Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2021/00001

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2021/00001

 

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2018/00120

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* /цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

 

Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Ж.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох Зээлийн гэрээний үүрэг 26,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.******* би 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.*******ийн хүсэлтээр 15,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн. Түүний 5001398082 тоот дансанд шилжүүлсэн болно. Түүний дараа 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөн түүний хүсэлтээр 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийт 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдүүлэгчид 2 сарын хугацаатай 3%-ийн хүүтэй зээлдүүлж өгсөн. Гэтэл Б.******* нь одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг нийт 26,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан 26,500,000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ талаар өмнө нь удаа дараа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар өгсөн. Ж.******* бид хамтран ажиллах гэрээ хийхээр тохирч газар шорооны ажил хийхээр болсон ба энэ тухай Ж.*******, Ж.Өмербек нар сайн мэдэж байгаа. Нэхэмжилж буй мөнгийг эхлээд Ж.******* дансаар шилжүүлсэн, дараагийн мөнгийг Өмөрбек авч ирж өгсөн. Ингэж дээрх мөнгийг өгөхдөө юунд зарцуулсан, хэнд өгсөн гэдгийг Ж.*******, Ж.Өмербек нар сайн мэдэж байгаа шүү дээ. Үүний улмаас Ар гахайт" гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Хамтарч ажиллах байсан талаар Ж.******* түрүүчийн шүүх хуралдаан дээр өөрөө тодорхой ярьсан шүү дээ. Энэ ажлыг хийхэд талийгаач Б.Одбаяр тусалж, бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн ба би бүх мөнгийг Б.Одбаярт өгсөн. Талийгаач Б.Одбаяр нь дээрх мөнгийг бас юунд, хэнд зарцуулсан гэдгийг Ж.*******, Ж.Өмербек нар мэдэж байгаа. Тэгэхээр энэ нэхэмжилж буй мөнгийг би үнэхээр төлөхөөр бол Цагдаа буюу Авлигатай тэмцэх газраар шалгуулж үнэн мөнийг олж шийдсний дараа асуудлыг шүүхээр иргэний журмаар шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Үүнээс гадна тус шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 731 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгааг анхааран үзэж Ж.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би энэ Ж.*******гээс ирсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн. Өөрөө яагаад гэвэл удаа дараагийн хурал дээр бид нар хамтран ажиллаж байсан гэдгээ Ж.******* гуай өөрөө баталсан. Өөрөө тэрийгээ ч хэлсэн. Тэгж хэлчхээд тухайн үеийн ганц нэг хүний байх байхгүй асуудал дээрээс болоод л сүүлд ийм асуудал үүсгээд ингээд яваад байгаа болохоос өөрөө энийгээ яг юунд яаж ашигласан гэдгийг Ж.******* гуай өөрөө тодорхой мэдэж байгаа учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс үндсэн зээл 25000000 төгрөг, зээлийн хүү 1500000 төгрөг бүгд 26,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 282.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д буцаан олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Б.******* нь нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09-р сарын 28-ны өдрийн 467 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.******* нь зээлийн гэрээг үндэслэн надаас 26.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний хувьд Ж.*******гээс 25.000.000 төгрөг зээлж аваагүй. Харин Ж.Өмөрбек, Б.Одбаяр бид хамтран ажиллаж Мандал сумын Ар гахайт гэх газар нөхөн сэргээлт хийх нэрийдлээр Сумын иргэдийн хурлын тогтоол гаргуулж Ж.*******, Ж.Өмербек нар үйл ажиллагаа явуулсан. Энэ бүх ажиллагааг Ж.******* өөрөө гардаж хийсэн атлаа Ж.Өмербек нь ямар ч гэрээ хийгээгүй тогтоол гаргаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээж.Ж.******* нь ямар ч хариуцлага хүлээгээгүй ба энэ ажиллагаанд хэрэглэсэн мөнгөө надад зээлүүлсэн гэж Иргэний шүүхэд хандсан байна. Энэ мөнгийг тухайн үед над руу шилжүүлж Б.Одбаяр та 2 ажил төрлөө бүтээж бай гэсэн ба мөнгийг нь би аваад Б.Одбаярт өгсөн ба бүх үйл ажиллагаанд нь зарцуулсан. Үүнийг Ж.******* сайн мэдэж байгаа. Тухайн үед Б.Одбаяр нь төрийн албан хаагч байсан бөгөөд Одбаяр луу шууд шилжүүлж чадахгүй надаар дамжуулан шилжүүлээд Ж.******* ...би баримтгүй үлдэж байхаар 2-лаа гэрээ хийчихье гэж гэрээ байгуулсан юм. Харин ингэж зээлийн гэрээ хийдэг нь дараа нь надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэх байсныг би тухайн үед үнэхээр мэдсэнгүй. Иймд Ж.******* нь ...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор надтай гэрээ хийсэн ба намайг төөрөгдүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: Дээрх байдлыг харгалзан үзээгүй. Би шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******г оролцуулах хүсэлт гаргасан, мөн миний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байхад өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь ИХХШТ хуулийг зөрчин хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж би үзэж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09-р сарын 28-ны өдрийн 467 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 тоот шийдвэрийг хариуцагч Б.******* нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Ж.******* нь иргэн Б.*******т холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт нийт 26.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан ба хариуцагч талын гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдаан хойшлогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж ирсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлалын үндэслэлээ бусдад авлига, хээл хахууль өгсөн мэтээр тайлбарлаж ирсэн ба энэ талаар өөрөө эрүүгийн журмаар гомдол гаргасан хэдий ч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Прокурорын тогтоол хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа нь түүний давж заалдах журмаар гаргасан гомдол дурдсан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор төөрөгдүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч Б.******* нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******г биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасны дагуу иргэн нь хуульд заасны дагуу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж зааснаар С.******* намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилж оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл бус юм. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд илэрхийлээгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөсөө татгалзах, дахин өмгөөлөгч сонгож авах гэх мэт шалтгаанаар шүүх хуралдаан хойшлогдож байсныг анхаарч үзэх нь зүйтэй ба давж заалдах журмаар гаргасан нь гомдол нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 26.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

1. Хариуцагч Б.*******ээс ....Миний хувьд Ж.*******гээс 25.000.000 төгрөг зээлж аваагүй. Харин Ж.Өмөрбек, Б.Одбаяр бид хамтран ажиллаж Мандал сумын Ар гахайт гэх газар нөхөн сэргээлт хийх нэрийдлээр Сумын иргэдийн хурлын тогтоол гаргуулж Ж.*******, Ж.Өмербек нар үйл ажиллагаа явуулсан. Энэ бүх ажиллагааг Ж.******* өөрөө гардаж хийсэн атлаа Ж.Өмөрбек нь ямар ч гэрээ хийгээгүй тогтоол гаргаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээж, Ж.******* нь ямар ч хариуцлага хүлээгээгүй ба энэ ажиллагаанд хэрэглэсэн мөнгөө надад зээлүүлсэн гэж Иргэний шүүхэд хандсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******т 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөгийг дансаар, 05 дугаар сарын 19-нд 10.000.000 төгрөгийг бэлнээр нийт 25.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болгож 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж Мандал сум дахь нотариатч П.Саранцэцэгээр гэрчлүүлсэн байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно.

196.1.1. эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;

196.1.2. гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасан байдаг.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч эд хөрөнгийг шилжүүлсэн, нөгөө тал эд хөрөнгийг хүлээн авч зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Б.*******ийг хууран мэхлэх, өөр гэрээ хэлцлээ халхавчлан түүнийг зориуд гэрээнд гарын үсэг зуруулсан байдал хавтаст хэрэгт цугларч ирсэн баримтаар нотлогдоогүй төдийгүй, хариуцагчийн нэр татсан гэрч Ж.Өмөрбек нь гомдол мэдээллийг шалгах шатанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нотолсон, түүнчлэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх баримт хавтаст хэрэгт цуглараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр хэрэгждэг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг тус тус хүлээдэг ба Мандал сум дахь сум дундын шүүх нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд талуудад эрх үүргийг тайлбарлан өмгөөлүүлэх эрхийг ханган тэгш байдлыг олгож, тэднээс удаа дараа гаргасан хүсэлтүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн хариуцагчийн хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газраас энэ асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг шалгаж Мандал сум дахь Прокурорын газраас шийдвэрлэсний эцэст хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагааг үргэжлүүлэн явуулсан байна.

 

2. Хариуцагчаас гаргасан ...Би шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******г оролцуулах хүсэлт гаргасан, мөн миний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байхад өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж би үзэж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09-р сарын 28-ны өдрийн 467 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэсэн гомдлын тухайд:

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зарласан шүүх хуралдаан хариуцагч Б.*******ийн өмгөөлөгч Д.Баттөмөр нь энэ шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул өмгөөлөгчөө солих гэсэн хүсэлтээр, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарласан шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй /баримт ирүүлээгүй/, хариуцагч шүүгчээс татгалзсан гэх үндэслэлээр, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр тус тус хойшилсон байдаг.

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөрийн гар утсаар мэдэгдэхэд ойлголоо гэсэн хариулт өгсөн болох нь хавтаст хэргийн 124 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримтаар нотлогдож байна.

Гэвч шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Баттөмөр нь ирээгүй ба ямар нэгэн шалтгаантай эсэх талаараа шүүхэд бичгээр мэдэгдээгүй, холбогдох баримтаа ирүүлээгүй төдийгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж оролцох үүргээ биелүүлээгүй, түүнчлэн нэг төрлийн шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан байдалтай байжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тов мэдэгдсээр байхад ирээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэжлүүлэн явуулж эцэслэн шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3. Хариуцагчийн зүгээс ...Би энэ Ж.*******гээс ирсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн. Өөрөө яагаад гэвэл удаа дараагийн хурал дээр бид нар хамтран ажиллаж байсан гэдгээ Ж.******* гуай өөрөө баталсан. Өөрөө тэрийгээ ч хэлсэн. Тэгж хэлчхээд тухайн үеийн ганц нэг хүний байх байхгүй асуудал дээрээс болоод л сүүлд ийм асуудал үүсгээд ингээд яваад байгаа болохоос өөрөө энийгээ яг юунд яаж ашигласан гэдгийг Ж.******* гуай өөрөө тодорхой мэдэж байгаа учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх гомдлын тухайд:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзал гаргаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэл болсон нотлох баримт гарган ирүүлээгүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирүүлсэн зээлийн гэрээ, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн дээрхи гурван үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д ..талууд гэрээгээр тохиролцон хүү тогтоож болохоор заасан бөгөөд мөн хуулийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан байх ба талууд гэрээндээ зээлийн гэрээний хугацааг 2 сараар, зээлийн сарын хүүг 3 хувиар тус тус тогтоосон нь хуулийн шаардлагыг хангасан байна.

Тус зээлийн гэрээгээр хариуцагч Б.******* 25.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд хүлээн авсан ба зээлийн гэрээгээр тохиролцсон сарын 3 хувийн хүүг 2 сарын хугацаагаар тооцож 1.500.000 төгрөг, нийт 26.500.000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад зээлийн гэрээг бичгээр байгуулсан нөхцөлд хүү авах эрхтэй талаар заасан хуулийн заалтыг дараах байдлаар нэмж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хариуцагч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон давж заалдах шатны шүүх хуралдааныг өөрийн биеэр биечлэн өмгөөлөгчтэйгээ оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулж шүүх хуралдааны товыг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарт утсаар мэдэгдсэн.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Учир нь: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарч түүнд мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар нотлогдож байх ба өмнө нь хойшлогдон товлогдсон хуралдаандаа оролцох нь зүй ёсны бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д ...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй.

165.2.Энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй. гэж заасны дагуу хариуцагч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу өөрийгөө иргэн С.******* гэх этгээдээр 3 жилийн хугацаатай төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн нотариатчийн 0250 дугаар бүхий итгэмжлэл ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д ...Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч төлөөлүүлэгчээсээ татгалзсан талаар бичгээр мэдэгдээгүй байхад түүнийг биечлэн шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх ханган шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ