| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 2235000000139 |
| Дугаар | 2023/ДШМ/21 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/21
2023 05 29 2023/ДШМ/23
Ц.Б, Ж.Д, Н.Д,
Б.Н, Д.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Н.Д, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Д.А, Ж.Д, Н.Д, Ц.Б, Б.Н нарт холбогдох, 2235000000139 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын хоёрдугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:............., Б овогт Ж-гийн Д.
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 14-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын хоёрдугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:........., Т овогт Ц-гийн Б.
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 27-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:............., Б овогт Д-гийн А.
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 30-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 2-61 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:............, Ш овогт Н-ын Д.
Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 13-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 2-61 /410/ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:..........., Г овогт Б-ын Н.
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар бүлэглэн, машин механизм ашиглаж, Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутгаас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Л.М-ийн 5, Л.Б-ын 4, Ц.Ч-ын 1, Б.М-ын 2 , нийт 12 тооны тэмээ хулгайлж, хохирогч Л.М-д 9.000.000 /есөн сая/ төгрөгийн, хохирогч Л.Бод 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн, Ц.Ч-д 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн, хохирогч Б.М-т 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 6 тооны тэмээг худалдан авсан, эзэмшсэн, ашигласан,
шүүгдэгч Н.Д, Б.Н нар гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 5 тооны тэмээг худалдан авсан, эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүдэгч Д.А, Н.Д, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Борлууд овогт Жамсрангийн Д, Тайж овогт Цэндсүрэнгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Т овогт Д-гийн А, Ш овогт Н-ын Д, Г овогт Б-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Д-д 4 жил 6 сар хорих, Ц.Бид 4 жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Н нарт тус бүрт нь 1 жил зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.А-д 8 сар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Н.Д, Б.Н, Д.А нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Н.Д, Б.Н, Д.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Даас 10.8 сая төгрөг, шүүгдэгч Ц.Боос 4.8 сая төгрөг тус тус гаргуулж хохирогч нарт олгож,
- шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Ж.Д-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 8 сая төгрөгийг хурааж хохирол нөхөн төлөхөд, шүүгдэгч Ц.Б-оос гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Ц.Б-ийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын мотоцикль, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7 сая төгрөгийг тус тус хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлогод оруулах, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 төгрөгийг Н.Д-аас, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Н-гаас, 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Д.А-гаас тус тус хурааж улсын орлого болгож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг хурааж улсын орлогод оруулах ажиллагаа хийгдэх хүртэл түүнийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
4.Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “ Би Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрээс 12 тооны тэмээ хулгайлан авч Улаангом суманд авч ирж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон анхан шүүхээс 4 жил хорих ял шийтгүүлж, одоо цагдан хориход ялаа эдэлж байгаа болно.
Миний бие анхнаасаа Ж.Д-тай хамт явж хулгай хийхээр ярилцаж тохиролцсон зүйл байхгүй бөгөөд хамт явж байгаад энэ хэрэгт оролцсондоо туйлын ихээр харамсаж байна. Өөрийн ухамсар дорой, тэнэг зангаасаа болж үр хүүхэд, хань ижил, аав, ээжээ хүнд байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Одоо бага насны 3 хүүхэдтэй, эхнэр маань ганц гэрээр, өөрийн цөөн тооны малаа маллан амьдарч байгаа. Намайг энд хоригдож байх хугацаанд эхнэр минь хөхний хагалгаанд орсон, хүүхэд бас өвдсөн гэдгийг сонсоод гэмт хэрэг үйлдэж, хайртай хүмүүсээ ямар хүнд байдалд оруулснаа ойлгож, өөрийгөө зүхэж сууна.
Би хулгайн хэрэгт оролцсоноо аав, ээж, эгч нараасаа нуусан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирлоо төлөх санаа байсан боловч 2022 оны 7 дугаар сард хуримаа хийсэн тул мөнгө муутай байсан. Мөн аав, ээж, ах, дүүгээсээ хэргээ нуусан учир мөнгө гуйж чадаагүй. Сүүлд гэм буруугийн шүүх хурал болж 5 хоногийн завсарлага аваад аав, ээждээ хэлж хохирлын 10.600.000 төгрөгөөс 6 сая төгрөгийг олж төлсөн. Одоо үлдэгдэл 4.600.000 төгрөгийг бүрэн төлсөн. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, зөв шударга иргэн байж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлнэ. Иймд миний ар гэр, ахуй байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөлж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдолдоо: “ Анхан шатны шүүх надад холбогдох хэргийг хянан хэлэлцээд надад 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Миний бие хулгайлах гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд ямар нэгэн саад учруулахгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэргийн үнэн мөнийг мэдүүлж ирсэн. Тэмээ хулгайлаад “Бор үзүүр”-т тууж авч ирчихээд Б.Нг дуудсан. Б.Н машинтай ирээд 5 тооны тэмээ биднээс хүлээн авч, Шагдарынд хүргэж, үлдээсэн. Ц.Б анхнаасаа “энэ хулгайн тэмээ шүү” гэж Б.Н ахад хэлж байсан. Б.Н хулгайн тэмээ гэдгийг эрт мэдсэн. Гэтэл хулгайн гэж мэдээгүй гэсэн тайлбар хэлж байгаад нь гомдолтой байна. Иймд дахин гэрчээр Шагдар болон түүний залууг асууж шалгаж өгнө үү” гэжээ.
6.Хохирогч нарын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Л.М, Л.Б, Ц.Ч, Б.М нарын өмгөөлөгчөөр оролцож байна.
Ц.Б нь хохирлоо төлөөгүй учраас анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас завсарлага авч 6.000.000 сая төгрөгийг төлсөн. Тухайн мөнгийг хохирогч нарт тус бүрд нь 1.500.000 төгрөгөөр хувааж өгсөн. Л.М-ын алдагдсан 5 тэмээнд үнэлгээ хийлгүүлэхэд 10.800.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирогч Л.Мэд 9.000.000 сая төгрөгийн хохирол учирсан, хохирогч Л.Б-ын 4 тэмээний 7.200.000 төгрөгийн хохирол учирсан, Ц.Чын 1 тэмээ буюу 1.800.000 төгрөг, Б.Мын 2 тэмээ 3.600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Хохирогч нарт Ц.Б-ийн зүгээс 6.000.000 сая төгрөгийн хохирлыг төлж, хохирогч Л.Б, Ц.Ч нарын хохирлыг бүрэн барагдуулсан.
Шүүгдэгч Ж.Д нь төлөх ёстой байсан 10.800.000 төгрөгийг огт төлөөгүй. Шүүхээс тухайн шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэх байх гэж бодож байна.
Хохирогч нар нь учруулсан хохирлоо барагдуулбал ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Ж.Д-ын 10.800.000 төгрөг, Б.Мт 2.100.000 төгрөг, Л.М-д 7.500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн. Ж.Д нь “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж хэлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан тохиолдолд ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр зохицуулсан. Гэтэл хохирогч нарт учруулсан хохирлоо төлөөгүй байж давж заалдах шатны шүүхэд надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэсэн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Ц.Б нь шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Ж.Д-ын хувьд хохирлоо барагдуулаагүй учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Ц.Бийн хувьд хохирлоо төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд хуульд зааснаар ял хөнгөрүүлэх боломж байгаа ” гэв.
7. Шүүгдэгч Ж.Д-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхэд Ж.Д-ын эрх ашгийг хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцсон. Шүүгдэгч Ж.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд хариуцлага хүлээлгэсэн.
Шүүгдэгч нь тухайн шийтгэх тогтоолыг гардаж авсны дараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд болон гомдол гаргаснаасаа хойш энэ хэргийг санаачилсан, зохион байгуулсан, надад санхүүгийн тусламж үзүүлсэн хүмүүс бол Б.Н, Д.А нар гэж хэлсэн.
Мөн сая давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “ Миний хохирлыг төлж өгнө, хариуцлагыг нь чи ганцаараа хүлээчих, олуулаа оролцвол бүгдээрээ ял авах гээд байна, хохирлыг чинь бид нар хариуцна” гэж хэлээд анхан шатны шүүх хуралд болсон үйл явдлын талаар үнэн зөв хэлүүлээгүй. Ж.Д-ын өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл өмгөөлөгчийнхөө хөлсийг төлж чадахгүй байсан шүүгдэгч Д.А нь 7.000.000 сая төгрөг гаргаж Ж.Дд хоол унд, архи авч очиж өгсөн. Танихгүй малын ченж байсан бол мөнгөө өгөөд малаа аваад явчих байсан. Гэтэл бусад байдлаар санхүүгийн туслалцаа үзүүлээд байгаа үйлдэл нь анхаарал татаж байна.
Мөнхтуяагийн үйлдэлд хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийн шинж байхад тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, хяналт тавьж ажиллаж байгаа прокурор нар нь анхаарахгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж хүлээх хариуцлагаа хөнгөрүүлэх агуулгатай гомдол гаргасан байсан боловч хэргийн улмаас учирсан хохирлыг Б.Н, Д.А нар нь төлж өгнө гэж хэлсэн атлаа төлж өгөөгүй учраас болсон үйл явдлыг үнэн зөвөөр хэлсэн. Миний үйлчлүүлэгчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнд хүлээлгэсэн хариуцлагыг ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Мөн Ж.Дын саналыг хүлээн авбал түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
8. Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгч нь ар гэр, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар давж заалдах гомдол гаргасан. Ц.Б нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэрийнх нь бие болон хүүхдийнх нь бие өвддөг. Ц.Б нь удаан хугацаагаар ял шийтгэл эдлэхэд ар гэрт нь 3 хүүхэд эрүүл саруул бойжиход нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна. Гэм буруугаа маш сайн ойлгож ухамсарласан, би өөрийнхөө хайхрамжгүй зангаасаа болж гэмт хэрэг үйлдэж, үүний улмаас гэр бүлээ хүнд нөхцөл байдалд оруулж байгаадаа харамсаж байна гэдгээ илэрхийлсэн.
Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийг тус тус баримтлан Ж.Д, Ц.Б нараас учирсан хохирлыг тэнцүү гаргуулж Л.Мэд 7.500.000 төгрөг, Л.Бод 5.700.000 төгрөг, Ц.Чт 300.000 төгрөг, Б.Мт 2.100.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Ц.Б нь Ц.Ч-т 300.000 төгрөг дутуу байсныг гүйцээж өгсөн. Л.Бод 4.500.000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч 1.200.000 төгрөгийг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл 10.800.000 төгрөг биш 12.000.000 төгрөг өгч хоёр хүний хохирлыг бүрэн барагдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн болгоомжгүй байдлын улмаас найзынхаа үгэнд орж хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо төлсөн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Ц.Б-д оногдуулсан хорих ялыг багасгах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас Ц.Бийн давж заалдсан гомдлыг хангаж, тухайн зүйл ангийн хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Ялын зорилго нь шүүгдэгчийг үйлдсэн хэргээ ухамсарлуулах, ойлгуулах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад чиглүүлж хүмүүжүүлэх зэрэг арга хэлбэрүүдийг өнгөрсөн 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна. Ц.Б нь үнэхээр ойлгож ухамсарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас урт хугацаагаар хорих ял шийтгэх нь эерэг үр дүн гарахгүй байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлаас харахад ялын зорилго биелсэн байна гэж үзэж байна. Ийм учраас үйлчлүүлэгчийнхээ гаргасан саналыг дэмжиж эдлэх ялыг нь багасгаж, 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутгаас бусдын 12 тооны тэмээ буюу олон тооны бод малыг хулгайлж хохирогч нарт хохирол учруулсан. Шүүгдэгч Д.А нь хулгайн мал гэдгийг мэдсээр байж худалдан авч эзэмшиж ашигласан. Шүүгдэгч Н.Д, Б.Н нар нь мөн гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 5 тооны тэмээг худалдан авч эзэмшиж ашигласан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан зөрүүтэй нотлох баримтуудыг шийтгэх тогтоолдоо үгүйсгэсэн, няцаасан үндэслэлүүдийг анхан шатны шүүх тогтоолдоо тодорхой тусгасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, мөн Эрүүгийн хуульд заасан зорилго зорилт, шударга ёсны зарчмуудыг зөв хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан эд зүйлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохдоо зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/ 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Б, Ж.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Ц.Б, Ж.Д, Д.А, Н.Д, Б.Н нарт холбогдох, 2235000000139 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ц.Б, Ж. Д нар бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3-р багийн нутгаас хохирогч Л.М, Л.Б, Ц.Ч, Б.М нарын 12 тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлсан,
- шүүгдэгч Д.А, Н.Д, Б.Н нар нь дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон тэмээг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч бусдад борлуулан мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тэмээгээ бүртгэж үзэхэд миний 7 тооны тэмээ, төрсөн ах Л.Бын 4 тэмээ болон манай тэмээтэй хамт бэлчээрлэж байсан Б.Мын 2, Ц.Чын 1 тэмээ, нийт 14 тооны тэмээ байхгүй байсан. Тэгээд би тэмээгээ 3 хоног хайгаад олоогүй байтал 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баруунтуруун сумын иргэн Идэрээ гэх залуу миний гар утас руу залгаад Улаангом суманд хулгайн байж болзошгүй тэмээ байна гэнэ, чиний тэмээ тэр чиглэл рүү явсан байх магадлалтай юм байна, чи тэмээгээ бүртгэж үзээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэмээгээ хайж байна, чи энэ талаар хаанаас сонссон бэ гэж асуухад цагдаагаас сонслоо гэж хэлсэн.
Тэгээд би “миний тэмээг хулгай авсан юм байна” гэж бодоод цагдаад хандсан. Тэгээд байж байтал 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгчийн гар утсанд Улаангом сумаас тэмээний зураг ирсэн гэхээр нь очиж харахад манай тэмээтэй хамт байсан Б.Мын 2 тэмээ, Ц.Чын 1 тооны тэмээг хашаанаас уясан байдалтай байхад нь авсан зураг байсан.
Миний хайж байсан тэмээ Улаангомд “нядлагдсан байна” гэдгийг мэдээд цагдаад хандсан, энэ 3 тэмээний зураг бол миний алга болсон тэмээтэй хамт байсан тэмээний зураг, уг тэмээнүүд нэгнээсээ салахгүй, хамт байсаар байж нэг ижил сүрэг болчихсон байсан юм. Би анх тэмээгээ бүртгэж үзэхэд миний 7 тооны тэмээ дутсан. Сүүлд 2 тооны тэмээг хээрээс олсон. Уг 2 тэмээ нь хар болон хөх зүсний тэмээнүүд байсан юм. Би нийт 5 тооны тэмээ хулгайд алдсан юм” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 61-62, 64 дүгээр тал/,
- хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манайх нийт 22 тооны тэмээтэй. Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тэмээгээ бүртгэж үзэхэд бүгд байсан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай тэмээтэй хамт тэмээ нь байдаг Л.Мтэй тэмээгээ бүртгэж үзэхээр явсан. Гэтэл манай тэмээнээс 4 тооны тэмээ, Л.Мийн тэмээнээс 7 тооны тэмээ байхгүй байсан. Бид хоёр тэмээ байж болох тэмээний бэлчээрээр 4-5 хоног хайгаад олоогүй. Тэгээд байж байтал 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Л.М бид нарын тэмээ Улаангом сум ороод нядлагдсан байна, хажууд нь хамт байсан Ц.Чын тэмээний зураг ирлээ” гэж хэлсэн.
Манай тэмээнүүд ижлээсээ салж явдаггүй, манай тэмээтэй хамт Ц.Ч, Л.М нарын тэмээнүүд байсан. Эдгээр тэмээнүүд нь бүгд аймаг руу туугдаж орсон байсан тул бид цагдаад хандсан юм.
Би 4 тооны нас гүйцсэн эр тэмээгээ алдсан. Уг тэмээнүүд зүүн гуяндаа хас тамгатай, нас гүйцсэн, том биетэй тэмээ байсан. Л.Мийн тэмээнээс анх бүртгэж үзэхэд 7 тэмээ дутсан боловч сүүлд 2 сар орчмын дараа 2 тэмээ нь Хараацай гэх газар хээр байсныг олсон. Тиймээс Л.Мийн 5 тэмээ хулгай алдагдсан байна” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 68-69, 71, 2-р хх-ийн 158 дахь тал/,
- хохирогч Ц.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний 98801220 гэсэн дугаарлуу Л.М залгаж “ танай болон манай тэмээнүүд хулгайлагдаж, Улаангом сумын төвд нядлагдсан байна гэнэ” гэж хэлсэн.Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нядлагдсан тэмээний зураг гэж надад нэг зураг харуулсан ба уг зургийг харахад манай 1 тооны тэмээ хашаанаас уятай байдалтай байсан тул цагдаад хандсан юм. Тухайн үед миний тэмээний хажууд 2 тэмээний зураг байсан, миний тэмээтэй нийлээд 3 тэмээний зураг байсан ба би тухайн үед өөрийн тэмээгээ хулгайд алдсан талаар мэдсэн. Би 21 тэмээтэй, 2022 оны 04 дүгээр сард би нүүхдээ уг 2 тооны тэмээг ижлээс нь салгаж, ишиг хургаа ачиж ирээд тавихдаа манай сумын Б, М гэх хүний тэмээтэй хамт нийлүүлж тавьсан, Б, М нар нь бэлчээрээр явж, тэмээгээ харж бүртгэж байсан, харин би өөрөө явж хардаггүй байсан. Миний хулгайлагдсан 1 тооны тэмээ нь босоо бөхтэй, хар зүстэй, хойд хоёр гуяндаа босоо жинстэй дором тамгатай, нас гүйцсэн тэмээ байсан” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 75-76, 78, 2-р хх-ийн 160 дахь тал/,
-хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх өөрийн гэсэн 3 тэмээтэй, энэ тэмээ нь манай аав Баттулгын нэр дээр тоологдсон ба уг тэмээг 2022 онд аав надад өмчилж өгсөн, одоо миний тэмээ юм. Манай 3 тооны тэмээ Увс аймгийн Баруунтуруун сумын нутгийн захад бэлчээрлэдэг, би хэд хонож байгаад тэмээгээ эргэж тойрдог байсан. Тэгтэл 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр Өндөрхангай суманд байдаг нагац ах Баянмөнх гэх хүн манай гэрт ирж, танай тэмээ Улаангом суманд хулгайлагдсан байна, би зургийг нь авлаа гэж хэлээд надад 3 тэмээний зураг үзүүлсэн. Тэгэхэд тэр зургийг харахад 2 тэмээ нь манай тэмээ мөн байсан. Тэгээд би тэмээ алга болсон талаар мэдэж, цагдаад хандсан юм. Уг тэмээнүүд бүгд нас гүйцсэн эр тэмээнүүд байсан. Надад учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 82-85, 2-р хх-ийн 162 дахь тал/,
- гэрч А.Ганцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай хамаатны Ж.Д миний 9838000 гэсэн дугаарлуу залгаад “ чи намайг Наранбулаг сумын нутаг "60 тоочиг" гэх газраас тосож авмаар байна, би мал өгмөөр байна, чи мал махны ченж байвал аваад гараад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хамаатны ах Б.Нямтөр гэх мал махны ченж дагуулж аваад өөрийнхөө 09-32 увх улсын дугаартай портер маркийн машинаар Наранбулаг сумын нутаг “60 тоочиг” гэх газарлуу явсан юм. Тэгээд Улаангом сумаас 20 цагийн үед гараад "60 тоочиг" гэх газар 22 цагийн үед очсон, тэр газар очиход Д 10 гаруй тэмээ туучихсан, мотоциклтой явсан. Тухайн үед Дтай хамт нэг танихгүй залуу явсан, тэгээд байж байтал дахиад нэг мотоциклтой хүн ирсэн, тухайн үед харанхуй байсан тул зарим зүйл харагдахгүй, зарим хүний царай бараг харагдахгүй байсан.Би Улаангомоос авч очсон хоол ундаа өгөөд намайг дагаж явсан манай хамаатны мал махны ченж ах Нямтөр, Дтай тэмээ худалдаж авах талаар ярилцсан. Анх Дтай уулзахад бага зэрэг архи үнэртэж байсан, тэгээд Д надад Улаангом сумаас архи захисан байсан, архийг гаргаж тэд нарт хийж өгсөн. Тэгэж байтал Д энэ тэмээ хулгайн тэмээ шүү, Завхан аймгийн Тэс сумаас авч ирсэн гэж ярьсан. Тэгээд Нямтөр ахад “ та ав” гээд байсан, тэгж байтал Нямтөр ах намайг дуудаад “ би хулгайн тэмээг авахгүй, одоо энэ хүмүүст энэ талаар битгий хэл, согтуу байна” гэж хэлсэн. Тэгээд тэр архи дуусаад Нямтөр ах, Д бид 3 миний машинаар Улаангом сум руу явсан. Улаангом орж ирээд би Нямтөр ахыг гэрийн гадна нь хүргээд, Дыг Улаангом сумын Буянт хороололд айлд буулгасан бөгөөд гэртээ ирээд нэг их удаагүй байж байтал Д дахин залгаад “чи намайг урагшаа нэг газар хүргээд өг, чи нөгөө ченжээ аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь Нямтөр ах анхнаасаа авахгүй гэж хэлсэн болохоор залгахгүй шууд орхиод Дын байгаа газар очсон.
Гэтэл Д миний машинд суугаад “ нөгөө ах руугаа залга, би тэмээгээ өгмөөр байна” гэж хэлсэн. Тэгэхээр би “чи өөрөө залга гэж хэлээд би гар утсаа түүнд өгсөн. Д миний гар утас аваад Нямтөр ах руу залгасан, тэгэхэд Нямтөр ах “чиний тэмээг авч чадахгүй” гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд Д намайг морь барианы газар хүргээд өг гэж хэлэхээр нь би машинаараа морь барианы газар буюу овооны цаана хүргэсэн, тэгэхэд нөгөө тэмээ тууж явсан залуучууд тэнд байсан. Харин тууж явсан тэмээ нь нэлээн хол байсан, би тэр газар Дыг буулгаж орхиод өөрөө Улаангом орсон юм” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 87-88 дахь тал/,
- гэрч Х.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Н уг 5 тооны тэмээг гарал үүслийн гэрчилгээтэй бол авна гэж хэлсэн. Д рүү ярьж тодруулаад гарал үүслийн гэрчилгээтэй гэж байна гэсэн. Ц.Б гэх залуу энэ данс руу 20.000 төгрөг явуул гэж ярьсан гээд гарал үүслийн мөнгө гэх 20.000 төгрөгийг явуулсан. Бид нар гарал үүслийн бичиг баримтыг эмчтэй нь ярьж авсан зүйл байхгүй, тэмээний эзэн Ц.Б гэх залуу уг баримт бичгийг авсан. Мөнгөгүй учраас бид нар луу хандаж мөнгө шилжүүлж авсан. Ц.Бид бэлнээр болон дансаар өгсөн. Бэлнээр эхлээд 2.500.000 төгрөг авсан. Дараа нь 200.000, 100.000, 300.000, 3.800.000, 1.000.000 төгрөгөөр гэх мэтээр авсан. Яг хэдэн төгрөг дансаар болон бэлнээр өгсөн талаар тодорхой хэлж мэдэхгүй байна, нийт 9 сая төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155 дахь тал/,
-гэрч Л.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А нас гүйцсэн 6 тооны тэмээг Дтай яриад худалдаж аваад явчихсан. Түүний дараа автомашинтай хүн ирсэн бөгөөд тэр хүнд нас гүйцсэн 5 тооны тэмээ өгсөн. Намайг тэдний хажууд байхад уг 12 тэмээг хулгайн тэмээ болох талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тэр хоёрыг ажиглаад бас хулгайн тэмээ байж магадгүй гэж бодсон. Маргааш нь Улаангом сумын төв ороод Б мөнгө авах уу, 50.000 төгрөг авах уу гэхээр нь би хэрэггүй гэж хэлчихээд арай буруу гарын тэмээ биш биз ах гэхэд Б “үгүй үгүй, тийм зүйл байхгүй” гэж хэлэхээр нь би итгээд явчихсан юм. Түүнээс биш би хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон тэмээ гэдгийг мэдсээр байж хамт туулцсан зүйл байхгүй. Би тухайн цаг хугацаанд гэртээ байсан, Б яриад аймаг руу явах гэж байна, хамт тэмээ туулцаад явчих гэхээр нь зөвшөөрөөд хамт явчихсан юм. Хэрэв хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон тэмээ гэдгийг мэдсэн бол хамт явахгүй байх байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119 дэх тал/,
- гэрч Н.Дүнгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Д.А надад “ тэмээний мах худалдаж авах уу” гээд шулсан тэмээний мах зарсан. Миний санаж байгаагаар 1.500.000 төгрөгийн орчим мах болсон.Тэр үедээ ямар нэгэн баримт бичиг үйлдэж тэмдэглэж аваагүй, угаасаа мах авахаар тэмдэглэж авдаггүй, би мөнгийг нь 2 хуваагаад бэлнээр Д.Ад өөрт нь өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147 дахь тал/,
-гэрч Ж.Далайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, тус аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 14-49 тоот хашаанд Д.А 2 тооны тэмээ нядалсан. Уг тэмээг нядлахад би, А, Бат- Эрдэнэ нар байсан ба Бат-Эрдэнэ бид хоёр хөлсөөр уг тэмээг нядалсан. А тухайн 2 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг хэлээгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 129 дэх тал/,
-гэрч Б.Чойжилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай сумын мал эмнэлгийн эмч нар болон малын түүхий эдийн гарал үүсэл бичиж өгдөг юм. Харин эмч нар надад мэдэгдэж баталгаажуулж код авдаг юмаа. 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой Увс аймгийн Тэс сумын малын их эмч Ж.Мөнхтуяа нь надтай уулзаж, 5 тэмээний мах буюу 1250 кг махны гарал үүсэл бичүүлсэн, та баталгаажуулаад өг гэхээр би зураг нь байна уу гэхэд Мөнхтуяа “ зураг нь одоогоор алга байна, би ченжтэй гар утсаар ярьсан, зураг авсан” гэж хэлсэн. Тэгээд би Мөнхтуяа эмчид 5 тооны тэмээний мах буюу 1250кг махны гарал үүсэл бичсэн байсныг би баталгаажуулсан юм” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 160 дахь тал/,
-гэрч Ж.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 19-ний орой унтах гэж байтал миний хариуцсан Тэс сумын 2 дугаар багийн малчин Б гэх залуу надруу утасдаад “Би 5 тэмээ хүнд өгөхөөр болсон, махны ченж Н гэх хүний залуу нь авахаар ирчихсэн байна. Гэртээ буюу Малчин сумын Тээг гэх газарт аваачиж нядлаад цааш нь махаа ачиж явна” гэж хэлсэн. Нэг тэмээнээс хэдэн кг мах гарах вэ? гэхэд “хаврын мал учир 250-300кг гарна, та 250кг-аар тооцоод бичээд өг. 2022 оны 5 дугаар сарын 20-нд шар хөдөөд нядлана, тэр өдөртөө амжихгүй тул 21, 22-ны өдрүүдэд зах дээр зарна, нийлүүлэх газартаа өгнө. Тиймээс 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэрчилгээ бичээд өгөөч” гэж хэлсэн. Мөн гарал үүслийн гэрчилгээ бичихэд шаардлагатай мэдээлэл болох хүлээн авч байгаа хүний нэр, утасны дугаар, машины дугаар шаардахад хүлээн авагч Н, утасны дугаар 88454475, машины дугаар 8852 ДАР гэсэн дугаар хэлж өгсөн.Тухайн үед эхлээд Б надтай яриад 5 тэмээг Н гэх ченжийн залууд өгөхөөр болсон, ирчихсэн байна гэж хэлсэн. Тэр хүн Бийн залгасан утаснаас цаанаас нь спикер дээр нь тавьж байгаад чанга ярьж хэлж өгсөн. Б тэр хүний яриа хоёуланг нь би сонсож байсан.
Дараа нь Н гэх хүн рүү утасдаж “юу болоод байгаа юм бэ?” гэж асуухад Н надад “сүртэй юм болоогүй, хашаандаа аваачиж 2 тэмээг нядалсан байтал цагдаа нар ирээд үзсэн, асуугаад явсан. Үлдсэн 3 тэмээ нь амьд байгаа, би зургийг нь авчихсан байгаа, танд хамаарал, холбогдол байхгүй, түрүүчийн гарал үүслийн гэрчилгээгээр энэ 5 тэмээг л авсан, тиймээс өөрт чинь ямар ч хамаа байхгүй. Би цагдаа дээр очоод мэдүүлгээ өгөөд ирсэн” гэж хэлсэн. Энэ хүмүүстэй уулзаж мөнгө төгрөг, эд зүйл аваагүй, гарал үүслийн гэрчилгээний мөнгө болох 20.000 төгрөгийг дансаар авсан. 1кг махаас 20 төгрөгийн хураамж төлөх ёстой юм. Тухайн үед багцлаад 20.000 төгрөгөөр тооцож хураамж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162, 2-р хх-ийн 164-165 дахь тал,
- мөрдөгчийн шүүгдэгч Д.Агийн гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 5-16 дахь тал/,
- эрүүгийн мөрдөгч С.Төгссайханы “ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал махны ченж нарыг шалгах явцад махны ченж Б.Нгийн хашаанд уяатай байсан тэмээний зургийг бэхжүүлж авч, Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгч Н.Ерлан рүү явуулсан, мөн уг тэмээний эзэдтэй хэрхэн холбогдсон байдлыг илтгэсэн илтгэх хуудас, Б.Нгийн хашаанд байсан тэмээний зургийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 18-20 дахь тал/,
- мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-24 дэх тал/,
-гэрч Х.Алтанцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
3.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарыг бусдын 12 тооны тэмээ буюу олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан, шүүгдэгч Д.А, Н.Д, Б.Н нарыг тэмээг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч, бусдад борлуулан мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ж.Д, Ц.Б нар нь Ц.Бийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг ашиглан Увс аймгийн Цагаанхайрхан, Баруунтуруун сумдын зааг газар бэлчээрт байсан бусдын 12 тооны тэмээг тууж Улаангом суманд авч ирж, мал махны ченж Д.Ад 6 тооны, Н.Д, Б.Н нарт 5 тооны тэмээг тус тус худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “...бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг,
шүүгдэгч Б.Н, Н.Д нар нь хамтарч мал, махны ченж хийдэг байх бөгөөд уг тэмээнүүдийг хулгайн гэдгийг мэдэж, улмаар хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Н.Д нь Ц.Бийн хамт малын эмч Ж.Мөнхтуяа рүү ярьж, гарал үүслийн бичгийн хураамж болох 20.000 төгрөгийг дансаар шилжүүлгэн, гарал үүслийн бичиг гаргуулан авсан, мөн шүүгдэгч Д.А, Н.Д, Б.Н нар нь дээрх тэмээг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч бусдад борлуулан ашиг олж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, Ж.Д, Д.А, Н.Д, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.
7. Шүүгдэгч Ц.Бийн давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: “...шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх,
шүүгдэгч Ж.Дын шүүхэд гаргасан “...хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэх, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “ хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол, тайлбаруудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
7.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 -т заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгчийн Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, шүүгдэгч Ж.Д хохирол төлөөгүй байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Дд дөрвөн жил зургаан сар хорих ял, Ц.Бид дөрвөн жил хорих ял тус тус оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруу, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
7.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд: “Ц.Б нь Б.Н гэх хүнд анхнаасаа хулгайн тэмээ гэдгийг хэлсэн байхад Б.Н нь “би хулгайн тэмээ гэдгийг мэдээгүй” гэх тайлбар гаргаж байгаад гомдолтой байгаа тул хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж дахин шалгаж өгнө үү” гэх агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Н нь шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарын Цагаанхайрхан, Баруунтуруун сумын зааг нутгаас тэмээ хулгайлан авч, Улаангом суманд авч ирсэн байхад буюу мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа тэднээс 5 тооны тэмээ худалдан авсан, уг тэмээг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд харин шүүгдэгч Б.Нг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах үндэслэлгүй гэж дүгнэв.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ж.Д, Ц.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Д, Ц.Б нарын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 60 /жар / хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Л.АЛТАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭНё