Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/01276

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2023/01276 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **,

Хариуцагч: Баянгол дүүргийн **,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь 51,608,630 /тавин нэгэн сая зургаан зуун найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг Ш гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар /ШТЭД: 1202/

Хариуцагч Д.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие Ш 2008 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 11-нд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон бөгөөд 2010 оны 6 дугаар сарын 08-нд охин М , 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүү Ш нар төрсөн. Миний бие 2009 оны 5 дугаар сараас эхлэн улсад тасралтгүй 13 дахь жилдээ ажиллаж байгаа ба ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүхий л хугацаандаа гагцхүү гэр бүл, нөхөр, 2 хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж, тэдний сайн сайхны төлөө бүхнээ зориулж ирсэн. Мөн гэр бүлийн амьдралын хугацаанд гэр бүл, нөхөр хүүхдэдээ анхаарал халамж муу тавьсан, хайхрамжгүй байдал гаргасан, нөхөр хүүхдийнхээ итгэлийг эвдсэн, худал хуурмаг зүйл хийсэн, хамгийн гол нь нөхрийнхөө итгэлийг эвдэж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зэрэг асуудал гаргаж байгаагүй. Би эхнэр, ээж хүний хувьд энэ бие сэтгэл, бүх зүйлээ гэр бүлдээ зориулж өдийг хүрсэн. Гэвч Ш гэр бүл болон амьдарч буй 12 жилийн хугацаанд Ш гэр бүлээс гадуурх болон гэр бүлийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, доромжлол, хардалтын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болоод байх тул ийнхүү гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Гэр бүл болж амьдарч эхлээд 2, 3 дахь жилээс нөхөр Д.Ш нь намайг согтуу үедээ байнга хэл амаар доромжилж, огт ор үндэсгүй хардаж, гэрээсээ хөөж туудаг болж эхэлсэн. Мөн сүүлийн 8-9 жилийн хугацаанд намайг ээж, эгч дүү, хүүхдүүдийн минь дэргэд ор үндэслэлгүй хардан доромжилж, үгийн муугаар хараан зүхдэг болсон бөгөөд 2019 оны 11 сард анх удаа миний биед гар хүрч толгой руу хүчтэй цохиж зодсон. Улмаар энэ байдал нь даамжирч үг хэлээр доромжлох, харааж зүхэх, айлгаж ичээх, дарамтлах зэрэг нь улам ихэсч, надад сэтгэл зүйн дарамт, айдас төрүүлэхийн тулд унтахдаа хажуудаа, дэрэн доороо хутга хийж унтах, хутганы шүүгээ онгойлгож хутгануудаа нааш цааш нь хөдөлгөж тачигнасан чимээ гаргаж надад сонсгох, дэрээр нүүрэн дээрээс дарах зэргээр сүүлийн 3 жилийн турш бие махмод, сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлж ирсэн. 2021 оны 11 сард Д.Ш нь хамт ажилдаг 2 хүн болон миний төрсөн дүү охины нөхрийн хажууд над руу би чамайг алчихъя, чи тэгээд надаас салаарай гээд махны том хутга над руу шидэж, намайг алахаар завдсан. Шидсэн хутга нь миний толгойноос 7 см зайтай хаалганд нэвт зоогдсон. Д.Ш дээрх байдлаар бие махбодийн болон сэтгэл зүйн дарамт учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ирсэн, одоог хүртэл энэ байдлаар айлган сүрдүүлж, машины дугуй хагалах, эд зүйлс булаах, хулгайлах зэргээр дарамталсаар байна. Түүний энэ үйлдэл надад болон миний хоёр хүүхдэд маш их сэтгэл зүйн айдас түгшүүр учруулсаар байна. Би өөрийн болон хоёр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдээ амгалан тайван амьдруулах үүднээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний бие гэр бүлийн хүчирхийллийн улмаас эвлэрүүлэн зуучлалд хандах боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсье.

Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банктай ЗБ1105327783 дугаартай Ипотекийн зээлийн гэрээ /Д.Ш хамтран зээлдэгчээр орсон/ байгуулан 122,425,918 төгрөгийн зээл авч, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Хаппинес хотхон * дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 62,09 м.кв 2 өрөө орон сууцыг 132,090,000 төгрөгөөр худалдан авсан. Тус орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 188,700,000 төгрөг бөгөөд Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 119,888,487 төгрөг байх тул уг орон сууцыг Ш өмөлөлд үлдээж, орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хассан дүн болох 68,811,513 төгрөгөөс гэр бүлийн 5 гишүүнд оногдох хувийг тооцсоноор Т.О надад болох хоёр хүүхдэд оногдох хувь 51,608,637 төгрөгийг Ш гаргуулан, орон сууцыг Ш өмчлөлд үлдээх ба тухайн орон сууцны ипотекийн зээлийг Д.Ш хариуцан төлөх ёстой юм. Учир нь Д.Ш уг орон сууцанд амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 119,450,000 төгрөг байгаа. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг одоогоор шаардахгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар: Гэрлэлт цуцлуулах асуудал дээр нэхэмжлэгч болон хариуцагч маргаагүй. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг дурдсан бөгөөд хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар талууд гэр бүлийн хүчирхийлэлтэй гэдэг нь тогтоогдож байна. Мөн хариуцагчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан зан байдал, ааш авир, шүүхийг хүндэтгэх хүндэтгэлгүй гэх үйлдлээс гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан гэдэг нь харагдаж байна. Иймд гэрлэлтийг нь цуцлаад өгөөч гэх саналтай байгаа. Хүүхдийн асрамжийн хувьд охин М ийн тухайд хариуцагч тал маргаагүй буюу өмнөх шүүх хуралдаанд зөвхөн хүү Ш асрамж дээр маргасан. Иймд охин М ийн саналыг асууж, ажиллагаа хийгээгүй, маргаагүй тул охиныг эхийнх нь асрамжид үлдээх боломжтой байна. Хүү Ш асрамжийн тухайд хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хүүг эхийнх нь асрамжид үлдээх зүйтэй гэх саналыг дэвшүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд одоогоор өөрийн ээжийн байранд амьдардаг, өөрөө тогтмол ажил, орлоготой, хүүхдүүдээ өөрөө асардаг тул 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж өгөөч гэх саналтай байна. Эд хөрөнгийн хувьд ипотекийн зээлийн үлдэгдэл 119,888,480 төгрөг байгаа. Байрны үнэлгээг нэхэмжлэгч 188,700,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Зөрүү нь 68,811,511 төгрөг байгаа. Уг орон сууц нь нэхэмжлэгчийн тогтоосон 188,700,000 төгрөгөөс илүү үнэлгээтэй буюу 197,753,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгч энэ нэмэгдсэн үнийн дүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй. Нэхэмжлэгчийн хувьд асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэл зориг байсан тул дээрх үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа 51,608,630 төгрөгөөр тодорхойлж байгаа. Уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Т.О, хамтран зээлдэгчээр Д.Ш байдаг. Иймд эд хөрөнгийн оногдох хэсгийг Иргэний хуулийн 130 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч болон түүний 2 хүүхдэд гаргуулж өгнө үү гэх саналтай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан ч хууль хяналтын байгууллагад хандаагүй шалтгаан нь сэтгэлзүйн хүчирхийлэлтэй байсных. Хариуцагч нэхэмжлэгчийн машины дугуйг хагалж, эд зүйлийг нь авч явж, унтахдаа хажуудаа хутга тавьдаг гэх асуудал байдаг бөгөөд эдгээрийг баримтжуулж чадаагүй асуудал байдаг. Нэхэмжлэгч хариуцагчийг муу сайн ч миний хань, 2 хүүхдийн маань эцэг, хэрэв хариуцагч шоронд явбал магадгүй 2 хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлнэ гэх үүднээс өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад хандаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна...гэв.

2.Хариуцагч Д.Ш шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

О шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн асрамжийг зөвшөөрөхгүй байна. Хүү Ш.Шижирийг өөрийн асрамжид авах.

Т.О нэхэмжилж байгаа дундын гэх Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Хаппинес хотхоны * дүгээр байрны 03 тоот байрыг Т.О өмчлөлд авч миний бие хамтран зээлдэгчээр бүртгүүлэн зээлийг авсан билээ. Мөн уг байрны урьдчилгаа болох 30 хувийг миний төрсөн ээж П.Я эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ * тоот байрыг тавьж уг зээлийг гаргуулан авсан. Иймд О өөрийн зохиогоод байгаа зах зээлийн ханш гэх зүйл байхгүй, зөвхөн ирээдүйд орж ирэх цалин болон бусад хөрөнгийг үүсвэрлэн зээлээр авсан байр учир байрны өмчлөл буюу зээлийг надад шилжүүлж өгөх нь зөв. Учир нь энэ байранд Т.О гэх ямар ч хөрөнгө байхгүй. Арай дураараа байгаа юм биш үү. Энийг ч авна, тэрийг ч авна гээд. Шүүхээс миний хүүхдүүдийн асран хамгаалагчаар нь тогтоогоогүй байхад бид гурвйн хувь гэж болохгүй байх. Надад байгаа эд хөрөнгө миний хоёр хүүхдүүдэд үлдэнэ. Т.О гэдэг хүн өөрөө амьдралаа салгаад явсан учир цаашид амьдрах арга замаа, эд хөрөнгөө өөрөө ол. Иймд надаас нэхэмжлээд байгаа гэх 51,608,637 төгрөгийг гарган өгөхгүй. Тийм боломжгүй байхгүй гэдгийг ч өөрөө мэдэж байгаа. Амьдрахад нэн хэцүү байгаа бол миний зүгээс 20,000,000 төгрөг гарган өгөх хүсэлтэй байна...гэжээ.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-8/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-10-11/, Т.О цалингийн талаар гаргасан ажил олгогчийн тодорхойлолт /хх-12, 14/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-13/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-15/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26д3-4/2490 тоот албан бичиг, хавсралтаар О гаргасан гомдол мэдээллийн дагуу бүртгэгдсэн гомдол мэдээллийн бүртгэл /хх-16-17/, Т.О биед учирсан гэмтлийг харуулсан фото зургууд /хх-60-61/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-87/, Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-88/, Т.О нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-89/, Т.О үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-112/, Т.О Буфа үнэлгээ ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөрөнгийн үнэлгээний гэрээний эх хувь /хх-129/, Буфа үнэлгээ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангийн эх хувь /хх-130-146/ зэрэг болно.

- Нэхэмжлэгчээс хариуцагч Ш харилцсан мессеж, чатуудын фото зургууд /хх-18-69/, Орон сууцны төлбөр төлсөн Буянпэл ХХК-ийн НӨАТ-ын баримтын хуулбар /хх-113/, Буянпэл ХХК, Т.О нарын байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /хх-114-115/, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-116-118/, Худалдаа хөгжлийн банк ХХК, Т.Оюунтунгалаг, Д.Ш нарын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Ипотекийн гэрээний хуулбар /хх-119-122/ зэргийг нотлох баримтаар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагад нийцээгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

4.Хариуцагч Д.Ш шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан боловч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

5.Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2022/14809 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, гэрлэгчдийн хүү Ш.Шижир, охин М нарыг эрүүл, аюулгүй орчинд өсч бойжих, сурч хүмүүжих таатай орчинг зохигчдын хэн нь илүү бүрдүүлэх боломжтойг тодруулахаар дүгнэлт гаргахыг даалгаж /хх-92/, захирамжийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинжээчдийн баг дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хүүхдүүд ээждээ илүү ээнэгшилтэй, эцэг эхийн амьдрах орчин нөхцөл боломжийн...хүү Ш.Шижир, охин М нарын асран хамгаалагчаар нэхэмжлэгч О тогтоох нь зүйтэй гэх санал дэвшүүлсэн байна. /хх-96-105/

6.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч Д.Ш хүрэлцэн ирсэн бөгөөд шүүх хуралдааны явцад дэг удаа дараа зөрчсөний улмаас түүнийг танхимаас гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн торгууль оногдуулан, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэмжлэгч Т.О нь хариуцагч Д.Ш холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь 51,608,630 /тавин нэгэн сая зургаан зуун найман мянга зургаан зуун гучин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч Ш үйлдэл нэхэмжлэгч Т.О болон хоёр хүүхдэд маш их сэтгэл зүйн айдас түгшүүр учруулдаг тул нэхэмжлэгч өөрийн болон хоёр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдээ амгалан тайван амьдруулах үүднээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хариуцагчтай хамтран өмчлөх дундын өмч болох орон сууцны зах зээлийн үнээс ипотекийн гэрээний дагуу банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг хасаж, зөрүү үнийн дүнгээс өөрт болон хоёр хүүхдэд оногдох хувийг хариуцагчаас гаргуулахаар шаардана гэж тодорхойлж байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүү Ш.Шижирийг өөрийн асрамжид авах, дундын эд хөрөнгө байхгүй бөгөөд байрны өмчлөл болон зээлийг Д.Ш хариуцна, нэхэмжлэгч Т.О оногдох хувь байхгүй учир 51,608,630 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрх байхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Т.О, Д.Ш нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрээгүй охин М , хүү Ш нарын төрсний гэрчилгээний хуулбар, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэл, нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн дундын эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний Буфа үнэлгээ ХХК-ийн тайлан, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. Гэрлэгчид 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин М /12 настай/, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүү Ш /8 настай/ нар төрсөн байна.

5.2. Гэрлэгчид 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн гэрлэгчид тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд нэхэмжлэгч О асрамжид байна.

5.3. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2022 оны 6 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд дуудлага мэдээлэл гаргаж, гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэгдэн шалгагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн бие махбодийн хүчирхийллийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийг харуулсан фото зургийг нотлох баримтаар гаргасан байна.

5.4. Нэхэмжлэгч Т.О 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр * улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Нарны зам гудамж * дүгээр байрны 3 тоот хаягт байршилтай 62,9 мкв талбай бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэн 000766474 тоот гэрчилгээ олгогдсон ба зохигчид уг орон сууцыг Буянпэл ХХК-иас худалдан авч, төлбөрийг Голомт банк ХХК-тай байгуулсан Ипотекийн гэрээгээр зээл авч төлсөн бөгөөд Голомт банк ХХК-ийн барьцаанд байгаа, мөн уг орон сууцыг хариуцагч Д.Ш эзэмшиж байгаа, зээлийн үлдэгдэл 119,888,487 төгрөг байгаа талаар зохигчоос тайлбарласан.

5.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж, нэхэмжлэгч Т.О хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, шинжээчид охин М , хүү Ш нарыг эх О асрамжид үлдээх санал гаргасан байна. Хариуцагчийн зүгээс хүү Ш.Шижирийг өөрийн асрамжид үлдээхийг хүсэж, нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч шүүхэд тайлбар татгалзлаа нотлох аливаа баримт гаргаагүй байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд, тодруулбал: гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон зэргээс бусад тохиолдолд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх буюу, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр хуульчилдаг.

7. Т.О нь Ш байнгын дарамт, хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж, эвлэрүүлэн зуучлалд хандалгүйгээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан учир түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт ... гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд Т.О нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Д.Ш өөрийг нь үндэслэлгүйгээр бусадтай хардах, хэл амаар доромжлох, дарамтлах, гэрээсээ хөөх, зодож цохих, хутга шидэх зэргээр бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэхийн зэрэгцээ өөрөө бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг, улмаар гэр бүлээс гадуурх харилцаанаас өөр хүүхэдтэй болохыг олж мэдсэн зэрэг үндэслэлээр цаашид хариуцагч Ш хамтран амьдрах хүсэлгүй болсон гэж тайлбарласан.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид болон хүүхдүүддээ сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үзүүлдэг болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудсуудад нотлох баримтаар авагдсан фото зургууд, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэл зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

10. Гэрлэгчдийг тусдаа байх хугацаанд насанд хүрээгүй охин М , хүү Ш нар нь эх О асрамжид байсан бөгөөд шүүхээс томилогдсон шинжээчид хүүхдүүдийг эх Т.Оюунтунгалагт ээнэгшилтэй гэж дүгнэн, тэднийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээх санал гаргасан байна.

11. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй охин М , Ш нарыг эх О асрамжид үлдээх нь зүйтэй.

12. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

13. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч О нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

13.1. Т.О, Д.Ш нар гэр бүл болсноос хойш 2020 онд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Нарны зам гудамж * дүгээр байрны * тоот хаягт байршилтай 62,9 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч, үнийг Голомт банк ХХК-тай байгуулсан Ипотекийн гэрээгээр авсан зээлээр төлсөн ба зээлийн төлбөрийн үлдэгдэл 119,888,487 төгрөг байгаа тухай зохигчид тайлбарласан.

13.2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох ба зохигчдын хамтран өмчлөх дээрх орон сууц нэхэмжлэгч О өмчлөлд бүртгэлтэй боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасны дагуу Т.Оюунтунгалаг, Д.Ш болон охин М , Ш нарын дундын өмч болно.

13.3. Гэрлэгчдийн хамтран өмчлөх дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Голомт банк ХХК-тай байгуулсан Ипотекийн гэрээний дагуу барьцаанд байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл 119,888,487 төгрөг байна. Орон сууцыг хариуцагч Д.Ш эзэмшиж байна.

13.4. Нэхэмжлэгчийн захиалгаар Хөрөнгийн үнэлгээний Буфа үнэлгээ ХХК-иас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 197,752,650 төгрөг болохыг тогтоож үнэлгээний тайлан гаргасныг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нэхэмжлэгч уг орон сууцыг 188,700,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээнээсээ зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 119,888,487 төгрөгийг хасаж, зөрүү 68,811,513 төгрөгөөс өөрт болон хоёр хүүхдэдээ ногдох хувь /68,811,513/4=17,202,878 гэр бүлийн нэг гишүүнд ногдох хувь/ 51,608,637 төгрөг шаардсан.

13.5. Нэхэмжлэлийн энэхүү шаардлага Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж, мөн зүйлийн 130.3 дахь хэсэгт Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж заасанд нийцэж байх тул маргаан бүхий гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох уг орон сууцыг хариуцагч Ш өмчлөлд үлдээж, хариуцагчаас 51,608,637 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

14. Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэл нь гэрлэгчдийн амин хувийн харилцааны асуудлыг шийдвэрлэж буй учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлнө. Гэтэл нэхэмжлэгч Т.О нийт 556,395 төгрөг төлснөөс 486,195 төгрөгийг илүү төлсөн байх тул улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд нийцнэ. Харин нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн **, Монгол улсын иргэн * нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М , 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Ш нарыг эх О асрамжид үлдээсүгэй.

2.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан * улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Нарны зам гудамж * дүгээр байрны 3 тоот хаягт байршилтай 62,9 мкв талбай бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ш өмчлөлд үлдээж, уг орон сууцнаас Т.О, охин М , хүү Ш нарт ногдох хувь болох 51,608,637 /тавин нэгэн сая зургаан зуун найман мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч Ш гаргуулан нэхэмжлэгч Т.О олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 486,195 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж /Баянгол дүүргийн татварын хэлтэс/, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.О олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан Т.О, Д.Ш нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй охин М , хүү Ш нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

5.Нэхэмжлэгч Т.О хариуцагч Ш хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА