| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01385/И |
| Дугаар | 102/ШШ2023/02845 |
| Огноо | 2023-08-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/02845
2023 оны 08 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2023/02845 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, ..-..тоот хаягт оршин суух, ..овогт ....,
Хариуцагч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, ..-..-..тоот хаягт оршин суух, ..сартуул овогт ....,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Хүү З.*өөрийн асрамжид үлдээх тухай хариуцагч О.*гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагч О.*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.*шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
2012 онд нөхөр О.*хамтран амьдарч, 2016 онд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байхдаа хүү **төрүүлсэн. 2016 онд бид хоёр салж тусдаа амьдарсан. Хүүгээ өгч авч хоёр талдаа байдаг байсан. Нөхөр О.*хүү **2018 оноос өөр дээрээ авч байсан. Миний ажил дээр очиж ажлаас гаргана гэж дарамталдаг байснаас би аргагүйн эрхэнд хүүгээ нөхөртөө өгсөн боловч миний хүү ** авгайгаараа дарамтлуулж, маш их айдаст оруулсан байна. Мөн эгчийнхээ хүүхэд Бадуу гэж том эрэгтэй хүүхдээр байнга зодуулж дарамтлуулж айдаст автуулсан байна. Надад нотлох баримт нь байгаа. Мөн дүү **охин **гэж эмэгтэй 12 настай хүүхэд миний хүү ** багаас нь аймшгийн юм ярьж өгч айлган, гараас нь чирж, бүх хөшгөө хааж харанхуй болгож байгаад аймшгийн кино, бичлэг байнга үзүүлж айлгаж, аймхай болгож, сэтгэл санаанд нь нөлөөлүүлж байна. Үүнээс болоод 00-н өрөө рүү ч орохоос айдаг болсон байна. Айдаснаасаа болоод дарамтанд орж мэдрэлийн хямралд орсон байна. Би мэдрэлийн эмнэлэгт үзүүлж өөрчлөлттэй гарсан. Мөн шүдний өвчнийг эмчлүүлээгүйгээс бүх шүд нь хорхойтож, бас боожгойг нь гэмтээж, ойрхон ойрхон шээж, заримдаа шээс нь гарахгүй байна. Мөн мэдрэл хямралаас болж нүдээ анивчиж, ярихдаа гацаж, гараа байнга хөдөлгөдөг өвчтэй болсон байна. Эмнэлгээр явж эмчлүүлж байгаа. Иймд миний хүү **өөрийн асрамжиндаа авч, эрүүл мэнд сэтгэцийн өөрчлөлтийг нь эмчлүүлэх хүсэлтэй байна. Миний хүү үеийнхнээсээ намхан, маш туранхай болсон байна. Маш гомдолтой байна. Миний асрамжинд хүү **болгуулж өгнө үү.
З.**миний бие нь О.**2012 онд гэр бүл болсон, 2016 онд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон. Мөн О.**нь 2 хүүхэдтэй эмэгтэйтэй гэр бүл болж, улмаар тэдний дундаас 2022 онд нялх хүүхэд төрсөн зэрэг нь гэр бүлийн баталгааг цуцлуулах үндэслэл болж байна. З.**миний бие хүү З.**өөрийн асрамжинд үлдээлгэж, эцэг О.**хүүхдийг тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд О.**нь гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа дахин эхнэр авч нялх хүүхэдтэй болсон ба тэрээр 2 дагавар хүүхэд болон шинэ төрсөн нялх хүүхэдтэйгээ цуг миний хүү З.**амьдруулахыг эх хүний хувьд миний бие огт зөвшөөрөхгүй. Иймд гэр бүл цуцалж, хүү З.**эхийн асрамжинд үлдээж, эцэг О.**хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...гэжээ.
2. Хариуцагч О.**үндсэн нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
О.**миний бие З.Болормаатай 2012 онд нэг гэрт орж 2013 онд хүүтэй болсон. 2013 оноос хойш зан ааш таарахгүй тусдаа амьдрах болсон. Хүү **нь 2 настайгаасаа хойш миний асрамжид байсан. З.**нь маш муу зуршил ихтэй, архи дарс уудаг. Мөн эрчүүдтэй орооцолддог, агсан тавьж, эгч болон ээжийн минь эд хөрөнгө биед нь хохирол учруулж байсан. З.**би ааш занг нь татаж, амьдрал ахуйг нь өөрчлөх гэж маш олон сургуульд багшаар оруулж байсан. Энэ бүх албан байгууллагаас ааш зангийн асуудалтай, идэвхгүй ажиллаж байсан гэх үндэслэлээр гарч байсан. Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын төвөөс ажлын групп гарч хүү Наранбаатарын аав болох Золзаяа дээр байх зөв гэж ажлын дүгнэлт гарч байсан. 2021 оны 4 дүгээр сард хүүгээ санаад байна гэхээр нь өгч явуулсан. Тэгээд 5 дугаар сард аавын бие муудаж тэр үед нь хүүгээ аавтайгаа уулзуулъя гэхэд элдэв үгээр доромжилж уулзуулаагүй, аав минь саяхан бурхан болсон. З.**хүүхэд өөр дээрээ байлгаж байх үедээ байнга архи дарс уудаг. Тэр болгондоо над руу залгаж доромжилдог. Тэр үед нь би 108 болон цагдаагийн газар руу маш олон удаа залгадаг байсан. З.**нь тогтсон хаяггүй, дандаа түрээсийн байраар явдаг. Хүү **үнэхээр сэтгэл санааны болон хичээл сургуульд нь маш хүнд дарамт учруулдаг. Миний хүү **үргэлж ээж дээрээ очихгүй гэж уйлдаг байсан. Би ганц хүүтэй. Өөрийн хүү **асрамжиндаа байлгахыг хүсэж байна. Надад муу зуршил байхгүй, архи дарс хэрэглэдэггүй, бүх амьдралаа хүүдээ зориулдаг. Хэрвээ З.Болормаа архи дарс уухгүй, элдэв ааш зан гаргахгүй бол хүүтэйгээ хэзээ ч хамаагүй уулзаж болно.
2014 онд бид зээл авах гэж гэрлэлтээ батлуулсан. Хүү минь багаасаа надтай цуг байсан учраас тэднийд дасдаггүй. Одоо миний суусан эхнэр хүүг минь маш сайн асардаг, хүүхдэдээ 1000 хувь анхаарал тавьдаг. Хүн хаалга цохиход “ээж үү? Ээж намайг ирж авах гэж байна уу” гэж шүүгээнд нуугддаг. Бид хамт амьдардаггүй, ирэн очин байдаг байсан. 2016 оноос албан ёсоор тусдаа амьдарсан, дунд нь их зүйл болсон. З.**манай ээжийг зодоод шүүхээр орж тэнсэн авч байсан. Хүнээс гарахгүй үйлдэл гаргадаг. Өчигдөр хүртэл согтуу над руу залгаад байсан. Манай гэр бүлийн хүн хоёр хүүхэдтэй, том охин нь Японы Токиогийн их сургуульд сурдаг, сураад 2-3 жил болж байна, тэндээ амьдардаг. Нөгөө хүүхдийн хувьд одоо 12 дугаар ангийн залуу байдаг. Өөрийнхөө гэрт 16 дугаар хороололд байдаг. Манай хүний хоёр хүүхэд бид нартай нэг гэрт амьдардаг гэдэг нь худлаа. Хүүхдээ өөр дээрээ л авмаар байна. Одоо удахгүй 9 дүгээр сарын 01 болох гэж байна. Хичээл сургууль нь орох гэж байна. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүү маань одоо миний асрамжид, аав, хойд ээж, 2 настай н.Энхтүвшин гээд манай хүү бид дөрөв амьдарч байна. Энэ зун хоцрогдол арилгах сургалтад хоёр сар явсан...гэв.
3. Хариуцагч О.**шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
З.**нь маш муу зуршилтай. Архи дарс хэрэглэдэг. Сар болоод олон эрчүүдтэй холбогддог. Архи ууж хүүхэд аваад, архи уух болгондоо агсан согтуу тавьж, над руу залгаж дарамталдаг байсан. Тэр болгонд би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, 108 дугаар руу дуудлага байнга өгдөг байсан. З.**нь тогтсон хаяггүй, гэрийн хаяг нь тодорхой бус байсан учраас гэрт нь очиж чаддаггүй байсан. 108-ын операторууд болон цагдаагийн хэлтсийн мэдээллийн санд согтуу утсаар ярьсан бичлэг байгаа. З.** муу зуршил ихтэй учраас хүүхэд асран хамгаалж чадахгүй. Би ийм муу зуршилтай хүнд хүүхдээ даатгаж асран хамгаалуулж чадахгүй. Тиймээс би өөрийн хүү **өөр дээрээ байлгаж асран хамгаалах болно. Миний хувьд тогтсон ажилтай, гэр орондоо хүүхдийнхээ тав тухыг хангаж, хичээл хийх болон тоглож наадах, амьдрах орчныг минь бүрэн хангаж байдаг. Миний бие өөрийн хүү Наранбаатарыг өөрийн асран хамгаалалтдаа байлгана...гэжээ.
4. Нэхэмжлэгч З.**сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч нөхөр О.**сөрөг нэхэмжлэл нь намайг ул үндэсгүйгээр гүтгэн, худал зүйлс зохион бичсэн байна. З.**би архи огт уудаггүй, нөхөр О.**хөдөө ажиллах хугацаандаа өөр авгайтай болсноос бид салсан. Өмнөх нь О.**ээж намайг хүүхдээ орхиод ажил хийлээ гэж машинд намайг зодож байгаад өөрийнхөө хурууг гэмтээж намайг шүүхээр оруулж байсан. Мөн эгчтэйгээ нийлж намайг зодож, толгой хагалахаар нь би машины цонх хагалж, буцаагаад төлсөн. Энэ асуудал шүүхэд шийдэгдсэн байхад хүүхэд асран хамгаалагчаар орох асуудал оролцуулах ёсгүй. Тусдаа асуудал гэж үзэж байгаа. Мөн хүүхэд авсан хугацаандаа О.**нь хүүхдийн эрүүл мэнд болон бие сэтгэлд нь дарамт хохирол учруулж хүүхдийг минь мэдрэлийн асуудалтай болгосонд маш их гомдолтой байна. Мөн 108 утас руу байнга худлаа дуудлага өгдөг. Нотлох баримт бий. Мөн өмнө нь тэтгэлэг тогтоох асуудлаар шүүхэд хандахад гэр бүлийн шинжээчид нэг талд үйлчилсэн гэж үзэж байгаа тул одоогийн өөр асуудал дээр Баянгол дүүргийн гэр бүл шинжээчдийг сольж өгнө үү. О.**нь 2 том хүүхэдтэй авгай аваад, одоо дахиад авгай нь жирэмсэн, төрөх гэж байгаа. Миний хүү **хүүхдүүд нь загнаж, дандаа муухай хардаг гээд дахин тийшээ очихгүй гээд байгаа. Иймээс Баянгол дүүргийн гэр бүлийн шинжээчдийг сольж өөр шинжээчдээр ажиллуулахыг хүсэж байна...гэжээ.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: З.**2020-2021 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-87/, Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-88/, З.**Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-89/, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн багшийн үнэмлэх /хх-90/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-139/, фото зураг /2-р хх-61-62/ зэргийг нотлох баримтаар гаргасан. Харин нэхэмжлэлд хавсаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргасан З.**иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-4/, хүү З.**төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-5/, З.**үзлэг хийсэн гэх эмчийн бичгийн хуулбар /1-р хх-6-7/, фото зургийн хуулбарууд /1-р хх-43-44, 84-85/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-83/, Г.**, З.**нарын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийн хуулбар /2-р хх-81-84/ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлээ нотлохоор: Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 218 тоот албан бичиг бүхий Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн шинжээчийн саналын хуулбар /1-р хх-21-28/, З.**холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3/74 дүгээр тогтоолын эх хувь /1-р хх-32/, гар бичмэл бүхий баримтын эх хувь /1-р хх-126/ зэргийг нотлох баримтаар гаргасан. Харин хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргасан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх-161/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
7. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтууд:
7.1. Шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/0000 дугаар захирамжаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг болон хоёрдугаар хэлтсүүдээс 2013-2016 онуудад О.**холбогдуулж гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага өгч байсан талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 дахь хэсэгт зааснаар тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хүү З.**эх З.**асрамжид байлгахаар урьдчилсан арга хэмжээ авч, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон байна. /1-р хх-92-93/
7.2. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс лавлагааг /1-р хх-101/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс лавлагааг холбогдох мэдээллийн хамт ирүүлж /1-р хх-143-144/, шинжээч Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна. /1-р хх-107-119/
7.3. Шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2022/0000 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас О.**нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12756 дугаар захирамжтай гүйцэтгэх хуудас бүхий материалд авагдсан баримтуудыг, Баянгол дүүргийн хүүхэд хөгжлийн төвөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүх дээрээс З.** хамгаалалтанд авч явсан талаарх холбогдох тэмдэглэл, баримтуудыг нотлох баримтаар гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд н.** гэрчээр асуухаар тус тус шийдвэрлэж /1-р хх-170/, захирамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас лавлагаа, тодорхойлолтыг ирүүлж /1-р хх-177-181/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нотлох баримтыг ирүүлж /1-р хх-191-198/, Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс захирамжаар шаардсан баримтуудыг /1-р хх-204-209/ тус тус ирүүлэн, гэрч Г.**2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр асууж тэмдэглэл үйлдсэн байна. /1-р хх-217-219/
7.4. Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2022/000 дугаар захирамжаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шүүхэд ирүүлсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах, “Юнител” ХХК-иас **-**дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагааг гаргуулах, хариуцагч О.***ажлаас халагдсан тушаалыг баримтаар гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Д.**гэрчээр оролцуулахаар тус тус шийдвэрлэж /1-р хх-223-224/, захирамжийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрч Д.Анарыг асууж тэмдэглэл хөтлөн /1-р хх-236-238/, “Юнител” ХХК-иас захирамжаар шаардсан лавлагааг хавсралтын хамт ирүүлж /1-р хх-239-243/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс “Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах материал”-ын хуулбарыг /2-р хх-1-23/ тус тус ирүүлсэн байна.
7.5. Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2022/0000 дугаар захирамжаар Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж /2-р хх-64-65/, шинжээч дүгнэлтээ 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн байна. /2-р хх-75-80/
8. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтууд:
8.1. Шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/0000 дугаар захирамжаар Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж /1-р хх-38-39/, тус байгууллагаас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй тухай мэдэгдэж дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /1-р хх-59/
8.2. Шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/000дугаар захирамжаар хүү З.Наранбаатарын саналыг асуухаар шийдвэрлэж /1-р хх-128/, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийн саналыг асууж тэмдэглэл үйлдсэн байна. /1-р хх-153-155/
8.3. Шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2022/000дугаар захирамжаар Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас З.**холбогдож гарсан шийтгэх тогтоолуудыг, Цагдаагийн ерөнхий газраас З.**холбогдох зөрчлийн дуудлагын мэдээллүүдийг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-148-149/, захирамжийн дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас шийтгэх тогтоолуудын хуулбарыг /1-р хх-182-189/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс 102 утсанд З.**гаргасан 11 дуудлага мэдээллийн дэлгэрэнгүй лавлагааг /1-р хх-200-203/ тус тус нотлох баримтаар ирүүлсэн.
8.4. Шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/000дугаар захирамжаар хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүү З.**хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар эцэг О.**асрамжид байлгахаар урьдчилсан арга хэмжээ авсан байна. /1-р хх-162/
9. Шүүхийн санаачилгаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу бүрдүүлсэн нотлох баримтууд:
9.1. Шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/00дугаар захирамжаар хүү З.**төрсний гэрчилгээний лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас, Цагдаагийн ерөнхий газар /Мэдээлэл судалгааны төв/-с О.**, З.**нарын эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг, Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс З.** холбоотой асуудлаар дуудлага, өргөдөл, хүсэлт ирж байсан эсэх талаарх лавлагааг холбогдох бүхий л баримтуудын хамт, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс З.Наранбаатартай холбоотой асуудлаар дуудлага, өргөдөл, хүсэлт ирж байсан эсэх талаарх лавлагааг холбогдох бүхий л баримтуудын хамт, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас З.**болон О.**нарын хооронд үүссэн, хүүхдийн асрамж тэтгэлэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа эсэх лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1-р хх-38-39/
9.2. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас З.**төрсний бүртгэлийн лавлагааг /1-р хх-52-53/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас О.**, З.**нарын эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагааг /1-р хх-54/, тус шүүхийн Тамгын газраас шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/09285 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбарыг /1-р хх-56-58/, Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс “хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт бүртгээгдсэн дуудлаг, мэдээлэл”-ийг /1-р хх-59-71/ тус тус нотлох баримтаар ирүүлжээ.
Шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх З.**гаргасан үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, О.**гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай тусдаа амьдраад олон жил болсон учир гэрлэлтээ цуцлуулах, тэдний дундаас төрсөн хүү З.**өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон хариуцагчаар тэжээн тэтгүүлэхээр шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох болон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргаж, хүү З.Наранбаатарыг өөрийн асрамжид үлдээхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч О.**“хоёр дагавар хүүхэдтэй хүнтэй хамтран амьдардаг, дахин шинэ хүүхэдтэй болсон, хүү З.**хамтран амьдарч буй шинэ эхнэрээрээ дарамтлуулж айдаст оруулснаас болон хамаатны хүүхдүүд зодож дарамтлах, аймшгийн кино, бичлэг үзүүлэн айлгаж, сэтгэл санааны дарамтанд оруулсан, мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхэд өөрчлөлттэй гарсан, эрүүл мэнд, бие бялдрын хувьд үеийнхнээсээ намхан, туранхай болсон” гэж тайлбарлан маргасан.
5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “З.***архины хамааралтай, архи уухаараа хүү З.**анхаарал хандуулдаггүй, хүү З.**ээжээсээ айдаг, хамт амьдрах хүсэлгүй байдаг” гэж тайлбарлан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагуудыг эс зөвшөөрөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар хүү З.Наранбаатарыг өөрийн асрамжинд үлдээхээр шаардаж, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэж тайлбарлаж байна.
6. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн асрамжийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт бүртгэгдсэн дуудлага мэдээллүүд, дуудлагыг тодруулан ажилласан тухай илтгэх хуудсууд, зохигчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтууд, З.**нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, З.**үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, З.Болормаагийн ажлын үнэмлэх, хүү З.**гар бичмэл баримт, 102 утсанд З.**гаргасан дуудлага, гомдол мэдээллийн жагсаалт, хүү З.**саналыг асуусан тэмдэглэл, З.**холбогдох хэргийг шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолууд, Г.**, Д.**нарыг гэрчээр асуусан тэмдэглэлүүд, Юнител ХХК-иас ирүүлсэн 88284343 дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн талархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах материалын хуулбар зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1. З.**, О.**нар 2012 оноос хамтран амьдарч эхлэн 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү З.**төрүүлж, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлжээ.
6.2. Гэрлэгчид 2016 оноос эхлэн тусдаа амьдарсан ба энэ үеэс хариуцагч О.**нь хүү З.**асрамжиндаа байлгаж, улмаар нэхэмжлэгч З.**асрамжид байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар урьдчилсан арга хэмжээ авч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүү З.**эх З.**асрамжид байхаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч талын хүсэлтийн дагуу уг арга хэмжээг өөрчлөн хүү З.**эцэг О.**асрамжид байхаар урьдчилсан арга хэмжээ авсан байна. Одоо хүү З.**нь эцэг О.**асрамжинд амьдарч байна.
6.3. Нэхэмжлэгч З.**нь хариуцагч О.**холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилжээ.
Шүүхээс томилогдсон шинжээчдийн баг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтдээ хүү З.Наранбаатартай ярилцлагын болон ажиглалтын аргаар хийсэн судалгаагаар: “..З.**нь ярилцлагын явцад хамгийн хайртай, хамт байхыг хүсдэг хүн бол аав. Харин ээжтэй байх дуртай ч ээж хэд хоноод аавд эсвэл аавын хамаатнуудад хүргэж өгчихдөг хэмээн хэлж байсан. Ярилцахад хүүхэд тайван байсан бөгөөд шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээсэн байдал ажиглагдаагүй. Цэцэрлэгт хамрагдсан, удахгүй сургуульд орно хэмээн ярьж байсан бөгөөд биедээ харагдах ил шарх сорвигүй, бие бялдар болон сэтгэхүйн хөгжил насандаа тохирсон зэрэг нь ажиглагдаж байсан” гэж, мөн Гэр бүлийн хөрөг Р.**, С.**сорилоор зураг зуруулахад “...даалгаврыг гүйцэтгэхдээ хүү З.Наранбаатар огт эргэлзээгүй, татгалзаж дургүйцсэн байдал гаргаагүй. Эхлээд өөрийгөө, эгчийгээ, аавыгаа, ээжийгээ гэсэн дарааллаар зурсан. Энэ нь өөрт ойр ханддаг хүнээ эхлэн зурах хандлагатай холбоотой. Гэр бүлийн гишүүдээ хоорондоо нэгдэл нягтралгүй, гар гараасаа бариагүй, нэгдмэл бус байдалтай зурсан нь гэр бүл дэх тааламжгүй харилцаа, зохицлыг илэрхийлнэ” гэж тус тус тодорхойлон, улмаар хүү З.**эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэхэд сэтгэл зүйн сорил, шинжээчийн багийн ажиглалт, нөхцөл байдлыг харгалзан З.**асран хамгаалагчаар О.**тогтоох нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн байна. /1-р хх-35-42/ Энэхүү нотлох баримтыг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргасан бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
6.4. Дээрх шинжээчийн дүгнэлт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйн улмаас шүүгчийн 102/ШЗ2019/09285 дугаар захирамжаар З.Болормаагийн нэхэмжлэлийг буцаажээ. /1-р хх-57/
6.5. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 11, 2019 оны 12 дугаар сарын 15, 2020 оны 6 дугаар сарын 07, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тус тус хариуцагч О.**Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт утсаар холбогдон дуудлага мэдээлэл өгч, тухай бүрт нь Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс шалгаж илтгэх хуудас бичин шүүхээр шийдвэрлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байсан байна. /1-р хх-60-71/
6.6. Мөн нэхэмжлэгч З.**нь Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 утсанд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “салсан нөхөр хэд хоног хүүхэд авч явчихаад өөр сургуульд оруулчихсан байна, хүүхдээ ирээд авах гэтэл багш нар нь ааваас нь зөвшөөрөл авч байж өгнө гээд явуулахгүй байна” гэх, 11 дүгээр сарын 24-ний өдөр “нөхөр ** хүүхэд өгөхгүй байна” гэх, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “согтуу хүн хүүхэд зодчихоод намайг цохих гээд байна” гэх, 3 дугаар сарын 25-ны өдөр “эхийнхээ асрамжинд байдаг хүүхдийг эцэг нь хэлэлгүйгээр шууд аваад явчихсан байна” гэх, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “хүүхэд авчихаад өгөхгүй байна” гэх, 10 дугаар сарын 03-ны өдөр “хамтран амьдрагч хүүхэд авчихаад өгөхгүй байна” гэх, 10 дугаар сарын 30-ны өдөр “салсан нөхөр хүүхэд аваад явсан хаалгаа онгойлгохгүй байна” гэх, 12 дугаар сарын 31-ний өдөр “салсан нөхөр хүүхдийг маань тоглоомын талбай дээр тоглож байхад аваад явчихсан байна” гэх, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “эхийнхээ асрамжинд байдаг хүүхдийг эцэг нь хэлэлгүйгээр шууд аваад явчихсан байна” гэх зэрэг дуудлагыг 88012580 дугаараас өгч, дуудлага бүрийг цагдаагийн албан хаагчид хаягаар очиж шийдвэрлэсэн байна. /1-р хх-200-203/
6.7. Нэхэмжлэгч З.**2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль, Эрдмийн ундраа цогцолбор сургуулиудад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн /1-р хх-87-88, 90/, тэрээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол /16092/ Дилав хутагт жамсранжав гудамж, **дугаар байрны **тоот хаягт байршилтай 23,26 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байна. /1-р хх-89/
6.8. Хариуцагч О.**2006 оны 6 дугаар сараас 2007 оны 9 дүгээр сар хүртэл Нийслэлийн газрын алба, 2008 оны 1-6 дугаар сарын хооронд нийгмийн даатгалын сайн дурын даатгал, 2012 оны 10, 11 дүгээр сард Монгол телевиз ХХК, 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл Ажнайн хишиг ХХК, 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл Баян тэс транс ХХК-д тус тус ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. /1-р хх-179-180/
6.9. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1113 дугаар шийтгэх тогтоолоор З.**хадам эх Г.**зодож хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /1-р хх-183-185/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/964 дүгээр шийтгэх тогтоолоор З.**бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна. /1-р хх-186-189/
Гэвч эдгээр шүүхийн шийтгэх тогтоолууд нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.
6.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүх гэрлэгчдийн дундаас төрсөн хүү З.Наранбаатарын саналыг асуухад “...аавтайгаа байхад гоё байдаг, ...аав намайг халамжилдаг, ээж болохоор намайг хойд ээжийг хар ажил хийлгэнэ гэдэг. Аавыг байхгүйд чинь зодно гэж надад хэлдэг. Манай хойд ээж маань төрсөн ээж шиг байдаг...” гэж тайлбарласан /1-р хх-154-155/ ба дэвтрийн цаасан дээр “ааваа намайг аваач би үүрд таны талд намайг авах жагсаалт, 2021 он 11 сар, 2021 он 12 сар” гэх гар бичмэл баримтыг хүү З.**захидал гэж тайлбарлан хариуцагч тал хэрэгт нотлох баримтаар гаргасан. /1-р хх-126/
6.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр З.Наранбаатарын ангийн багш Г.** гэрчээр “...**гэдэг хүүхэд манай ангид энэ жил 2022 онд шинээр шилжиж ирсэн. **нь одоо 3 анги, хичээлдээ сайн дуулгавартай, хийх ёстой зүйлээ цаг хугацаанд хийдэг сайн сурагч, хичээлээ огт тасалдаггүй. Хичээл танхимаар орж байх үед ээж болон эгч нь хичээлд хүргэж өгдөг, хичээл тарах үед авдаг байсан. 2022 оны намар шилжиж ирсэн, одоо хичээлдээ явахгүй байгаа. 3 дугаар улирлын амралт эхлэх үеэр буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 4 дэх өдөр хичээл тарах үед байхгүй байсан. Би зарим хүүхдүүдээ гадаа эцэг эхэд нь өгөөд зарим хүүхдээ ангиасаа тараадаг байсан. Тэр үед ангид орж ирэхэд цүнх ном нь ширээн дээр нь байсан. Ээж нь над руу залгаад Наранбаатарыг аав нь авсан юмуу гэхэд нь мэдэхгүй байна, хувцас цүнх нь ангидаа байна гэж хэлээд аав руу нь залгаад асуухад аав нь хүүхэд над руу залгаад байхад авахгүй яах юм бэ? Хүүхэд одоо над дээр байх болсон гэж хэлсэн. Тэрнээс хойш **уулзаагүй. ...Аав нь цахимаар хичээл орж байх үед шалгалтын үеэр авч ирдэг байсан. Бас манай хүүхдийн хичээл ном яаж байна гэж хэд хэдэн удаа утсаар ярьж байсан...” гэж мэдүүлсэн байна. /1-р хх-217-219/
6.12. Гэрч Д.**“...2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр З.***над руу залгаж хүүхдийг маань О.**аваад явчихлаа би яах вэ? гэж ярьсан. Тэгэхэд ямартай ч хүрээд ир би хүүхдийг тань О.**хамтаар дуудаж өгье, та нар ямар сонин хүмүүс вэ? би чинь бас ажилтай хүн шүү дээ гээд хоёуланг нь дуудсан. Хоёулаа шүүхэд ирсэн бөгөөд тэр үед юу болсон талаар мэдэхгүй. Ямартай ч асуудал үүсгэсэн байсан. Би шүүгчийн туслахтай О.**, З.**нарыг над руу явуулчих, энд асуудлыг гэрээ байгуулах ч юмуу ямар нэг байдлаар энд асуудлыг шийдье гэж хэлсэн. Гэтэл О.**, З.**нар ирээгүй. Би тэднийг ажлын цаг дууссаны дараа 20 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд залгатал О.**хүүхдийг маань 108 аваад явчихлаа, одоо би яах вэ? гээд уйлж орж ирсэн. Тэгээд О.**юу болсон талаарх тайлбар тэмдэглэл авсан. Түүнээс юу болсон бэ гэхэд хүүхэд маань өдөр хичээл дээрээ байж байгаад багшдаа угаалгын өрөө орлоо гэж хэлээд гадуур хувцсаа ч авалгүйгээр такси барих гээд байж байна гээд танихгүй хүний утаснаас залгаж намайг дуудсан. Би хүүхдээ очиж аваад шүүх дээр ирээд тань руу ярьсан. Хүүхэд маань ээж архи уухаараа намайг зоддог гэж хэлтэл 108 цагдаа нар хүүхдийг минь З.**ч, чамд ч өгөхгүй гээд аваад явсан гэж хэлсэн. Тухайн өдөр 108-аас шүүгчийн захирамжийг хуулбарлаж, цахим хаягаар надаас авсан. Үүний дагуу би өөрийнхөө эрхийн хүрээнд О.**тайлбар мэдүүлгийг тэмдэглэлээр баталгаажуулж авсан. Тус өдөр З.**88012580 гэх дугаар луу 20 цаг 34 минутын үед та ирж байна уу? Таны хүүхдийг 108-аас авч явсан байна. Би өдрөөс хойш О.**та хоёр руу нааш ирж асуудлаа шийдвэрлүүл гэж залгасан. Юу болсон юм бэ гэж асуухад З.**би гэртээ ирсэн. Одоо наана чинь очоод яах вэ дээ гээд утсаа тасалсан...” гэж мэдүүлсэн. /1-р хх-237-238/
6.13. Шүүхээс томилогдсон шинжээч Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дүгнэлтээр:
“судлуулагч О.**хувьд хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үзүүлж буй нөлөө, хүмүүжлийн алдаатай тал, гэр бүлийн гишүүд үүргээ биелүүлж байхдаа бие биедээ үзүүлэх зохисгүй, ёс журамгүй нөлөөлөл, гэр бүлийн бүрэн бүтэн байдлын эвдрэл нээн илрүүлэх үзүүлэлтээс хүүхдийнхээ хэрэгцээг шүүмжлэлгүй хангахаар тэмүүлэх бөгөөд эрхлүүлэх хандлагатай, гэр бүл дэх үүргийн харилцаа дундаж, эцэг эх хүүхдэдээ хандах харилцаа харилцаа буюу сэтгэл хөдлөлийн таатай холбоо өндөр, хүүхдээс холдсон сэтгэл хөдлөлийн зай дунд, хүүхдэд хэт төвлөрөл өндөр. Тавьсан шаардлага, хэлсэн үгэндээ хүрдэг, магтаал урамшуулал нь үг үйлдэл зөрөхгүй үнэнч байж хүүхдийн хүмүүжилд зөрчилдөөнтэй гэдгийг харуулж байна” гэж,
“судлуулагч З.**хувьд хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үзүүлж буй нөлөө, хүмүүжлийн алдаатай тал, гэр бүлийн гишүүд үүргээ биелүүлж байхдаа бие биедээ үзүүлэх зохихгүй, ёс журамгүй нөлөөлөл, гэр бүлийн бүрэн бүтэн байдлын эвдрэл нээн илрүүлэх үзүүлэлтээс хүүгийн дутагдлыг хүлээн зөвшөөрөх хандлагатай. Гэр бүл дэх үүргийн харилцаа дунд, эцэг эх хүүхдэдээ хандах харилцаа буюу сэтгэл хөдлөлийн таатай холбоо дунд, хүүхдээс холдсон сэтгэл хөдлөлийн зай бага байгаа, хүүхэдтэйгээ сэтгэлийн ойр дотно харилцаатай, хүүхдэд хэт төвлөрөл дундаж буюу хэвийн. Шаардлага тавьж өндөр хариуцлага ноогдуулах хандлагатай, хүүхдэдээ сэтгэл зовнин түгшүүрлэдэг, шаардлага, шийтгэл, магтаал урамшуулал нь үг үйлдэл зөрөхгүй үнэнч байна. Хүүхдийн хүмүүжилд зөрчилдөөнтэй байдаг талаар харуулж байна” гэж,
“судлуулагч З.**: Зургийг зурахдаа аавынхаа гэр бүлийг зурсан бөгөөд өөрийгөө жижиг хэмжээтэй зурсан нь үнэ цэнгүй, бусдад хэрэггүй гэж мэдрэх, түүнчлэн эцэг эхийнхээ хайр халамж хамгаалалтыг хүсэх хандлагыг илэрхийлж байх хандлагатай, зургийн эхэнд тавилга эд зүйл зурсан нь дотно харилцаа холбоо багатай, гэсэн хэдий ч нэгдмэл, нягтралтай байгаагаар зурсан нь гэр бүл доторх тааламжтай харилцаа, зохицлыг харуулж байна. Зургийг зурахдаа цаасны дээд хэсэгт шахаж зурсан нь өөрийгөө доогуур үнэлдэг, аливаа үр дүн, ололт амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй байна. Гэр бүлийн гишүүдийг сууж буй дарааллаар зурсан нь хойд ээжийн талаас том охинтой сайн харилцаатай байгааг илэрхийлж байх магадлалтай, мөн аавынхаа дэргэд өөрийгөө зурж байгаа нь ойр харилцаатай байна. Зургийн тайлбарыг ярьж дуусаад ээжийнхээ гэр бүлийг зурах уу гэж асуухад зурахгүй гэж хариулсан бөгөөд аавтайгаа хэзээ уулзсан бэ гэж асуухад аавтайгаа уулзах өдрийг тэмдэглэсэн цаас гаргаж харсан. Цаасан дээр он сар тавьж дээр нь дарж тэмдэглэсэн дэвтрийн нэг хуудас байсан. Энэ тухай аав ээж нь мэдэх үү гэж асуухад мэдэхгүй, нууц гэж хариулсан. Судлуулагчийн зүгээс нууц зүйл хэлье гээд ээжийг архи ууж байгаа мөн найзалж байгаа ах нарын тухай ярьсан” гэж судлуулагч тус бүрийг тодорхойлон, З.**аав О.**дотно харилцаатай байна гэж дүгнэн, З.**аав О.**болон ээж З.**нарын аль аль нь асран хамгаалах боломжтой гэсэн санал гаргасан байна. /1-р хх-108-119/
6.14. Шүүхээс дахин томилогдсон шинжээч Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр: “...2013 онд мэндэлсэн хүү З.**өнөөгийн амьдарч буй орчин, нөхцөл ямар байгаа, цаашид хүүхэд эрүүл саруул, өсөж торниход хаана байх нь таатай болох, эцэг эхээс хүүхдэд тавих анхаарал халамж, хүүхдийн хүсэл эрмэлзэл зэргийг харгалзан тухайн үеийн нөхцөл байдал, зохигчид болон хүүхэд, бусад хүмүүстэй хийсэн уулзалт ярилцлага, ажиглалт зэргийг харгалзан түүний эрүүл эсэн мэнд, хүчирхийлэлгүй тайван орчинд өсөж хөгжих боломжийг харгалзан үзэж түүнийг эцэг О.**асрамжид үлдээх саналыг хүргүүлж байна” гэжээ. /2-р хх-75-80/
7. Гэрлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө эвлэрүүлэн зуучлагчид хандаагүй ч хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг хүсэж байгаа, мөн 2016 оноос хойш тусдаа амьдарсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр З.**, О.**нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
8. Харин гэрлэгчид хүү З.**асрамжийн талаар маргаантай, харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй талаар тайлбарласан бол шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй болохоо илэрхийлсэн тул хүүхдийн асрамжийн талаар хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан дүгнэж шийдвэрлэв.
9. Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй бол шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтоох ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Гэрлэгчдийн хүү З.****нь 2013 онд төрсөн, хуульд зааснаар асрамжийн талаар санал гаргах эрхтэй байна. З.** асрамжийн талаар асуухад “..аавтайгаа байхад гоё байдаг, би аавтайгаа баймаар байна” гэж хариулсан байна.
10. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.
11. Түүнчлэн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдэд хүү З.**эцэг О.**дотно харилцаатай, илүү ээнэгшин дассан талаар дурдаж, 2023 оны 4 дүгээр сард дахин томилогдсон шинжээчийн дүгнэлтээр эцэг О.**асрамжид үлдээх санал гаргасан байх тул эдгээр үйл баримтуудыг харгалзан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү З.**эцэг О.**асрамжид үлдээхээр шийдвэрлэж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч З.**үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.**гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.
13. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс мөн 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ***, Монгол улсын иргэн Ц*** нарын гэрлэлтийг цуцалж, 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү З.*** эцэг О.**асрамжид үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч З.**олгон, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
3. Хариуцагч О.**нь нэхэмжлэгч З.**хүүхдийн тэтгэлэг шаардахгүй, зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан З.**, О.** нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүү З.**асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА