Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 23

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Хохирогч М.Б

         Иргэний нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Д

         Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-н П-д холбогдох 1716001560009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, аав, ээж 4 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДЮ..... регистрийн дугаартай, Б овогтой Д-н П гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.П нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед 76-83 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркын автомашин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн даваа уруудаж замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.1 дүгээр заалтуудыг зөрчсөний улмаас машин онхолдож, иргэн М.Б-н биед хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч С.Б-н эзэмшлийн 76-83 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркийн автомашин 6.026.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Д.П нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Цээл сумаас Говь-Алтай аймгийн төв орж ирэх замдаа иргэний нэхэмжлэгч С.Б-н өмчлөлийн 76-83 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркын автомашин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн даваа уруудаж замын хөдөлгөөнд оролцох явцдаа онхолдож, иргэн М.Б-н биед зүүн эгэмний хугарал гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь бусдын хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

       

Харин шүүгдэгч Д.П нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж, М.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний байдал болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна. Үүнд:

 

       Шүүгдэгч Д.П-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Давааны цаана цасанд суучихаад наашаа машинаа бариад хөдлөхөөр нь би машиныг чинь барих уу? гэж асуухад хамт явсан хүмүүс чи жолоочоороо машиныг нь бариад яв гэж хэлсэн. Машин нь тоормоз муу байсан учир карданыг нь хагас татчихаад давааны наад руу уруудаж яваад гялаан дээр эргээд замын хашлага руу унагачихсан. Аймгаас цагдаа нар очсоны дараа би машиныг жолоодож ирсэн. Аймгийн төв дээр ирэхэд Б машинаас буугаад зугтаад алга болсон. О бид хоёр цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Би Алтайн хүдэрт ажилладаг. Амралтаараа Цээл сумын төвд ирээд Б, Б хоёртой таараад аймаг явна гэхээр нь хамт ирсэн. Давааны цаана цасанд суухдаа нэг шил архи уусан. Тухайн архийг уусны дараа замаас орж гараад машинаа жолоодож чадахгүй байхаар нь би машиныг жолоодох уу гэж асуухад хамт явж байсан хүмүүс чи жолоочоороо машиныг жолоодоод яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг жолоодоод явсан. Тухайн машин нь тоормоз муутай байсан учир би карданыг нь хагас татаад маш зөөлөн явж байсан. Тэгээд гялаан дээр гулгаад замын хашлага руу орсон байгаа... Дөрвүүлээ явж байсан. Цээл сумаас гараад 2 шил архи уусан. Архи уусан гэж хэлэхээр зүйлчлэл нь хүндэрдэг гэсэн. Тэгэхээр нэг шил архи уусан гэж хэлэхээр мэдүүлэг дээрээ тохиролцоод Б, О бид гурав тэгж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг, 

 

Хохирогч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...12 дугаар сарын 15-ны өглөө Б ах бид хоёр гарах гэж байсан. Урд орой нь О ирж уулзаад өвлийн идшээ хийсэн. Хамт явах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд хамт явахаар болоод үхрийн махаа ачиж байхад Алтайн хүдрээс ирсэн хоёр хүн байгаа тэр хоёрыг аваад явмаар байна гэж хэлсэн. Тэгээд П-г суулгаад нөгөө нь өөр машинд суусан. Анх цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг дээр ганц шил архи уусан гэдэг асуудал яагаад яригдаад байгаа юм бэ? гэхээр 15-ны орой 20 цагийн үед машин унаад түргэний машинаар ирээд хагалгаанд оролгүй 3 хоноод, хагалгаанд орсоноос 7 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Намайг эмнэлгээс гарсаны дараа цагдаагийн газраас та ирээд мэдүүлэг өгнө үү гэж ярьсан. Тэгээд П, О хоёр утсаар яриад аль болох хурдан салахын тулд нэг шил архи уусан гэж хэлье гээд тэрний дагуу би мэдүүлэг өгсөн.  Яг болсон процессийг ярихад 3 шил архи авч уусан. Гашууны хөндий уруудаад явж байхад үнэхээр Б ах согтсон. Машинаа 3 дахиж замаас гаргасан. Нэг удаа хад мөргүүлэх шахсан. Тэгээд та согтоод байна зам халтиргаа ихтэй байна. П чи барьчих юм уу? гэж ярилцаад Б ах тэг тэг гэж хэлээд машины жолоогоо өгсөн. Тухайн замын нөхцөлд даваа аймаар байгаа гэж ярилцсан учир маш зөөлөн явж байсан. Хажуу талын зам цасаар дүүрсэн урдаас машин ирэхэд зөрөх боломжгүй, замын ирмэг рүү шахсан зөөлөн явж байсан. Гэтэл машин хоёр гурав даваад замын хажуу руу уначихсан. Миний зүүн эгэм бяцарсан учир ялтсан холбоо тавьж хадсан. Эмнэлгээс гараад хагалгааны оёдол буглаад мөнгө хэрэг болоход П 80.000 төгрөг өгсөн. Б ах ор хоногийн мөнгө төлөөд мөн 80.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цээл сумд Б-тэй очоод 2 хоносон. Тэгээд аймаг руу гарахын өглөө Б-н хадам аавынх нь дүү хүүхэдтэйгээ ирээд аймаг явах унаа байна уу?  гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь тэгье маргааш явахдаа аваад явъя гэж хэлсэн. Өглөө босоход үхрийн махаа аваад ирсэн. Тэгээд ачаагаа ачиж байхад манай хоёр найз Алтайн хүдрээс ирсэн байна та аваад яваач гэж хэлэхээр нь ах нь ачаа ихтэй багтахгүй байх гэж хэлэхэд гуйгаад байхаар нь авч явахаар болоод уулзахад өмнө харж байсан зүс таних хүмүүс байсан. Цээл сумаас гарахад ах дэлгүүрийн үүдэн дээр нэг зогсоод өг гэж хэлэхээр нь дэлгүүрийн үүдэн дээр зогсоход дэлгүүр ороод гарч ирэхдээ тортой архи барьсан байсан. Тэгээд би машинаа бариад явсан. Замдаа араас архи өгөөд байсан. Би архи уудаггүй амсаад согтчихдог. Тэгээд Цагаан голын доод руу ороод согтчихсон байсан. Тэгээд машинаа бариад явж байхад та машинаа барьж чадахгүй байна гэж хэлээд зогсоосон байгаа юм. Тэгээд би унтсан байсан. Би машин тэрэг бариад яваач гэж хэлээгүй. Би олон жил машин барьж байна хүнд жолоогоо өгч байгаагүй. Халтиргаан дээр унасан гэж хэлж байна. Тухайн үед ард сууж явсан хоёр хүн унтаж байсан би унахаас өмнөхөн хоёр гурван удаа зогс гэж хэлсэн. Тэгэхэд зогсоогүй. Тоормоз муу барихгүй байсан гэж хэлж байна. Тоормоз зүгээр барьж байсан. Давааны араад өгсөхдөө жоохон нойрмог явж байсан байх. Тойроод гарах зам дээр чигээрээ яваад замын хажуу тал руу орчихсон. Замаас гарахыг харсан. Д.П нь унтаж явсан байх. Мөрдөн байцаах байгууллагад өргөдөл гаргасан. Хохиролын үнэлгээ 6.026.000 төгрөг гарсан. Хохирогчийг хагалгаанд орох гэж байхаар нь нэг удаа 200.000 төгрөг ор хоногийн мөнгө 35.900 төгрөг төлсөн нийт 6.990.000 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлоо нэхэмжилж байна.  Мөрдөн байцаалтын шатанд 3 шил архи уусанаа нэг шил архи уусан гэж хэлье гэж тохирсон...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ээлжийн амралтаараа Цээл сумд аавындаа оччихоод буцах гэхэд тухайн үед цастай хүйтэн байсан учир унаа олдохгүй байсан. Тэгээд аав бид хоёр Б-г аймаг явах гэж байгааг мэдээд очиж уулзсан. Өглөө нь аав бид хоёр очоод машиныг нь чирж асаагаад гарсан. Паар ажиллахгүй байна гэдэг зүйлийг ярьсан. Замд хэрэг болж магадгүй гээд нэг шил архи авсан. Даваан дээр гараад нэг шил архи уусан. Замдаа цасанд суугаад нэг шил архи уусан. Тухайн үед ууя гэсэн нь уугаад уухгүй гэсэн нь уухгүй байсан. Б машинаа барьж чадахгүй байсан учир машиныг нь П-р бариулсан. Замдаа явж байхад машин нь тоормоз барихгүй байсан. Осол гарах үед би даваа давсан гээд нойр хүрээд унтаж байсан учир машин яаж унасан талаар мэдэхгүй байна. Машин унасан гэж мэдээгүй донслох шиг болсон эргээд хажууд сууж байсан хүнээ бууя гэж хэлэхэд би хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ залгаад түргэн дуудсан.  Түргэн ирээд Б-г аваад явсан. Б яах гэж цагдаа дуудсан юм бэ? гэж хэлээд унасан газраасаа 200 метр явж байгаад цасанд суусан. Тэр үед түргэний машин ирсэн. Нилээд  удаж байгаад цагдаагийн машин ирсэн. Цагдаагийн машин тухайн машиныг цаснаас гаргаад журмын хашаанд хийсэн. Машиныг журмын хашаанд хийчихээд П бид хоёрыг цагдаагийн газар руу авч яваад мэдүүлэг авсан. Мөн согтолтын зэрэг тогтоосон. Тухайн үед Б зугтаасан байсан. Хэзээ очиж мэдүүлэг өгөөд хэзээ хохирогч болсон талаар мэдэхгүй байна. Б нь согтсон байсан учир машин барьж явж чадахгүй байсан. Тэгээд П-г наад машинаа унаад яв гэж хэлсэн. Б өөрөө зөвшөөрсөн гэв...” гэх мэдүүлэг,

 

 Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Цээлээс гараад явж байхдаа Б нь машинаахаа тоормозыг муу ажиллаад байна гэж хэлж байсан юм... Б нь архи уусны дараа илүү согтсон байсан учраас П машин унасан байх... ” гэх мэдүүлэг /хх 29-рт/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11 дугаартай акт зэргээр тогтоогдож байна.

  Мөн шинжээч Б.Б-н “...0.20 хувийн согтолт тогтоогдоогүй учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзээгүй...”, шүүгдэгч Д.П нь “...цагдаа дээр ирээд драгер үлээлгэхэд 0.10 хувийн согтолттой гарсан...” гэсэн мэдүүлэг нь  хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Д.П-г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг drager 6810 багаж ашиглан шалгасан баримт нь эх хувь биш, баримтын сар, өдөр, согтуурлын хувь бичсэн хэсэг нь засвартай байгаагаар няцаагдаж байна. Мөн гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар 3 шил архийг дөрвүүлээ хувааж уусан, архи уусан гэж хэлэхээр зүйлчлэл нь хүндэрдэг гэсэн учраас мэдүүлгүүддээ 1 шил архи уусан гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.П согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь давхар батлагдаж байгаагаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.П-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь няцаагдаж байна.

  Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.П-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон болох нь тогтоогдож байх тул тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул тус хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

 Иймд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн 1716001560009 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт  1 дүгээр ангид сууж байгаад сургуулиас гарсан, уншиж бичиж чадахгүй гэж мэдүүлсэн ба яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгч бага, дунд гэж боловсролын байдлыг нь эргэлзээтэй бичиж мэдүүлэг авсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчиж мэдүүлэг авсан байдал харагдаж байна. Мөн хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.П-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэргийн 63 дугаар хуудсан дахь ослын талаарх шинжээчийн дүгнэлтэд замын хөдөлгөөний дүрэмд заасан зүйлийг ерөнхий байдлаар бичсэн байна. Жишээ нь: авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл дээр буруу талын урд дугуй түрүүлж тоормоз барих ба зөв талын урд дугуй хоцорч тоормоз барьж байв. Харин хойд хоёр дугуй тоормоз барихгүй байв гэсэн зэргээс үзэхэд тоормозны механизм ажилгүй байсан мэт харагдаж байгаа нь тээврийн хэрэгсэл эзэмшигч болон жолоодож явсан этгээдийн хэнийх нь буруутай эсэхийг тогтоох шаардлагатай байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнхийн “...Автомашинд хийсэн үзлэгээр тогтоогоогүй гэмтэл гарч ирсэн.  Шинжээчийн дүгнэлт замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.1 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж байна. Энэ нь Д.П-д хамаарахгүй заалтууд байна. Шинжээч мэдүүлэгтээ хурдыг тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт нь хурд хэтрүүлсэн заалт байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар заалт нь машин эзэмшигчид хамааралтай заалт байна...” гэх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Учир нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр автомашинд хийсэн үзлэгээр тогтоогдоогүй урд 2 гэрэл хагарсан, карлоны хөмсөг хагарсан, тэвш хонхойсон, салон хагарсан, нум хугарсан, тээшний бариул хагарсан, карказ гажсан  зэрэг эд зүйлийн үнэлгээ тогтоосон нь хохирлын хэмжээ үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Шинжээчийн  дүгнэлтийн байдал нь гэм хорын хохирлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

 

         Мөн гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд “...Цээл сумаас гарахдаа архи уугаагүй. Цасанд суусны дараа нэг архи хувааж уусан. Тэндээсээ жаахан хөдлөөд явж байгаад П-д машинаа өгсөн байсан. Б би согтоод байна гэж хэлж байсан. Тэгээд нэг удаа замаасаа жаахан гаргасан... цас ухсаны дараа бид нар нэг шил архи хувааж уугаад хөдөлсөн... цасанд суугаад гарснаас хойш архи уусан...” зэрэг  мэдүүлгүүдийг өгч байсан ба урьд нь гэрч, хохирогч нар мэдүүлгээ тохиролцож байгаад буруу өгсөн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож, иргэний нэхэмжлэгч С.Б нь Цээл сумаас гараад Цагаан голын ам гэх газар согтоод тасарсан байсан гэдгээ шүүх хуралдаанд өөрөө мэдүүлж байна. Энэ байдлаас үзэхэд шүүгдэгч Д.П иргэний нэхэмжлэгч С.Б-н машиныг ямар үндэслэлээр жолоодсон эсэх нь тодорхой бус байна. Үүнийг тодруулах нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг зөв тогтооход ач холбогдолтой байна.

 

       Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ прокурор, мөрдөгч нар аль аль нь биелүүлээгүй байгааг тэмдэглэж байна.

 

        Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 76-83 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркын ногоон өнгийн авто машин Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа, энэ хэрэгт шүүгдэгч Д.П цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоосны дараа хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б овогт Д-н П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн 1716001560009 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Д.П-н ДН... дугаартай иргэний үнэмлэх, 779175 дугаартай жолоочийн үнэмлэх, 01530862 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, CD 1 ширхэг зэргийг  аймгийн Прокурорын газарт хэргийн хамт шилжүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 76-83 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркын ногоон өнгийн авто машин Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа, энэ хэрэгт шүүгдэгч Д.П цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоосны дараа хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй зэргийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА