Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 2023         05           29                                           2023/ДШМ/22

 

                 Шүүгдэгч Б.Э болон

                       “Эрчим хайрхан” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энх-Эрдэнэ /цахимаар/, шүүгдэгч Б.Э /цахимаар/, өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК-д холбогдох, 2202000000464 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,   “Улаанбаатар цахилгаан түгээх  сүлжээ” ТӨХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 103 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б-ын Э /РД:.........../.

   2. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 940 дугаартай шийдвэрээр бүртгэгдсэн, 4007034 регистрийн дугаартай, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал Даваагийн Гантуяа, 0,4-35кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ болон  гэрээ, захиалгаар бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 02 тоот хаягт бүртгэлтэй, “Э” ХХК.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Э нь С.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “Хужирт гэр” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр  нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч санхүүгийн баримт 3 ширхэгийг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт,

- шүүгдэгч “Э” ХХК нь С.Бийн хамаарал бүхий “Х” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг буюу нийт 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон буюу худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, санхүүгийн хуурамч баримт 3 ширхэгийг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж, ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт тус тус холбогджээ / яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 2. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Э-ээс шүүгдэгч Б.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

“Э” ХХК-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаар цагаатгах тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Б Э-т, “Э” ХХК нарыг цагаатгаж,

- шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж,

- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Дээд шатны прокурор буюу Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор А.Э давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхийн цагаатгах тогтоолд заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхээс гэмт хэргийн нөхцөл, үйл баримтыг болон гэмт хэргийн халдлагын зүйл болох НӨАТ-ын баримтыг “Санхүүгийн баримт мөн” гэж зөв тодорхойлж дүгнэсэн мөртлөө шүүгдэгч Б.Э, “Э” ХХК-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Э-ийн “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “Хужирт гэр” ХХК-аас 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж Татварын удирдлагын нэгдсэн системд шивэлт хийлгэсэн НӨАТ-ын 3 ширхэг падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзнэ” гэж үзэж, “санхүүгийн баримт”-ын талаар зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс зөвхөн “Онцгой албан татварын тэмдэгт” гэсэн хэсгийг иш татаж шийдвэрийнхээ үндэслэл болгож буй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлд шууд хамаарна.

Учир нь прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинж буюу “санхүүгийн баримт”-ыг  хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэж ялласаар байхад тус зүйл, хэсэгт заасан “санхүүгийн баримт” гэсэн шинжийг шүүх үгүйсгэж тайлбарлаагүй, энэ талаар гаргасан шийдвэртээ огт дурдаагүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнээс давж прокуророос нэр бүхий шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргаагүй, яллаагүй байхад “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжийг мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй холбон тайлбарлаж байгаа нь хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашиглаж буй гэмт үйлдэл нь Монгол Улсад төлбөл зохих татвараас зайлсхийсэн зорилгынхоо хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч татвар төлөхөөс зайлсхийх  хэргийн үндсэн шинж болох 50,000,000 төгрөгийн хэмжээнд хүрээгүй байх тул энэ үндэслэлээр прокуророос тэдгээрт холбогдуулж, мөн зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, ял сонсгоогүй болно.

Харин шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашигласан гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэж, тэдгээрт холбогдуулж тус зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял сонсгож, гэм бурууг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх нэг үйлдэл нь зөвхөн тодорхой нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх ёстой, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж байгаа нь “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн үйлдлийн арга, шинж мэтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй холбож, хуулийг үндэслэлгүй тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлд шууд хаамаарч байна.

Прокуророос яллагдагч С.Б-д холбогдох эрүүгийн 1102005140150 дугаартай хэргээс нийт эрүүгийн 4 хэргийг тусгаарлаж, харьяа  шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал:

1. Яллагдагч С.З-т холбогдох эрүүгийн 2202000000465 дугаартай «эргийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

2. Яллагдагч М.Х-д холбогдох 2202000000422 дугаартай хэргийг Чийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 3. Яллагдагч Г.М, Э.Г нарт холбогдох 2202000000423 дугаартай хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

4. Яллагдагч Б.Э, “Э” ХХК нарт холбогдох эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн.

Прокуророос нэг эрүүгийн хэргээс тусгаарласан  хэргийн нөхцөл, үйл баримт, үйлдлийн арга, сэдэлт, санаа зорилго ижил бүхий шилжүүлсэн эдгээр эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрлэлтээс дүгнэхэд гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан шүүх хуулийг нэр мөр ойлгож хэрэглэхээр заасан эрүүгийн хуулийн хууль ёсны ба шударга ёсны зарчим алдагдаж байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаартай дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Прокурор Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Б.Э, ЭХХК нарт холбогдох эрүүгийн 223520000464 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд тэдгээрт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарч байгаа тул цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

6. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор нь эсэргүүцлийнхээ зорилгыг тодорхойлж хэлэхгүй, үйлдэл талаас нь харж хэлсэн. Тухайн үйлдэл татвараас зайлсхийх зорилготой байсан гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд бүлэглэх гэх ойлголтыг хамаарахгүй гэж бодож байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралд тайлбарлаж хэлсэн. Удаа дараа гэдэг ойлголтыг хуулиараа 1 удаа гэж ойлгосон байсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э, ЭХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 65 дугаартай цагаатгах тогтоол нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тухайн хэргийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон. Прокуророос хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралд ирүүлсэн байдаг. Хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл өөр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 3 шийдвэр гаргаж ирээд, энэ хэргийн санаа зорилго, сэдэлт, үйл баримт бүгд адилхан байна гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг бүр сэдэлт, зорилго, хохирлын хэмжээ адилхан байхыг шаарддаггүй. Хэрэг болгон өөр, өөрийн гэсэн шинжтэй байдаг. Тухайн хэргийг Бийн үйлдлээс болж тусгаарлагдсан байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Э, ЭХХК нарт холбогдох хэргийн зорилго, сэдэлт нь татвараас зайлсхийсэн зорилго сэдэлттэй байсан. ЭХХК-д Б.Э хамааралгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайн хэргийг жишиг тогтоох байдлаар прокуророос цагаатгах тогтоолыг эсэргүүцэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс Б.Э болон ЭХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирлын хэмжээ хүрээгүй, татвараас зайлсхийлэх зорилго сэдэлт байсан эсэхийг тогтоож хохирлын хэмжээ нь эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй учраас цагаатгасан. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 65 дугаартай цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас прокурорын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Э болон ЭХХК-д холбогдох, 2202000000464 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

         2. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн  хяналтын прокурор Б.Э-ээс шүүгдэгч Б.Э-ийг Н.Б-тэй бүлэглэн “Хужирт гэр” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч санхүүгийн баримт 3 ширхэгийг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, “Эрчимхайрхан” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж, Экомпанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан үйлдэлд байнга, тогтвортой хамтран оролцсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

“Эрчимхайрхан” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаар цагаатгах тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч “Эрчимхайрхан” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бэсүд овогт Баярбатын Э, “Эрчимхайрхан” ХХК нарыг тус тус цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

3.1. Прокуророос шүүгдэгч Б.Э болон ЭХХК-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдээс, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэх шинжийг хангасан гэж дүгнэж, яллагдагчаар татсан байх ба анхан шатны шүүхээс “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. 

 Мөн шүүхийн цагаатгах тогтоолд: “шүүгдэгч Б.Эийг ЭХХК-ийн ашиг сонирхлын төлөө Хужирт гэр ХХК-аас 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж Татварын удирдлагын нэгдсэн системд шивэлт хийлгэсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 3 ширхэг падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзнэ” гэж дүгнэсэн атлаа  уг баримт буюу НӨАТ-ын падаан нь яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан “ санхүүгийн баримт” гэх ойлголтод хамаарахгүй  гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолд тусгахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.Э, ЭХХК-д холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дээрхи хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, шүүгдэгчийг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэж ялласан прокурорын яллах дүгнэлтийн үндэслэлийг шүүхээс нотлох баримтаар үгүйсгэж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.  

3.3. Шүүхийн цагаатгах тогтоолд: “шүүгдэгч нарын татвар төлөхөөс зайлсхийсэн 12.122.750 төгрөг нь их хэмжээнд хүрэхгүй тул Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжгүй байна” гэж дүгнэж, прокурорын ялласнаас өөрөөр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тайлбарлан, шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд: “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” гэж энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлж, эдгээрээс санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглах нь гэмт хэргийн бие даасан шинж байхаар хуульчилсан байхад шүүхээс “зөвхөн онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамааруулна” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                      Л.АЛТАН