Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02643

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 20 өдөр                    Дугаар 102/ШШ2024/02643                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ..................................................................................................................................

            Хариуцагч: ....................................................................................................................................

            Нэхэмжлэлийн шаардлага: ..............................................................................................................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч................. нэхэмжлэгчийн өмгөөлөгч ....................../ШТЭД:0491/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. хариуцагчийн өмгөөлөгч ...................ШТЭД:3369/, хариуцагчийн өмгөөлөгч ............ /ШТЭД:2977/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ................. хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...................шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбар.

            1.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Лонглайф пейлд” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Зитоп” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Төрийн банкны архивын барилгын гадна металл фасадны ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ажлын хөлсөнд 351,603,516 төгрөг авахаар харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсны дагуу ажлаа эхэлсэн. Гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Гэрээт ажлыг хийж гүйцэтгэсний дараа “Зитоп” ХХК нь үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөгийг өнөөдөр хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид 2021 оноос хойш гэрээний үлдэгдэл төлбөрөө авахын тулд “Зитоп” ХХК-ийн удирдлагуудтай уулзан шаардаж байсан боловч 3 жилийн хугацаанд ямар ч үр дүн гараагүй. Ажил гүйцэтгэх гэрээний 8.2, 8.3-т Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын талаар тодорхой дурдсан тул 232.4-т заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 13751,758 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Иймд үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг, анз 13,751,758 төгрөг, нийт 41,255,274 төгрөгийг “Зитоп” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэжээ.

            1.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбарт: Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа нийт 268,000,000 төгрөгийн төлбөр авсан, энэ үнийн дүнд 18,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин оруулж авсан талаар маргаан байхгүй. Гэрээний нийт дүн 351,603,516 төгрөгөөс 56,100,000 төгрөгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэдэг дээр мөн маргаан байхгүй. Ажлыг гэрээний хугацаанд хийж гүйцэтгээд, хариуцагч байгууллагын барилгын инженерт хүлээлгэж өгсөн ба тухайн ажилтан нь ажлаасаа гарсан гэсэн, акт үйлдээгүй. Гэрээний үлдэгдэл төлбөрөө хариуцагч тал төлөхгүй байсан учир акт үйлдээгүй ба ажлыг хүлээж авахгүй болохоор нь тухайн үед ажиллаж байсан ерөнхий инженерт ажил хүлээлцсэн акт дээр гарын үсэг зуруулах гэж удаа дараа очиход удирдлагууд зураагүй байна гээд зураагүй учир имэйл хаягаар нь явуулсан. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан. Өнөөдрийг хүртэл гэрээт ажилтай холбоотой ямар нэг доголдлын маргаан гараагүй. Төлбөр тооцооны үлдэгдлийн асуудал гарсан. Энэ үлдэгдлийг гаргуулахаар 2 жил гаруй уулзалдаж явсан. Ажлыг чанартай хийж гүйцэтгэж дуусгасан. Зөвхөн гэрээнд заасан алдангийг яагаад бодсон бэ гэвэл алданги авахгүйгээр мөнгөө авъя гэж яваад, арга буюу шийдэж өгөхгүй удсан учраас шүүхэд хандсан. Хэрэв анзыг гэрээнд зааснаар тооцвол их мөнгө гарах бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцсон байгаа...гэв.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.......................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбар.

            2.1.  Хоёр тал 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Төрийн банкны архивын барилгын гадна металл фасадны ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэрээний нийт үнэ 351,603,516 төгрөг ба ажил хийгдэх явцад гэрээний үнэнд багтсан шүршдэг хөөсөн дулаалгыг 56,100,000 төгрөгөөр хоёр тал тохирч өөр байгууллагаар хийлгэн, энэ гэрээний дүнгээс хасаж 295,503,516 төгрөг нь гэрээний бодит үнэ болсон. Нэхэмжлэгчийн Хаан банкны ...................... дугаар дансанд 2021 оны 9 дүгээр сарын 13-нд 50,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-нд 60,000,000 төгрөг, 10 дугаар сарын 09-нд 18,000,000 төгрөг, 10 дугаар сарын 19-нд 20,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 23-нд 40,000,000 төгрөг, 12 дугаар сарын 28-нд 80,000,000 төгрөг, нийт 268,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба бартераар Тоёота Сиа маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр үнэлэн өгсөн. Иймд нийт 286,000,000 төгрөгийн төлбөрийг хийсэн бөгөөд зөрүү үлдэгдэл 9,503,516 төгрөгийн өглөгтэй байгаа. Нэхэмжлэгч тал хүлээн авсан төлбөрийнхөө эхний төлөлт болох 50,000,000 төгрөгийн цахим төлбөрийн баримтыг манай байгууллагын татварын нэгдсэн системд шивсэн. Нэхэмжлэгчийн авсан нийт төлбөрөөс үлдсэн 236,000,000 төгрөгөнд төлбөрийн баримтыг манайд шивж өгөөгүй. Үүнд ногдох НӨАТ-ын өр 21,454,545 төгрөгийн төлөлтийг манай байгууллага хариуцан татварт төлсөн. Манай байгууллага улсад төлсөн НӨАТ-ын төлбөр болон манай төлөх гэрээний төлбөрөөс үлдсэн 9,503,516 төгрөгийн зөрүү 11,951,029 төгрөгийг бид эргүүлэн нэхэмжлэх саналтай байна. Мөн хоёр талын ажил гүйцэтгэх гэрээний 8.8-д заасны дагуу хариуцагч талд ажил дууссан актыг ирүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, гэрээний дагуу алданги тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна...гэжээ.

2.2. Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Гэрээний үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг гэдэг дээр маргаан байхгүй, төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д төлбөр төлөх нөхцөлийг заасан байдаг. Төлбөрийг төлөхдөө санхүүжилт тус бүрд нь НӨАТ-ын төлбөр шивж өгөхөөр үүрэг хүлээсэн. Энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй учир санхүүжилт олгоогүй хугацаа алдсан. Гүйцэтгэгч талаас НӨАТ шивэх үүргээ цаг тухайд нь санхүүжилт тус бүр дээр гүйцэтгэсэн бол бид үлдэгдэл төлбөрийг төлөөд гэрээний төлбөр төлөх хугацаа 2, 3 жил болохгүй байх байсан. Тийм учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажлын үр дүнг хүлээж авсан гэх баримт байхгүй. Хүлээж авсан нөхцөл байдал бол байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их бол хэргийн нөхцөл байдлыг харгалзаад шүүх багасгаж болох зохицуулалттай. Ийм учраас шүүх анзын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэв.

 3. Сөрөг нэхэмжлэл.

3.1. Хариуцагчийн төлөөлөгч.......................шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Ажил гүйцэтгэх явцад гэрээний үнэд багтсан шүршдэг хөөсөн дулаалгыг 56,100,000 төгрөгийн үнийн дүнгээр туслан гүйцэтгэгч оруулан хийлгэхээр талууд тохиролцож, үндсэн гэрээний үнийн дүнгээс хасаж, өөр байгууллагаар хийлгэсэн. Ийнхүү бодит ажлын хөлс 295,503,516 төгрөг төлөхөөр гэрээний үнийн дүн багассан. Үүний дагуу манай компанийн зүгээс нийт 286,000,000 төгрөгийг төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1, 3.4-т заасан, мөн хавсралтад тус тус заасны дагуу үнийн дүнд НӨАТ төлөх буюу захиалагч ажлын хөлсийг гүйцэтгэгчид шилжүүлснээр “Лонглайф пейлд” ХХК-ийн зүгээс шилжүүлсэн үнийн дүн тус бүрд нь НӨАТ-ын баримт шивж өгөхөөр гэрээгээр зохицуулагдсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анхны санхүүжилт болох 50,000,000 төгрөгийн үнийн дүнд цахим төлбөрийн баримтыг манай байгууллагын татварын нэгдсэн системд шивсэн боловч бусад санхүүжилт тус бүрд НӨАТ-ыг шивж өгөхгүй гэрээгээр хүлээсэн татвар төлөх үүргээ хэрэгжүүлэхгүй манай компанийг татварын өртэй болгож хохироосон тул үлдэгдэл санхүүжилт болох 9,503,516 төгрөгийг төлөхгүй зогсоосон. Үлдэгдэл 236,000,000 төгрөгийг татвар төлөх үүргээ биелүүлээгүйгээс манай компани Татварын байгууллагад бодитоор 21,454,545 төгрөгийг “Лонглайф пейлд” ХХК-ийн өмнөөс төлж хохирсон байх тул хариуцагчаас шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь Монгол улсад мөрдөгдөж буй Татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй татвар төлөхөөс зайлсхийж байгаа юм. Хэрэв дээрх хуульд заасан татвар төлөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлэхгүй бол татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллагад өргөдөл мэдээлэл гаргах, мөн татварын байгууллагад өргөдөл гаргаж хуульд заасан арга хэмжээг авхуулах болохыг зориуд дурдаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Лонглайф пейлд” ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу татварт төлөх ёстой НӨАТ болох 21,454,545 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

3.2. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийллийн дор, мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Нийт 295,503,516 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Энэ дүнд НӨАТ ордог. НӨАТ нь гэрээний 3 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байгаа. 6 удаагийн санхүүжилтээр 268,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэдэг дээр маргаангүй. Гэрээгээр зөвхөн “Зитоп” ХХК үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч нь авсан санхүүжилт бүр дээр НӨАТ-ыг шивж өгөх үүрэг хүлээсэн байгаа. Татварын албанд “Зитоп” ХХК нь НӨАТ-ын өргүй, харин ч илүү төлөлттэй байгаа юм. Тийм учраас 218,000,000 төгрөгийн НӨАТ-ын асуудал үлдэж байгаа бөгөөд энэ дүнд 21,545,000 төгрөгийг хариуцагч шаардах эрхтэй. Төлбөр төлөхгүй байгаа нь НӨАТ-тай шууд холбоотой. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан. Мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар санал явагдсаны үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Санхүүжилт тус бүр дээр НӨАТ-ын баримт шивэх үүрэг хүлээсэн. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага нь татварт тайлагнах үүрэгтэй. 351,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч татварт тайлагнах үүргээ биелүүлээгүй. Санхүүжилтийг бөөнд нь авсны дараа НӨАТ-ыг шивнэ гэдэг ойлголт биш юм. Тухайн санхүүжилт тус бүр дээр НӨАТ баримт шивнэ гэж тохирсны дагуу эхний санхүүжилт дээр шивэлт хийчихсэн. Бид санхүүжилтүүдээ тайлагнаад, татварт гүйцэтгэгч талын өмнөөс төлөөд хохирсон байгаа. Иймд төлсөн хэмжээгээр хохирлоо барагдуулахаар шаардах эрхтэй...гэв.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эхлээд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үндсэн үүргээ биелүүлсний дараа НӨАТ-ыг төлөхөд ямар нэг асуудал байхгүй. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг зөвхөн НӨАТ шивээгүй л гэж ярьж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө гэж заасан байгаа. Борлуулалтын орлого нь орж ирээгүй учраас тухайн мөнгийг шивээгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд ажлын хөлс орж ирэнгүүт дутуу төлөлтийг шивээд төсөвт төлчихнө. Үүний дараа буцаалт яах нь хуулийн дагуу шийдэгдээд явна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байгаа. Төсөвт төлөх, тайлагнах ёстой татварыг “Зитоп” ХХК шаардах эрхгүй. “Лонглайф пейлд” ХХК энэ төлбөрийг төсөвт удаан шивлээ, удаалаа гэдэг байдлаар татварын байгууллага ямар нэгэн арга хэмжээ авна. Үүнийг хариуцагч шаардах эрхгүй...гэв.

5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар /хх-5-8/, Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-9-12/, “Зитоп” ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл /хх-13/, “Лонглайф пейлд” ХХК-ийн Хаан банк дахь 5011174774 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-54-55/, Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь /хх-56-58/, 14-08УАТ улсын дугаартай Тоёота Саи маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-62/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

6. Хариуцагч тал тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлээ нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-17/, компанийн дүрмийн хуулбар /хх-24-25/, Монголын татварын албаны тодорхойлолт /хх-26-27, 52-53/, “Зитоп” ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-28-29/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

7. Шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 09181 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 30-48 дугаар хуудаст авагдсан хариуцагч талаас гаргасан бичмэл баримтуудыг нотлох баримтаас хасаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан цахим шуудангаар харилцсан чатны фото зураг бүхий 1 хуудас, хариуцагч талаас гаргасан 4 хуудас төлбөрийн баримтын хуулбарыг тус тус нотлох баримтаар хүлээн авахаас татгалзсан байна. /хх-68/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “Лонглайф пейлд” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Зитоп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч “Лонглайф пейлд” ХХК нь хариуцагч “Зитоп” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг, алданги 13,751,758 төгрөг, нийт 41,255,274 төгрөг гаргуулахаар шаардсан.

            3. Хариуцагч үндсэн нэхэмжлэлээс гэрээний үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 13,751,758 төгрөгийг эс зөвшөөрч марган, татгалзлын үндэслэлээ: “нэхэмжлэгч тал гэрээний дагуу санхүүжилт тус бүрт НӨАТ-ын шивэлт хийх үүргээ биелүүлээгүйн улмаас үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй учир алданги шаардах эрхгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 232.8 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн талаар эрх зүйн дүгнэлт хийж, алдангийг хэрэгсэхгүй болгох боломжтой” гэж тайлбарласан.

            4. Хариуцагч “Зитоп” ХХК нь нэхэмжлэгч “Лонглайф пейлд” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, НӨАТатварт төлөх ёстой 21,454,545 төгрөг гаргуулахаар шаардаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилт тус бүрт НӨАТ-ын шивэлт хийх гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйн улмаас хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс татвар төлж хохирсон учир татварт төлсөн хохирлыг шаардана” гэж тодорхойлж байна.

            5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “хариуцагч гэрээний дагуу үлдэгдэл санхүүжилтээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гэрээнд зааснаар НӨАТ-ын шивэлт хийж, татварт тайлагнах боломжтой. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар төсөвт тайлагнаж, төлөх ёстой татварыг хариуцагч шаардах эрхгүй” гэж тайлбарласан.

            6. Хэрэгт цугларсан бичмэл баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо: Үүнд:

            6.1. Талууд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Төрийн банкны архивын барилгын гадна металл фасадны ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч төлбөр 351,603,516 төгрөг төлөх, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох, ажлын хөлсөнд НӨАТ орохоор харилцан тохиролцсон байна.

            6.2. Нэхэмжлэгч гэрээт ажлыг гүйцэтгэж дуусгасан боловч талууд ажлын үр дүнг акт үйлдэж хүлээлцээгүй байна. Мөн гэрээгээр тохирсон зарим ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсний зардал 56,100,000 төгрөгийг гэрээний нийт дүнгээс хассанаар ажлын хөлс 295,503,516 төгрөг болж, хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 268,000,000 төгрөг шилжүүлэн, уг төлбөрийн 18,000,000 төгрөгт тооцон тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн байна.

            6.3. Гэрээний дагуу хариуцагч талаас олгосон эхний буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 50,000,000 төгрөгийн санхүүжилтэд нэхэмжлэгч НӨАТ-ын шивэлт хийж, үүнээс хойшхи хугацааны санхүүжилтүүдэд НӨАТ-ын шивэлт хийгээгүй байна.

            6.4. Ажил гүйцэтгэгч “Лонглайф пейлд” ХХК-иас захиалагч “Зитоп” ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 13/05/01 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг, алданги 13,751,758 төгрөг, нийт 41,255,274 төгрөг төлөхийг шаардаж, шилжүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандахыг мэдэгджээ.

            6.5. “Зитоп” ХХК нь Монголын татварын албанд гаргасан 2024 оны татварын тооцооны мэдээлэл, тодорхойлолтоор Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ урьд оны үлдэгдэл 11,998,150 төгрөг илүү, тайлант оны ногдол 15,700,250 төгрөгийн буцаан олголт, эцсийн үлдэгдэл 10,473,000 төгрөг илүү гэж тайлагнасан байна.

            6.6. Мөн “Зитоп” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Төрийн банк метал фасад “Лонглайф пейлд” ХХК-д 295,503,516 төгрөгөөс 286,000,000 төгрөг төлж, 9,503,516 төгрөгийн өглөгтэй талаар “Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан”-д тайлагнажээ.

            6.7. “Лонглайф пейлд” ХХК-иас “Зитоп” ХХК-д 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкны фасадны урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлбөрийн нэхэмжлэх үйлдэж шаардсан байна.

            7. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын гүйцэтгэл, гэрээний үнэ болон төлбөрийн үлдэгдэл, захиалагчаас 268,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх, хариуцагч санхүүжилт олгох гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, нэхэмжлэгч НӨАТ-ын шивэлт хийх үүргээ зөрчсөн эсэх, тийнхүү шивэлт хийгээгүй нь алданги шаардах эрхээ алдах эсэх зэрэг асуудлаар өөр өөрийн дүгнэлт хийж, тайлбар гарган мэтгэлцэв.

            8. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгүүдэд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гүйцэтгэгч “Лонглайф пейлд” ХХК нь захиалагч “Зитоп” ХХК-иас авсан санхүүжилтийн дауу гэрээнд заасан фасадны ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

            9. Гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 295,503,516 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 18,000,000 төгрөгт тооцон Тоёота Саи маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 10 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 80,000 төгрөг, нийт 268,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            10. Талууд ажлын гүйцэтгэлийг акт үйлдэж хүлээлцээгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            11. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар захиалагч “Зитоп” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авах үүргээ, мөн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 27,503,516 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгэгч “Лонглайф пейлд” ХХК нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

            12. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 13,751,758 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бол хариуцагч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 232.8 дахь хэсгүүдэд зааснаар анзын хэмжээг багасгах болон чөлөөлөх боломжтой гэж, мөн нэхэмжлэгч санхүүжилт тус бүрт НӨАТ-ын шивэлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн учир алданги шаардах эрхгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

13. Талуудын хүлээх хариуцлагыг гэрээний 8.2, 8.3 дахь хэсгүүдэд нарийвчлан тусгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн ба 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд үүрэг зөрчсөн нөгөө талаас алданги шаардах эрх үүснэ.

14. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир ажил гүйцэтгэх гэрээний 8.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 27,506,516 төгрөгийн 0,2 хувийн алданги тооцон хариуцагчаас шаардах эрхтэй.

15. Гэрээ болон хуульд зааснаар алдангийг шаардвал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 27,506,516 төгрөгийн 50 хувиас хэтрэхээр байгаа учир нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангах нь зүйтэй гэж үзлээ.

16. Харин хариуцагчийн өмгөөлөгч нараас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 232.8 дахь хэсгүүдэд зааснаар алдангийг багасгах, хэрэгсэхгүй болгох боломжтой гэж тайлбарласан бөгөөд хуулийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж, 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж тус тус заасан байна.

17. Хуульд заасан дээрх үндэслэлүүд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй. Талууд гэрээндээ анз төлөхөөр заасан учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэг хамаарахгүй байна. Мөн анзын хэмжээ илт их байх нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн байна. Тодруулбал: гүйцэтгэгч нь гэрээт ажлыг “гэрээ батлагдан, урьдчилгаа төлбөр шилжсэнээс хойш 20 хоногийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх” үүрэг хүлээж, захиалагч урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сүүлийн төлөлт хийж, үүнээс хойш төлөлт хийгдээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алдангийг тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэд дахин их анз тооцогдохоор байхаар байна.

18. Мөн талууд гэрээгээр гүйцэтгэгч талыг санхүүжилт тус бүрт НӨАТ бичилт хийгээгүй тохиолдолд дараагийн санхүүжилт олгохгүй байхаар тусгайлан тохиролцоогүй, нэхэмжлэгч тал НӨАТ-ын шивэлт санхүүжилт тус бүрт хийгээгүй нь хариуцагч талыг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

19. Хариуцагч “Зитоп” ХХК нь сөрөг нэхэмжлэлээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу татварт төлөх ёстой НӨАТатвар 21,454,545 төгрөгийг төлж хохирсон учир нэхэмжлэгч “Лонглайф пейлд” ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон. Харин нэхэмжлэгч уг сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу төсөвт тайлагнаж, төлөх ёстой татварыг хариуцагч шаардах эрхгүй, ажлын үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд гэрээнд заасны дагуу НӨАТ-ын шивэлт хийнэ” гэж тайлбарласан.

20. Талууд ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д “ажлыг 351,603,516 төгрөг /НӨАТ орсон/-өөр гүйэтгэнэ” гэж, 3.4-т “Захиалагч нь ажлын хөлсийг гүйцэтгэгчид шууд төлж НӨАТ-ын баримт авна” гэж тус тус заасан нь гүйцэтгэгч талыг захиалагчаас шилжүүлсэн санхүүжилт тус бүрт НӨАТ шивэлт хийх үүрэг хүлээлгээгүй байна.

            21. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж заасны дагуу албан татвар суутган төлөгч нь НӨАТ-ыг төсөвт төлөх учир хариуцагч нь төсөвт төвлөрүүлэх татварыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй бөгөөд энэ хэмжээгээр хариуцагчид хохирол учирсан гэх байдал хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            22. Шүүх “Лонглайф пейлд” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Зитоп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 364,230 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 265,223 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Зитоп” ХХК-иас 41,255,274 /дөчин нэгэн сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Лонглайф пейлд” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Лонглайф пейлд” ХХК-иас 21,454,545 /хорин нэгэн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин таван/ төгрөг гаргуулах тухай хариуцагч “Зитоп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 364,230 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 265,223 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА