| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0596/З |
| Дугаар | 128/ШШ2024/0757 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х********* /РД:************ /
Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга нарын хооронд үүссэн төрийн албанаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Х*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*********, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э*********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Б.Х*********ээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.Х*********ийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар[1] тус газрын Тамгын газрын даргын албан тушаалд түр томилж, тус газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар[2] төрийн жинхэнэ албан хаагчаар томилжээ.
2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/71 дугаар тушаалаар[3] Төрийн болон албаны нууцтай танилцах, хамгаалах, хадгалах, хянах хоёрдугаар зэргийн эрх бүхий албан тушаалтны үүргийг, мөн тус газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар[4] Төрийн болон албаны нууцтай танилцах хоёрдугаар түвшний эрхтэй нууц хамгаалах ажилтны албан үүргийг тус тус хавсран гүйцэтгэхийг үүрэг болгожээ.
2.3. Нэхэмжлэгчийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар[5] “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.4. Дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 37.1.16, 37.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 35 дугаар зүйлийн 35.4.1, 35.4.4, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.7, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3, 1.3.1, 1.3.3, 1.4, 1.5.3, 6 дугаар зүйлийн 6.1, Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.14, 8.2, 9.1.4, 9.1.4.1, 9.1.4.2, 12.1 12.1.2, 12.1.4, 12.1.14, Үндэсний аудитын газрын гаргасан 2022 оны Санхүүгийн аудитын тайлан, тайланг үндэслэсэн 10 албан шаардлага, 1 төлбөрийн акт, 2023 оны Санхүүгийн аудитын тайлан-Хязгаарлалттай дүгнэлт, тайланг үндэслэсэн 7 албан шаардлага, Архивын Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 48/01 дугаартай албан шаардлага, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын тушаалын тодорхойлолтыг тус тус үндэслэжээ.
2.5. Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2024 оны 06 дугаар 27-ны өдрийн 01/1460 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[6] “…Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8.2 дахь хэсэгт төрийн албанаас халах болон төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан байх тул гомдлоо харьяалах шүүхэд гаргах нь зүйтэй зөвлөж байна.” гэх хариу өгчээ.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “...Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үндэс суурийг тавихад гар бие оролцон, холбогдох дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийг боловсруулж батлуулах, санал өгөх, олон улсын болон үндэсний хэмжээний хурал, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санаачлах зэргээр өөрийнхөө чадахаас эхлээд чадахгүйгээ хүртэл энэ салбарт 12 жил зүтгэсэн. Энэ хугацаанд ажиллахдаа зөрчил дутагдал гаргаж албан ажилдаа хариуцлагагүй хандаж байсан удаагүй. Аливаад чин сэтгэлээсээ хандаж нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллаж байсан. Ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдсон, тасалсан, Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй буюу өөрийн хариуцсан нэгжийн албан хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй, архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар, журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангаагүй, байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, хяналт шалгалтын алдаа зөрчлийг арилгах, биелэлтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавиагүй, арга хэмжээ аваагүй, удирдлагаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан зэрэг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлүүдээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд маргаан бүхий тушаалд дурдсан дээрх үндэслэлүүдийг бүгдийг эс зөвшөөрч байх бөгөөд тушаалын үндэслэл болсон зөрчлүүдийг гаргаагүй буюу гаргасан гэх зөрчил нь Тамгын газрын даргын хэрэгжүүлэх чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүдтэй хамаарахгүй.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч нь тус газрын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих, зорилт, арга хэмжээний биелэлтийг хангуулах зорилт чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шууд харьяалагдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдсэнээр ажлын байрнаас гадуур ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан сургалт хийх, хурал уулзалт хийх семинарт оролцох зэрэг ажлын байрнаас гадуур ажил гүйцэтгэх талаар шууд удирдлагад мэдэгдсэн тухай баримт байхгүй, даргын зөвлөлийн шуурхай хурлаас гарсан хугацаат үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, байгууллагын хүний нөөцийн болон санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт заавар журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага, арга зүйгээр хангах, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь тогтоогдсон. Сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн, оролцоог нь хангасан гэж үзэх ба заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй нь түүнд сахилгын шийтгэл оногдуулахаас татгалзах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаж, ажлаас халсан гэж үзэхгүй.” гэж тайлбарлав.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Х********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Б.Х********* нь 2011 оноос эхлэн Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд нийгмийн ажилтан, мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2018 онд байгуулагдахад тус газрын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд өөрийн мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан санаачилгатай, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үндэс суурийг тавихад гар бие оролцон, холбогдох дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийг боловсруулж батлуулах, санал өгөх, олон улсын болон үндэсний хэмжээний хурал, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санаачлах зэргээр өөрийнхөө чадахаас эхлээд чадахгүйгээ хүртэл энэ салбарт 12 жил зүтгэсэн байна. Энэ хугацаанд ажиллахдаа зөрчил дутагдал гаргаж албан ажилдаа хариуцлагагүй хандаж байсан удаагүй. Аливаад чин сэтгэлээсээ хандаж нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллаж байсан.
2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад дарга М. М********* нь намайг өрөөндөө дуудаж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдэх хуудас өгсөн. Маргааш нь буюу 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутад намайг дахин өрөөндөө дуудаж "Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг Тамгын газрын хамт олны дэргэд уншиж танилцуулсан. Мэдэгдэх хуудсанд зааснаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор миний бие тайлбар мэдээллийг өгөх ёстой байсан боловч тайлбараа гаргаж өгөөгүй байхад буюу 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутад шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаж, ажлаас халсан, Ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдсон, тасалсан, Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй буюу өөрийн хариуцсан нэгжийн албан хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар, журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангаагүй нь архивын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 48/01 дугаартай дүгнэлт, албан шаардлагаар тогтоогдсон, Байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй болох нь 2022, 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын дүгнэлт, Үндэсний аудитын газрын нийт 17 зөрчил бүхий албан шаардлагаар тогтоогдсон, Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2022 оны санхүүгийн аудитын тайланд холбогдох акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд хүргүүлэх ажилт хяналт тавиагүй, тус акт, албан шаардлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, биелэлтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавиагүй, 2023 оны санхүүгийн аудитын тайланд холбогдох албан шаардлага, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх, тус албан шаардлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, биелэлтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавиагүй, арга хэмжээ аваагүй, удирдлагаар хангаагүй буюу байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, Удирдлагаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан зэрэг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлүүдээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний бие үндсэн ажлаа гүйцэтгэхийн сацуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, хөгжлийн чиглэлээр бусад байгууллага, газар, нэгж, харьяа төв, дээд шатны байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээ, ажлын хэсэгт орж ажиллах, сургалт хийх, хурал уулзалт семинарт оролцох зэргээр гадуур ажиллах үе байнга тохиолддог. Ямар ч шалтгаангүйгээр ажил тасалж, ажлаас хожимдож байсан удаа байхгүй тул энэ шалтгаанаар ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Алба хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж баталгаажуулсан тайланг гаргах хугацаа болоогүй байхад "гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй, удирдан зохион байгуулаагүй, үүргээ биелүүлээгүй" гэж буруутгах, зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. Тамгын газрын албан хаагчидтай явцын ярилцлагыг нэг удаа зохион байгуулж үүрэг даалгавар, чиглэл өгч, 7 хоног, сар бүр нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар албан хаагч тус бүртэй уулзаж үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байсан. Явцын ярилцлага явуулаагүй нь гүйцэтгэлийн үнэлгээнээс оноо хасах нөхцөл болохоос бус алба хаагчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй байна. Тамгын газрын дарга байгууллагын бүхий л цаасан болон цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байх, үнэн зөв байх, бүрэн бүрдэлтэй, ашиглах боломжтой байхад хяналт тавина гэсэн үг биш бөгөөд маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1, 35.4.4 дэх заалтууд нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны хэрэгжүүлэх чиг үүрэг байх бөгөөд Тамгын газрын даргын хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хамааралгүй байна.
Миний бие 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авч, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа эргэн томилогдсон. Түүнчлэн, тус агентлаг байгуулагдсан цагаасаа эхлэн буюу 2018 оноос хойш нийт 4 удаа архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн солигдсон. Энэ хугацааны архив, албан хэрэг хөтлөлтөд гарсан алдаа дутагдлыг газрын дарга М.М********** нь ганцхан надад хариуцуулж хариуцлага тооцож байгаа нь хувийн шалтгаантай гэж дүгнэхэд хүргэж байна. Байгууллагын удирдлагын зүгээс архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн болон албан хаагчдыг жил бүр чадавхжуулах сургалтад хамруулж ирсэн. Тиймээс архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар, журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангаагүй гэж үзэх боломжгүй байна.
2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн үндэсний аудитын газрын албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үндэсний аудитын газарт ирүүлэхийг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* болон ерөнхий нягтлан бодогч Б Б******** нарт даалгасан байна. Тус албан шаардлага нь 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдөр ирсэн бол миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа эргэн томилогдсон. Ажилдаа эргэн томилогдсоноос хойш даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* нь дээрх албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, хугацаанд нь тайлагнах талаар үүрэг даалгавар, чиглэл өгч байгаагүй болно. Түүнээс гадна 2022 онд миний бие жирэмсний болон амаржсаны амралттай байсан тул 2022 оны байгууллагын санхүүгийн гүйцэтгэлийн тайланд хяналт тавих, удирдлагаар хангаж ажиллах боломжгүй юм. Үндэсний аудитын газрын Албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, хугацаанд нь тайлагнах талаар даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* нь мөн надад үүрэг даалгавар, чиглэл өгөөгүй төдийгүй хэрэгжилтийн биелэлтийг тайлагнах хугацаа болоогүй болно. Дарга М.М********* нь томилогдсоноосоо хойш 2024 оны 05 дугаар сарын 09, 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд даргын зөвлөлийн шуурхай хурлыг зарлан хуралдуулсан ба хурлаар Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын хэрэгжилтийг хангах тухай үүрэг даалгавар, чиглэл өгөөгүй, удирдлага арга зүйгээр хангаагүй, энэ тухай огт хэлэлцээгүй. Тус газрын дарга М.М********* нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр даргын зөвлөлийн шуурхай хурлыг зарлан хуралдуулахдаа Тамгын газрын дарга Б.Х********* надад нэг үүрэг даалгавар, 05 дугаар сарын 31-ний өдөр дөрвөн үүрэг даалгавар өгснөөс бүгдийг нь бүрэн биелүүлсэн. 06 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагт мөн даргын шуурхай хурлыг зарлан хуралдуулж 06 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт танилцуулах дөрвөн үүрэг даалгавар өгсөн. Миний бие тухайн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжит хугацаагаар хангуулахаар хугацааг сунгаж өгөх талаар хүсэлт тавьсан боловч 06 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт бүх үүрэг даалгаврыг биелүүлэхийг шаардсан. Миний хувьд дурдсан 4 үүрэг даалгаврыг ажлын 3 цагийн дотор биелүүлэх боломжгүй бөгөөд энэ талаар хүсэлтээ удирдлагадаа тавьж, улмаар өгсөн үүрэг даалгаварт нь гарын үсэг зураагүй. Гэтэл ахлах мэргэжилтэн Ж.Ж***********д "өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж бич" хэмээн даалгасан. Энэ мэт газрын дарга М.М********* нь албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах зэргээр төрийн албан хаагчид хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх талаарх албан хаагч миний эрхийг хөндсөн тушаал гаргаж, халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн, газрын дарга М.М********* нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, түүний оролцоог хангах талаарх хуулиар хүлээсэн үүргээ огт хэрэгжүүлээгүй. Тушаал гаргахаас 1 өдрийн өмнө "ажлаас халах мэдэгдэл" өгсөн, эрх нь хөндөгдөх этгээдээс тайлбар, саналыг нь авалгүй тушаал гаргасан нь сонсох ажиллагаа явуулсан, эрх нь хөндөгдсөн этгээдийн оролцоог хангасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Х********* намайг урьд эрхэлж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг буруутгадаг үндэслэлүүд дээр товчхон тайлбар хэлье. Хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудал, хэргийн материалд авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг ажил тасалсан, ажил дээрээ байгаагүй гэдэг өдрүүдэд тухай бүрд нь байгууллагын үйл ажиллагааг эрхэлж байсан гэдэг талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн нөхцөл байдлаар ажлын цаг тасалсан, хожимдсон, гэдэг агуулгууд тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт бичгийн үзлэгийг шүүхээс хийсэн. Үзлэгийн тэмдэглэлд хавсаргачихсан баримт дээр тухайн байгууллагад ажилладаг нийт ажилтнуудын ажлын цагийн тооцоог эцсийн дүндээ агентлагийн дарга баталгаажуулсан байсан. Эцэслэсэн дүнгээр Б.Х********* гэдэг хүн хариуцагчаас буруутгаж байгаа 2024 оны 1-ээс 6 сарыг хүртэлх хугацаанд ажил тасалсан өдөр огт байдаггүй. Хариуцагчийн зүгээс тухайн баримтыг зөвхөн цалин хөлс олгохтой л холбоотой баримт гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн баримтууд дээр нь ажил тасалсан гэдэг бүртгэл авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл ерөнхий газрын дарга буюу агентлагийн дарга нийт ажилчдынхаа ажлын цагийн тооцоог нь эцэслэн батлаад, түүндээ үндэслээд сахилгын шийтгэл ноогдуулах, цалин хөлс олгох, ээлжийн амралтыг нь эдлүүлэх, бусад нийгмийн харилцааг нь зохицуулаад явдаг юм байна.
Тус газрын Тамгын газрын дарга Б.Х********* 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй, өөрийн хариуцсан нэгжийн алба хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэдэг агуулгыг дурддаг. Тухайн агуулгынх үндэслэлийг юугаар тодорхойлдог вэ гэхээр Засгийн газрын 2023 оны 301 тогтоолын хавсралтаар батлагдсан Гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх, дүгнэх журмын 3.1-ийг удирдлага болгоод байдаг. Гэтэл бодит байдалд Б.Х********* гэдэг хүн явцын ярилцлагыг нэгээс доошгүй удаа хийчихсэн талаарх баримтыг гаргаад өгчихсөн, хэргийн материалд авагдсан байдаг.
Хариуцагч энэ маргаан бүхий акт дээр дурдаагүй, хариу тайлбар дээр дурдахдаа гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой журмын 4.1-ийг зөрчсөн гэж яриад байдаг. 4.1-ийн заалтыг нь харахаар албан хаагч төлөвлөгөөнийхөө биелэлтийг 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлагнана гэдэг зохицуулалт байдаг. Тухайн байгууллагад харьяалагдаж байгаа нийт ажилчдынх нь тайлагнах хугацаа 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Тамгын газрын ажилчид нэгжийнхээ даргад тайлангаа өгөх юм байна. Нэгжийн дарга тухайн асуудлууд, тайланг нь нэгтгэж үзээд журмын 5.10-д заасны дагуу нэгжийн дарга, албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж баталгаажуулсан тайланг 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнэлгээний багт хүргүүлэх үүргийг хүлээдэг юм байна. Энэ журмаар 06 дугаар сарын 15-ны дотор үнэлгээнийхээ багт хүргүүлэх төлөвлөгөөт хугацаа болоогүй байхад нэг хоногийн дотор, үндсэндээ 2 цагийн дотор энэ үүргийг биелүүл гэдэг агуулгаар биелэгдэх боломжгүй үүрэг даалгавар өгөөд тухайн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжоор хангаагүй атлаа үүргээ хэрэгжүүлээгүй байна гэдэг агуулгаар хариуцлага хүлээлгээд маргаан бүхий актын нэг үндэслэл болгосон нь зүйд нийцэхгүй байна. Энэ журамд заасны дагуу хугацаа нь 1 дүгээрт болоогүй байсан. Дээрээс нь өөрсдийнх нь буруутгаж байгаа 3.1-д заасан үндэслэл нь хэргийн материалд авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. Үндсэндээ маргаан бүхий актад дурдсан эхний 2 үндэслэл нь үгүйсгэгдэж байна.
Дараа нь архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой асуудлуудыг дурдахдаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 болон 35.4.4 дэх хэсгийг зөрчсөн байна гэдэг агуулгыг дурддаг. Энэ агуулгыг нь хараад үзэхээр байгууллагын үйл ажиллагааг холбогдох журам, стандартын дагуу баримтжуулах үүргийг байгууллагын ажилтан буюу албан хэрэг хөтлөлтийн ажилтан нь хариуцдаг юм. Нотлох баримт судлах явцад архивын албан шаардлагыг судлахад Төрийн албаны зөвлөлийн тушаалаар батлагдсан журмын хавсралтаар архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргүүдийг нь албан тушаалын тодорхойлолтууд дээр нь тухай бүр нь заагаад маш тодорхой тусгаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчид бүр архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны албан тушаалын тодорхойлолт дээр заачихсан тухайн үүргийнхээ дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн эсэх асуудал дээр архивын улсын байцаагч албан шаардлагаа тавьчихсан асуудлууд харагдаад байна. Маргаан бүхий актын үндэслэл болсон заалтуудын тухайд тайлбар хэлэхээр зөвхөн Б.Х********* гэдэг хүнд хариуцлага ноогдуулаад, улмаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулаад байгаа нь нэг талаараа өрөөсгөл байна.
Сая нэхэмжлэгч хэлэхдээ “…үнэхээр байгууллагын архивын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хэрэгжих боломжгүй, журамд заасан шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдлууд байсан” гэдгийг тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зориулалтын ажлын байр байгаагүй, Сэргээн засах үндэсний төв гээд тусдаа байгууллагын байранд байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт архивын зориулалтын өрөө тасалгаагүй байсан. Архивын зориулалтын өрөө тасалгаагаар хангах боломж нь ч тухайн байгууллагад байгаагүй. Архивын улсын байцаагчийн албан шаардлага дээр ерөнхий газар нь архивын зориулалтын өрөөгүй, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны өрөөний нэг талыг вакуум хаалтаар хааж 6.75 м.кв өрөө болгосон, галын хор байгаагүй зэрэг агуулгуудыг дурддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар архивын өрөө, ажилчдынхаа хэвийн орчинд ажиллах нөхцөлөөр хангуулах талаар хүсэлтээ дээд шатны байгууллагад удаа дараа тавьж байсан.
Албан шаардлага дээр зөвхөн Б.Х********* гэдэг хүн албан үүргээ зөрчсөн гэдэг асуудал дурдагдаагүй. Архив, албан хэрэг хөтлөлтийн байгууллагын нийт ажилтан, за агентлагийн дарга дээрээс нь энэ зөрчлүүд 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байна гэсэн агуулга байдаг. Эцсийн дүнд бүх хариуцлагыг Б.Х********* гэдэг ганцхан л хүн хүлээдэг.
2022 оны Үндэсний аудитын газраас тавьсан шаардлагын тухайд албан шаардлагын биелэлт нь 2023 оны 02 дугаар сард тавигдсан биелэлт нь 2023 оны 09 дүгээр сард биелэгдэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчийг биелүүлээгүй байна тийм учраас чамд хариуцлага хүлээлгэнэ гэдэг агуулга яриад байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл дээр сахилгын зөрчлийг гаргаснаас хойш ямар хугацаанд шийтгэл хүлээлгэх үү, илрүүлснээс хойш ямар хугацаанд шийтгэл хүлээлгэх вэ гэдгийг маш тодорхой заагаад өгчихсөн. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор шийтгэл хүлээлгэнэ, тухайн хугацаа өнгөрсөн бол шийтгэл хүлээлгэж болохгүй гэдэг ерөнхий зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байдаг. Энэ хүрээнд 2023 оны 09 дүгээр сард зөрчил илт гаргасан гэж үзэж байгаа бол яагаад 9 сарын дараа буюу Төрийн албаны тухай хуулийн 48-д заасныг зөрчиж шийтгэл хүлээлгэх үндэслэлээр болгоод байгаа юм. Дээрээс нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын Б/17 маргаан бүхий тушаал дээр нийт 17 албан шаардлага тавигдсантай холбоотой асуудал Б.Х*********ээс болсон мэт агуулгууд дурдагдаад байдаг.
2023 онтой холбоотой 4 албан шаардлагын талаар нэхэмжлэгч сая тайлбараа хэллээ. Өөрөөр хэлбэл батлагдсан орон тоонд багтааж ажилтан авч ажиллуулаагүй гэдэг агуулга яриад байдаг. Гэтэл бодит байдал дээр Б.Х********* гэдэг хүн агентлагт хэнийг авч ажиллуулах, хэнийг чөлөөлөх, энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалтан огт биш байдаг. Тэгэхээр агентлагийн дарга ажилтан авч ажиллуулсан үүрэг хариуцлагыг Б.Х********* гэдэг хүнд хариуцуулсан мэтээр маргаан бүхий актын үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй юм.
Хугацаатай үүрэг даалгавруудын тухайд 05 дугаар сарын 09-ний өдөр, 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд өгсөн үүрэг даалгавар бол тухайн хугацаанууддаа бүрэн биелчихжээ. Харин 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн үүрэг даалгавар нь цаг хугацааны хувьд тухайн өдрийн15 цагаас хойш өгчхөөд маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт биелүүлэхийг шаардсан үүрэг даалгавар байдаг. Тэгэхээр 06 сарын 10-ны өдрийн хурал дээр яригдсан асуудлууд маш тодорхой байдаг. Нэхэмжлэгч хурал дээр “…энэ талаарх баримтыг анх удаа харж байна, ийм учраас энэ талаарх нөхцөл байдлыг биелүүлэх боломжит хугацаагаар хангаж өгөөч” гэж хүссэн. Харамсалтай нь “… нэхэмжлэгчид боломжит хугацаа өгөх боломжгүй, чи энийг өөрөө мэдэх ёстой байсан учраас үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзнэ” гэдэг агуулгыг дурдаад байдаг. Тэгээд удаа дараа үүрэг даалгаврыг биелүүлээгүй гээд маргаан бүхий тушаалын нэг үндэслэл болгосон байдаг. Удаа дараа гэдэг агуулгыг дурддаг. Яг хэзээний үүрэг даалгаврыг хэрхэн яаж биелүүлээгүй вэ гэдгийг хариуцагч маргаан бүхий акт дээрээ тодорхой дурддаггүй, шүүхэд гаргасан хариу тайлбар дээр ч дурддаггүй.
Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Б.Х********* гэдэг хүний гаргасан зөрчил Хэрэг эрхлэхийн газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3.4.3-тай нийцсэн, тухайн нөхцөл байдлыг харгалзсан гэдэг агуулгыг яриад байдаг. Дээрээс нь сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал дээр 36/32 дугаар тушаалыг удирдлага болгодог. Гэхдээ Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ноогдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журам нь 36/32 дугаар журам мөн. Энэ журмын 6.1 дэх заалт дээр төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ноогдуулах харилцааг тодорхой заагаад өгчихсөн байна. Удаа дараа зөрчил гаргасан байх нэг урьдач нөхцөл, дараагийнх нь зөрчил гаргаад байгаа, гаргасан гэх зөрчлийнх нь шинж байдал нь алба хаагчийг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл болсон байдаг. Ийм 2 урьдач нөхцөлүүдийг шаардаад байдаг. Энэ нөхцөлүүдийг хангасан тохиолдолд “төрийн албанаас халах” шийтгэлийг ноогдуулах ёстой байсан. Б.Х********* сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан үйл баримт огт байдаггүй учраас 1 урьдач нөхцөл үгүйсгэгдэж байна. Дараа нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл бий болсон гэдэг агуулгыг хэлдэг. Энэ үндэслэлийг тогтоохын тулд Б.Х********* гэдэг хүний гаргасан зөрчлийг тухай бүрд нь тогтоох ажиллагааг хийх ёстой байсан, тайлбар саналаа гаргах боломжоор нь хангах ёстой байсан.
Гэтэл хариуцагч 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлээ өгөөд 12-ны өдрийн дотор тайлбар өгөөрэй гэхэд тайлбараа өгөх гээд бэлдээд сууж байтал нь өрөөндөө дуудаж оруулж ирээд “…чамайг халчихсан, тушаалаа ав гээд л өгчихдөг”, тэгээд энийгээ сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг. “…чамд тайлбар гаргах боломжийг чинь өгчихсөн, чи тайлбараа гаргаагүй шүү дээ” гэдэг агуулгаар тайлбарлаад байж хэрхэвч болохгүй. 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор тайлбараа өгөөрэй гэсэн бол ядаж 06 дугаар сарын 13-ны өдөр тушаалаа гаргаад болдоггүй юм уу. 06 дугаар сарын 12-ны өдөртөө багтаагаад тайлбараа гаргаагүй бол “…чи тайлбараа гаргаагүй байна” гэж буруутгаж болдоггүй юм уу. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дээр акт гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн оролцоог нь хангаж, тайлбар, санал гаргах боломжийг нь олгох үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д нь сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх талаарх үүргийг захиргааны байгууллага хүлээх юм байна гээд маш тодорхой заагаад өгчихсөн байна. Захиргаа нь өөрсдөө хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлдэггүй, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулдаг.
Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эдлэх нийтлэг баталгаа, нэмэгдэл баталгааг нь эдлүүлдэггүй, тэгсэн атлаа үүргээ биелүүлэх агуулгыг нь маш няхуур, хариуцлагатайгаар тавьдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна, биелүүлсэн эсэх асуудлыг тогтоох ажиллагаагаа хийгээгүй байж тайлбар хэлэх, сонсох ажиллагаа явуулах боломжоор нь хангаагүй байж өөрсдөө үүргээ хэрэгжүүлсэн мэтээр маргаан бүхий актыг гаргаад Б.Х********* гэдэг хүний эрхэд нь хууль бусаар халдсан нөхцөл байдлууд бий болсон байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. ” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Б.Х*********ийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг түүнд 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гардуулж өгсөн ба тайлбараа 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Улмаар Б.Х*********ийг ажлаас чөлөөлөх асуудлыг даргын зөвлөлөөр оруулж, бусад нэгжийн дарга нарын санал, тайлбарыг сонсож, шийдвэрээ гаргасан. Шийдвэр гаргах үед ч Б.Х********* ажлаас халах асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлээгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбараа өгөөгүй болно. Сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргахаас өмнө Б.Х*********т мэдэгдсэн, оролцоог нь хангасан гэж үзэх ба заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй нь түүнд сахилгын шийтгэл оногдуулахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаж, ажлаас халсан гэж үзэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар тушаалын хавсралт Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-4-т “Ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдсон, тасалсныг албан үүргээ биелүүлээгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан арга хэмжээг авах үндэслэл болно. Үүнд: 9.4.1.1-т “нэг сард хүндэтгэх шалтгаангүйгээр хожимдсон нийт хугацаа нь 60 минутаас дээш ажлын цаг хоцорсон, 9.1.4.2 Шууд харьяалагдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байрандаа ажлын цагаар байгаагүй” гэх үндэслэлд дурдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сард гадуур ажилтай гэх шалтгаанаар 2 өдөр ажил тасалсан, 2024 оны 02 дугаар сард, 2 өдөр ажлаас тасалсан, ажлаас хожимдсон хугацаа нийт 221 минут, 2024 оны 03 дугаар сард 3 өдөр ажил тасалсан, ажлаас хожимдсон хугацаа нийт 50 минутаас дээш, 2024 оны 04 дүгээр сард 2 өдөр ажил тасалсан, гадуур ажилтай гэх шалтгаанаар 2 өдөр ажилдаа ирээгүй, 2024 оны 05 дугаар сард 3 өдөр ажил тасалсан, 2024 оны 06 дугаар сард 3 өдөр ажил тасалсан зэрэг эдгээр зөрчил нь албан үүргээ биелүүлээгүй, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй гэж үзэх хангалттай үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шууд харьяалагдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдсэнээр ажлын байрнаас гадуур ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан сургалт хийх, хурал уулзалт хийх семинарт оролцох зэрэг ажлын байрнаас гадуур ажил гүйцэтгэх талаар шууд удирдлагад мэдэгдсэн тухай баримт байхгүй.
Тус газрын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг нь "Төрийн захиргаа, санхүү, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцах, албан тушаалын зорилтын хүрээнд "Байгууллагын хүний нөөцийн болон санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт заавар журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага, арга зүйгээр хангах, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2022 он, 2023 оны санхүүгийн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын тайлан, улсын байцаагчийн албан шаардлага, архивын ерөнхий газрын улсын байцаагчийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн иж бүрэн хяналт шалгалтын үр дүн, албан шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдох юм.
Нэхэмжлэгч нь албан хаагчтай хийх явцын ярилцлагыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах шаардлагыг биелүүлсэн гэж үзэхгүй ба үүнтэй холбоотой хэрэгжилтийн тайланг ирүүлэх үүрэг өгсөн боловч заасан хугацаанд ирүүлээгүй. Нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн "Төрийн албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулах явцын ярилцлагын тэмдэглэл" гэх баримтуудад зарим албан хаагчид гарын үсэг зураагүйгээс гадна нөхөж үйлдсэн байх магадлалтай.
Архивын ерөнхий газрын улсын байцаагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалтыг явуулж, улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. Хяналт шалгалтын үр дүнгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, баримт бичгийн стандарт, байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүй байдлын дүрэм, архивын аюулгүй ажиллагааны журам зэрэг хууль тогтоомжийг мөрдөж ажиллагаагүй буюу эдгээр хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан тухай эрх бүхий этгээд тогтоосон болно. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүд нь ноцтой зөрчил боловч алдаа дутагдлыг арилгаж, шалтгаан нөхцөлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт даалгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга албан тушаалтай Б.Х********* нь албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй болох нь хяналт шалгалт явуулсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн. Түүний албан үүргээ биелүүлээгүй зөрчлийн улмаас байгууллагад хуульд заасан хариуцлага хүлээлгэх, хохирол учруулах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Мөн төрийн болон албан нууц хамгаалах ажилтны хувьд хуульд заасан үүргийг биелүүлж ажиллаагүй, төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах журмыг ноцтой зөрчиж, "нууц"-ын дардастай албан бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй болох нь холбогдох этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, алба хаагч нар нь сургалтад хамрагдсан нь нэхэмжлэгчийг архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт заавар, журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангасан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь 2022 онд жирэмсний болон амаржсаны амралттай байсан, 2023 оны 05 дугаар сараас ажиллаж эхэлсэн гэх бөгөөд энэ хугацаанаас хойш 2022 оны санхүүгийн аудитын тайлан, албан шаардлагын хэрэгжилтийг хангах талаар ямар нэгэн ажил хийж хэрэгжүүлээгүй байна. Санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт гарсан нь нэхэмжлэгч Б.Х*********ийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, удирдлага арга зүйгээр хангаагүй, хяналт тавьж ажиллагаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Б.Х*********ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8. "өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх": 37.1.13 "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах зэрэг үүргийг биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа "...миний бие удирдлагаас даалгаврыг бүгдийг нь бүрэн биелүүлсэн..." гэжээ. Гэвч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн даргын зөвлөлийн шуурхай хурлаас гарсан хугацаат үүрэг даалгавар, 05 дугаар сарын 31-ний өдөр, 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.14 "Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй" гэх зөрчлийг гаргасан ба үүнийг албан үүргээ биелүүлээгүй” гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э*********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ажил тасалсан цагийн тухайд болбол эйбл программ 100% цагийн бүртгэлийг үнэн зөв хийж байна. Энэ болгоноор тасалсан өдрүүдийнх нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх зарим зүйлийг нийтээрээ тэмдэглүүлсэн байна. Зарим нь тасалсан гээд тэмдэглэчихсэн байна. Цагийн бүртгэлийн системийн удирдагч нь Б.Х********* өөрөө байсан байна. Тухайн үедээ өөрийгөө зөв шударгаар нь бүртгээд тасалсан гээд бүртгэсэн байна. Хожим нь цалингаа бүтэн авахын тулд цагаа нэгтгүүлэхдээ 100% гээд өгөөд явчихсан, байгууллага дээр байдаг нийтлэг асуудал. Яг захиргааны чөлөөтэй байсан хүмүүс гэдэг дээр нь чөлөөтэй байсан цаг хугацааг нь өгдөг. Харин цагийн бүртгэлийн хувьд хэрвээ тэр бүртгэл буруу гэж байгаа бол буцаагаад өөрийгөө үгүйсгэж байна. Цагийн бүртгэлийг хийхдээ буруу бүртгэл хийдэг байсан эйбл цаг бүртгэл системийн удирдагчийн хувьд ажлаа дутуу гүйцэтгэсэн, тэр системийг үгүйсгэж байгаа бол өөрөө ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй гэдгийг харуулна. Тэгэхээр цагийн бүртгэлийн системээр тасалсан цагууд нь хангалттай сар дотроо 60 минутаас дээшээ бүгд хэтэрчихсэн байгаа нь эхний зөрчлийн хувьд нотлогдож байна. Үнэлгээ хийх хугацаа нь болоогүй байсан архивд баримт бичгийг нь бүрдүүлэх өгөх цаг хугацаа нь болоогүй байсан гэдэг 2 үзүүлэлттэй юм яриад байна. Үндсэн үнэлгээ нь шүүхэд ирсний дараа нэхэмжлэгчээс авчирсан баримт нь байгууллагад байдаггүй. 05 дугаар сарын 30-ны өдөр, 05 дугаар сарын 17-ны өдрийн огноотой баримтууд байгууллагуудад байхгүй. Тэгэхээр тухайн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломж байхгүй. Нэхэмжлэгч өөрөө байгууллагад эх хувь нь байгаа шүүхэд хуулбарыг нь өгсөн гэж тайлбарлаад байна. Тэгвэл хуулбар хувь нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Байгууллагын баримтыг аваад явчихсан, эсвэл энэ баримтыг хойноос нь нөхөн гүйцэтгэж үйлдсэн. Ийм учраас байгууллагад шийдвэр гаргах үед зөрчлийг 05 дугаар сарын 10-ны өдөр сахилгын зөвлөлийн хурлаар урьдчилж мэдэгдэх хуудас дээр тэмдэглэсэн байдаг. Энэ ажлуудыг хийсэн гэдэг баримтуудаа гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл огт энэ баримтын талаар дурдаагүй, байхгүй байж байгаад шүүхэд хэрэг үүссэний дараа ирж байгаа учраас энэ үнэлгээ хийгдсэн, явцын ярилцлага хийгдсэн гэдэг зүйлийг үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Нотлох баримтаар үнэлэгдэх ёсгүй баримт, үнэлгээ хийгдээгүй.
Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа гаргахын тулд бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Бодит нөхцөл байдлыг тухайн байгууллага өөрөө тогтоохоос гадна төрийн эрх бүхий хуулиар чиг үүрэг хүлээсэн байгууллага тогтоогоод өгчихсөн. Архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль тогтоомжийг огт хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг нь Архивын ерөнхий газрын хяналт шалгалтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Архивын ерөнхий газрыг буруу шийдвэр гаргасан, процессын алдаа гаргасан тухай тайлбар хэлээд байх шиг байна. Хэрвээ тийм бол тэр асуудалтай холбогдуулан маргах эрх нь байсан. Маргаагүй байж одоо Архивын ерөнхий газрын шийдвэр, үйл ажиллагаа нь буруу гэж өөрийнх нь үйл ажиллагааг буруутгасныг буцааж буруутгах боломж байхгүй. Ажлын байрны үндсэн чиг үүрэг нь албан тушаалын зорилтынх нь 4 дээр нь Архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар журмын хүрээнд хөтлөн эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангах гээд заасан байна. Гэтэл нэхэмжлэгч тайлбартаа архивч гэдэг албан тушаалтан байгаа надад хамаагүй гэсэн агуулга хэлээд байна. Тамгын газрын дарга байгууллагын бүх үйл ажиллагаанд удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй албан тушаалтан юм. Тэгэхээр архивчийг ажлыг нь хийлгүүлэх, хяналт тавих, өөрөө чиг үүргийнх нь дагуу архив, албан хэрэг эрхлэн хөтлөн явуулах байнгын комиссын дарга юм байна. Тамгын газрын дарга, Албан хэрэг хөтлөлтийн комиссын дарга, нууц эрхлэгчийн хувьд ч хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Архивын ерөнхий газрын албан шаардлагаар тогтоогдсон.
Санхүүгийн асуудал бол ажлын байрны албан тушаалын зорилтын 3 дахь үндсэн зорилго мөн. Тамгын газрын дарга нь Үндэсний аудитын газрын албан шаардлагуудыг “… би мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, надад мэдэгдээгүй” гэж яриад байгаа нь бүр эсрэгээрээ эс үйлдэхүй буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан гэдгийг нотолж байна. Мэдээд хэрэгжүүлээгүй гэвэл хэрэгжүүлээгүй гэдгийг нотолчхож байна. Аль ч тохиолдолд мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх ёстой албан тушаалтан нь мэдээгүй гэж хэлж байгаа тайлбар нь үнэхээр үндэслэл бүхий тайлбар мөн. Энэ нь Сахилгын шийтгэл ноогдуулах журам, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан тушаалын 3.3-д “албан хаагчийн ажил, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүй хоорондын хамаарлыг” ойлгоно. Үндсэндээ Б.Х********* гэдэг хүнийг эс үйлдэхүй гаргасан, хийх ёстой ажлаа хийгээгүй гэдгээр ажлаас нь чөлөөлж байна. 2023 оны Төрийн аудитын байгууллагын зөвлөмжөөр 7 зүйлийг шаарддаг. 7 зүйлийн зөрчлийг арилгах төлөвлөгөөг тэр зөрчлийг талаарх зөвлөмжийг өгснөөс хойш 30 хоногийн дотор өгөх ёстой. Энэ бол Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 “шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтанд энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.” Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 биелүүлээгүй бол тухайн албан тушаалтанд энэ хуулийн 20.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй бол тухайн албан тушаалд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гээд шууд заачихсан. Энэ бол гарцаагүй хариуцлага хүлээх нөхцөл мөн. Зөвхөн Төрийн албаны хуулиар биш Төрийн аудитын тухай хуулиар бас хариуцлага хүлээлгэх үндэслэл нь бүрдчихсэн байна.
Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг зөрчлийн хувьд 05 дугаар сарын 10-нд шаардсан баримтууд нь 11-ний өдөр нь бүрдүүлж болохгүй байсан гэвэл бүрдүүлж болохгүй байгаа тайлбар, хийгээгүй, байхгүй гэдэг тайлбаруудыг өгчих боломжтой байсан. Энэ тухай баримтыг өгөх даалгавар өгөхөөс эхлээд гүйцэтгэл дээрээс нь шууд эсэргүүцсэн. Үүрэг даалгаврыг биелүүлэх талаар арга хэмжээ аваагүй, өөрийнхөө зүгээс хичээл, зүтгэл гаргаагүй. Үнэхээр тайлбар үндэслэлүүдээ гаргаад боломжгүй, хийгдээгүй байна, олдохгүй байна гэдэг талаар 11-ний өдөр тайлбар гаргаж өгөх боломжтой байсан. Ийм учраас үндсэн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй гэдэг зөрчил нь дээрх үйл баримтаар нотлогдож байна. Энэ дээр нэхэмжлэгчийн шүүх хурлын явцад хэлсэн тайлбаруудаас харагдаж байна.
Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, мөн нарийвчилсан журам болох Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан 36/32 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журам зэргийг хэрэгжүүлж ажилласан.
Дүгнэлт болгож хэлэхэд тухайн байгууллагын үйл ажиллагаа ямар байх нь Тамгын газрын даргаас шууд шалтгаалдаг. Яаман дээр бол Төрийн нарийн бичиг, бусад байгууллага дээр Тамгын газар бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, чиглүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтан энэ надад хамааралтай биш, дарга чиглэл өгөөгүй, эсвэл тэр албан тушаалтан надад мэдэгдээгүй, энэ баримтыг би хараагүй гэх тайлбар хийгээд явах ямар ч хууль ёсны эрх байхгүй. Энэ байгууллага дээр санхүү, нягтлан бодох бүртгэл хэргийн хувьд, баримт бичиг бүрдүүлэлтийн хувьд олон зөрчил, алдаа дутагдалтай байгаа нь харьяа байгууллагуудын дүгнэлтүүдээс тогтоогдож байна. Энэ нь шууд Тамгын газрын даргын ажлын чиг үүргийг дүгнэж байгаа дүгнэлт мөн. Архивын асуудлыг тухай бүрд нь чиг үүргийнх нь дагуу янзлаад явсан бол энэ байгууллагын зүгээс нэмэлтээр архивын үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдээс төлбөрийг нь төлөөд архиваа янзлуулах өөрөөр хэлбэл, Тамгын газрын даргын хийх ёстой байсан ажлыг, цалингаа аваад хийх ёстой байсан ажлыг мөнгө төлж хийлгэж байгаа ийм зүйл байхгүй. Иймд сахилгын шийтгэл нь бодитоор нөхцөл байдалд тохирсон Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Х*********ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Маргаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдэд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 37.1.16, 37.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 35 дугаар зүйлийн 35.4.1, 35.4.4, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.7 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
2. Харин маргаж буй захиргааны актын бодит үндэслэлийг авч үзвэл, Б.Х********* нь ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдсон, тасалсан, Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй буюу өөрийн хариуцсан нэгжийн албан хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар, журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангаагүй нь Архивын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 48/01 дугаартай дүгнэлт, албан шаардлагаар тогтоогдсон, байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй болох нь 2022, 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын дүгнэлт, Үндэсний аудитын газрын нийт 17 зөрчил бүхий албан шаардлаар тогтоогдсон, мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2022 санхүүгийн аудитын тайланд холбогдох акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд хүргүүлэх ажилд хяналт тавиагүй, тус акт, албан шаардлага зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, биелэлтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавиагүй, мөн 2023 санхүүгийн аудитын тайланд холбогдох албан шаардлага, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх, тус албан шаардлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, биелэлтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавиагүй, арга хэмжээ аваагүй, удирдлагаар хангаагүй буюу байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, мөн удирдлагаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан зэрэг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, албан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.
3. Шүүхээс дээрх зөрчлүүдийн талаар дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:
4. Нэхэмжлэгч Б.Х*********ийн “ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдсон, тасалсан” гэх зөрчлийн тухайд:
5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс “ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдсон, тасалсан” гэх зөрчил гаргаагүй, энэ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын баталгаажуулсан 2024 оны 01 дүгээр сараас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацааны “Тамгын газрын ажлын цагийн тооцоо”-оор[7] нотлогдоно гэх агуулгаар, харин хариуцагчийн зүгээс “2024 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал хугацааны ажлын цаг бүртгэлийн систем”-ээс[8] үзэхэд ажлын цагийг дутуу бүртгүүлсэн, зарим өдөр тасалсан нь бүртгэгдсэн” гэж маргасан.
6. Хөгжийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталсан А/13 дугаартай тушаалын хавсралт “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.1.2-т “Албан хаагч бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа автомат цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлнэ”, 9.1.4-д “Ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдсон, тасалсныг албан үүргээ биелүүлээгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан арга хэмжээг авах үндэслэл болно ...” гэж зохицуулжээ.
7. Тус журмын зохицуулалтаас үзэхэд, хариуцагч байгууллагын албан хаагчдын хувьд ажлын цагийг бүртгэлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын баталгаажуулдаг “Тамгын газрын ажлын цагийн тооцоо”-оор бус, харин “ажлын цаг бүртгэлийн систем”-аар тооцдог байна.
8. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлахад, хэдийгээр Тамгын газрын ажлын цагийн тооцоогоор нэхэмжлэгч Б.Х*********т ажлын цаг тасалсан, хожидсон, бүртгэл дутуу хийлгэсэн гэх тэмдэглэл байхгүй боловч ажлын цаг бүртгэлийн системээс харвал хүндэтгэн үзэх шалтгаан нь баримтаар нотлогдохгүй ажлаас тасалсан өдөр болон бүртгэл дутуу хийсэн өдөр байгаа болох нь тогтоогдож байна.
9. Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сард 1 удаа тасалсан, 2024 оны 02 дугаар сард 5 удаа бүртгэл дутуу, 2024 оны 03 дугаар сард 3 удаа тасалсан, 4 удаа бүртгэл дутуу, 2024 оны 04 дүгээр сард 2 удаа тасалсан, 3 удаа бүртгэл дутуу, 2024 оны 05 дугаар сард 1 удаа бүртгэл дутуу[9] зэрэг үйл баримт тогтоогдов.
10. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийг “ажлын цагийг бүртгүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан” гэх зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэх боломжгүй.
11. Нэхэмжлэгч Б.Х*********ийн “Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй буюу өөрийн хариуцсан нэгжийн албан хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн тухайд:
12. Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын[10] 5.10-т Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж баталгаажуулсан тайланг 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор, сүүлийн хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж баталгаажуулсан тайланг 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор үнэлгээний багт хүргүүлнэ.” гэж заажээ.
13. Тус журмын зохицуулалтаас үзэхэд, нэгжийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж баталгаажуулах давтамж нь жилд 2 удаа, эхнийх нь тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор байхаар байна.
14. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч нь нэгжийн албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж баталгаажуулсан тайланг гаргах хугацаа болоогүй байхад нэхэмжлэгчийг тийм тайлан гаргахыг шаардаж, улмаар "гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй, удирдан зохион байгуулаагүй, үүргээ биелүүлээгүй" гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
15. Мөн журмын 3.1-т "Нэгжийн дарга төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих болон хангалтгүй байгаа зорилт, арга хэмжээний биелэлтийг хангуулах зорилгоор албан хаагчтай хийх явцын ярилцлагыг улиралд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна." гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Х********* нь Тамгын газрын албан хаагчидтай явцын ярилцлагыг нэг удаа зохион байгуулж үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Төрийн албан хаагчийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах явцын ярилцлагын тэмдэглэл”-үүдээр[11] тогтоогдож байна.
16. Түүнчлэн, журмын 3.3-т "Энэ журмын 3.1-д заасан явцын ярилцлагыг зохион байгуулаагүй, хангалтгүй зохион байгуулсан нь нэгжийн даргын гүйцэтгэлийн үнэлгээнээс оноо хасах үндэслэл болно" гэж зааснаас үзэхэд “явцын ярилцлага явуулаагүй нь гүйцэтгэлийн үнэлгээнээс оноо хасах нөхцөл болохоос бус алба хаагчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
17. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийг “Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавиагүй буюу өөрийн хариуцсан нэгжийн албан хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
18. Нэхэмжлэгч Б.Х*********ийн “Архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар, журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангаагүй нь Архивын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 48/01 дугаартай дүгнэлт, албан шаардлагаар тогтоогдсон” гэх зөрчлийн тухайд:
19. Хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга М.М*********нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архивын ерөнхий газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлгүүлэх тухай 1/278 тоот хамтран ажиллах албан бичгийг[12] хүргүүлжээ.
20. Уг хүсэлтийн дагуу архивын ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/426 дугаар "Албан шаардлага хүргүүлэх тухай" албан бичгийг[13] ирүүлсэн байна.
21. Тус албан бичгээр ирүүлсэн Архивын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 48/01 дугаартай албан шаардлагад[14] алдаа дутагдлыг арилгаж, хийсэн ажлын тайланг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны дотор ирүүлэхийг шаардсан байх бөгөөд хэрэв заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 50 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.26-д заасныг үндэслэн хариуцлага тооцох болохыг мэдэгджээ.[15]
22. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн талаас “... Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1, 35.4.4 дэх заалтууд нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны хэрэгжүүлэх чиг үүрэг байх бөгөөд Тамгын газрын даргын хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хамааралгүй байна ...” гэх агуулгаар тайлбарласныг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.
23. Учир нь, нэхэмжлэгч Б.Х*********ийн хашиж байсан “Тамгын газрын дарга”-ын албан тушаалын тодорхойлолтын[16] “Албан тушаалын зорилт”-ын 4-т “Архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар журмын хүрээнд хөтлөх, эрхлэн явуулахад удирдлага арга зүйгээр хангах” гэж, 4 дүгээр зорилтын хүрээний 4-т “Байгууллагын архивын бүртгэл, хадгалалт хамгаалалт, жил бүрийн архивд хадгаламжийн нэгж хугацаандаа бүрдэх ажилд хяналт тавих, удирдан зохион байгуулах” гэж заасан энэ чиг үүрэг нь нэхэмжлэгчийн хувьд хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг байсан гэж үзнэ.
24. Гэхдээ хариуцагчаас нэхэмжлэгчийг энэ талаар зөрчил гаргасан гэж буруутгахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй нь буруу байна гэж шүүх үзэв. Тодруулахад:
25. Нэхэмжлэгч Б.Х********* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авч[17], улмаар 2 жил 3 сарын дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа эргэн томилогдсон буюу энэ хугацаанд тэрээр байгууллагын ажилд оролцох боломжгүй байсан, мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдсан цагаасаа эхлэн буюу 2018 оноос хойш нийт 4 удаа архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн солигдсон, Тамгын газрын даргын албан үүргийг М.Я********, Ц.Н********* нар нь түр орлон гүйцэтгэж байсан, байгууллагын албан байр нь зориулалтын бус байранд ажиллаж байсан, энэ нь архив, албан хэрэг хөтлөлтийг хууль журамд заасан стандартын дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд саад учруулж байжээ.
26. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “... Энэ хугацааны архив, албан хэрэг хөтлөлтөд гарсан алдаа дутагдлыг газрын дарга М.М********* нь ганцхан надад хариуцуулж хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй ...” гэх агуулгатай тайлбар үндэслэлтэй.
27. Нэхэмжлэгч Б.Х*********ийн “байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй болох нь 2022, 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын дүгнэлт, Үндэсний аудитын газрын нийт 17 зөрчил бүхий албан шаардлаар тогтоогдсон” гэх зөрчлийн тухайд:
28. Үндэсний аудитын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2022 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн[18] ба үр дүнд 11 албан шаардлага, 1 төлбөрийн актыг ирүүлсэн ба албан шаардлагын биелэлтийг арилгахыг даалгажээ.[19]
29. Мөн Үндэсний аудитын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2023 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн[20] ба 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07/360 дугаартай албан тоотоор “хязгаарлалттай дүгнэлт" гаргаж 7 албан шаардлагыг ирүүлсэн ба албан шаардлагын хэрэгжилтийг хангах хугацаат үүрэг өгсөн байна.[21]
30. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “... миний бие 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авч, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа эргэн томилогдсон. 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* болон ерөнхий нягтлан бодогч Б Б********* нарт даалгасан байна. Тус албан шаардлага нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирсэн бол миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа эргэн томилогдсон. Ажилдаа эргэн томилогдсоноос хойш даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* нь дээрх албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, хугацаанд нь тайлагнах талаар үүрэг даалгавар, чиглэл өгч байгаагүй болно ...” гэх тайлбар, түүнчлэн “... Байгууллагын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн үндэсний аудитын газрын албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* болон ерөнхий нягтлан бодогч Б.Б******** нарт даалгасан. Албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, хугацаанд нь тайлагнах талаар даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* нь мөн надад үүрэг даалгавар, чиглэл өгөөгүй төдийгүй хэрэгжилтийн биелэлтийг тайлагнах хугацаа болоогүй болно ...” гэх тайлбаруудыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
31. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газраас өгсөн 2022 оны санхүүгийн жилд хамаарах албан даалгавар, төлбөрийн актын хувьд нэхэмжлэгч Б.Х********* нь жирэмсний амралттай байсан тул хариуцах боломж байхгүй гэдэг нь объектив утгаараа ойлгомжтой, харин 2023 оны санхүүгийн жилд хамаарах албан даалгаврыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болоогүй байхад нэхэмжлэгчийг буруутган ажлаас халсан шийдвэр гаргасныг зөвтгөх боломжгүй.
32. Нэхэмжлэгч Б.Х*********ийн “Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2022 санхүүгийн аудитын тайланд холбогдох акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд хүргүүлэх ажилд хяналт тавиагүй, тус акт, албан шаардлага зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, биелэлтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавиагүй, мөн 2023 санхүүгийн аудитын тайланд холбогдох албан шаардлага, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх, тус албан шаардлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгах, биелэлтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавиагүй, арга хэмжээ аваагүй, удирдлагаар хангаагүй буюу байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй” гэх зөрчлийн тухайд:
33. Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад ирүүлнэ.” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж, 21.2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэж заасан.
34. Төрийн аудитын хяналт шалгалт, түүний үр дүнд гарсан албан шаардлага, төлбөрийн актын онцлог нь шалгагдагч этгээд буюу төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан болон нягтлан бодогч нарт шууд чиглэж гардаг явдал юм.
35. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2022, 2023 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын үр дүнд гарсан албан шаардлагуудын шууд чиглэсэн этгээд нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга болон ерөнхий нягтлан бодогч нар байна.
36. Энэ агуулгаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “... Үндэсний аудитын газарт ирүүлэхийг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* болон ерөнхий нягтлан бодогч Б.Б********* нарт даалгасан. Албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, хугацаанд нь тайлагнах талаар даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Н********* нь надад үүрэг даалгавар, чиглэл өгөөгүй төдийгүй хэрэгжилтийн биелэлтийг тайлагнах хугацаа болоогүй ...” гэх агуулгатай тайлбар үндэслэлтэй хэдий боловч нэхэмжлэгч Б.Х********* нь тус газрын Тамгын газрын даргын хувьд төрийн аудитын тайлан, албан шаардлага гарсан талаарх үйл баримтыг мэдэх ёстой албан тушаалтан мөн гэж үзнэ.
37. Учир нь, түүний албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалын зорилт”-ын 3-т “Байгууллагын ... санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасны дагуу Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Х*********ийн байгууллагын санхүүтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй холбогдоно.
38. Тиймээс энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
39. Гэхдээ төрийн санхүүгийн хяналт шалгалт, түүгээр илэрсэн зөрчлийг арилгуулах асуудал нь төрийн бусад хяналт шалгалтаас онцлог ялгаатай, тухайлбал, гаргасан зөрчлийг засах боломжтой, засах талаар хугацаатай үүрэг даалгавар өгдөг, түүнчлэн, хариуцлагын түвшний хувьд анхдагч хариуцлагыг байгууллагын ерөнхий нягтлан бодогч болон байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтан нар хүлээдэг хуулийн зохицуулалт болон зарчимтайг дахин дурдах нь зүйтэй.
40. Дээрх нөхцөл байдлуудыг анхааралгүй, мөн 2023 оны санхүүгийн жилд хамаарах албан даалгаврыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болоогүй байхад нэхэмжлэгчийг буруутгаж, зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
41. Нэхэмжлэгч Б.Х*********ийн “удирдлагаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан зэрэг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, албан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн тухайд:
42. Хариуцагчийн зүгээс “Б.Х********* нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн даргын зөвлөлийн шуурхай хурлаас гарсан хугацаат үүрэг даалгавар, мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан. Ингэснээрээ Хөдөлмөрийн дотоод журмын 12.1.14-т "Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй" гэх зөрчлийг гаргасан ба үүнийг албан үүргээ биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгадаг.
43. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн гэх үүрэг даалгавар нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд даргын өрөөг бэлдэх”[22], 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн гэх үүрэг даалгавар нь “Дэд даргыг шилжүүлэн авах тухай албан бичиг, хавсралт материалыг боловсруулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлэх, Иргэдэд олгох 30 ширхэг тэргэнцрийн бүрдүүлсэн материалыг СЗСҮТ-ийн даргаас авах, Дорнод аймаг явах төсвийн тооцоолол хийх, шинээр томилогдох албан тушаалтны /Ц.Г*********ын/ ХАСХОМ-ыг бөглүүлэх”[23], 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн гэх үүрэг даалгавар нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох тайлан, баримтуудын хамтаар Ерөнхий газрын даргад танилцуулах, тус газрын 2022, 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дагуу Үндэсний аудитын газраас ирүүлсэн акт, албан шаардлага, зөвлөмжүүдийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг Ерөнхий газрын даргад танилцуулах ...”[24] асуудлууд байжээ.
44. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч Б.Х********* нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний болон 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн гэх үүрэг даалгавруудтай холбоотой асуудлаар зохих түвшинд ажиллагаа хийж ажилласан[25] байх бөгөөд харин 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн гэх үүрэг даалгавраас үзэхэд маргааш өдрийн буюу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 10:00 цагт танилцуулахаар даалгасан нь нэхэмжлэгч Б.Х*********т үүрэг даалгаврыг биелүүлэх ердийн боломжит хугацаа өгөөгүй байна гэж үзэхээр байна.
45. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
46. Дээрхээс зөрчлүүдийг нэгтгэн дүгнэвэл, энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 4, 11-д дурдсан зөрчлийг дүгнэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий буюу энэ агуулгаараа нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, харин 18, 27, 32, 41-д дурдсан зөрчлийг дүгнэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.
47. Мөн хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ. Тодруулахад:
48. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас шинжлэн үзэхэд, нэхэмжлэгч Б.Х*********ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргах гэж байгаа талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид өгсөн[26] байх бөгөөд сонсох ажиллагаанд тайлбараа гаргах хугацааг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байхаар тогтоож, тухайн өдрөө маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас гаргажээ.
49. Энэ нь нэхэмжлэгчид сонсох ажиллагааны хүрээнд тайлбар гаргах ердийн боломжит хугацаа олгоогүй гэж үзэх үндэслэлтэй.
50. Мөн маргаан бүхий захиргааны актаар сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж шүүх дүгнэлээ. Дэлгэрүүлбэл:
51. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж тус тус заасан.
52. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гээд, мөн зүйлийн 48.1.1-48.1.6 дахь заалтад сахилгын шийтгэлийн төрлүүдийг буюу сонгох боломжуудыг хууль тогтоогчоос тогтоон, мөн зүйлийн 48.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэж зохицуулжээ.
53. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад харгалзан үзэх асуудал нь “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдал” байхаар заасан байна.
54. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Х*********ийн гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” гэж заасныг зөрчсөн зөрчил байхад түүнд шууд байдлаар мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
55. Энэ агуулгаараа хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад бэхэжсэн “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэнгүй.
56. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
57. Урьд эрхэлж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагын тухайд, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Х*********ийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын тооцооллыг ажил олгогч бүрэн дүүрэн бодож олгох үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х*********ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Х*********ийг урьд эрхэлж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гарган, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 111 дэх тал
[2] 1Хх 112 дахь тал
[3] 1Хх 113 дахь тал
[4] 1Хх 114 дэх тал
[5] 1Хх 27 дахь тал
[6] 1Хх 29 дэх тал
[7] 2Хх 186-196 дахь тал
[8] 1Хх 199-204 дэх тал
[9] Мөн тэнд
[10] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760243512451 /нийтэд илэрхий нотлох баримт/
[11] 1Хх 39-58 дахь тал
[12] 2Хх 144 дэх тал
[13] 2Хх 145 дахь тал
[14] 2Хх 146-156 дахь тал
[15] 2Хх 156 дахь тал
[16] 1Хх 19-26 дахь тал
[17] 2Хх 14 дэх тал
[18] 1Хх 134-156 дахь тал
[19] 1Хх 157-167 дахь тал
[20] 1Хх 168-190 дэх тал
[21] 1Хх 191-198 дахь тал
[22] 1Хх 227 дахь тал
[23] 1Хх 228 дахь тал
[24] 1Хх 229-230 дахь тал
[25] 1Хх 74-78, 2Хх 183
[26] 1Хх 101-102 дахь тал