Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03859

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 26 өдөр                Дугаар 102/ШШ2023/03859                              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................................................

Хариуцагч: ...................................................

Нэхэмжлэлийн шаардлага: .............................

Нэхэмжлэгч ..................................

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч .......................................

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...............нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч..................шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд ...................... танилцаж, 2006 онд хамтран амьдарсан. Аав ээж, эмээ, эгч дүүтэйгээ хамт амьдарч ирсэн. Бид 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн .............. дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, хүү 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Сүүлийн жилүүдэд манай нөхөр намайг хардах нь ихэсч, бид хоёр хэрүүлтэй байх болсон. Охин маань тэр хэрүүлийг тэвчихгүй өвөө эмээгийндээ очиж 3 сар гаран амьдарсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч манай нөхөр салахгүй, би салмаар байна гэдгээ хэлсэн. Цаашид би ................ хамтран амьдрах хүсэл сонирхол, сэтгэлгүй учир гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Бид 18 жил ханилсан. ................. сүүлийн үед зан ааш нь өөрчлөгдөж хардаж сэрддэг, охиндоо хатуурхдаг, хүн бүртэй хардаж үгээр иддэг болсон. Би тэсэхээ байгаад салах шийдвэрт хүрсэн. Тусдаа амьдраад 9 сар боллоо. Сүүлийн 3 сар хоёр хүүхэдтэйгээ ирж уулзаагүй, хааяа нэг утсаар ярьдаг. Миний данснаас мөнгө аваад дансыг сая хаасан байна. Би хүүхдүүдтэйгээ уулзахыг хязгаарлаагүй, намайг фейсбүүкт  блоклсон,  хаана байгаа нь  мэдэгдэхгүй болсон. Би 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. Мөн хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр шаардаж байна. Бидний дунд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч .................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................... энэ хугацаанд гэр бүлээ авч үлдэх, эвлэрэх хүсэлтийг илэрхийлж бодитой алхам хийгээгүй, гэр бүлээ авч үлдэх гэсэн хүсэл тэмүүлэлгүй, нэг ч удаа эвлэрэх алхам хийгээгүй байна. Тусдаа амьдраад 9 сар болоход  эвлэрэх хугацаанд нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй байна. 2 хүүхдийнхээ төлөө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй, өөдгүй зан байдал гаргасныг, шүүхээс харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. 2 хүүхэд бол Нийслэлийн 73 дугаар сургуулийн 2 дугаар анги, тус сургуулийн 6 дугаар ангид хэвийн, идэвхтэй суралцах нөхцөл боломжийг ээж нь хангасан. Гэрлэлт цуцлуулж, .................... хуульд заасны дагуу тэтгэлгийг тогтоож өгөөч гэсэн саналтай байна...гэв.

3. Хариуцагч .................. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Одоо надад эрхэлсэн ажил, хадгаламжинд мөнгө, байр орон байхгүй учраас хүүхдийн тэтгэлгийг төлж чадахгүй болно. Бас би энэ хүнээс салахыг зөвшөөрөхгүй байгаа учир шүүхээс харж үзнэ үү. Хоёр хүүхдээ өнчрүүлмээргүй байгаа болохоор бодож үзнэ үү...гэжээ.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-5/, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-6/, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт /хх-7/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-8, 9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх-10/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5. Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбараа бичгээр гаргасан бөгөөд тайлбар, татгалзалтай холбоотой аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй.

6. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05232 дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, 3 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн гэрлэгчдэд мэргэжлийн гэр бүлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авахыг даалгасан. /хх-22/ Шүүгчийн захирамжийн дагуу хэргийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч хүлээн авч, Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч .............. гэрлэгчидтэй 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр уулзалт зохион байгуулж, гэрлэгчдэд зөвлөмж бүхий дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтэд: “Гэр бүлийн хосууд хамтдаа сэтгэл зүйчтэй уулзсан. Эхнэр нь амьдралынхаа өнгөрсөн цаг хугацааны асуудлыг дэлгэрэнгүй ярилцаж, үүссэн асуудалд хэрхэн хандаж байгаагаа илэрхийлсэн. Нөхөртэйгөө хамт амьдрахад байнгын хардалт, хэл амаар доромжлох, үр хүүхдүүдээ үл ойшоосон байдлаар хандаж байгаад тэсвэр тэвчээр нь алдагдсан байгаа нь уулзалтын явцад ажиглагдаж байна. Ямар ч нөхцөл байдалд байнга буруутгаж, эерэг харилцаа холбоо үүсэхгүй болсон учир гэрлэлт цуцлуулах шийдвэрээ гаргасан. Нөхөр нь эхнэртээ итгэдэггүй, хэл амаар доромжилж, найзаасаа болж асуудлыг улам хурцадмал байдалд оруулсан. Түүнээс хойш ямар ч эерэг алхам хийгээгүй. Эхнэр нь асуудлыг дахин ярих хүсэлгүй байсан учир тодруулах зорилгоор метафор картыг ашиглан нөхцөл байдлыг тодорхойлов. Зөвлөмж: Хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагаа биелүүлэх, Хэн хэнийгээ буруутгахгүй байх” гэж тусган /хх-33/, улмаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 213 дугаар тэмдэглэл үйлдэн шүүхэд ирүүлж /хх-32/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэмжлэгч ...................нь шаардах эрхийн үндэслэлээ “Б.................. байнгын хардалтын улмаас хэрүүл маргаантай байж, энэ байдлыг хүүхэд тэвчихгүй өвөө эмээгийндээ 3 сар амьдарсан, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдраад 9 сар болсон, шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан ч амжилтгүй болсон бөгөөд шүүхээс дахин эвлэрэх хугацаа олгосон ч энэ хугацаанд хариуцагч эвлэрэх алхам хийгээгүй, хүүхдүүдтэйгээ уулзаагүй алга болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд миний асрамжид эрүүл өсөн бойжиж, боловсрол эзэмшиж байгаа учир хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгож хариуцагчаар тэжээн тэтгүүлнэ. Шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “эрхэлсэн ажилгүй, хадгаламжинд мөнгөгүй, байр орон байхгүй учраас хүүхдийн тэтгэлгийг төлж чадахгүй. Хоёр хүүхдээ өнчрүүлмээргүй байгаа учир гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй” гэж тодорхойлон тайлбарласан байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй ба хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болохоор хуульчилсан. Гэвч шүүх хуралдааны товыг хариуцагч ................... хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ................... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж буй талаарх эмчийн тодорхойлолт болон сургуулийн тодорхойлолтууд, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл,  зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. Гэрлэгчид 2004 онд танилцаж, улмаар гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон ба тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охин ............., 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү ................нар төрсөн байна.

5.2. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эх. ........асрамжид эрүүл өсөн бойжиж, товлолт вакцинд хамрагдсан ба ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.

5.3. Гэрлэгчдийн дунд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсноор дуусгавар болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгосон ч эвлэрээгүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч .......... нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр ................. өөрийг нь бусадтай байнга хардаж хэрүүл маргаан үүсгэдэг, энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлсөн учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар тайлбарласан.

7. Мөн гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгосон ч эвлэрээгүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, охин .........../11 настай/, хүү ............ /7 настай/ нарыг эх ................ асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн хүүхдүүд болох 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин ........../11 настай/, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү............7 настай/ нарыг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.............11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ............... тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан ........., ...................... нарт даалгах нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

11. Гэрлэлт цуцлуулж буй ............, ...................нар нь шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн .........., Монгол улсын иргэн ...............................нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Н........ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н........ нарыг эх ............... асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүү . хүртэл тухайн бүс нутагт............... тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин................18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ................ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ..................., .................. нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА