Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/01446

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 21 өдөр                  Дугаар 102/ШШ2024/01446                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...............................

Хариуцагч: ..........................................

Нэхэмжлэлийн шаардлага:.....................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ............... хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлдэгч .................. нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр .................. тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 1,030,000 төгрөгийн зээлийг 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд үндсэн зээл 1,030,000 төгрөг, үндсэн хүү 653,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,372 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 1,737,928 төгрөгийг хариуцагч ........................ шаардаж байна. Хариуцагчтай барьцааны гэрээ байгуулаагүй...гэв.

2. Хариуцагч ..................... 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр гаргаагүй байна.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-2/, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-7-8/, ................... гаргасан үйлчилгээ авах хүсэлтийн хуулбар /хх-9/, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар /хх-10-11/, Цахим зээлийн гэрээ /хх-12/, зээл олгосон гүйлгээний баримт /хх-13/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 7,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. “..................” ХХК нь .................... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,030,000 төгрөг, зээлийн хүү 653,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,372 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 1,737,928 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ огт биелүүлээгүй учир үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргахад нотариатын зардлын хамт гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч ......................... нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ......................... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

            4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            4.1................... “...............” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу талууд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ................... тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу зээлдэгчийн цахим хүсэлтийн дагуу цахимаар хэрэглээний зээл, зээлийн эрх олгох, зээлдэгч нь авсан зээлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, зээлдэгч нь зээлдүүлэгчийн “Simple app”-д хэрэглэгчээр бүртгүүлж, цахимаар зээлийн хүсэлт илгээснээр хүсэлтийг шийдвэрлэж цахимаар зээл олгох, зээлийн гэрээг цахимаар байгуулахаар ерөнхий нөхцөлөө тохиролцож, бусад нөхцөлийг гэрээнд тусгаснаар талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

            4.2. Улмаар талууд .............. тоот Цахим зээлийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 1,030,000 /нэг сая гучин мянган/ төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 2,5 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг зээлдэгч хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиололд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлөх болон бусад нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулжээ.

4.3. Зээлдүүлэгч тал гэрээний дагуу зээлдэгчийн Хаан банк дахь 5............дугаар дансанд 1,030,000 төгрөгийг шилжүүлсэн бол зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

6. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан хүчин төгөлдөр гэрээ байна.

7. Зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлдэгчид 1,030,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл 1,030,000 төгрөг, зээлийн хүүгийн хуримтлагдсан төлбөр 653,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,372 төгрөг, нийт 1,730,928 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

8. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын зардал 7,000 төгрөгийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу гарсан зардлаа шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн уг шаардлагаа баримтаар нотлоогүй тул 7,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

9. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,757 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 42,645 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд лзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .................. зээлийн гэрээний үүрэгт 1,730,928  /нэг сая долоон зуун гучин мянга есөн зуун хорин найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.........................” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,757 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 42,645 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА