэн тэмдэглэл үйлдсэн. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч оролцуулах хүсэлтээс татгалзсан болно.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11172 дугаар захирамжаар зохигчдод шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт нотлох баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ...................... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. .........................нь Боловсролыг дэмжих гэрэл төв НҮТББ-д холбогдуулан, талуудын байгуулсан Зуучлалын гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 1,626,140 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хүчин төгөлдөр зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч эс биелүүлж, ямар сургуульд бүртгэлийн материал хүргүүлсэн талаар нэхэмжлэгчид мэдээллээгүй, бүртгүүлсэн эсэх нь тодорхой бус байгаа учир гэрээнээс татгалзаж, өгсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардана. Хариу тайлбарт хавсаргасан баримтууд өөр хүний тухай бичигдсэн байхаас гадна эдгээр баримтуудаар........................ материалыг явуулсан талаар нотлохгүй учир гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн 1,626,140 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн материалыг Тайвань улсын сургуулиуд руу хүргүүлсэн, гэрээний дагуу сургуульд бүртгээгүй хариу ирсэн тохиолдолд төлбөрийн хураамжийг 100 хувь буцаан олгоно, харин суралцагч өөрөө явахгүй гэвэл төлбөрийг буцаан олгохгүй” гэж тайлбарлан маргажээ.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Талууд 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 188 тоот Зуучлалын гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийг Тайвань улсын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр магистрын зэрэг олгох бүрэн хэмжээний хөтөлбөрт хамруулах, нэхэмжлэгч нь зуучлалын хөлс 1000 ам.доллар бөгөөд урьдчилгаа 300 ам.доллар төлж, урилга ирсний дараа үлдэгдэл 700 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон байна.
5.2. Дээрх гэрээгээр зуучлагч Боловсролыг дэмжих гэрэл төв НҮТББ нь зуучлуулагч....................... сургуулийн танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийг танилцуулах үүрэг хүлээж,.......................... шаардлагатай бичиг баримтуудыг тогтоосон хугацаанд бүрдүүлж өгөхийг шаардах эрх эдлэхээр гэрээнд тусгасан байна. Харин зуучлуулагч нь гэрээ байгуулан бүртгүүлсний дараа хувийн шалтгаанаар хөтөлбөрт орохыг хүсээгүй, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад сургуульд яваагүй тохиолдолд бүртгэлийн хураамж, үйлчилгээний хөлс буцааж авах эрхгүй байхаар заажээ.
5.3. Нэхэмжлэгч...............нь гэрээний дагуу урьдчилгаа 300 ам.долларыг тухайн өдрийн ханшаар тооцож 1,021,340 төгрөгийг гэрээ байгуулсан 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Боловсролыг дэмжих гэрэг төв НҮТББ-ын ажилтан ................. дансаар шилжүүлж, дахин 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 604,800 төгрөгийг хариуцагч байгууллагын ерөнхий захира..................... мөн дансаар шилжүүлсэн байна.
5.4. .................... нь англи хэлний IELTS шалгалтыг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өгч B2 түвшин буюу сонсгол-5, уншлага-5, бичиг-6, яриа-6, дундаж 5,5 оноо авсан байх бөгөөд уг шалгалтын дүн 2 жилийн хугацаанд хүчинтэй болох нь шалгалтын хариугаар тогтоогдсон.
5.5. Хариуцагч ...................” НҮТББ нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 9071...............2 хувийн хэргийн дугаартай, .................регистрийн дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, “Оюутан, залуучуудын боловсролыг дэмжих, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” үндсэн үйл ажиллагааны эрхлэх чиглэлтэй хуулийн этгээд байна.
5.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд нэхэмжлэгчийн Суралцах төлөвлөгөө, Тодорхойлох захидал зэргийн англи хэл дээр бичигдсэнийг баталгаат орчуулгын хамт нотлох баримтаар гаргаж, эдгээрийг Тайвань улсын сургуулиудад хүргүүлсэн гэж тайлбарласан боловч эдгээр баримтуудыг хэзээ үйлдсэн, ямар сургуулиудад хүргүүлсэн болох нь тухайн баримтуудаас харагдахгүй байна.
5.7. Нэхэмжлэгч ........... 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч...................4 дугаарын утас руу мессеж илгээж, гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдсэн байна.
6. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний дагуу нэхэмжлэгч 1,626,140 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтын хүрээнд маргаагүй. Харин хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчийн материалыг Тайвань улс дахь их дээд сургуулиудад хүргүүлсэн эсэх, ямар сургуульд хүргүүлсэн талаар нэхэмжлэгчид мэдээллэсэн эсэх талаар болон нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх асуудлаар тус тусын тайлбар гаргаж маргасан.
7. Талуудын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр зуучлалын гэрээ байна.
8. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зуучлуулагч .................. нь зуучлагч Болвсролыг дэмжих гэрэл төв НҮТББ-д гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт нийт 1,626,140 төгрөг төлсөн бол зуучлагч нь зуучлуулагчид сургуулийн танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийг танилцуулахаар гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
9. Хариуцагч талын татгалзлын үндэслэл болгосон Зуучлалын гэрээний 5.2 дахь хэсэгт суралцагчид нэмэлтээр сар бүрийн стипенттэй суралцах урилгыг зуучлагч авч өгөх үүрэг, мөн гэрээний 5.5 дахь хэсэгт сургуулиас урилга ирээгүй тохиолдолд төлбөрийг 100 хувь буцаан олгох талаар зохицуулсан байна. Гэрээний эдгээр заалтуудаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хязгаарлах болон хариуцагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх, мөн урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй байх болон тайлбарт дурдсанаар суралцагчийн баримт материалыг Тайвань улс дахь ямар сургуулиудад хүргүүлсэн, улмаар гэрээгээр хүлээсэн уг үүргээ биелүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
10. Ийнхүү хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тухай мэдэгдэж, улмаар гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
11. Хууль болон гэрээнд зааснаар зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээсэн байна. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хэлцэл хийх этгээдтэй холбоогүй, ямар сургуульд нэхэмжлэгчийн материалыг явуулсан талаар мэдээлэл өгөөгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагчид мэдэгдэж, уг гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
12. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ба гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас зуучлуулагч тал гэрээнээс татгалзсан учир мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу зуучлагч “......................” НҮТББ нь урьдчилгаа төлбөрт авсан 1,626,140 төгрөгийг нэхэмжлэгч.......................
13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 40,968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,968 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.....................” НҮТББ-аас 1,626,140 /нэг сая зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......................... олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 40,968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,968 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА