Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/01669

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2023/01669 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **,

Хариуцагч: Баянгол дүүргийн **,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.**,

Хариуцагч Н.**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 12 дугаар сард Н.Г танилцаж, 2016 оны 3 дугаар сараас би өөрийн хүү М.Цэцэнхүүтэй хамт аавынд нь очиж Н.Г нэг өрөөнд нь амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 08-нд хүү Г.Т төрсөн. 2017 оны 12 дугаар сард Н.Г аав, ээж манай гэр бүлд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 41 дүгээр байрны 11 тоот 2 өрөө орон сууцыг бэлэглэн бид дөрөв тусдаа гарсан. Бид 2022 оны 6 дугаар сарын 21-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ хугацаанд би ганцаараа ажил хийдэг байсан. Н.Г хийхгүй байж байгаад 2022 онд найзынхаа компанид хэдэн сар ажиллаад таарахгүй байна гэсэн шалтгаанаар ажлаасаа гарсан. Хоёр талын аав ээжүүд бидний амьдралд тусалдаг байсан. 2017 оноос гэр бүлийн маргаан, хэрүүл эхлэн надад гар хүрч, үгээр доромжилж, сэтгэл зүйн дарамтанд оруулж эхэлсэн. Энэ байдал даамжирч 2017 оны 12 дугаар сард гар хүрч, би өөрийн дүүтэйгээ хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж хэрэг шийдвэрлэгдсэн. Ингээд тусдаа амьдарч эхэлсэн боловч би засарсан, ойлгосон гээд буцаад нийлсэн ч гар хүрч, үгээр доромжилдог хэвээр байсан. 2021 оны 8 дугаар сарын 14-нд миний том хүүг зодож дахин тусдаа амьдрах болсон. Мөн л өөрчлөгдсөн, ажилд орсон, одоо сайхан амьдрана гэж надад болон манай аав, ээжид амлалт өгснөөр буцаад хамт амьдарсан. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагаас үүрийн 06 цаг хүртэл маш аймар зодож согтуугаар танхайрсан. Тухайн үед үгээр сүрдүүлсэн учир би шоконд ороод 102-т дуудлага өгөөгүй. Мөн л согтуудаа ухаангүй байсан гээд уучлалт гуйсан. 2022 оны 12 дугаар сарын 30-нд согтуу орж ирж агсан тавьж, тэжээвэр амьдан гэмтээгээд, намайг хэд хэдэн удаа цохьсон. Би 102-т дуудлага өгснөөр арга хэмжээ авхуулсан боловч өөрөөс нь асуудал үүсгэхгүй шууд сална гэсэн амлалт авч хорих арга хэмжээг цуцлуулсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өөрийн байрандаа хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Миний том хүү болон өөрийн минь сэтгэл санаа маш их айдастай, маш их стресст өртсөн. Миний бага хүүд ахыг нь буруугаар ойлгуулж, хоорондын харилцааг холдуулж байна. Манай бага хүү маш муухай хараалын үгнүүдийг эцгээсээ сурсан. Хүүхдийн хүмүүжилд маш их сөрөө нөлөө үзүүлж байна. Цаашид би Н.Г хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Т ийг өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шаардаж байна. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа учраас асуудалгүй гэж үзэж байна. Дундын хөрөнгөтэй холбоотой маргаан байхгүй. Би 2 хүүхдээ хамт өсгөмөөр байна. Хүү маань аавтайгаа уулзмаар байна гэвэл хүссэн үед нь уулзуулж байна...гэж тайлбарлав.

2. Хариуцагч Н.Гшүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт сэтгэлгүй хүнээс сэтгэл хүлээх нь утгагүй хэрэг. Би гэр бүл, үр хүүхдээ элэг бүтэн, сэтгэл санааг нь тайван байлгаж чадаагүй, бас эхнэрийгээ зовоолгүй амьдарч чадаагүйгээс хойш ядаж гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсч байгаа ч цаг хугацааг буцааж чадахгүйгээс хойш одоо ядаж ингээд сэтгэл нь тайван байг дээ, уучлаарай л гэж хэлье. Хүүхдийн хувьд М.Ц мэдээж ээж дээрээ байна. Тэтгэмжийг уг нь төрсөн аав нь гээд хүн тусдаа байгаа, н.Цолмон гэдэг. Тэр хүн ямар ч хариуцлага хүлээлгүй 15 жил боллоо. Г.Т хүүгийнхээ хувьд өөрөөс нь асуугаад шийдээсэй л гэж хүсэж байна. Одоогоор надтай хамт байгаа ажлын 5 өдөр би сургуульд нь зөөж, хичээлийг нь хийлгэж байгаа. Бид хоёр мууртайгаа гурвуулаа дажгүй сайн байгаа. 38 дугаар сургуулийн 1-1 бүлэгт С.** багшийн удирдлагад суралцаж байгаа, гэр сургууль маш ойрхон, би ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга хийж байна. Хүүтэйгээ холбоотой зардал болон ангийн хэмжээнд зохион байгуулж байгаа бүх арга хэмжээг гардан зөвлөлийн эцэг эхчүүдтэй хамт зохион байгуулж байна. Ээжтэйгээ амралтын өдрүүдээр хамт өнгөрүүлж байгаа. Өөрөөс нь асуухаар ингээд дундаа явъя л гэж байна. Б.М 10-аад жил банкинд тасралтгүй ажиллаж байгаа. Өглөө 9-18 цаг хүртэл тараад ирэх гэсээр 20 цагт л гэрийн бараа харна. М.Ц ч хадам ээж сургууль цэцэрлэгт нь зөөж хардаг байсан. Эмээгээ mommy гэж дууддаг. Хүүхдийнхээ хүмүүжилд гаргасан цаг зав гэж байгаагүй нь л үнэн болно. Том хүү ээжээ илүү эмээгийнхээ үгэнд ордог. Би хүүгээ асрамжиндаа авмаар л байна. Гэхдээ ээж үрийг үнэхээр тэгэж холдуулмааргүй байна. Хүүгээсээ юу ч харамлахгүй. Би хүүтэйгээ холбоотой бүх зардлыг би гаргана. Ирээдүйд гарах тусдаа гарах байр, машин гээд бүгдийг нь би гаргана. Бас энэ нэхэмжилсэн байр ч Г.Т ийнх. Тэтгэмжийг хүүдээ данс нээгээд хадгаламжийн хэлбэрээр хийж болох бол тэгэж хиймээр байна. Ээж аав нь салсан, өөрөө салсан, энэ хүндү хүүхэд өнчрөх бол нэг их асуудал биш, өөрөө л болж байвал болоо гэсэн бодол одоо ч байгаад л харамсч байна. Гэхдээ би бол харамсахгүй байна. Энэ хүртэл тэссэнд нь баярлалаа, хүүгээ багад нь салчихсан бол хүү маань аавыгаа мэдэхгүй өсөх байж. Одоо бол ааваасаа салахгүй л хамт байгаа. Шүүхийн шийдвэр яаж ч гарсан миний хүү хүссэн үедээ аав дээрээ ирж болно. Б.М ч боломжоороо тус болохыг хичээнэ. Б.Мөнхзулын хувьд хамт амьдарч байх хугацаанд авсан бүх юмаа өөрөө аваад явсан. Бас өөрийнхөө амьдрах байрны мөнгөө цалингаасаа төлж байсан хүн шүү дээ л гэж хэлье. Бид хоёр энэ тал дээр өөрсдөө тохиролцож болох байх гэж бодож байна. Дундаасаа авсан Nissan Xtrail маркийн машиныг Б.М шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Ганцаараа хичээгээд нөгөө хүн нь дэмжихгүй бол гэр бүлээ авч явж чаддаггүй юм байна. Гэр бүлээ салгахгүй гэх тусам Б.М хэцүү байдалд орох гээд байна. Тийм болохоор нь хүссэнээр нь байлгана. Бид өөрсөд өөрсдөдөө ялагдлаа гэж хэлмээр байна. Г.Т хүсвэл хэзээ ч хамаагүй ирж байг. Би хүү дуртай байвал хэзээ ч хамаагүй уулзаж, хамт байна. Бидэнд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэж тайлбарлав.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, хүү Г.Т эрүүл бойжиж буй тухай Их амгалан ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-5/, Г.Т ий суралцаж буй 38 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-6/, хүү Г.Т ий төрсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-10/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн лавлагаа /хх-15-17/ зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Харин нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй дансны хуулга /хх-11-14/, 20 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-7/, М.Ц төрсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, фото зургууд /хх-18-20/ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

4. Хариуцагч нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргасан ба тайлбараа нотлох баливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Б.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, өөрийн дагавар хүүхэд болон хариуцагчтай хамтран амьдрах хугацаанд дундаасаа төрүүлсэн хүүхэд Г.Т ийг өөрийн асрамжид үлдээж, хариуцагчаас хүү Г.Т д тэтгэлэг гаргуулна, шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боловч хүү Г.Т тэй тодорхой хязгаар заахгүй уулзаж хамт байх хүсэлтэй, мөн гэрлэлт цуцлуулахад нэхэмжлэгчийн харилцаа буюу аливаа асуудлыг ярилцдаггүй, түүнийг маш их харддаг байсан тухай тайлбарлаж байна.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.М, Н.Гнарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Г.Т ий төрсний бүртгэлийн лавлагаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Г.Т ий суралцаж буй сургуулийн тодорхойлолт, цагдаагийн байгууллагын лавлагаа болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Гэрлэгчид 2015 онд танилцан үерхэж, хамтран амьдарснаар 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлснээр гэр бүл болсон байна. /хх-10/

4.2. Гэрлэгчдийн дундаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Т төрсөн ба гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс эцэг Н.Г асрамжид эрүүл өсөн бойжиж, 38 дугаар сургуулийн 1-1 ангид суралцдаг байна. /хх-8, 6, 5/

4.3. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Н.Г хүчирхийллийн улмаас нэхэмжлэгчийн дүүгээс өгсөн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж, Б.М өргөдөл өгч, 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гэрлэгчид тусдаа амьдарсан ба уг баримтыг үндэслэн шүүх урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж үзэн Б.М нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. /хх-15-17, 21/

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

6. Мөн хэдийгээр хүү Г.Т хариуцагч Н.Г асрамжид байгаа боловч түүнийг эх Б.Мөнхзулын асрамжид үлдээхийг гэрлэгчид хэн аль нь хүлээн зөвшөөрсөн ба цаашид хүү Г.Т ийг хүссэн үед нь хариуцагч Н.Г уулзуулж байхыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Иймд хүүхдийн саналыг асуулгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу Г.Т ийг эх Б.М асрамжид үлдээж шийдвэрлэв.

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хүү Г.Т /6 настай/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, түүнийг эцэг Н.Г сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

8. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан Б.М, Н.Гнарт даалгав.

9. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй.

10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ***, Монгол улсын иргэн ** нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Т ийг эх Б.М асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүү Г.Т /6 настай/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Н.Г сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Б.М, Н.Гнар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүү Г.Т ийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА