| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/03096/И |
| Дугаар | 102/ШШ2023/03681 |
| Огноо | 2023-10-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/03681
| 2023 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2023/03681 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-00, “Н” плазад байрлах “Ч” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, ,00 дугаар хороолол, 0 дугаар хороо, ХД-ийн 00 дугаар байрны 0 тоотод оршин суух Е овогт С.Т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.604.759 төгрөг 29 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ч” банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн С.Т 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Ч“ банк ХХК-тай 0000/000/0000 дугаартай кредит картын гэрээг байгуулж, 2.000.000 төгрөгийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний сарын 2.20 хувийн хүүтэй, бэлэн гүйлгээний сарын 3.50 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.
Зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас удаа дараа зээлээ төлөхийг сануулсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймээс бэлнээр зарцуулсан 1.990.000 төгрөг, бэлэн бусаар зарцуулсан 700.000 төгрөг, хүүний хуримтлал 3.389.685 төгрөг 94 мөнгө нийт 5.604.759 төгрөг 29 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Ч” банк ХХК нэхэмжлэлийн шаардлага 5.604.759 төгрөг 29 мөнгөнийхөө 1.500.000 төгрөгнөөс татгалзаж, 4.101.759 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Т
-2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг
-2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг
-2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг
-2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.104.759 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ч” банк ХХК, хариуцагч С.Т холбогдуулан 5.604.759 төгрөг 29 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Ч” банк ХХК нэхэмжлэлийн шаардлага 5.604.759 төгрөг 29 мөнгөнийхөө 1.500.000 төгрөгнөөс татгалзаж, 4.104.759 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Т 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, сар бүрийн 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.104.756 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.626 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52.313 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 52.313 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА