| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0454/З/Т |
| Дугаар | 128/ШШ2024/0740 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*********” ХХК /РД:******** /
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагч: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хооронд үүссэн анх газар ашиглах эрх олгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, хохирол гаргуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э********, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*********, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “*********” ХХК-аас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалын “*********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж[1], Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар санал,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаал,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгох,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********* дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “*********” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А*** дугаар тушаалаар[2] ********дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт байрлах ******** нэртэй газарт 32,901 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар, газар ашиглах эрхийн ********дугаартай гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус тус олгож шийдвэрлэсэн байна.[3]
2.2. Байгаль орчин, аялал орчин жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалаар “*********” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.[4]
2.3. Дээрх тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.
2.4. Нэхэмжлэгч нь дээр дурдсан Байгаль орчин, аялал орчин жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалтай маргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тус компанид анх газар эзэмших эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалыг[5] илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаанаа үргэлжлүүлсэн.
2.5. Уг тушаалаар нэхэмжлэгч “*********” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ********ны хязгаарлалтын бүсэд 32901 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон байна.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “...Нэхэмжлэгч компанийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглаад, газар дээрээ барилга байгууламж бариад, үйл ажиллагаа явуулах сонирхол, хэрэгцээ, шаардлага өнөөдрийг хүртэл хэвээр байна. Улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт тушааж байгаа боловч дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд төлж байгаа улсын тэмдэгтийн хураамж тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны санд хуримтлагдаад яамны тусгай эрх хэмжээгээр улсын төсөвт цугларахгүйгээр яаманд зарцуулагддаг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл аль нэг яам эрх хэмжээгээ хэтрүүлээд иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг ямар нэг байдлаар зөрчиж болохгүй гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч компанид олгосон газрыг Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэлийн Засаг даргыг зохих хэмжээнд шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн зүгээс татгалзсан хариу өгсөн. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зурвас тодорхой болсон байхад мэдсээр байж 2020 онд “*********” ХХК-д олгосон газар олгосон нь илт хууль бус ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... Газар ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл тухайн газрыг “*********” ХХК ашиглаж байсан. Газар олгох үед тухайн хил зааг улсын нэгдсэн системд бүртгэлтэй байсан. Бүртгэлтэй хил заагийн дотор газрыг олгосон. 2023 оны 12 сарын 21-ний өдрийн А/*** тоот сайдын тушаалаар тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Ирээдүйд ямар тушаал гарахаас хамаарч асуудлыг шийдвэрлэх ойлголт байхгүй. Тухайн газар дээр давхцуулан олгосон зүйл байхгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг дотогш боллоо гэж тооцоход гадна тал нь ********дүүргийн мөн Нийслэлийн мэдэлд очиж байна. Тухайн газрыг давхцуулан олгоогүй учраас бусад нөхцөл байдлаар Нийслэл, дүүргийн холбогдох албанд хандаад тухайн газрыг ашиглах эрх нь нээлттэй байсан ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.8. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс “ ... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гаргасан 715 тоот санал захиргааны акт биш учраас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… *********” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар Богд хан уулын бүс болох ********дүүрэг, ******** зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 32,901 м.кв талбай бүхий газар ашиглах эрхийг авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаагаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан Богдхан уулын хамгаалалтын бүсэд “*********” ХХК-д газар олгосон шийдвэр буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах ********дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг, нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч компанийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглаад, газар дээрээ барилга байгууламж бариад, үйл ажиллагаа явуулах сонирхол, хэрэгцээ, шаардлага өнөөдрийг хүртэл хэвээр байна. Монгол Улсын хууль хэрэглээний хүрээнд жишиг болохоор шийдвэр гарах ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Учир нь төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй, тодорхойгүй агуулгаар, нэг тал нь хууль зөрчиж сонгуулийн жилийн өмнө зөвшөөрөл олгоод энэ нь дараагийн сонгуулийн жилд хэрэгжих боломжгүй болох нь нотлогдохоор тухайн үйл баримттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй орхигдсон тохиолдол практикт олон байдгийг нэхэмжлэгч тал олж мэдсэн. Тиймээс Монгол Улсын төр, олон захиргааны байгууллагуудын залгамж халаа, төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоотой байдлыг хангах үүднээс заавал нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Хэдий улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт тушааж байгаа боловч дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд төлж байгаа улсын тэмдэгтийн хураамж тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны санд хуримтлагдаад яамны тусгай эрх хэмжээгээр улсын төсөвт цугларахгүйгээр яаманд зарцуулагддаг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл аль нэг яам эрх хэмжээгээ хэтрүүлээд иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг ямар нэг байдлаар зөрчиж болохгүй гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч компанид олгосон газрыг Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэлийн Засаг даргыг зохих хэмжээнд шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн боловч Нийслэл ч гэсэн хуультай, дүрэмтэй, журамтай.
Хот байгуулалт, хотын стандартын газар хотын ерөнхий төлөвлөгөөг гаргахдаа тухайн бүс нутаг болгонд нарийвчилсан дэд төлөвлөгөө гаргадаг. Тухайн бүс нутгийг орон сууцны бүс, аялал жуулчлалын бүс зэргээс аль нь болгохыг шийдэж ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн дэд төлөвлөгөөг боловсруулж, боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу газрыг олгодог. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он хүртэлх батлагдсан. Яармагийн дэд төлөвлөгөөний хүрээнд тухайн бүс нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу явах хурдны замын дайрах зурвас газар болохыг Хот байгуулалт, хотын стандартын газрынхан танилцуулаад, аялал жуулчлалын зориулалтаар газар олгох боломжгүй талаар амаар тайлбарласан. Замын трасс зэрэг нь эцсийн байдлаар батлагдаагүй учраас бичгээр тайлбар гаргах боломжгүй гэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар тушаалаар 50 орчим компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Эдгээр компаниудаас 24 нь хотын захиргаанд хандаж зөвшөөрөл авах боломжтой эсэх хүсэлт гаргахад ижил агуулгатай тайлбараар татгалзаж шийдвэрлэсэн. Хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх, төрийн захиргааны байгууллагууд хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах жишиг болох үр дагаврыг бий болгох үүднээс тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт шүүхийн үзлэг хийсэн. Хэмжилтийн алдаанаас болоод Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг хэтрүүлсэн байвал үүнийг техникийн алдаа гэж үзэж болох боловч тухайн газар нутаг ямар ч тохиолдолд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газарт орохооргүй байршилтай болох нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулаад Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаарыг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. Тус тогтоол хүчин төгөлдөр, өөрчлөх боломжгүй бөгөөд Төрийн захиргааны байгууллагууд дээрх тогтоолын дагуу ажил үүргээ явуул гэх агуулга бүхий хурлын тэмдэглэл гарсан. Үүний дагуу 2019 оны 65 дугаар дугаар ажлын хэсгээс энэ талбайг дахин зурагласан. Тэгэхээр дахин зурагласан зураглалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зурвас тодорхой болсон байхад мэдсээр байж 2020 онд “*********” ХХК-д олгосон газар олгосон. Богдхан уулын бүсэд газар олгосон актыг захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар хязгаарлалтын бүсэд газар ашиглуулж болно гэсэн хууль зүйн үндэслэлийг тогтоосон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас илүү Богдхан уулын хилийн зурваст харьяалах яам тодорхойлох эрхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар, түүний хэмжээг Улсын Их Хурал тогтоохоор тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 1995 оны тогтоолоор тогтоосон. 26 дугаар тогтоолыг мөрдөж ажиллахыг үүрэг болгож байсан. Улсын Их Хурлын 1995 оны тогтоолыг ямар нэг байдлаар өөрчлөөгүй. Үүнээс гадна Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны А/65 дугаар ажлын хэсгээс Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нягтлан тогтоох эргэлтийн цэгүүдийг солбицуулах дүгнэлтийг гаргасан байсан. Өөрөөр хэлбэл 2020 онд яам тус дүгнэлтийг мэдэж байсан. 2022 он, 2023 оны байнгын хорооны тогтоолуудад “2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт 1995 оны 26 дугаар тогтоолтой нийцэж байна. Тиймээс үүнийг “мөрд” гэсэн товч бөгөөд тодорхой агуулгатай байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нийтэд нээлттэй мэдээллээр үүнийг нотолсон. Нийтэд нээлттэй мэдээллээр энэ нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан үе үеийн сайд зөрчиж олгосон гэдгийг тодорхой мэдэгдээд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Улсын Их Хурлын тогтоолд Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээг олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж байгаа боловч дэд төлөвлөгөө боловсруулагдаагүй, үүнтэй холбогдуулан газар олгох боломжгүй гэдэг хариуг А/*** дугаартай тушаалаар эрхээ цуцлуулсан 52 компанид өгсөн. Тиймээс мөн адил ил тод мэдээлэл гэж үзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр байсан эрх зүйн актуудыг санаатайгаар эсхүл мэдэн будилаад яамандаа төсөв мөнгө төвлөрүүлээд их хэмжээний газар олгочхоод дараагийн сайд нь хэрэгжих боломжгүй байсан гэж компаниудыг хохироож байгаа байдлыг таслан зогсоох хүсэлтэй байна. Бусад зардал хохирлын тухайд нэхэмжлэгч компанийн хувьд санхүүгийн зохион байгуулалтгүй байдлаасаа болоод нотлох боломжгүй учраас баримт гаргаж өгөөгүй. Тэрнээс биш нэхэмжлэгч компанийн санхүүгийн албаны мэдээллээр шууд болон шууд бусаар 100,000,000 орчим төгрөгийн зардал гарсан. Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, гэрчилгээний төлбөрүүдийн баримт тодорхой байгаа учраас тус хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** тоот тушаалаар “*********” ХХК-д газар ашиглах эрх олгосон. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл тухайн газрыг “*********” ХХК ашиглаж байсан. Тухайн газар дээр барилга байгууламж барьсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тухайн газрыг тодорхой хугацаанд ашиглаж ирсэн. 1995 оны тогтоол байгаа хэдий ч хил заагийг тогтоох ажил 2022 онд хийгдсэн. 2022 онд Улсын Их Хурлын тогтоолоор дахин шинэчлэн тогтоох шаардлага үүсэж шинэчлэн тогтоосон. Тусгай хамгаалалттай газрын хилийн заагийн гадна гарсантай холбоотойгоор анх газар олгосон актыг хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, газар олгох үед тухайн хил зааг улсын нэгдсэн системд бүртгэлтэй байсан. Бүртгэлтэй хил заагийн дотор газрыг олгосон. 2023 оны 12 сарын 21-ний өдрийн А/*** тоот сайдын тушаалаар тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэсэн. Тус шийдвэр тогтоол гарахаас өмнө гарсан тушаал юм. Ирээдүйд ямар тушаал гарахаас хамаарч асуудлыг шийдвэрлэх ойлголт байхгүй. Тогтоолтой холбоотойгоор 50 гаруй компанийн газар ашиглах эрх дуусгавар болсон. Гэхдээ тухайн газар дээр давхцуулан олгосон зүйл байхгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг дотогш боллоо гэж тооцоход гадна тал нь ********дүүргийн мөн нийслэлийн мэдэлд очиж байгаа. Давхцуулан олгоогүй учраас бусад нөхцөл байдлаар нийслэл, дүүргийн холбогдох албанд хандаад тухайн газрыг ашиглах эрх нь нээлттэй байсан. Мөн Байнгын хорооны 2023 оны тогтоол гарахаас өмнө гаргасан асуудал учраас үүнийг хууль бус гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай холбоотойгоор 715 тоот саналыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус санал захиргааны акт биш учраас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. 2020 онд газар олгосон А/*** тоот тушаал гарах үед байнгын хорооны 2022, 2023 оны тогтоолууд гараагүй байсан. Тиймээс хил заагийн бүс тухайн үед бүртгэснээрээ олгогдсон. Үүнийг хууль ёсны дагуу гарсан гэж үзэх үндэслэлтэй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч компани 2020 оноос 2023 оныг дуусах хүртэл хугацаанд тухайн газрыг ашиглах эрх нь нээлттэй, гэрчилгээгээ авсан, ашиглаж байсан. 2020 оны А/*** тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 715 тоот саналыг илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирлыг арилгуулах агуулга бүхий 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгосон.
Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудаас баримтууд нь бол цуглачихсан. 715 тоот саналын тухайд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар тухайн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зүйл байхгүй байна. Гэхдээ захиргааны акт биш гэдэгтэй санал нийлнэ гэж хэлсэн. Тухайн маргаан бүхий санал хэрэгт авагдаагүй байхад дүгнэлт хийх нь хэр зохимжтой вэ. Мөн хохирол нэхэмжлэх асуудал яригдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар тодорхойлсон гэж тайлбарлалаа. Захиргааны байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 онд шийдвэр гаргахдаа ямар нэг хууль зөрчөөгүй. Түүнээс үүдсэн хохирол гэж байхгүй. Тухайн актыг хууль зөрчиж гаргасан гэдэг, хууль бус үйлдэл хийсэн гэдгийг тогтоосон, нотолсон зүйл байхгүй. Тиймээс учирсан хохирол нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн маргаан бүхий А/*** тоот тушаалыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** тоот тушаалаар хүчингүй болгосон. Нэгэнт хүчингүй болсон тушаалыг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаартай саналыг хууль бус тогтоол болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Тухайн санал нь захиргааны акт биш, дээд шатны байгууллага руу хүргүүлсэн газар ашиглалт давхцалгүй талаарх тодорхойлолт юм. Гадагш чиглэсэн, шууд эрх зүйн үр дагавар бий болгох амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа биш. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар санал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020125 дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаал[6] нь нэхэмжлэгч “*********” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ********ны хязгаарлалтын бүсэд 32901 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон тушаал байна.
1.2. Тодруулбал, уг тушаал нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон буюу захиргааны эрх зүйн онолын үүднээс үзвэл эерэг үйлчлэл бүхий захиргааны акт болно.
1.3. Энэхүү эрх зүйн ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” хэмээн хуульчилсан.
1.4. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хаяглагдсан этгээддээ эрх олгосон буюу ашигтай нөхцөл байдлыг бий болгож байдаг тул тухайн актаар хаяглагдсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөхгүй гэж үздэг.
1.5. Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас хаяглагдсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хүчингүй болгох, илт хууль бус бол түүнийг тогтоох хууль зүйн боломжтой бөгөөд харин хаяглагдсан этгээддээ шууд утгаараа эерэг нөлөөлөл үзүүлж буй захиргааны актыг хууль бус, эсхүл илт хууль бус гэж үзэх боломжгүй.
1.6. Харин гуравдагч этгээдийн хувьд эерэг нөлөөлөлтэй боловч хууль бус захиргааны актыг хүчингүй болгох боломж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зохицуулагдсан болно.
1.7. Тухайлбал, газар ашиглах эрхийг гуравдагч этгээдэд давхцуулан олгосон захиргааны актын хувьд тухайн захиргааны акт нь гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөлтэй боловч эхний газар ашиглах эрхтэй этгээдийн хувьд хууль бус тул түүнийг эерэг нөлөөлөлтэй байсан ч гэсэн хүчингүй болгох зарчимтай.
1.8. Маргаан бүхий энэ тохиолдолд, гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөлтэй хууль зөрчсөн захиргааны акт байхгүй, харин нэхэмжлэгчид өөрт нь өөрийнх нь газар ашиглах эрх олж авах хүсэл зоригийн дагуу газар ашиглах эрх олгосон тушаал байх бөгөөд түүнийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
1.9. Мөн тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчимд нийцсэн шийдвэр гэж үзнэ.
1.10. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******** дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********дугаартай гэрчилгээ[7] нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгчид олгогджээ.
2.2. Шүүхээс уг гэрчилгээг илт хууль бус гэж тогтоохын тулд эхлээд тухайн гэрчилгээ нь захиргааны актын шинжийг агуулсан байх ёстой.
2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заажээ.
2.4. Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд, аливаа эрх зүйн акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан байх гэсэн 6 шинжийг нэгэн зэрэг агуулсан тохиолдолд захиргааны акт болно.
2.5. Харин маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********дугаартай гэрчилгээнээс үзэхэд, тус гэрчилгээ нь нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ********ны хязгаарлалтын бүсэд 32901 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон үйл баримтын үнэн зөвийг гуравдагч этгээдэд батлан нотлох чиг үүрэг бүхий баримт бичиг байна.
2.6. Тодруулбал, тус гэрчилгээ нь захиргааны актын “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу зохицуулалт агуулсан байх” шинжийг агуулахгүй байх тул захиргааны акт биш байна.
2.7. Иймд дээрх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гурав. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар санал илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Маргаж буй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар санал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” /тушаал гарах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хэм хэмжээ/ гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалын нэг үндэслэл байна.
3.2. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбар[8] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “тус 715 дугаар санал нь захиргааны актын шинжийг агуулахгүй” хэмээн тайлбарласан.
3.3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас хариуцагчийн энэхүү тайлбартай маргаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар саналыг захиргааны акт гэж үзэхгүй байж болох талаар тайлбарлажээ.
3.4. Нэгэнт нэхэмжлэгч болон хариуцагч талууд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар саналыг захиргааны акт биш гэж үзэн маргахгүй байх тул тус 715 дугаар санал нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй, тиймээс хариуцагчаас нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
3.5. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч талууд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар саналыг захиргааны акт биш гэж үзэн маргахгүй байх тул шүүх “талуудын хооронд маргааны зүйл байхгүй” үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дөрөв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020125 дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгч талаас “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020125 дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаа үндэслэж байгаагаа тайлбарласан.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж зохицуулжээ.
4.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрх хэрэгжих урьдчилсан нөхцөл нь захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байсан бөгөөд түүнтэй учирсан хохирол нь шалтгаант холбоотой байхыг ойлгоно.
4.4. Энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн “Нэг”-д дүгнэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул тухайн актыг илт хууль бус гэж тогтоох боломжгүй гэж шүүх дүгнэсэн.
4.5. Тиймээс энэ тохиолдолд нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, түүнчлэн, энэ хууль зүйн агуулгаараа Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020125 дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг хохирол гэж үзэхгүй.
4.6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
4.7. Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласанчлан, тус шүүхэд анх гаргаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаартай “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн агуулгаараа тухайн захиргааны актыг захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна.” гэж заасны дагуу шаардах эрх хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
4.8. Мөн нэхэмжлэгч нь дээрх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ гаргаж маргаагүй тул энэхүү шүүхийн шийдвэрээр дээрх асуудалд тухайлан эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй /шаардлагагүй/ байна.
Тав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:
5.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд тус өөрчилсөн шаардлагад холбогдох хариу тайлбарыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас /хуучин нэрээр/ шүүх удаа дараа[9] шаардахад бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
5.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э********* шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбараа амаар гаргаж явсан тул тухайн тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжүүлэн үнэлэх боломжтой тул энэхүү журмаар тайлбарыг гаргасанд тооцон үнэлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*********” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны холбогдуулан гаргасан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 715 дугаар санал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ********дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*********” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020125 дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ