| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01859/И |
| Дугаар | 102/ШШ2024/02394 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/02394
2024 оны 05 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2024/02394 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.......................................
Хариуцагч: ...............................................
Нэхэмжлэлийн шаардлага: ....................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч............. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “.............. ХХК-ийн төлөөлөгч ................. шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ................. тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Ай ти зон” ХХК нь Ts-h1677XU-RP-3700X-32G техникийн үзүүлэлт бүхий 1 ширхэг бичлэг хадгалах төхөөрөмжийг 30-40 хоногт нийлүүлж, “................” ХХК нь төхөөрөмжийн үнэ 18,660,400 төгрөгөөс гэрээ байгуулагдахад 50%-ийн төлбөр 9,330,200 төгрөгийг, төхөөрөмжийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор үлдэгдэл 50%-ийн төлбөр 9,330,200 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “............” ХХК гэрээний урьдчилгаа төлбөр 9,330,200 төгрөгийг бүрэн төлж, “................” ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацаандаа багтан төхөөрөмжийг “Зитоп” ХХК-д бүрэн нийлүүлсэн. Хариуцагч барааг хүлээн авснаас хойш гэрээний 5.2-т заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,330,200 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 1,330,200 төгрөгийг тус тус төлж, гэрээний үлдэгдэл 6,669,800 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 6,669,800 төгрөг, гэрээний 10.2-т зааснаар 0,3 хувийн алданги 4,665,100 төгрөг, нийт 11,334,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас төлбөрийг удаа дараа шаардахад Ковидын үеийн хүндрэл, компанид учраад байгаа санхүүгийн байдлаас болоод төлөх болможгүй байна гэж амаар болон утсаар хэлдэг байсан. Үлдэгдэл төлбөр 6,669,800 төгрөгийг нэхэмжлэл гаргах хүртэл төлөөгүй. Үүнтэй холбогдуулан алданги 0,3 хувиар бодож үзэхэд нийт 13,038,246 төгрөгийн алданги бодогдож байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 4,665,100 төгрөгийг шаардаж байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талаас манайд ирж уулзсан. Талууд тохиролцоод хариуцагч нь төлбөрийг “.............л” ХХК-ийн ваучераар төлөхөөр тохиролцож, “...................” ХХК нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үндсэн дүн болох 6,669,800 төгрөгийг бэлнээр тухайн өдрөө өгөөд, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч тал 6,669,800 төгрөгийг төлөөд, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Манай талаас эвлэрлийн гэрээг вайбераар явуулсан боловч гарын үсэг зурагдаагүй учир 11,334,900 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,669,800 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4,665,100 төгрөгийн алдангийг шаардаж байна...гэв.
2. Хариуцагч “........................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд болон хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаж ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-6-13/, “..................” ХХК-иас “..........” ХХК-д 2022 оны 9 дүгээр сарын 22, 30-ны өдрүүдэд хүргүүлсэн албан шаардлагуудын хуулбар /хх-14-15/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “.................” ХХК нь “....................” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 6,669,800 төгрөг, алданги 4,665,100 төгрөг, нийт 11,334,900 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 6,669,800 төгрөг төлснөөр нэхэмжлэлийн шаардлагыг 4,665,100 төгрөг болгож багасгасан.
2. Шүүх “................” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч “...............” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч тал 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор гэрээний үлдэгдэл 9,330,200 төгрөг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,330,200 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 1,330,200 төгрөг төлснөөр үлдэх 6,669,800 төгрөгийг төлөөгүй учир 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, төлбөрийн үлдэгдлийг алданги 4,665,100 төгрөгийн хамт шаардсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал эвлэрэх санал тавьсан боловч эвлэрлийн гэрээ байгуулаагүй, гэрээний үндсэн төлбөр 6,669,800 төгрөгийг төлсөн учир энэ хэмжээгээр багасгаж, алданги 4,665,100 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч “.............п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч................. нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5. Хэрэгт нотлох баримтаар цугларсан Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, “.................” ХХК-иас “.....................” ХХК-д хүргүүлсэн албан шаардлагууд зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. “..................” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №IZI-243-22-168 тоот Худалдах, худалдан авах гэрээг “..........................” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу 18,660,400 төгрөгийн үнэ бүхий “бичлэг хадгалах төхөөрөмж”-ийг худалдан авагч “................ ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр 9,330,200 төгрөгийг гэрээ байгуулагдахаас өмнө, үлдэгдэл 9,330,200 төгрөгийг бараа хүлээн авсан өдрөөс ажлын 3 хоногийн дотор худалдагч ....................” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлэхээр тохиролцож, худалдагч нь тоног төхөөрөмжид 1 жилийн баталгаат хугацаа өгч, худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөх үүрэг хүлээсэн байна.
5.2. Худалдан авагч тал гэрээнд зааснаар төлбөрийн урьдчилгаа 50% болох 9,330,200 төгрөгийг гэрээ байгуулагдахаас өмнө төлж, үлдэгдэл 9,330,200 төгрөгийг гэрээнд заасан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч тал 2022 оны 9 дүгээр сарын 22, 30-ны өдрүүдэд үлдэгдэл төлбөрийг шаарджээ.
5.3. Нэхэмжлэгч 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл 9,330,200 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3 сарын хугацаа хэтрүүлэн 1,330,200 төгрөг, дахин 3 сарын дараа буюу 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 1,330,200 төгрөг тус тус төлж, нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 2 сарын хугацаанд ямар нэг төлбөр төлөөгүй байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 6,669,800 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээ дээрх хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
7. Талууд гэрээний 10.2-т “ худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө” гэж алданги тооцох тухай тохиролцож, бичгээр байгуулсан гэрээндээ тусгаснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага хангасан бөгөөд алдангийн хэмжээг 0,3 хувь байхаар тогтоосон нь мөн хуулийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй боловч нэхэмжлэгч талд 6,669,800 төгрөг төлж, үлдэгдэл 4,665,100 төгрөгийг ваучер байдлаар төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй учир алданги гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан тул нэхэмжлэгчийн шаардаж буй 4,665,100 төгрөгийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх үндэслэлтэй.
9. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу шаардсан гэж тайлбарласан ба шаардаж буй 4,665,100 төгрөгийг хариуцагчийн гүйцэтгээгүй 9,330,200 төгрөгөөс тооцсон, хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 2 жилийн хугацаанд биелүүлээгүй буруутай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 196,308 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89,591 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “................” ХХК-иас 4,665,100 /дөрвөн сая зургаан зуун жаран таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ай ти зон” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 196,308 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89,591 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА