Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04730

 

 

 

 

 

      2023 оны 12 сарын 20 өдөр

           Дугаар 102/ШШ2023/04730

                  Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .........................................................................

Хариуцагч: ......................................................................

Нэхэмжлэлийн шаардлага: .......................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ....................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ....................... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Миний бие ........................2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бидний охин .............................2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, хүү З..............2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Охин, хүү хоёроо төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүүхдүүд минь эцгээрээ овоглосон. Бид 2022 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин ................... 3 дугаар анги төгссөн, хүү .................. 2 настай. Би урьд нь нэг хүүтэй. Ингээд 3 хүүхдээ өөрийн төсвийн цалингаар тэжээж ирсэн. Одоо .................., .................. хоёртоо эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. ..................... цагдаагийн алба хаагч байсан ба 2021 оны 4 дүгээр сард харваагүй. Харин 2022 оны 4 дүгээр сард харвасан. Хариуцагчийн ар гэрийнхэн нь хэзээ харвасныг нь ч мэдэхгүй. Хэвтэрт, миний асаргаанд байсан, би асарч байж хөл дээр нь босгосон. 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр .................. ээж дүүгийнх нь хүүхэдтэй хамт ирээд аваад явсан, харин би хөөгөөгүй. 2022 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан ба тухайн үед би бичиг баримтыг нь хөөцөлдөж өгч байсан. Нийт 46,000,000 төгрөг дансанд нь орж ирсэн байсан. Тэр мөнгөөр эмчилгээ хийлгээгүй. Хариуцагч сар бүр 1,020,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч хоёр хүүхдэдээ тэтгэлэг тусламж өгдөггүй. Тийм учраас тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандсан. ................. ой санамж алдсан, зарим зүйлийг санахгүй байгаа. Гэхдээ би төрийн сангаас өгсөн тэтгэврийн мөнгийг нь нэхэмжлэхгүй. Хуульд заасны дагуу хоёр хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно...гэж тайлбарлав.

2. Хариуцагч .................. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие ..................2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Охин 2014 онд, хүү 2020 онд төрсөн. Миний бие төрийн албанд ажилладаг байсан. Ажлаа хийж яваад 2021 оны 4 дүгээр сарын 20-нд тал харваж баруун талын хөл гар мэдрэлгүй, хэл ам ярьж хэлж чадахгүй саажилттай болсон. Харвасны дараа ....................... нь намайг гэрээсээ хөөж, хувцасыг минь өгч явуулсан. Одоогоор надад амьдрах гэр байхгүй, хөдөлмөр хийх чадваргүй, авч байгаа тэтгэвэр болох 1,020,000 төгрөг минь өвчиндөө зориулан эм, эмчилгээнд дуусдаг. Дүүгийндээ амьдардаг тул 2 хүүхдийн тэтгэмж өгөх боломж байхгүй тул шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5-6/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор .................... Амбулаториор эмчлүүлэгсдийн картыг үзлэг, шинжилгээ хийлгэсэн баримтуудын хамт эхээр нь нотлох баримтаар гаргасан.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ................ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ................ нь хариуцагч .................. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч уг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, сар бүр авдаг өндөр насны тэтгэвэр эмчилгээний зардалд зарцуулагддаг..” гэж тайлбарлаж маргасан байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Зохигчид 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарч, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин ................., 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү ............. нар төрж, хүүхдүүд эцэг ................... овоглосон байна.

4.2. Зохигчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд нэхэмжлэгч .................... асрамжид Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхон, 102 дугаар байрны ............тоот хаягт эрүүл өсөн бойжиж байгаа болох нь баримтаар тогтоогдсон.

4.3. Хариуцагч ................ тал харвалтын улмаас эмчилгээ хийлгэдэг болох нь түүний Амбулаториор эмчлүүлэгчийн карт, холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ... эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу зохигчид охин .................. хүү .............. нарыг хариуцагч ..................... овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй.

6. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчаар охин ........, хүү ............ нарыг тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч .................. эрүүл мэндийн улмаас хүүхдүүдэд тэтгэлэг өгөх боломжгүй, сар бүр олгогддог өндөр насны тэтгэврийн 1,020,000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулаад дуусдаг гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Гэвч түүний нотлох баримтаар гаргасан эмчлүүлэгчийн дэвтэр, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн баримтуудаар уг тайлбар нь нотлогдохгүй байхын зэрэгцээ эдгээр үндэслэл нь түүний хуулиар хүлээсэн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болох боловч хариуцагч хөдөлмөрийн чадвараа алдсан гэх байдал мөн хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

9. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тусгайлан тохиролцогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт “...11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр...” гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож,...............,............. нарыг эцэг ................... тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ..........., ................ нарын дундаас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин ................ /9 настай/, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү....................... /3 настай/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг ....................... тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ...................... 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .................. олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар................., ................. нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин ................., хүү ..................... нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уг үүргээ адил хэмжээтэй оролцож хэрэгжүүлэхийг даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                                                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА