| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02428/И |
| Дугаар | 102/ШШ2023/01994 |
| Огноо | 2023-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/01994
2023 оны 05 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2023/01994 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **дүгээр хороо, **, Вип резиденс хотхон, **дүгээр байрны **тоот хаягт оршин суух, эрэгтэй, ** **,
Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дугаар байрны ***тоот хаягт оршин суух, эмэгтэй, ****овогт **,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.**,
Хариуцагч С.**,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.**шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие П.**нь 2001 оны 7 дугаар сард С.**гэр бүл болж 2003 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. С.**бид 2 2012 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд 2017 оноос хойш тус тусдаа гэр бүлтэй болсон. Хүүхдүүдтэйгээ байнга уулзаж, хэвийн харилцаатай байдаг. Бидний хувьд эргэн нийлэх боломжгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү...гэв.
2. Хариуцагч С.**шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: С.**миний бие П.**2003 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулж, том хүү У.**2002 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэндэлсэн. 2008 оны 5 дугаар сарын 11-нд бага хүү У.Т** төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул 2012 оноос тусдаа амьдрах болсон. Хоё хүү маань надтай хамт амьдардаг. Миний бие 2017 оноос өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгахыг П.**ярилцаж тохирсон бөгөөд ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Иймд гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, гэрлэлтийн болон хүү У.**-** төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, У.**-**эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт /хх-5/, У.**-**суралцаж буй **цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-7/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 00168 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-10/ зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба тайлбараа нотлох баливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх П.**нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2012 оноос хойш тусдаа амьдарч, 2017 оноос тус тусдаа гэр бүлтэй болсон, эргэж нийлэх боломжгүй, хүүхдүүд ээжтэйгээ амьдардаг, хоорондоо ярилцаад энэ хэвээр нь ээжийнх нь асрамжид үлдээгээд хоёр хүүтэйгээ чөлөөтэй уулздаг учир харилцаа холбоо хэвийн байна, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэж тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардахгүй, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй болохоо илэрхийлсэн байна.
3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1. Гэрлэгчид 2001 онд танилцан үерхэж, хамтран амьдарснаар 2003 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр гэр бүл болж, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2012 оноос эхлэн тусдаа амьдарчээ.
3.2. Гэрлэгчдийн дундаас 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү У.**төрсөн /20 настай/, улмаар хүү У.**-**2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн /15 настай/ ба гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эх С.** асрамжид эрүүл өсөн бойжиж, том хүү У.**насанд хүрсэн, бага хүү У.**-****цогцолбор сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг байна.
3.3. Хариуцагч С.**2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудтай хамтарсан уулзалт хийж 2012 оноос тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр гэр бүл зохиосон тул эвлэрэх боломжгүй гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болгожээ.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас тусдаа амьдраад 11 жил болсон, 2017 оноос хойш хэн аль нь өөр гэр бүл зохиосон учир цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
5. Мөн насанд хүрээгүй хүү У.**-**хариуцагч С.**асрамжид үлдээхийг гэрлэгчид хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул хүүхдийн саналыг асуулгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу эх С.**асрамжид үлдээж шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэсэн бөгөөд гэрлэгчдэд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
7. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан П.**, С.**нарт даалгав.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн **, Монгол улсын иргэн *** нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.**-**эх С.**асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар П.**, С.**нар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй хүү У.** асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Хариуцагч С.**нэхэмжлэгч П.**хүүхдийн тэтгэлэг шаардахгүй, мөн гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА