Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01226

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр                Дугаар 102/ШШ2024/01226                              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...........................................................................................................................

Хариуцагч: .............................................................................................................................

Нэхэмжлэлийн шаардлага: .....................................................................................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .............................оролцож, хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ..........................хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ...................... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2006 онд ........................... танилцаж, улмаар 2007 оны 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний охин ...................... 2007 оноы 8 дугаар сарын 13-ны өдөр, ...................... 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, охин.................... 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, хүү ............................2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Бид 2006 оноос 2019 он хүртэл Баянхонгор аймагт амьдарсан бөгөөд .............................. нь амьдарч эхэлсэн хугацаанаас архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж, энэ нь даамжирсаар нэг сарын 20 гаруй хоногт ууж согтууран, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон удаагийн үйлдлээр миний биед халдан зодож, хэл амаар доромжлох зэргээр зүй бус авирладаг байсан. Энэ аргагүй байдлаас шалтгаалан миний бие 2020 оноос хойш Улаанбаатар хотод шилжин суурьшиж, одоо 4 хүүхдийн хамт амьдарч байна. Бид Улаанбаатар хотод хамт амьдрах хугацаандаа..........................гын архи ууж, агсан согтуу тавьж, гэр бүл үр хүүхдээ айлгаж эмээлгэх, намайг байнгын бие махбодийн, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлэх байдал тасраагүй ба энэ хугацаанд түүнийг архинаас гаргах эмчилгээ сувилгаанд явуулсан боловч засраагүй. Улмаар БНСУ руу ажиллуулахаар 2 удаа явуулсан ч тэндээ архидан согтуурч, ажил хийгээгүй. Хамт Солонгос улсад байх хугацаандаа намайг хэл амаар доромжилж, зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын хүчирхийлэлд байлгаж, хүүхдүүдээ мөн хэл амаар доромжилж, цохиж зодох зэргээр айлган сүрдүүлж, одоо ч гэр бүлийн маргаантай амьдарч байна. ................................аас гэрлэлтээ цуцлуулахаар 2 удаа шүүхэд хандсан боловч “дахиж архи уухгүй, маргаан үүсгэхгүй” гэх зэргээр гуйхад нь хүүхдүүдээ бодоод өршөөж нэхэмжлэлээ буцааж авсан боловч ........................... нь засраагүй ба хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ууж, шөнө бүр агсан согтуу тавьж, орилж хашгиран хүүхдүүдээ ална гэж айлган сүрдүүлж, намайг хэл амаар доромжилж, бусад айлуудаас цагдаад дуудлага өгч хүнд байдалд байлгаж байна. Цаашид би ..................................тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулан, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Баянгол дүүргийн шүүхэд хандаад ........................ын гуйлтаар нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэвч энэ хугацаанд засраагүй, өмнөх байдаг асуудал нь бүр дордсон. Тэтгэвэрт гарсан нөхцөл байдлаа хүртэл чи ажилтай, би ийм хүн гэдэг байдлаар улам бүр дордсон. Би Баянхонгорт ажиллаж байгаад аргагүйн эрхэнд хотод ээж, ах дүү нарынхаа хажууд ойртохоор ирсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Байнгын хүчирхийлэл дунд байлгадаг. Дөрвөн хүүхдийн хувьд ч архины хамааралтай хүний хажууд, ээжийг нь хэл амаар доромжилж зовоодог байдал нэлээн хүндэрсэн ба хүүхдүүдийнхээ хажууд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаад нь гомдолтой байгаа. Архи уухгүй бол эцгийнхээ үүргийг сайн гүйцэтгэдэг, хүүхдүүддээ хайртай. Надад хандах хандлага үнэхээр хэцүү. Архи уухаараа тийм асуудал гаргадаг. Сүүлийн үед өөрийгөө архинаас гарч чадахгүй гэдгээ бараг хэлээд байгаа. Энэ бол өвчин, хэн ч эмчилж чадахгүй гэдэг. Өөрт нь архинаас гарах ухамсар байхгүй. Өвчин л гээд байдаг. Архинаас гаргах талаар хангалттай арга хэмжээ авсан ч гараагүй. 2023 оны 10 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд 14 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл авсан. Энэ үеэс хойш тусдаа амьдарч байгаа. Бидний дунд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй....гэв.

2. Хариуцагч........................... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие..............................тай гэр бүл болоод 16 жил амьдарч байна. Гэр бүл болсноор маргах асуудал олон гарсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргаан үүсгэдэг нь үнэн. Энэ бүхэн гэр бүлийн санхүүгийн байдал болон бусад зүйлээс шалтгаалдаг гэж боддог. Цаашид гэр бүлтэйгээ эвтэй, маргаангүй амьдрах хүсэлтэй байна. Бага насны хүүхдүүдтэй, тэднийг өнчрүүлэх хүсэл сонирхолгүй байгаа. Мөн эхнэртэйгээ сэтгэл зүй болон бусад сургалтанд хамрагдаж хамтдаа амьдрах хүсэлтэй байна...гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, “Учрахуй” ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-5-8/, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт /хх-9-12/, охин ......................ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-14/, ............................................нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-15-17/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02964 дугаар “Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн эх хувь /хх-18/, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01187 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжийн эх хувь /хх-25-27/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1271 дугаар “Шийтгэл оногдуулах тухай” шийтгэврийн хуулбар /хх-28-30/, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 597 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолын хуулбар /хх-31-32/, ...................................... нарын харилцсан мессеж болон чатны фото зураг /хх-34-78/, ...зэрэг болно.

4. Хариуцагч ......................шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан боловч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтууд:

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22006 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гар утасны мессеж, фейсбүүк мессенжер чатад үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-81/, захирамжийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. /хх-85-/

5.2. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу гэрлэгчдийн охин ...........................нарын саналыг асуухаар шийдвэрлэж /хх-98/, хүүхдүүдийн саналыг асуун тэмдэглэл үйлдсэн. /хх-100-101/

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

2. Нэмжлэгч ...................нь шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчийн байнгын архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэг байдал болон түүний гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй, энэ байдал нь хүүхдүүдийн зан төлөв хүмүүжилд сөргөөр нөлөөлөх үр дагавартай учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хүүхдүүддээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шаардаж байгаа. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй” гэх агуулга бүхий тайлбар гарган тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “хүүхдүүдээ өнчрүүлэх хүсэл сонирхолгүй байгаа, эхнэртэйгээ сэтгэл зүйн болон бусад сургалтанд хамрагдаж хамт амьдрах хүсэлтэй” гэх тайлбарласан байна.

4. Хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, мөн өдрөө хариу тайлбараа бичгээр гаргасан бөгөөд энэ үеэс хойш шүүхийн дуудсан цагт шүүхэд ирэх үүргээ биелүүлээгүй, түүнийг хавтаст хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох буюу мэтгэлцэх эрхээр хангаж 2024 оны 1 дүгээр сарын 10, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 14-ний өдрүүдийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан. Гэвч хариуцагч 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирэхдээ согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсны улмаас хавтаст хэргийн материалтай танилцаагүй явсан байна.

5. Дээрх байдлаар шүүхээс хариуцагч ..........д хуульд заасан эрхээр хангаж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, хурлын товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 05173 дугаар захирамжаар хариуцагчийн байхгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1. Гэрлэгчид 2006 онд танилцаж, хамтран амьдраад, 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаарт бүртгүүлж хууль ёсны гэр бүл болжээ.

6.2. Гэрлэгчдийн дундаас 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин ................ /17 нас 7 сартай/, 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр охин ......................../13 нас 6 сартай/, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин .................... /9 нас 10 сартай/, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү .............................. /5 нас 11 сартай/ нар төрсөн бөгөөд гэрлэгчид 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тохиолдсон гэр бүлийн хүчирхийлэл бүхий үйл явдлаас хойш тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд эх .................гийн асрамжид эрүүл өсөн бойжиж, боловсрол эзэмшиж байгаа болох нь хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

6.3. Хариуцагч............................. нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1271 дүгээр шийтгэврээр түүнд 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

6.4. Нэхэмжлэгч .............................д холбогдуулан хариуцагч.........................с гаргасан  гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 597 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

6.5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу............. ............. ээжийн асрамжид байх, ................................. аав ээжийн хамт байх талаар саналаа хэлсэн бөгөөд хүүхдүүд хэн аль нь хариуцагч ................гыг архи согтууруулах төрлийн зүйл тогтмол хэрэглэдэг талаар тайлбарлав.

6.6. Гэрлэгчдийн хоорондоо харилцсан мессеж, чат зэрэгт шүүхийн журмаар үзлэг хийхэд хариуцагч ..................... нь нэхэмжлэгч .................................д үг хэлээр доромжилдог, хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг болох нь харагдаж байна.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд, тодруулбал: гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон зэргээс бусад тохиолдолд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх буюу, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр хуульчилдаг.

Нэхэмжлэгч...................... нь хариуцагч .................гын байнгын дарамт, хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж, эвлэрүүлэн зуучлалд хандалгүйгээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан учир түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр...................ыг өөрт нь бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг, үүний улмаас цаашид хамтран амьдрах хүсэлгүй болсон, гэр бүлийн эрүүл бус харилцаа нь хүүхдүүдийн зан төлөв хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн талаар тайлбарласан.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан бөгөөд хариуцагч .................... нь нэхэмжлэгчид болон хүүхдүүддээ сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үзүүлдэг болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мессеж болон чатаар харилцсан захидлууд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

10. Гэрлэгчдийг тусдаа байх хугацаанд хүүхдүүд эх......................ийн асрамжид байсан бөгөөд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд айх айдасгүй тайван амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу охин................................ хүү ................ нарыг эх.......................гийн асрамжид үлдээн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоон, эцэг ................аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

11. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ...................................... Монгол улсын иргэн ......................................нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин .................., 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин...................., 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин ................., 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү ....................... нарыг эх ................гийн  асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу охин............., хүү ................. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр, охин ............................... нарыг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ................аар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан......................... нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй охин.................................... хүү ...............................нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА