| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/04989/И |
| Дугаар | 102/ШШ2024/02391 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/02391
2024 оны 05 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2024/02391 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, А.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Л.Мөнгөнчөдөрийг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .............................................
Хариуцагч: ..................................................
Нэхэмжлэлийн шаардлага:................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., хариуцагч ........................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ...................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны орой 20:00 цагийн үед дэлгүүр орохоор Зайсан-Оргилын замын уулзвараар явган хүний гарцаар гарч явахдаа ............9 УНТ улсын дугаартай Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Намайг мөргөсөн жолооч уучлаарай гэж хэлчихээд явах гээд байсан. Тухайн үед уулзвар дээр зогсож байсан цагдааг дуудаж учрыг тайлбарлаж хэлээд, жолоочид арга хэмжээ авахыг хүсээд салж явсан. Цааш явж байхад дотор эвгүй оргиж, толгой өвдөж эхэлсэн. Мөн аарцаг нуруугаар өвдөж арай гэж гэртээ ороод хэвтсэн. Орой 23:00 цагийн үед доошоо цус гарсан. Цус 3 хоног үргэлжлээд зогссон. Цус гарсан учир маргааш нь эмнэлэгт нурууны рентген зураг авхуулж замын цагдаад мэдэгдсэн. Гэмтлийн эмнэлэг орж аарцагны рентген зураг авхуулаад, зөвлөсөн эмийг авч уусан. Толгойны MRI, хэвлийн тодосгогчгүй КТГ зураг авхуулахыг зөвлөсөн боловч захиалгын цаг байхгүй учир чадаагүй. Дараа нь шүүх эмнэлэг ороход 3 хоногт дотор эрхтний СТ зураг, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж ирж гээд явуулсан. Улсын эмнэлэгт үзүүлэх гэтэл 9 дүгээр сарын 23-ны өдрөөс нааш цаг байхгүй байсан учир хувийн эмнэлэгт үзүүлж зураг авхуулсан. Нийт эмнэлгийн зардал 656,000 төгрөг болсныг жолоочид хэлэхэд “хүн мөргөсний хэргээр 600, 700-г өгөөд явдаг нь би биш, шүүхдээд аваарай, би осолд ороод нэг төгрөг ч авч байгаагүй, харин чи надаас мөнгө авах гэлээ” гэх зэргээр элдвээр хэлсэн. Эмч рентген ба СТ зураг авахад том гэмтэл л харагддаг, нарийн урагдал зэргийг харж чаддаггүй, биеэ сайн ажиглаж байгаад шаардлагатай бол MRI зураг авхуулаарай гэж хэлсэн. Одоо нуруу, толгойгоор өвдөх зэрэг нялх хүүхдээ асардаг надад маш хүндрэл учирч байна. Замаар гарахдаа хаанаас мөргөчих бол гэсэн айдастай болсон. Ослын дараа бие, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдгийг биеэрээ мэдэрч байна. Нурууны рентген 241,000 төгрөг, үе мөчний эмч 50,000 төгрөг, хэвлийн СТ 310,000 төгрөг, эмэгтэйчүүд 55,000 төгрөг, нийт зардал 656,000 төгрөг болсныг хариуцагч .................. гаргуулж өгнө үү. Ясны тодосгогч зургийг Интермэд эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгээс үзүүлэх шаардлагатай гэж хэлснийх нь дагуу очиж үзүүлсэн. Би өөрөө санаачлагаараа явж үзүүлээгүй...гэв.
2. Хариуцагч...................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр миний бие замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд замын цагдаа хөдөлгөөн зохицуулж байсан. Хөдөлгөөн эхлэхтэй явган зорчигчийн хөдөлгөөн бас давхацсан. Явган зорчигч хүчтэй мөргөгдөөд унаад, дайрагдсан явдал болоогүй. ................ бичээд байгаа шиг хүчтэй мөргөсөн, дайрчихаад уучлалт гуйгаад зугтах гээд байсан асуудал огт байхгүй. Тухайн үед уулзвар дээр хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа харж л байсан. Цагдаа ирээд бичиг баримт үзээд буцааж өгөөд намайг яв гэсний дагуу би явсан. Хэрэв би зугтаасан бол эрүүгийн хэргээр шийтгэгдсэн байгаа. Явган зорчигч намайг “замаа харж явахад яадаг юм, чиний уучлаарайгаар чинь би яадаг юм, энэ хүндээ арга хэмжээ аваарай” гэж цагдаад хэлчихээд зүгээр яваад өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр орчим Замын цагдаагийн газар дуудахаар нь очсон. ................. гомдол гаргасан байсан. Тэрээр шүүх эмнэлэгт үзүүлэхээр болж тогтоол авсан байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байсан. .................... надад эмчилгээ хийлгэсэн гэж хэлж ярьж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрөө том осолд орж бүтэн жил хэвтэрт орж байсан болохоор, мөн машин хонхойгоогүй байсан болохоор айхтар хүнд гэмтэл учраагүй гэж үзэж байгаа. Одоо 2 жил болсны дараа бөөр өвдөж байна, уураг алдаж байна гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Би мөргөснийгөө зөвтгөөгүй. Гэхдээ ингэж болохгүй. 100,000-200,000 төгрөг төлөхийг бол зөвшөөрнө. Шүүх эмнэлгээр үзүүлэхэд гэмтлийн зэрэг байхгүй гэсэн учраас түүгээр явдаг гэж бодсон. Шүүх эмнэлэг үзэхэд баримтууд байсан. Дүгнэлт гарснаас 10-20 хоногийн дараа хийлгэсэн байсан...гэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-5-7/, Зам тээврийн осол дээр тогтоосон актын хуулбар /хх-8/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчийн хуулбар /хх-9/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, Мөрдөгчийн магадлагааны хуулбар /хх-12-14/, Тээврийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 793 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолын хуулбар /хх-15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11037 тоот шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-17/, Интермэд эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн баримт /хх-18-19/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогооны дүгнэлт /хх-20/, Грандмед эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хэвлийн КТ хариу дүгнэлт /хх-21/, Грандмед эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-22/, эмэгтэйчүүдийн эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн бичиг /хх-23/, Нурууны рентген 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн баримт болон 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн үзлэгийн төлбөрийн баримт /хх-24/, Эвт хүч эмнэлгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 55,000 төгрөгийн баримт /хх-25/, Грандмед эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн төлбөрийн баримтууд /хх-26/, дүрс бичлэг бүхий компакт диск... зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримтаар гаргаагүй байна.
5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд:
- Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05195 дугаар захирамжаар Тээврийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-34/, захирамжийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зам тээврийн осолтой холбоотой Тээврийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолтой материалаас Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн магадлагаа болон эмнэлгийн баримтуудыг прокурорын тогтоолын хамт шүүхэд ирүүлсэн. /хх-36-46/
- Дээрх шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. /хх-49-51/
6. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгч талын зөв гэж харж байна. Яагаад гэвэл мөргөсний дараа тэр даруй мэдэгддэггүй, удаж байж илэрдэг талтай учраас нэхэмжлэгч талын зөв гэж үзэж байна...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Ганчимэгт холбогдуулан гэм хорын хохиролд 656,000 төгрөг гаргуулахаар шаардсан .................. нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ..............нэхэмжлэлийн үндэслэлээ “явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад хариуцагчийн машинд мөргүүлснээс болж 3 хоног дараалан доошоо цус гарсан, цагдаад хандаж, шүүх эмнэлгийн шаардсанаар рентген зураг, хэвлийн СТ, үе мөчний болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсний зардлаа шаардаж байгаа” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч..................нэхэмжлэгч ............. мөргөсөн гэм буруугийн талаар маргахгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулахаар мөргөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр................ биед гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон. 100,000-200,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Улсын эмнэлэгт үзүүлэх боломжтой байхад зориуд хувийн үнэтэй эмнэлэгт үзүүлсэн учир зардлыг хариуцахгүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Хариуцагч .................г нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 52 минутын орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Зайсангийн гудамж, “Оргил” худалдааны төвийн зүүн талын уулзварын явган хүний гарцны замд Тоёота Ланд круйзер-200 маркийн .............. УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.5-д заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан нэхэмжлэгч...........................мөргөсөн байна.
4.2. ..................... осол болсны маргааш 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоонд орж, мөн өдрөө Интермэд буюу Интернэйшнл медикал сентерт 241,000 төгрөгөөр нурууны рентген зураг авхуулан, 8 дугаар сарын 10-ны өдөр Грандмед эмнэлэгт хэвлийн СТ 310,000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр нуруу нугасны мэс заслын эмчид 50,000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр эмэгтэйчүүдийн эмнэлэгт 55,000 төгрөгийн тус тус төлбөр төлж үзүүлжээ.
4.3. Улмаар ............... цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Тээврийн цагдаагийн албанаас 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийж, 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 853 тоот Мөрдөгчийн магадлагаагаар ..................... Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.5-д заасныг зөрчсөн, .................... Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй болохыг тогтоосон байна.
4.4. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчээр томилогдож, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11037 тоот дүгнэлт гарсан байна. Дүгнэлтийн үзлэгээр: “........................ биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимын чичирхийлэлгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн”, хэсэг газрын үзлэгээр: “баруун ташаанд 4х2см бүдэг хөх өнгийн цус хуралттай” гэж илрэн, дүгнэлт гаргахад Грандмед эмнэлгийн Хэвлийн КТГ, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хэвлийн ЭХО зэргийг үндэслэн хянаж, ....................биед баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ.
4.5. Улмаар Тээврийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 793 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол гарч, ............... Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ...............мөргөж, баруун ташаанд цус хуралт гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан хохирол учраагүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон, ................. үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр холбогдох материалыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн, .............. өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байна. Уг тогтоолд ...................гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.
4. Зохигчид зам тээврийн осол болсон буюу хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр явган хүний гарцаар зам гарч байсан нэхэмжлэгчийг хариуцагч өөрийн жолоодон явж байсан тээврийн хэрэгслээр мөргөсөн, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөр төлөөгүй талаар маргаагүй. Харин ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэх, нэхэмжилж буй зардал зайлшгүй гарах ёстой зардал мөн эсэх талаар харилцан үндэслэл заан маргаж мэтгэлцлээ.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс осолд өртсөн явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн даруйд бэртэл гэмтэл мэдэгддэггүй, удаж байж илэрдэг учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан байна.
7. Хариуцагч ................. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан нэхэмжлэгч........................ мөргөсний улмаас хэдийгээр нэхэмжлэгчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч уг ослын улмаас мөрдөгчийн тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний төвийн шаардсаны дагуу эмнэлгийн байгууллагад үзүүлж, шинжилгээ хийлгэхэд 656,000 төгрөгийг зарцуулж, зардал гаргасан байх тул хариуцагч эдгээр зардлыг хариуцан төлөх үүрэг хүлээнэ гэж шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч болон шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 20,294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...................656,000 /зургаан зуун тавин зургаан мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................. олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 20,294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
А.ЭНХЖАРГАЛ