Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01772

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2023/01772 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дугаар байрны **тоот хаягт оршин суух, эмэгтэй, **,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сум, **дугаар баг, Энхтайван гудамж, **дүгээр байрны **тоот хаягт оршин суух, эрэгтэй, **,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.**шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Б.**танилцаж хамтран амьдарсан. Бидний охин У.**2011 оны 1 дүгээр сарын 04-нд төрсөн. Охиноо төрөхөд бид Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч, охин маань эцгээрээ овоглосон. Бидний зан харьцаа, гэр бүлийн уур амьсгалаас болж 2013 онд тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин У.**ганц хүний цалингаар сурч боловсрох, эдийн засаг, энэ хүнд нөхцөлд сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, хувьцас болон бусад зардлуудыг би ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд охин У.**эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү...гэжээ.

2. Хариуцагч Б.**шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Э.**гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад танилцлаа. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнөгэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний бүртгэлийн лавлагаа, охин У.**төрсний гэрчилгээний хуулбар /хх-4 арын хуудас/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-5/, **цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-6/, охин У.**эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч шүүхэд хандан аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Э.**гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчтай 2009 оноос эхлэн хамтран амьдарч, охин У.** 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлж, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос тусдаа амьдарсан, тусдаа амьдарснаас хойш хүүхэд эхийн асрамжид байгаа учир тэтгэлэг тогтоолгож, хариуцагчаар тэжээн тэтгүүлнэ гэж тодорхойлсон ба хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Зохигчид 2009 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч, 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр охин У.**төрүүлсэн байна.

4.2. Охин У.**нь эцэг Б.**овоглосон болох нь түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Мөн зохигчдыг тусдаа амьдарсан үеэс охин У.**нь эх Э.**асрамжид эрүүл өсөн бойжиж, ерөнхий боловсолын сургуульд суралцаж байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу зохигчид охин У.**хариуцагч Б.**овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй юм.

6. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагчаар охин У.Амингүнжийг тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй.

7. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ...11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр... гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, У.**эцэг Б.**тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

8. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.**нэхэмжлэлийг хангаж, 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 12 настай охин У.** 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.**тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.** 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.**олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Э.**, Б.**нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин У.**асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уг үүргээ адил хэмжээтэй оролцож хэрэгжүүлэхийг даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА