| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04386/И |
| Дугаар | 102/ШШ2024/02459 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/02459
2024 оны 05 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2024/02459 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:...............................................................................................................................
Хариуцагч: ..........................................................................................................................................
Хариуцагч: ..............................................................................................................................................
Хариуцагч: .............................................................................................................................................
Нэхэмжлэлийн шаардлага: ......................................................................................................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., хариуцагч . хариуцагч...................................................гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........................ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .................. хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч............... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч ................ нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/ВСС181018056-1 тоот Зээлийн гэрээг байгуулан 46,000,000 төгрөгийг хялбар зээлийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэйгээр, 24 сарын хуагцаатай зээлж авсан. Зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №БГ/ВСС181018056-1 тоот Баталгааны гэрээ, мөн өдрийн №ЗГ/ВСС181018056-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу ....................гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 25 дугаар байрны 10 тоот хаягтай 75,84 м.кв талбайтай, Ү-2205029180 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нар нь цар тахлын улмаас бизнесийн орлого буурсан тул 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлөлтийг 3 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт өгч, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №ЗНГ/ВСС200421016-1 тоот Зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулан, үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс 91 хоног хойшлуулсан. Хариуцагч нар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгон 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш мэдэгдэл гардуулсан боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй. Зээлдэгч нар нь гэрээний 6.2.3-д заасны дагуу төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүүний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 16,798,108.82 төгрөг, үндсэн хүү 11,811,136.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,201,732.10 төгрөг, нийт 29,810,976.93 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүн дээр нотариатын зардал нэмж, нийт 29,858,976.93 төгрөгийг шаардаж байна. Хариуцагч....................... .......................нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан .......................ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ................шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/ВСС181018056-1 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ...................... нараас зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд нийт 29,858,976.93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БГ/ВСС181018056-1 тоот Баталгааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 5.1 дэх заалтад заасны дагуу баталгаа гаргагч Б.Бат-Амгалангийн өөрийн хөрөнгөөр нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан заалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна...гэжээ.
1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа. ............... нь үндсэн зээлдэгч бөгөөд гэрээнд хамтран зээлдэгч байхгүй. ...................г хариуцагчаар татсан үндэслэл нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад хамааралтай буюу барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч учраас хариуцагчаар татсан байгаа. Гэрээгээр тохирсон зээлийг буцаан төлөх хугацаа бол дууссан. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг Зээлийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан ба үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа учраас гэрээ дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас цуцлуулах гэсэн агуулгаар гаргасан...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. Хариуцагч ....................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/ВСС181018056-1 тоот Зээлийн гэрээг байгуулан 46,000,000 төгрөгийн зээлийг хялбар зээлийн зориулалтаар авсан. Энэхүү зээлийг би байраа барьцаалан авсан боловч өөрийн хэрэгцээнд аваагүй, багын найз болох ....................“банкинд орон сууцаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч, чухал ажил амжуулахад мөнгө хэрэгтэй байна, ажил хэрэг гайгүй болоод хурдан хугацаанд банкнаас авсан зээлийг чинь хүүгийн хамт банкинд буцаан төлнө” гэж амлаж, би сайн таньдаг хүн тул итгээд өөрийн орон сууцаа барьцаанд тавьж зээл авч өгсөн. Энэ зээлийг аваад 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр .................... утсаар ярьж Нотариат ороод мөнгөө ав гэхэд “ажил тарж байна, түгжрэл их, барилга дээр бетон зуурмаг буугаад байна, наад мөнгийг чинь төлөхгүй бол ажил зогсох гээд байна, миний Төрийн банкны 120000100398 тоот дансанд хийчих, маргааш нотариат орчихъё” гэсэн гуйлтаар би гэр бүлийн хүний хамт дансанд нь 45,630,000 төгрөг тушаасан байдаг............................маргааш нь нотариат орно гэсэн амлалтаа биелүүлэхгүй олон сар зугтсан. Зээлийн эргэн төлөлтийг хүүгийн хамт миний Худалдаа хөгжлийн банкны 499164456 тоот дансанд шилжүүлж, банк түүнийг зээлийн данс руу татдаг байсан. Харин 2020 оны 8 дугаар сараас хойш дахин төлөлт хийхээ больж, холбоо барихгүй алга болсон. Ингээд би дараа сарын төлөлтүүд шахагдаж, нилээд хугацаа өнгөрч ..................ай холбогдож чадахгүй байсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ зээлийг ..................... өөрөө баталгаа гаргаж, баталгааны гэрээ хийсэн. Баталгааны гэрээгээр зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь бүрэн хариуцахаар, үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон. Миний хувьд өөрөө авч ашиглаагүй зээлийг төлөх нь маш их хохиролтой байхаас гадна би өөрийн зүгээс төлөх ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байна. Хэрэв....................... надаар зээл авхуулаагүй бол надад ийм олон эрсдэл үүсэхгүй байх байсан. Энэ хариуцлагагүй үйлдлээс болж миний Монгол банк дахь зээлийн мэдээлэл муу ангилалд шилжсэн, өөрийн байраа барьцаа болгож шилжүүлсэн гээд маш олон асуудлаар хохироод байна. Үндсэн зээлдэгч би өөрөө боловч................. мөнгийг авч, миний өмнөөс бүрэн хариуцахаар баталгаа гаргаж байгаа, мөн банкны зүгээс баталгааны гэрээний шаардлагын дагуу санхүүгийн нөхцөл байдлыг судалж гэрээ хийсэн гэж үзэж байна. Тэгэхээр дээрх баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч нь үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангахаас гадна, зээлийг баталгаа гаргагч нь өөрөө авч ашигласан нөхцөл байдлаас харахад өөрөө бүрэн хариуцахаар байна. Хэдий би өөрийн нэрээр зээл гаргуулан авсан боловч өөрөө нэг ч төгрөг авч өөртөө зарцуулаагүй тул дээрх нэхэмжлэлийн дагуу зээлийн төлөлт болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь миний хувьд учирсан бодит хохирол байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хамтран хариуцагч........................нэхэмжлэлийн шаардлагын дагуу үлдэгдэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулах боломжтой гэж үзэж байна. Би төлөхгүй, ....................... төлнө, түүнийг төлчих байх л гэж бодоод байгаа. Цагдаагийн байгууллагад........................ “хүү алдангитай төлж байсан, цаашид төлнө” гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн хувьд банкны зөв л байх. Банктай зээлийн гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр байдлын талаар маргаан байхгүй. Миний данс руу мөнгө орж ирэхээр нь бэлнээр авсан. Төрийн банк нээлттэй байсан болохоор............................ийн данс руу банк дээр очиж хийсэн...гэв.
2.2. Хариуцагч ............. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манай гэр бүлийн хүн .............т бид хоёр өөрсдийн орон сууцаа Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьж зээл авах шалтгаан нь найз болох ........................гийн “байраа тавиад мөнгө зээлээд өгөөч, хүүтэй нь хамт 3 сарын дотор буцаагаад төлчихнө, хоёр найз тус болооч” гэсэн гуйлтаар банкаас зээл авч өгсөн. Банкнаас 46,000,000 төгрөгийн зээл гардаг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ................... руу утсаар яриад мөнгө нь бүтсэн нотариат дээр ирээд банкинд буцааж төлнө гэсэн гэрээ хийгээд ав гэтэл “ажил дээрээ байна, түгжрэл эхэлсэн байна, ТЭЦ-4 дээрээс очиход хэцүү байна, одоо нисэхэд үйлдвэрийн барилга дээр бетон зуурмаг буугаад байна, наад мөнгийг чинь бетон зуурмагны төлбөрт шилжүүлэхгүй бол зуурмаг тасраад ажил нурах гээд байна, маргааш өглөө нотариат дээр уулзаад орчихъё, одоо миний Төрийн банкны данс руу хийчих” гэсэн гуйлтаар 45,630,000 төгрөг хийсэн. Маргаашнаас нь................ “ажилтай амжихгүй байна, хөдөө явж байна” гэж утсаа авахгүй, уулзахгүй байсаар гэрээ хийгээгүй. Зээлийг .....................2020 оны дунд хүртэл нэхүүлэн гуйлгуулан байж үндсэн төлбөр хүүгийн хамт банкинд төлж байгаад төлөхөө болиход нь цагдаагийн байгууллагад хандсан. Шалгаж байсан байцаагч нь “энэ хүн чинь буцааж банкинд хүү бүх юмтай нь төлнө, төлж байгаа гэж байна. Тэгэхээр хэрэг үүсгэхгүй, иргэний шүүхэд хандаж болно” гэж хэлсэн байдаг. Миний бие 2019 онд тархины хагалгаанд орж байсан, одоог хүртэл эрүүл мэндээс шалтгаалаад группт байдаг. 2020 оноос хойш банкны зээлийг төлж барагдуул, орон сууцны барьцаалбар чөлөөлж өг гэж..............аас утасдаад шаардахаар “чи үхчихгүй яасан юм, ална шүү п...” гэх мэтээр доромжилдог байсан. Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний үүрэгт 29,858,976.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зээлийн мөнгийг авч хэрэглэсэн зээлийн баталгаа гаргагч, хариуцагч ................үндсэн төлбөр, хүү, алданги, торгуультай нь төлүүлэх хүсэлтэй байна...гэжээ.
2.3. Хариуцагч..............шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нийт 46,000,000 төгрөгийн зээл аваад, 16,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болтол ....................... төлөөд явж байсан. Энэ үед хариуцагч ......................т эхнэрийнхээ хамт цагдаад өргөдөл гомдол гаргаад яваад байсан байдаг. Эвлэрүүлэн зуучлалд очиход .......................гийн зүгээс 16,000,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрөөд бичиж өгсөн. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрт ногдох хувиар шийдвэрлэх байх гэж бодож байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд сүүлд ....................гийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөөр барагдуулна гэж нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаар шаардсаныг хуульд нийцэхгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй. Гурван хариуцагчаас хэд хэдэн төгрөг гаргуулах вэ гэдгийг шүүх шийдэх байх...гэв.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: ............................. нарын зээлийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-8-10/..........................ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/, Зээлийн гэрээний хуулбар /хх-12-13/, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар /хх-14-16/, ............................... нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-17/, Баталгааны гэрээний хуулбар /хх-18/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зөвшөөрлийн хуулбар /хх-19/, Зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх-20-21/, Нотариатчийн төлбөрийн нэхэмжлэх /хх-22-23/, Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдлийн хуулбар /хх-24-25/, Зээл төлөх тухай мэдэгдлүүдийн хуулбар /хх-26-33/, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-35-41/, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-42/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч ..................т шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: .................... Худалдаа хөгжлийн банкинд гаргасан өргөдлийн хуулбар /хх-52/, Б.Бат-Амгалангийн дансанд 45,630,000 төгрөг оруулсан орлогын баримтын хуулбар /хх-53/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оноы 5315 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /хх-54-55/, Т.Ганзоригтын харилцах дансны хуулга /хх-56-58/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
5. Хариуцагч ....................... ............................нар шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл баримт ирүүлээгүй байна.
6. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд:
- Хариуцагч ...........................тын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03593 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-83/, захирамжийн дагуу Баянгол дүүргийн Прокурорын газраас .......................нд холбогдуулан ............................гаас гаргасан гомдлын дагуу эрүүгийн журмаар шалгасан материалаас ................................. нарыг гэрчээр асуусан тэмдэглэлүүдийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-87-92/
- Зохигчоос гаргасан саналыг үндэслэн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06406 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд шилжүүлсэн. /хх-116/ Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. /хх-118/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. “Худалдаа хөгжлийн банк” ХК нь ....................................... нарт холбогдуулан, ..............той байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж,.........................оос зээлийн гэрээний үүрэг, гэрээний улмаас учирсан хохиролд нийт 29,810,976.93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ..........................нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах, ...................тоос зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч .......................гийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах зэрэг шаардлага гаргасан байна.
3. Хариуцагч ................т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч зээлийг өөрөө авч ашиглаагүй, .................ийн гуйлтаар банкнаас зээлж, мөнгийг түүнд өгсөн, зээлийн эргэн төлөлтийг .................... төлж байсан учраас уг мөнгийг төлөх үүрэг хүлээхгүй” гэж тайлбарласан.
4. Хариуцагч................... өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “зээлийг ............. авч хэрэглэсэн учир бүх төлбөрийг хариуцах ёстой” гэж тайлбарлан маргажээ.
5. Хариуцагч ......................, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ “Зээлийн мөнгийг авсан гэдэгтэй маргахгүй. Зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг 2020 он хүртэл тогтмол төлж байсан боловч хамтран хариуцагч ...................... нараас цагдаагийн байгууллагад залилуулсан гэх гомдол гаргасан учраас төлөхөө больсон. Зээлийн гэрээний дагуу 19,000,000 төгрөгийг төлөх боломжтой, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлий..............................гийн хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.
6. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо: Үүнд:
6.1. ....................................нар нь “Худалдаа хөгжлийн банк” ХК-д хандан 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөрөнгө оруулалт, эмчилгээний зориулалтаар 48,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг зээлдүүлэгч хүлээн авч судлаад, ......................той 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/ВСС181018056-1 тоот Зээлийн гэрээг бичгээр байгуулан, 46,000,000 төгрөгийг хялбар зээлийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэх, нэмэгдүүлсэн хүүг жилийн 4,80 хувиар тооцох, болон бусад нөхцлийг гэрээнд тусгаж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
6.2. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХК, ......................т нар ЗБ/ВСС181018056-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ........................... нарын хамтран өмчлөх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 25 дугаар байрны 10 тоотод байрлах, 75,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 92,800,000 төгрөгөөр үнэлж барьцаалан, 11-1298325 тоот Барьцаалбар үйлдэж, гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ. Уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч .....................гаас зээлдэгч ...................д банкны барьцаанд тавих зөвшөөрөл бичгээр олгосон байна.
6.3. Дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ......................................т нар хамтран өмчилдөг болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон.
6.4. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХК нь.......................тай БГ/ВСС181018056-1 тоот Баталгаат гэрээг байгуулан, уг гэрээгээр зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгө, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадна гэсэн баталгааг батлан даагч ........................... банкны өмнө гаргаж, зээлдэгч банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нөхцлийн дагуу уг төлбөрийг өөрийн хөрөнгөөр банкинд үл маргах журмаар төлөх үүрэг хүлээсэн байна.
6.5. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ЗНГ/ВСС200421016-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, зээлийн хугацааг 28 сар /2 жил 4 сар/ гэж өөрчилж, зээлийн гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр үйлчлэхийг тусгажээ.
6.6. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Худалдаа хөгжлийн банк” ХК-иас .......................................... нарт 8 удаагийн мэдэгдлийг бичгээр өгсөн байна.
6.7. Зээлдэгчээс гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөр төлөх үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж, үндсэн зээл 29,201,891.18 төгрөг, зээлийн хүү 14,465,128.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,885.72 төгрөг тус тус төлж, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
6.8. Зээлдүүлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХК-иас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 46,000,000 төгрөгийг зээлдэгч.................................ын Худалдаа хөгжлийн банк дахь 499164456 тоот харилцах дансанд шилжүүлж, ..............................т нь тухайн өдрөө 45,630,000 төгрөгийг бэлэн зарлагаар данснаасаа авч, 368,000 төгрөгийг “Ганзоригтоос хялбар зээлийн шимтгэл төлөв” гэх гүйлгээний утгаар зээлдүүлэгчид шимтгэлийн төлбөрт төлжээ.
6.9. Улмаар зээлийн мөнгө орж ирсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр................................гийн “Төрийн банк” ХК дахь 120000100398 тоот дансанд 45,630,000 төгрөгийг ..........................гаас зээлэв” гэх гүйлгээний утгатайгаар орлого хийсэн байна.
6.10. Хариуцагч ......................гаас хариуцагч........................нд холбогдуулан гаргасан гомдлыг шалгаад Баянгол дүүргийн Прокурорын газраас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5315 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор “..............................гийн зээлийн үнийн дүнг төлөхгүй байна гэх асуудал нь харилцан сайн дурын үндсэн дээр тохирч хийгдсэн иргэдийн хоорондох аман хэлцлийн нөхцлөөр хийсэн зээл авч, түүнийг төлөх явцад гарсан эд хөрөнгийн холбоотой маргаан” гэж дүгнэн,...................................... нар өөрт учирсан хохирлыг иргэний журмаар буруутай этгээдийн оршин суугаа газрын шүүхэд хандаж шийдвэрлэх эрхтэй болохыг дурджээ.
6.11. Сүхбаатар дүүргийн Т:375 дугаартай нотариатч........................... 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХК-иас зээлдэгч ..........................тод холбогдох бичиг баримтын хуулбарын үйлчилгээний төлбөр 15,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч ................................тод холбогдох бичиг баримтын хуулбарын үйлчилгээний төлбөр 33,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үйлдэж, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар үйлдсэн байна.
7. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд зээлдүүлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь хариуцагч.............................тын харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.
8. Зохигчид зээлийн гэрээгээр тохирсон 28 сарын хугацаа дууссан, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, зээл, барьцааны болон баталгааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин зээлийн төлбөрийг зээлдэгч ....................т, эсхүл батлан даагч ....................... нарын хэн хариуцах талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.
9. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлах тухай нэхэмжлэлийн эхний шаардлагын хувьд: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Тийнхүү гэрээгээр тохирсон хугацаанд гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө нөгөө талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохоор хуульчилсан. Харин үүрэг дуусгавар болох болон үүрэг гүйцэтгэхээр тохирсон хугацаа зэрэг нь өөр ойлголтууд юм.
10. Тодруулбал, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол, хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээг цуцалж болно” гэж тус тус хуульчилсан.
11. Гэрээнд төлбөрийг буцаан төлөх хугацааг 24 сар байхаар тодорхойлон зааж, улмаар уг хугацааг 28 сар болгож өөрчилсөн байх тул талууд гэрээгээр хугацааг тусгайлан тохиролцсон бөгөөд энэ хугацаанаас өмнө гэрээний аль нэг талын зөрчлийн улмаас гэрээг нөгөө талын санаачилгаар цуцлах тохиолдолд “гэрээ цуцлах” талаар шаардах эрх үүснэ. Гэтэл маргаан бүхий зээлийн гэрээгээр тохирсон 28 сарын хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
12. Хэдий талуудын тохирсон гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч, зээлдэгч ..................тоос үндсэн зээлийн үлдэгдэл 16,798,108.82 төгрөг, зээлийн үндсэн хүү 11,811,136.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,201,732.10 төгрөг, нийт 29,810,976.93 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангана.
13. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан нэмэлт зардалд тооцож нотариатын зардал 48,000 төгрөгийг зээлдэгчээс гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн уг шаардлага Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд тооцогдох тул нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн уг шаардлага нотариатчийн төлбөрийн нэхэмжлэх, мөнгөний тасалбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.
14. Хариуцагч ........................................ нарт холбогдуулан гаргасан, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тэдний өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, хүчин төгөлдөр Барьцааны гэрээний дагуу шаардаж байх тул зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар...................................... нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болно.
15. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаар шаардсан Баталгааны гэрээний дагуу батлан даагч...................................гаас зээлийн төлбөрийг гаргуулах, түүний нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
16. Тодруулбал, маргаан бүхий Баталгааны гэрээг талууд бичгээр байгуулж, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Гэвч Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээх бөгөөд мөн зүйлийн 458.3 дахь хэсэгт зааснаар батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарах бөгөөд Иргэний хуулийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээж, 460.2-д зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байхаар тус тус хуульчилсан байна.
16. Талуудын байгуулсан Баталгааны гэрээний 3.2 дахь хэсэгт дээрх хуульд заасанд нийцүүлсэн хэлбэрээр буюу “зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөр, болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө” гэж, 4.2.1-д “зээлдэгч нь банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нөхцлийн дагуу уг төлбөрийг өөрийн хөрөнгөөр банкинд үл маргах журмаар төлөх” үүрэг хүлээхээр тус тус заасан байна.
17. Гэвч батлан даагч...............................нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээх тул нэхэмжлэгч нь зээлдэгч болон батлан даагч нараас зээлийн гэрээний үүргийг нэгэн зэрэг шаардсан нь үндэслэлгүй байх бөгөөд батлан даагчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэл хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн уг шаарлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
18. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг, зарим хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,444 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч..........................тоос 307,244 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч ..........................................нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч........................тоос зээлийн гэрээний үүрэгт 29,810,976.93 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч.т шүүхийн............. шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох.......................... нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029180 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 25 дугаар байрны 10 тоотод байрлах, 75,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ........................той байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрийг...........................гийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөөс гаргуулах тухай “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,444 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганзоригтоос 307,244 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч ................................... нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА