| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/00307/И |
| Дугаар | 102/ШШ2024/01589 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/01589
2024 оны 03 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2024/01589 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...........................................................
Хариуцагч: ...............................................................
Нэхэмжлэлийн шаардлага:.......................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........................, хариуцагч ...................... нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ...................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2003 онд ..................... танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 21-нд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хүү ................... 2006 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрж, охин ............................. 2012 оны 4 дүгээр сарын 22-нд төрсөн. Бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байсан. 2008 онд маргалдаад хэсэг хугацаанд тусдаа байсан. 2009 онд буцаж нийлээд 2012 онд охинтой болсон. 2014 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Ер нь таарч тохирохгүй, манай хүн их архи уудаг байсан бөгөөд өөр хүнтэй болсон байсан учраас хоёр тийшээ болсон. Намайг явснаас хойш нөгөө хүнтэйгээ амьдраад эхэлсэн байсан. Би 2018 онд Солонгос улс руу яваад 2023 оны 11 дүгээр сард Монгол улсад ирсэн. Салснаас хойш хүүхдээ 5 дугаар анги төгсөж байхад нь л нэг удаа мөнгө авч байсан. Манай том хүү 11 дүгээр сард 18 нас хүрнэ. Тийм учраас хэний асрамжид байхаа өөрөө шийдэх байх, одоо бол аавтайгаа амьдардаг. Охиноо би өөрийн асрамжид авна. Бидний хооронд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр л шаардаж байгаа. Хоёр хүүхдийнхээ хадгаламжид хийлгэхийг хүсэж байна. Сургалтын төлбөрт нь нэмэртэй гэж бодож байна...гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд .гэр бүл бол, .....................2 хүүхэдтэй болсон. Би багаасаа бүтэн өнчин өссөн, туслаж дэмжих ах дүүгүй учраас их дээд сургуульд орж чадаагүй. 10 дугаар ангиа төгсөөд барилгад туслахаар ажиллах болсон. Олсон цалин маань бага ч гэсэн гэр бүлээ чадахаараа авч явж байсан. Эхнэр маань 2010 оноос хороололд нэг гутлын лангуунд ажилд орсноос хойш зан ааш өөрчлөгдөж, гэр бүлийн маргаан гаргаж, сонин болсон ба баар саванд ордог болсон. Дарга руу нь яриад ажлаас нь гаргах гэхэд “надад нөхөртэй гэж хэлээгүй, чи юу нь юм?” гээд байсан. Би өөр хүнтэй болоогүй. Бид 2015 оноос хойш тусдаа амьдарсан. Эхнэр 2018 онд Солонгос явна, гэрлэлтээ салгаад өг гэхээр нь очсон ч эвлэрүүлэн зуучлахаар ороогүй шууд явсан байсан. Одоог хүртэл том хүү маань надтай амьдарч байгаа. Охин Ш.Жаргалсайханы эгчийнд байдаг байсан ба бид хоёр дээр ирж очдог байсан. 2023 онд Солонгосоос ирээд гэрлэлтээ салгуулж, хүүхдийн тэтгэлэг нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул миний буруугаас болж ийм байдалд хүрээгүй учир хүүгээ өөр дээрээ авч, охиноос минь саналыг нь авч өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй. Намайг охинтойгоо уулзъя гэхээр уулзуулдаггүй. Би байнга архи уудаггүй, хааяа найз нөхөдтэйгөө уудаг. Хүн бүр л тийм байдаг байх. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй учраас том хүү маань надтай хамт амьдарч байгаа. Өөрөө шийднэ байх. Би охиноо өөрийн асрамжид авъя л гэж бодсон юм. Тэгээд саналыг нь асуухыг хүссэн. Тэтгэлэг төлж чадахгүй. Учир нь хүн бүхэн л хүүхдийнхээ төлөө байна. Сар бүр мөнгө өгөх гэж би хүүхэдтэй болоогүй. Сургууль соёлд нь би өөрөө хадгаламж нээж байж хүүхдэдээ өгнө. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Би улирлын чанартай ажил хийдэг. Тийм болохоор сар бүр мөнгө өгч чадахгүй. Охинтойгоо 2023 оны зун хамт байсан. Би хүүхдийн тэтгэмжийг өөр дээрээ данс нээгээд өөрөө хиймээр байна...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00004 дүгээр тэмдэглэл /хх-4/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмнэлгийн тодорхойлолт /хх-5-6/, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт /хх-7-8/, хүү .......................... иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, охин ..................... төрсний гэрчилгээний хуулбар /хх-10/, гэрлэгчдийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-11/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ...................................холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү ................. эцгийн, охин ...................... эхийн асрамжид тус тус үлдээн, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоон, эцэг эхээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хариуцагчаас тусдаа амьдраад олон жил болсон, цаашид үргэлжлүүлэн хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагаас охин ......................... саналыг асуулгаснаар өөрийн асрамжид авахыг хүссэн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзсан. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “гэр бүлийн таарамжгүй харилцаа болон тусдаа амьдрах болсон шалтгаан миний буруугаас болоогүй учир тэтгэлэг төлж чадахгүй” гэж тайлбарлав.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Гэрлэгчид 2003 онд танилцаж, улмаар 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон ба 2006 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү ..................... /17 нас 4 сар/, 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин ...........................11 нас 11 сар/ нарыг төрүүлсэн байна.
4.2. Тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч, нэхэмжлэгч ...................2018 онд Бүгд найрамдах Солонгос улс руу явж 2023 оны 11 дүгээр сард Монгол улсад буцаж ирсэн, энэ хугацаанд том хүү ................... нь эцгийн асрамжид, охин ............................... нь нэхэмжлэгчийн эгчийн асрамжид байсан талаар зохигчид тайлбарласан.
4.3. Одоо .....................эцэг Д..................... асрамжид, охин ...............э нь эх..................асрамжид амьдарч, хэн аль нь эрүүл өсөн бойжиж, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.
5. Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдраад олон жил болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар хэн аль нь тайлбарлаж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн бөгөөд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон байна. Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар .......................,........................... нарын гэрлэлтийг цуцалж, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
6. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс том хүү ...................... нь эцгийн асрамжид, бага охин .................... нь эхийн асрамжид тус тус байгаа учир хүүхдүүдийн ээнэгшин дассан орчныг өөрчлөхгүй байх нь тэдний эрх ашигт нийцэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар хүү ................. эцэг ..............., охин ................... эх ................... асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хүү ............ эх охин .......................... эцэг ................ тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
8. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан ..............., ................. нарт даалгах нь зүйтэй байна.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ................. Монгол улсын иргэн ...................... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү .................. /17 нас 4 сар/-г эцэг Д.Жамъянсүрэнгийн асрамжид, 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин ................. /11 нас 11 сар/-ийг эх .............. асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ............ 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эх ............., ............ 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг ............. тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ............., ............ нар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ ..................., ................ нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА