| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00051/И |
| Дугаар | 316/ШШ2025/00097 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 316/ШШ2025/00097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ ............ тоотод оршин суух, ... овогт Б. Ц. /РД:..../-ын нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал тогтоолгох, ажилд орсон тушаалын жинхэнэ эзэмшигч тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Миний бие анх 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг “Мод боловсруулах” комбинатын Фанерын цехэд хуулга хатаах чиглэлээр ажиллаж байсан. Энэ хугацааны буюу 1986-1992 оны хооронд халагдсан тушаал нь байхгүй тул тогтоож өгнө үү.
Мөн миний бие Б.овогтой Ц. 1986 оны ажилд орсон захиргааны тушаалд Ц.овогтой Ц.гэж андуурч буруу ташаа бичсэн байсан тул овгийг минь Б.гэж үнэн зөвөөр залруулж өгнө үү…” гэжээ.
Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1986 онд ажилд орж 1992 оныг дуустал модны үйлдвэрт ажилласан. Тэтгэвэртээ гарах гээд ажилласан жилээ тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Харин 1986 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаартай тушаалд Ц. овогтой Ц.гэж бичигдсэнийг зөвтгүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж байна...” гэв.
Нэхэмжлэгч Б.Ц. шүүхэд хандан “...Ажилласан байдал тогтоолгох, ажилд орсон тушаалын жинхэнэ эзэмшигч тогтоолгох...” тухай хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тэрээр “...ажилд орсон тушаалын жинхэнэ эзэмшигч тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан зохигчийн эрхэд хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ц. нь 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын Фанерын цехэд банз авагч, банз хатаагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь Б.Ц. нь Сэлэнгэ аймгийн ..... тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн ...багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч Б.Ц.нь 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын Фанерын цехэд банз авагч, банз хатаагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн тодорхойлолт /хх 9 тал/, БНМАУ Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 286 дугаар тушаалын хуулбар /хх 20-21 тал/, БНМАУ-н Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх-н 25-26 тал/, БНМАУ Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 319 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх 23 тал/, БНМАУ Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх 24 тал/, БНМАУ Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх 22 тал/, Л.Б., С.М., Б.Л., Б.М. нарын гаргасан тодорхойлолт /хх 3-7 тал/, Л.Б., С.М., Б.Л., Б.М. нарын гэрчээр асуусан тэмдэглэл /хх 37-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ., Л.Б., С.М., Б.Л., Б.М. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж дүгнэв.
Иймд Б.Ц.гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Ц. БНМАУ-н Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын Фанерын цехэд банз авагч, банз хатаагчаар 1986 оны 09 дүгээр сарын 11-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ