Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0777

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М*********/РД:************ /                             

Хариуцагч: Нийслэлийн Сонгуулийн хороо

Гуравдагч этгээд: Т.Х********* /РД:************ / нарын хоорондын сонгуульд оролцох нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр,  нэхэмжлэгч Д.М***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М**********, гуравдагч этгээд Т.Х********* нар цахимаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Д.М*********-с анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...Нийслэлийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгохыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгах” гэжээ.

1.2 Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдааНийслэлийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах” гэж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн ********* намын хорооны ээлжит хурлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт батлах тухай”[1] 007 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд ********* намаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталжээ.

2.2. Нийслэлийн ********* намын хорооны ээлжит хурлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 007 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын[2] 17 дахь хэсэгт ********* дүүргийн  5 дугаар тойргийн 1 дүгээр жагсаалтад нэхэмжлэгч Д.М********* бичигдсэн байна.

2.3. Нэхэмжлэгч Д.М********* нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд ************ дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ холбогдох баримтын хамт[3] 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлтээ гаргажээ.

2.4. Нийслэлийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “ Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 33 дугаар тогтоолоор[4] “...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд 5 дугаар тойрогт ********* намаас нэр дэвшихээр бичиг баримтаа ирүүлсэн Д.М********** нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн.

2.5. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15б/3236 дугаар “Лавлагаа олгох тухай”[5] албан бичигт “…Д.М********** Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.10 дахь хэсэгт заасныг үндэслэн цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас шалгахад ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн /Хахууль өгөх/ 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон тухай мэдээлэл бүртгэгдсэн байна.” гэжээ.

2.6. Маргаан бүхий акт нь дээрх албан бичиг болон Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 28 дугаар зүйлийн 28.7, 28.8, 31 дүгээр зүйлийн 31.9, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

2.7. Нийслэлийн ********* намын хорооны 2024 оны 08 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаар Нийслэлийн Сонгуулийн хороонд “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр[6] “...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 5 дугаар тойрогт ********* намаас нөхөн нэр дэвшүүлэлт хийж, холбогдох материалыг хүргүүлсэн байна.

2.8. Нийслэлийн ********* намын хорооны тэргүүлэгчдийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх тухай” 008 дугаар тогтоолоор[7] Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог ********* дүүрэгт Т.Х*********г нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.9. Гуравдагч этгээд Т.Х********* нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд ********* дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ холбогдох баримтын хамт[8] 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлтээ гаргасан.

2.10. Нийслэлийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “********* намын нэр дэвшигчийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” 68 дугаар тогтоолоор[9] ********* намаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 05 дугаар тойрогт нөхөн нэр дэвшүүлсэн Т.Х*********г нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгожээ.

2.11. Дээрх шийдвэр болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас иргэн Т.Х*********гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байх тул тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 8185 дугаар шүүгчийн захирамжаар[10] гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

2.12. Нэхэмжлэгчийн зүгээс “...Надад ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 1 жил 10 сарын ял оногдуулсан. Мөн 4 жил нийтийн албанд ажиллахыг хориглосон. Ял авсан гээд намайг сонгох, сонгохгүй нь сонгогчийн эрх учраас сонгогчийн эрхийг мөн ноцтой зөрчиж байна. Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Би цалин авахгүй, иргэдээсээ сонгогдъё гэсэн болохоос биш нийтийн албанд томилогдохыг хүсээгүй. Хэрвээ сонгогдчихоод Нийслэлийн Засаг дарга болъё гэвэл мэдээж болохгүй. Учир нь нийтийн албанд ажиллах эрхээ хязгаарлуулсан. Ерөнхийдөө цалин авдаг ямар нэг албан тушаал хашиж болохгүй. Бараг СӨХ-ны сонгууль гэсэн үг шүү дээ. Энэ сонгуульд оролцчиход юу нь болохгүй байгаа юм бэ. Би өөрийн биеэр ялаа эдлээд гараад ирсэн байтал миний сонгох, сонгогдох эрх давхар хаалттай байж болохгүй.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.13. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Маргаан бүхий актын тухайд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйл /Нэр дэвшүүлэх нийтлэг журам/-ын "28.7-д Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно, 28.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно, 32 дугаар зүйлийн 32.1 /Нэр дэвшигчийг дараахь тохиолдолд бүртгэхээс татгалзана./ 32.1.2 Энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй" гэх заалтуудыг үндэслэсэн. Д.М**********г ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны газраас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15б/3236 дугаартай "Лавлагаа олгох тухай” албан бичгээр нотлогдсон. Нийслэлийн Сонгуулийн хорооны 33 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримталсан эрх зүйн үндэслэлтэй шийдвэр болно.” гэжээ.

2.14. Гуравдагч этгээдийн зүгээс “…Тайлбар байхгүй.” гэжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.М*********с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү. Үндэслэлийн тухайд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө 2 дугаар бүлгийн 16.9-д “шууд буюу Төлөөлөгчдийн байгууллагаар уламжлуулан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагаас сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Мөн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “Дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан билээ. Үүний дагуу хүн бүхэн заяагдмал эрхтэй хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, Хүний эрхийн конвенцийн 6 дугаар зүйлд “Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй”, 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 1-д “Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй” 21 дүгээр зүйлийн 2-т “Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй” гэж тус тус заасныг зөрчсөн.

Надад ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 1 жил 10 сарын ял оногдуулсан. Мөн 4 жил нийтийн албанд ажиллахыг хориглосон. Ял авсан гээд намайг сонгох, сонгохгүй нь сонгогчийн эрх учраас сонгогчийн эрхийг мөн ноцтой зөрчиж байна. Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Би цалин авахгүй, иргэдээсээ сонгогдъё гэсэн болохоос биш нийтийн албанд томилогдохыг хүсээгүй. Хэрвээ сонгогдчихоод Нийслэлийн Засаг дарга болъё гэвэл мэдээж болохгүй. Учир нь нийтийн албанд ажиллах эрхээ хязгаарлуулсан. Ерөнхийдөө цалин авдаг ямар нэг албан тушаал хашиж болохгүй. Бараг СӨХ-ны сонгууль гэсэн үг шүү дээ. Энэ сонгуульд оролцчиход юу нь болохгүй байгаа юм бэ. Би өөрийн биеэр ялаа эдлээд гараад ирсэн байтал миний сонгох, сонгогдох эрх давхар хаалттай байх юм уу.

Монгол Улс Хүний эрхийн конвенцэд нэгдэн орсон, ********* улс гэдэг нь ямар учиртай юм бэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэг сургуулийнхаа найзыг Сонгуулийн хорооны даргаар томилчихсон. Үүнийг хуйвалдаан байж болзошгүй гэж харж байна. Ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээр байгаа боловч харамсалтай нь төр, захиргааны байгууллагад ажиллаж байгаа дарга нарт хууль үйлчлэхээ больсон. Жирийн иргэн намайг “ял авсан” гээд хуулийг буруу зүйлчлээд, өөрсдийнхөөрөө тайлбарлаад байна. Хуулийг ганцхан Үндсэн хуулийн цэц тайлбарлана. Эрх, үүргүүдийг минь хуульд тодорхой заасан байхад хууль зөрчиж иргэдээ төлөөлөх, өөрийгөө төлөөлөх эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна. Тиймээс нэр дэвшүүлэхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М**********с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.М********** нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 05 дугаар тойрогт ********* намаас нэр дэвшсэн Д.М*********г Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.8 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай тогтоолоор бүртгэхээс татгалзсан.

Д.М*********нь нэхэмжлэлдээ дурдсанаар "...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 06 дугаар бүлэг, 28.8-д заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэх 12 дугаар бүлгийн 16.9-д заасныг зөрчсөн, Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/A/III/ дугаартай тогтоолоор батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн, Үндсэн хуулийг баримталж шийдвэрээ гаргасангүй..." гэж маргаж байна.

Тайлбар: Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт тунхагласан Хүний эрх, эрх чөлөөг Монгол улсын иргэн бүр баталгаатай эдлэх эрхтэй ч тус хуульд нийцүүлэн салбарын харилцааг зохицуулсан ердийн хууль тогтоомжийг боловсруулж, Монгол Улсын Их хурлаар батлан улсын хэмжээнд дагаж мөрддөг. Мөн Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх боловч тус маргааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны үйл ажиллагаатай холбоотой буюу бие даасан салбар эрх зүйн маргаанд хамаарах тул шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах эрх зүйн зохицуулалттай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд хууль хэрэглэх талаар тодорхой зохицуулсан бөгөөд 11.4-т "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. (Шүүхийн байгууллагын хууль хэрэглэх зохицуулалт нь улсын хэмжээнд жишиг болон хэрэглэгддэг.)

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тойрогт нэр дэвшүүлсэн этгээдийг бүртгэх эсэх асуудал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "1.1. Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино” гэж заасны дагуу тус хуулиар зохицуулагдах тул нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа "Нийслэлийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай тушаалыг хүчингүй болгох...” гэж тодорхойлсон байх бөгөөд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн акт нь хууль бус байхыг шаарддаг. Маргаан бүхий актын тухайд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйл /Нэр дэвшүүлэх нийтлэг журам/-ын "28.7-д Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно, 28.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно, 32 дугаар зүйлийн 32.1 /Нэр дэвшигчийг дараахь тохиолдолд бүртгэхээс татгалзана./ 32.1.2 Энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй" гэх заалтуудыг үндэслэсэн. Тухайлбал, Д.М************г ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны газраас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15б/3236 дугаартай "Лавлагаа олгох тухай” албан бичгээр нотлогдсон. Иймд Нийслэлийн Сонгуулийн хорооны 33 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримталсан эрх зүйн үндэслэлтэй шийдвэр болно.

Мөн Д.М*********** нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу ********* намаас Т.Х*********г нөхөн нэр дэвшүүлсэн бөгөөд тус нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангасан учир Нийслэлийн Сонгуулийн хорооны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

 Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.8, 32 дугаар зүйлийн 32.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд Т.Х*********гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад тайлбар байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.М********* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Нийслэлийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Маргаж буй Нийслэлийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.М********г Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд ********* дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

1.2. Түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолын эрх зүйн голлох үндэслэлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.8, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг баримталсан байна.

1.3. Мөн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бодит үндэслэлдээ “... Д.М***********  ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны газраас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15б/3236 дугаартай "Лавлагаа олгох тухай” албан бичгээр нотлогдсон” гэжээ.

1.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.”, 28.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:” гээд, мөн зүйлийн 32.1.2 дахь заалтад “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй;” гэж тус тус заажээ.

1.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, хууль тогтоогчоос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагыг тогтоохдоо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.4 дэх хэсэгт үндсэн шаардлагуудыг зааж, мөн зүйлийн 28.7, 28.8 дахь хэсэгт нэмэлт шаардлагыг “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж тус тус зохицуулжээ.

1.6. Тодруулбал, “гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн”, “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн” гэх ойлголтууд нь хууль зүйн хувьд тусдаа агуулга бүхий ойлголтууд болно.

1.7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлан үзвэл, нэхэмжлэгч Д.М*********нь ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны газраас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15б/3236 дугаартай "Лавлагаа олгох тухай” албан бичиг болон Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх болон байгаа эсэх тухай тодорхойлолт”-оор[11] нотлогдсон байна.

1.8. Тодруулбал, ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.М**********д: 

а/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2  жил, 6  сарын хорих ,

б/ Худал мэдээлэл тараах хэрэгт  1000.000 төгрөгөөр торгох,

в/ Хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэрэгт  2.700.000  төгрөгөөр торгох ял 

г/ Хахуул өгөх хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2   жилээр хасаж, 1  жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг

1.9. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 684 дүгээр магадлалаар:

а/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг  илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1  жил, 10 сарын хугацаагаар хорих ял,

б/ Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.[12]

1.10. Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар  Д.М*********, Д.Б********, Н.П********, Б.Э*********, Б.Г********* нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.М*********, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Б**********, Б.Г**********, Б.Э********** нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэн, шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдсэн байна.[13]

1.11. Энэ үйл баримтуудын талаар нэхэмжлэгч маргаагүй.

1.12. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч Д.М********** хувьд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.8 дахь хэсэгт заасан хориглолтод хамаарч байх тул мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтад “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй;” гэх үндэслэлээр түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоол хуульд нийцсэн байна.

1.13. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс тайлбарласан “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө 2 дугаар бүлгийн 16.9-д “шууд буюу Төлөөлөгчдийн байгууллагаар уламжлуулан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагаас сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчсөн. Мөн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “Дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан билээ. Үүний дагуу хүн бүхэн заяагдмал эрхтэй хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, Хүний эрхийн конвенцийн 6 дугаар зүйлд “Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй”, 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 1-д “Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй” 21 дүгээр зүйлийн 2-т “Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй” гэж тус тус заасныг зөрчсөн” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд:

1.14. Нэхэмжлэгчийн дурдаж буй дээрх үндэслэлийн агуулга нь “Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлсэн “сонгогдох” үндсэн эрх, олон улсын эрх зүйн хэм хэмжээний агуулгаас нь авч үзвэл, хүний түгээмэл эрхийг, тухайлбал сонгогдох эрх, эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрх, ялгаварлалгүй тэгш байх эрх, төрийн алба хаших эрхийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт заасан зохицуулалт хязгаарлаж, хүнийг давхар шийтгэсэн” гэх агуулгатай байна.

1.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх цаг мөчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй буюу түүнийг зөрчсөн талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байгаа энэ тохиолдолд тухайн хуулийн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй буюу түүнийг зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

1.16. Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан адил агуулгатай хуулийн зохицуулалт байх бөгөөд энэ хуулийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар дүгнэлт[14] гарч байжээ.

1.17. Тус дүгнэлтийн “Үндэслэл” хэсэгт “... Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрх нь улс төрийн эрхийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын эрх зүйн чадамжтай, сонгуулийн эрх бүхий иргэн нийтээрээ эдлэхээр, харин сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тухайн албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар тогтоож болдог. Энэ нь үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хязгаарлалт бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Сонгогдох эрх нь туйлын эрх биш тул сонгуульд нэр дэвшигчид буюу сонгогдох эрхээ хэрэгжүүлэгч иргэнд шалгуур, болзол, нөхцөл тогтоох нь сонгох эрхийг баталгаажуулахад чиглэгддэг бөгөөд ийнхүү тогтоохдоо Үндсэн хуульт, ардчилсан ёсыг хамгаалах хууль ёсны зорилгод нийцсэн, үндсэн хуулийн эрх зүйн "хэмжээ хэтрэхгүй" байх зарчмын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хүрээнд хуулиар тодорхойлох боломжтой байна ... Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд "нийтийн албан тушаалтан"-д төрийн улс төрийн албан тушаалтан, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг хамааруулан хуульчилжээ. Мөн нийтийн албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлж, олон нийтийн итгэл даах байдлыг ханган ажиллахыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгажээ. Үүнээс үзэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн заалт болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүгээр хүлээсэн үүрэг, холбогдох хуулийн зохицуулалт, авлигаас ангид байж хууль дээдлэх ёсыг хангах бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор аливаа ялгаварлалгүйгээр хуульчилсан гэж үзэхээр байна ... Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21, 29 дүгээр зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд сонгууль явуулах суурь зарчмуудыг тодорхойлон баталгаажуулсан байна. Харин уг зохицуулалтуудын талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүтцийн байгууллага болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гаргасан ерөнхий тодотгол, тайлбар зэрэгт сонгуулийн зарчмын ойлголт, агуулгыг нийтлэг байдлаар тунхагласан бөгөөд тэдгээрийн агуулгыг нээн дэлгэрүүлэх, баяжуулах боломжийг улс орон бүрийн бүрэн эрхэд үлдээсэн байдаг ... Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш явагдсан Монгол Улсын Их Хурлын 7 удаагийн сонгууль нь 1992, 2005, 2011, 2015 онд батлагдсан хуулиудын дагуу зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн зохицуулалт нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлогын хүрээнд хуульчлагдсан хязгаарлалт гэж үзэхээр байх тул иргэний сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарласан хэмээн шууд дүгнэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно." гэж хуульчилж авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон эсэхийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болгож, Монгол Улсын төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдож нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж Үндсэн хууль болон холбогдох хуулийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүний албан тушаалын онцлогийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шалгуурыг нэр дэвшигчид хуулиар тогтоосон нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхэд хамаарч байна ...” гэх зэрэг дүгнэлтүүдийг хийж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй болохыг тогтоож байсныг дурдах нь зүйтэй.

1.18. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс дурдсан “... Би цалин авахгүй, иргэдээсээ сонгогдъё гэсэн болохоос биш нийтийн албанд томилогдъё гээгүй ...” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

1.19. Учир нь, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.”, 28.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан зохицуулалтуудын үйлчлэх субъект нь “нийтийн албанд томилогдох этгээд” гэх нарийвчилсан хүрээгээр бус, харин ерөнхий агуулгаараа “сонгуульд нэр дэвшигч”-д хамаарах хэм хэмжээ байна.

1.20. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

1.21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Шүүх энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн “Нэг”-д нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Нийслэлийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

2.2. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

3.1. Энэхүү маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргаан” гэж заасны дагуу тусгай журмаар шуурхай шийдвэрлэх учиртай маргаан тул талуудын хэн алины хүссэний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ихэнх хэсгийг цахим хэлбэрийг ашиглан явуулж, шүүх хуралдаанд талууд бүгд цахимаар холбогдон оролцож, тайлбараа гарган захиргааны хэргийг шийдвэрлүүлсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.8, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 32.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М********* гаргасан “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 


[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 65 дахь тал

[2] Хх 66 дахь тал

[3] Хх 64 дэх тал

[4] Хх 22 дахь тал

[5] Хх 23 дахь тал

[6] Хх 26 дахь тал

[7] Хх 28 дахь тал

[8] Хх 89 дэх тал

[9] Хх 29 дэх тал

[10] Хх 56 дахь тал

[11] Хх 23-25 дахь тал

[12] https://citycourt.mn/site/index.php?newsid=502 /нийтэд илэрхий нотлох баримт/

[13] https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=3051&pr=14&tp=list&h=0 /нийтэд илэрхий нотлох баримт/

[14] https://legalinfo.mn/mn/detail?lawId=15323 /нийтэд илэрхий нотлох баримт/