| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0643/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Батхишиг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Улсын яллагч Б.Батхишиг,
Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан,
Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон, Ж овогт Г-ийн Т-д холбогдох 1703000010079 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамж, 01б тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Г-ийн Т (РД:000000000),
нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 00 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн баруун хойд замд Д.Содбилэгийн эзэмшлийн Хондо маркийн 12-77 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Анхмаа, С.Бат-Уянга нарыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. 2 хүний биед хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Бат-Уянгын хөл, гар, эгэм гэмтсэн, түүнд эмчилгээний зардалд 1.900.000 төгрөг төлсөн. Хохирогч Анхмаагийн хөл гэмтсэн, түүнд дансаар 1.932.000 төгрөг, бэлнээр 3,0 сая төгрөг эмчилгээнд өгсөн. Би хохирогч нартай байнга холбогдож байгаа. Би өөрөө хүнд гэмтэл авсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Г.Таас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед би 12-77 УБ улсын дугаартай Honda VTX-1800 маркийн мотоцикль жолоодоод Теди худалдааны төвөөс баруун дөрвөн зам орох гээд Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд зүүнээс баруун тийш чиглэлтэй 3 дугаар эгнээгээр явж байтал урд машинууд түгжрээд зогссон байсан болохоор би замын голын зураас дээгүүр явж байтал нэг замын цагдаа намайг зогсоогоод миний бичиг баримтыг хурааж аваад зам руугаа ороод яв гэсэн. Би зам руу орох гэтэл машинууд оруулахгүй байсан. Би нэг машины урдуур орох гэтэл оруулахгүй болохоор зүүн гар тийш дараад хааз өгөөд огцом хөдөлтөл явган хүний гарцаар 2 хүн хойноос урагшаа чиглэлтэй урдуур ороод ирсэн. Би тормосоо гишгээд явган зорчигч нарыг мөргөөд зам дээр гулгаад унасан ба мотоцикль гулгаж эсрэг урсгалд явж байсан Т.Приус машиныг мөргөсөн. Зам түгжирсэн байсан болохоор би замын голоор урсгал сөрж явсан. Би хохирогч С.Анхмаагийн хохиролд 910.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. С.Бат-Уянгын хохиролд 875.000 төгрөг дансаар шилжүүлсэн” гэжээ.
Хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
1.С.Анхмаа: “…2017 оны 8 сарын 18-ны өдөр би Аптжин бөмбөгөрийн урд найз Батуянгын ажил дээр 20 цаг 15 минутын үед очиж бид хоёр ажлаас нь гараад 13 дугаар хороолол орох гээд Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудпаас автобусанд суух санаатай явж байгаад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрийн баруун хойд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гээд алхаж яваад замын голд ирээд зүүнээс баруун тийш явах замыг зам хөндлөн гарах гээд машин хараад алхаад гарах гэтэл бид хоёрын зүүн гар талаас нэг мотоцикль урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Бид хоёр мөргүүлээд газар унасан байсан ба тэр хавьд байсан хүмүүс ирээд түргэн тусламж болон цагдаа дуудаж өгсөн. Түргэн тусламж ирээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Мотоциклийн гэрэл орж ирээд мөргөсөн. Мотоцикль урд хэсгээрээ эхлээд Батуянгыг мөргөөд дараа нь намайг мөргөөд би газар шидэгдээд унасан, харин С.Бат-Уянга мотоцикльд чирэгдээд газар унасан. Миний зүүн гар талд Бат-Уянга надаас сугадаад бид хоёр явган хүний гарцаар алхаж явтал мотоцикль урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Зүүн хөлийн шаант ясны ил хугаралтай байсан ба гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж хадуулсан байгаа. Хамар, зүүн гарын гарын бугалага, шилбэнд цус хуралттай, зүүн шилбэнд шархтай, тархи доргисон байсан. Гэмтлийн эмнэлэгг 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо алхаж гишгэж чадахгүй байгаа. Цээж орчмоор зовиурлаж өвдөнө, толгой өвдөнө, дотор муухайраад хий огиулаад байгаа, юм ярихад эрүү зуураад байгаа. Би өөрийн эмчилгээнд гарсан зардлаа баримтаар гаргаж өгнө. Би Нарны хороололд Гоо сайхны салонд 500.000 төгрөгөөр гоо сайханчийн сургалтанд сууж байсан ба ослын улмаас сургалтандаа явж чадахгүй байгаа, эмчилгээнд гарсан зардпаа нөхөн төлүүлмээр байна мөн би түрээсийн байранд амьдардаг байсан ослын улмаас байрны түрээсээ төлж чадахгүй байгаа маш их гомдолтой байна эрүүл мэнд сэтгэл санааны бүрэн бүтэн байдлаа хангуулмаар байна.” гэжээ.
2.С.Бат-Уянга: “…2017 оны 8 сарын 18-ны өдөр би Аптжин бөмбөгөрийн урд байрлах "21" зоогийн газар ажил дээрээ байж байтал манай найз С.Анхмаа ирээд бид хоёр 20 цаг 15 минутын үед манай ажлаас гараад 13 дугаар хороолол орох гээд Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудлаас автобусанд суух санаатай алхаж явсан. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрийн баруун хойд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндпөн гарах гээд алхаж яваад замын голд ирээд зүүнээс баруун тийш явах замыг зам хөндлөн гарах гээд машин хараад алхаад зам руу ортол миний зүүн гар талаас нэг мотоцикль урсгал сөрж орж ирээд бид хоёрыг мөргөсөн. Би мөргүүлээд юу болсоныг санахгүй байгаа нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэгт ирчихсэн хэвтэж байсан. Мотоцикль урд хэсгээрээ намайг мөргөсөн байх би мөргүүлээд мотоцикльд чирэгдээд зам дээр унасан гэж байсан. Мотоцикль урд хэсгээрээ намайг мөргөсөн байх би мөргүүлээд мотоцикльд чирэгдээд зам дээр унасан гэж байсан. Миний баруун гар талд С.Анхмаа надаас сугадаад бид хоёр явган хүний гарцаар алхаж явтал мотоцикль урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Миний зүүн талын дух яс болон баруун нүдний ухархайн дотор, дээд ханын хугаралтай байсан мөн зүүн шаант ясны ил хугаралтай байсныг хадуулж хагалгаанд орсон, дух, зулайд няцарсан шарх, баруун зовхинд цус хуралттай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хөлийн шаант ясны ил хугаралтай байсан ба гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж хадуулсан байгаа. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо толгой, хөл болон бүх л бие өвдөнө байнга өвчин намдаах эм ууж байгаа ходоод өвдөж байгаа. Би өөрийн эмчилгээнд гарсан зардлаа баримтаар гаргаж өгнө. Эмчилгээнд гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. Би эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байгаа. Бие сэтгэлийн маш их шаналгаатай байгаа мөн би энэ 10 сард Солонгос руу явах төлөвлөөгөөтэй байсан ба ослын улмаас явж чадахгүй байгаа.” гэжээ.
Иргэний хариуцагч Д.Содбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Г.Тагархулыг танина дотно харилцаа байхгүй. Би өөрөө мотоцикль сонирхож унадаг болохоор мотоциклийн цуглаан дээр танилцаж байсан. 2013 онд худалдаж аваад 2014 онд Хэрлэн гэдэг залууд зарсан байсан ба Тагархул уг мотоциклийг Хэрлэнгээс худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан байна. Шаардлагатай бол тусалж дэмжинэ гэж бодож байгаа” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Түмэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 18-ны орой 20 цаг өнгөрч байхад би 19-48 УБС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодоод Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байтал эсрэг урсгалын машинууд түгжрээд зогссон байсан ба эсрэг урсгалын 3 дугаар эгнээнээс зогсож байсан машинууд дундаас нэг мотоцикль урсгал сөрөөд гарч ирээд өөдөөс ирж яваа харагдсан би ямар хурдтай явдаг мотоцикль вэ гэж бодоод явж байтал замын хойд талаас хоёр эмэгтэй явган зорчигч ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар алхаад гараад иртэл мотоцикльтой залуу тэр хоёр хүнийг мөргөөд өөрөө зүүн талаараа унаад жолооч нь зам дээр унаад мотоцикль нь гулгаж орж ирээд миний машины урд буферыг мөргөсөн. Би машинаас буугаад мөргүүлсэн хоёр хүн дээр очсон чинь нэг эмэгтэй нь гарцан дээр бөгсөөрөө суучихсан орилоод босч чадахгүй байсан нөгөө эмэггэй нь зам дээр хэвтчихсэн толгойноос нь цус гарч байсан ба ухаангүй байсан. Харин мотоциклийн жолооч босч ирээд зогсож байсан. Би 102, 103-луу дуудлага өгөөд зогсож байтал удалгүй түргэн тусламж ирээд явган зорчигч нарыг аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газар үзлэг хийж байхад мотоциклийн жолоочийн бие нь өвдөөд байна гээд түргэн тусламж ирээд аваад явсан. Ойролцоогоор осол гарсан газраас 40-50 метрийн зайнаас урсгал сөрж гарч ирсэн. Мотоцикль урд хэсгээрээ явган зорчигч нарыг мөргөсөн. Явган зорчигч нар зэрэгцээд явж байсан ба замын голын тусгаарлах зурвасыг дөнгөж давахад мөргөсөн. Явган зорчигч нар гарч явсан. Би сайн мэдэхгүй байна нүдэн баримжаагаар 50-60 км/ц-ийн хурдтай явж байсан байх. Би уг мотоциклийг ямар хурдтай явж байнаа гэж бодож байтал осол болсон. Зүүнээс баруун тийш явах хөдөлгөөн түгжирсэн ачаалалтай байсан. Баруунаас зүүн тийш явах хөдөлгөөн сийрэг байсан. Гадаа бүрэнхий болж байсан зам хуурай бага зэргийн бороо дусаж байсан. Гадаа гэгээ тасрах гээд бүрэнхий болж байсан. Миний өөрийн эзэмшлийн автомашин. Урд буфер зүүн доод хэсгээрээ хагарсан, зүүн урд крыло хонхойсон. Би машинд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй.” гэжээ.
Гэрч Ц.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн орой 20 цаг 20 минутын үед би Чингэлтэй дүүргийн нутаг Улаанбаатар их дэлгүүрээс гарч ирээд хойд талын төв хаалганы харалдаа зогсож төв замаар нэг мотоцикль ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй хүчтэй хаазлаад явсан тэгтэл явган хүний гарцны тэнд түс, тас хийгээд юм мөргөх шиг болоод би явж очоод харсан чинь гарцаар гарч явсан хоёр эмэгтэй хүнийг мөргөчихсөн байсан ба нэг эмэгтэй нь зам дээр хэвтчихсэн ухаангүй байсан ба нэг эмэгтэй нь хөл нь хугарчихсан бололтой ёолоод сууж байсан. Мотоцикль цаашаа гулгаад эсрэг урсгалд байж байсан. Би өөрийн утсаар 102 руу дуудлага өгч, түргэн тусламж ирэхэд нь тэр хоёр эмэгтэйг түргэний машинд суулгаж өгөөд явсан. Яг ямар хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Хурдтай явж байх шиг байсан. Замын ачаалал баруун дөрвөн зам тал руугаа зам түгжирсэн байсан ба тэр мотоцикльтой залуу машинууд түгжрээд зогссон байхад хажуугаар нь явсан байсан.” гэжээ.
Хохирогч С.Бат-Уянгын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.23-ны ¹10736 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.С.Бат-Уянгын биед дух ясны хугарал, ухархайн дотор, дээд ханын хугарал, тархины дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн шаант ясны ил хугарал, дух, зулайд няцарсан шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3 мөн 3.1.20-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.
Хохирогч С.Анхмаагийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.23-ны ¹10737 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.С.Анхмаагийн биед зүүн хөлийн шаант ясны ил хугарал, хамар, бугалга, шилбэнд цус хуралт, зулгаралт, шилбэнд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.
Шүүгдэгч Г.Тын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.23-ны ¹10735 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Г.Тын биед дух, зулай, чамархай ясны хугарал, ухархайн дээд ханын хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, хатуу хальсан доорхи цусан хураа, гавлын хөндий дэх хий хуралдалт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт, шуу, бугалга зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.
Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын 2017.10.10-ны өдрийн ¹456 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Honda маркийн 12-77 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г овогтой Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”, 8 дугаар бүлгийн 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2.Toyota Prius маркийн 19-48 УБС улсын дугаартай автомашины жолооч Батцоож овогтой Түмэнбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
3.Явган зорчигч Сүхбаатар овогтой Анхмаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
4.Явган зорчигч Сүхбаатар овогт Бат-Уянга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Т нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 00 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн баруун хойд замд Д.Содбилэгийн эзэмшлийн Хондо маркийн 12-77 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4, 13.1-д заасныг зөрчиж, эсрэг урсгал сөрж, хурдаа хасалгүйгээр явснаас явган хүний гарцаар явж байсан С.Анхмаа, С.Бат-Уянга нарыг мөргөснөөс, С.Анхмаагийн биед зүүн хөлийн шаант ясны ил хугарал, хамар, бугалга, шилбэнд цус хуралт, зулгаралт, шилбэнд шарх, тархи доргилт хүнд гэмтэл учирсан, С.Бат-Уянгын биед дух ясны хугарал, ухархайн дотор, дээд ханын хугарал, тархины дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн шаант ясны ил хугарал, дух, зулайд няцарсан шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус учирсан, мөн эсрэг урсгалд явж байсан 19-48 УБС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг мөргөснөөс Б.Түмэнбаярт эд хөрөнгийн хохирол учирсан болох нь
шүүгдэгчийн “...Би нэг машины урдуур орох гэтэл оруулахгүй болохоор зүүн гар тийш дараад хааз өгөөд огцом хөдөлтөл явган хүний гарцаар 2 хүн хойноос урагшаа чиглэлтэй урдуур ороод ирсэн. Би тормосоо гишгээд явган зорчигч нарыг мөргөөд зам дээр гулгаад унасан ба мотоцикль гулгаж эсрэг урсгалд явж байсан Т.Приус машиныг мөргөсөн” гэх мэдүүлэг,
хохирогч С.Анхмаагийн “…зам хөндлөн гарах гээд машин хараад алхаад гарах гэтэл бид хоёрын зүүн гар талаас нэг мотоцикль урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Бид хоёр мөргүүлээд газар унасан … Мотоцикль урд хэсгээрээ эхлээд Бат-Уянгыг мөргөөд дараа нь намайг мөргөөд би газар шидэгдээд унасан харин С.Бат-Уянга мотоцикльд чирэгдээд газар унасан.” гэх мэдүүлэг,
хохирогч С.Бат-Уянгын “… Миний баруун гар талд С.Анхмаа надаас сугадаад бид хоёр явган хүний гарцаар алхаж явтал мотоцикль урсгал сөрж орж ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Б.Түмэнбаярын “...эсрэг урсгалын машинууд түгжрээд зогссон байсан ба эсрэг урсгалын 3 дугаар эгнээнээс зогсож байсан машинууд дундаас нэг мотоцикль урсгал сөрөөд гарч ирээд өөдөөс ирж яваа харагдсан би ямар хурдтай явдаг мотоцикль вэ гэж бодоод явж байтал замын хойд талаас хоёр эмэгтэй явган зорчигч ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар алхаад гараад иртэл мотоцикльтой залуу тэр хоёр хүнийг мөргөөд өөрөө зүүн талаараа унаад жолооч нь зам дээр унаад мотоцикль нь гулгаж орж ирээд миний машины урд буферыг мөргөсөн.” гэх мэдүүлэг,
гэрч Ц.Ганзоригийн “...төв замаар нэг мотоцикль ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй хүчтэй хаазлаад явсан тэгтэл явган хүний гарцны тэнд түс, тас хийгээд юм мөргөх шиг болоод би явж очоод харсан чинь гарцаар гарч явсан хоёр эмэгтэй хүнийг мөргөчихсөн байсан ба нэг эмэгтэй нь зам дээр хэвтчихсэн ухаангүй байсан ба нэг эмэгтэй нь хөл нь хугарчихсан бололтой ёолоод сууж байсан” гэх мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээвийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Г.Тын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.23-ны ¹10735 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Бат-Уянгын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.23-ны ¹10736 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Анхмаагийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.23-ны ¹10737 тоот шинжээчийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхүүд, Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын 2017.10.10-ны өдрийн ¹456 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын хохирлын мөнгө хүлээн авсан, гомдол саналгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Ж овогт Г-ийн Т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, ослын улмаас шүүгдэгч өөрөө хүнд зэргийн гэмтэл авсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх үзсэн болно.
Хохирогч С.Бат-Уянгын биед дух ясны хугарал, ухархайн дотор, дээд ханын хугарал, зүүн шаант ясны ил хугарал, хохирогч С.Анхмаагийн биед зүүн хөлийн шаант ясны ил хугарал бүхий хүнд гэмтлүүд тус тус учирсан тул гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилсан гэж үзэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Тд хуульд зааснаар жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Т нь хохирогч С.Анхмаад гэмт хэргийн улмаас учирсан бичгийн баримтаар тогтоогдсон эмчилгээний болон бусад зардалд нийт 4.310.000 төгрөг, хохирогч С.Бат-Уянгад 1.960.000 төгрөг тус тус нөхөн төлсөн байх ба хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Түмэнбаяр нь гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ж овогт Г-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Г.Тын эзэмшлийн ¹333846 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих журмын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан лицензийн төвд хүргүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ