| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0680/З |
| Дугаар | 128/ШШ2024/0725 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-********* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*********” ХХК /РД: ********* /
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: “*********” ХХК /РД: ********* /
Гуравдагч этгээд: “*********” ХХК /РД: ********* /
Гуравдагч этгээд: “*********” ХХК /РД: ********* /
Гуравдагч этгээд: “*********” ХХК /РД: ********* / нарын хооронд үүссэн хуулийн этгээдүүдийн нэрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г *********, гуравдагч этгээд ********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О *********, ********* ХХК болон *********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлдээ “2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн “*********” ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК гэх Улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, тус бүртгэлүүдийг хүчингүй болгохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, хүчингүй болгуулах” гэжээ.
1.2. Нэхэмжлэгч нь дахин гаргасан нэхэмжлэлдээ “2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн “*********” ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК гэх Улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “*********” ХХК-д 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Барилгын засал чимэглэл” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр ********* Улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.[2]
2.2. Гуравдагч этгээд “*********” ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр ********* хувийн хэргийн дугаарт бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.[3]
2.3. Гуравдагч этгээд “*********” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх” үйл ажиллагааны чиглэлээр ********* хувийн хэргийн дугаарт бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.[4]
2.4. Гуравдагч этгээд “*********” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа” үйл ажиллагааны чиглэлээр ********* хувийн хэргийн дугаарт бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.[5]
2.5. Гуравдагч этгээд “********* *********” ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, барилгын засвар хийх, барилгын худалдаа, авто машины сэлбэг эд ангийн худалдаа, төсөл хөлбөр хэрэгжүүлэх, дотоодод хөдөлмөр зуучлах, тавилга үйлдвэрлэл, тавилгын худалдаа” үйл ажиллагааны чиглэлээр ********* хувийн хэргийн дугаарт бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. [6]
2.6. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд хуулийн этгээдүүдийг Улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргажээ.
2.7. Дээрх гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6/7678 дугаар “Хариу өгөх тухай” албан бичигт[7] “…Таны гомдол дурдсан ********* ХХК-ийн нэрийг ********* ХХК, ********* ХХК, ********* ХХК, ********* ХХК-ийн нэрийг адилтгаж хууль зөрчиж улсын бүртгэлд бүртгэж авсан гэх асуудлын тухайд эдгээр хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн этгээдийн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан баталсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрд тавигдах шаардлага, хязгаарлалтад хамаарахгүй байна. Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье.” гэх хариуг өгчээ.
2.8. Нэхэмжлэгч “*********” ХХК-аас анх “...2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн “*********” ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК гэх Улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, тус бүртгэлүүдийг хүчингүй болгохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5875 дугаар захирамжаар[8] бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.
2.9. Гэвч нэхэмжлэгч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6287 дугаар захирамжаар[9] нэхэмжлэлийг буцаажээ.
2.10. Харин 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “...2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн “*********” ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК гэх Улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий дахин гаргасан нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 6510 дугаар захирамжаар[10] захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “…Манай “*********" ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 25-нд компанийн нэрийг Улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай байгууллага 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж барилга барьж байгаа компани, хувь хүмүүст брэнд болтлоо танигдаж чадсан. Барилга хот, байгуулалтын яамнаас бидэнтэй холбогдож шинэ технологийг Монгол Улсдаа албан ёсны байдлаар ашиглаж хэвшмээр байна тиймээс хуулийн төсөлд нэмэлтээр оруулж танай брэнд болох “*********” нэрийг ашиглах тухай санал тавихад, бид шууд хүлээн авч “2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д, 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуульд тус тус өөрчлөлт оруулж, анх удаагаа хуульд “*********” гэх нэршлээр тусгаж, хэрэглэж эхэлсэн. 2016 оны Барилгын тухай хуульд мөн адил тусгаж өгсөн байдаг. Хуулийн этгээдийн нэр олгож, бүртгэж авахад 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын 339 дугаар тогтоол, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг мөрддөг. Гэтэл дээрх тогтоол журмыг зөрчиж “*********” гэх нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, бүртгэж байгаа нь бидний тогтвортой 15 жилийн үйл ажиллагаанд ноцтой халдаж, харилцагчдад төөрөгдөл үүсгэж байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.12. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “…Улсын бүртгэлийн байгууллага нь Засгийн газрын 2018 оны 339 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасны дагуу Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулдаггүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан компаниудын оноосон нэрийн урд "*********”, “*********”, “*********”, “*********” зэрэг нэр үг орсон байгаа нь "*********” ХХК-ийн оноосон нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр үгийн үндэс, үеэр төсөөтэй юм уу, давхардсан гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж тайлбарлаж байна.
2.13. Гуравдагч этгээд нарын зүгээс “...Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дугаар тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасны дагуу Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг оноосон нэрийг үйл ажиллагааны төрлөөс хамаарч нэг л байгууллагад олгодог. Харин нэр үгийг давхцуулж олгож болдог. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэр үг, үйл ажиллагааны чиглэл нь адилхан тохиолдолд бүртгэн авахаас татгалздаг. Иймд бусад ижил нэртэй газруудаас ялгахын тул урд нь эсвэл ард нь өөр дагавар үг, холбоо үг нэмж ялгагдах шинжээр нь хангаж өгдөг. Гуравдагч этгээд компаниудын оноосон нэрийн урд "*********”, “*********”, “*********”, “*********” зэрэг нэр үг орсон байгаа нь "*********” ХХК-ийн оноосон нэртэй төсөөтэй, давхардсан эсвэл бусдыг төөрөгдүүлсэн гэж үзэх боломжгүй ...” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Манай “*********" ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 25-нд компанийн нэрийг Улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа эрхэлж эхэлсэн. Монгол Улсад өмнө байгаагүй барилгын шинэ технологийг эх орондоо нэвтрүүлж барилгын салбарт томоохон хувь нэмрийг бий болгож чадсан юм. Бидний нэвтрүүлсэн барилгын шинэ технологийн үр нөлөөгөөр Монгол Улсын байгалийн нэгээхэн тулгамдсан асуудал, ой мод тайрч, барилгын тулаас хийж, шургааг дахин ашиглахгүйгээр хог хаягдлыг нэмэгдүүлж байсан олон асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. Анх шинэ технологийг ашиглаж эхлэхэд яг тохиромжтой нэршил байхгүй байсан учир компанийн нэршлийг өгсөн бөгөөд өөрсдийн бизнес үйл ажиллагаанд түүчээлэн идэвх зүтгэлтэйгээр оролцож өдгөөг хүртэл улам сайжруулан ажиллаж байна.
Тухайн үеийн барилгын салбарт гаргасан өөрчлөлт, шинэ технологийн үнэт зүйлийг ойлгож ухаарсан Барилга хот, байгуулалтын яамнаас бидэнтэй холбогдож шинэ технологийг Монгол улсдаа албан ёсны байдлаар ашиглаж хэвшмээр байна тиймээс хуулийн төсөлд нэмэлтээр оруулж танай брэнд болох нэрийг ашиглах талаар санал тавьж, бид шууд хүлээн авч “2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д, 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуульд тус тус өөрчлөлт оруулж, анх удаагаа хуульд “*********” гэх нэршлээр тусгаж хэрэглэж эхэлсэн. Мөн 2016 оны Барилгын тухай хуульд мөн адил тусгаж өгсөн байдаг.
Манай компани Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдолдоо бүхий л асуудлаа сайтар дэвшүүлж өгсөн. Хуулийн этгээдийн нэр олгож мөн бүртгэж авахад 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 339 дугаар тогтоол, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг мөрддөг гэтэл илтэд зөрчсөн байна:
“3.10. Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй:
3.10.1. Хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр" гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр групп”, “Төмөр консорциум", "Төмөр холдинг", "Төмөр корпораци" гэсэн нэрийг;
3.10.2. Төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно Монгол, МН, Эм Жи Эл, МЖЛ, Мон, МНЖ зэргээр "Монгол” гэсэн утга санаагаар ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд "Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр МН”, “Төмөр Монгол", "Мон төмөр” гэсэн нэрийг;
3.10.3. Хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн хойно тоо бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Номин” гэсэн нэр бүртгэгдсэн бол “Номин нэг", "Номин хоёр" гэсэн нэрийг;
3.10.4. Баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд "Баян гео", "Эко систем" гэсэн нэр бүртгэгдсэн байвал "Баян геологи", "Экологи систем" гэсэн нэрийг;
3.10.5. Холбоо, сангийн нэрийг Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн гэсэн үгээр ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд "Монголын скаутын холбоо" гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Монголын Үндэсний скаутын холбоо”, “Монгол Улсын скаутын холбоо" гэсэн нэрийг;
3.10.6. Холбоо, сангийн нэрд Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн, олон улсын, Азийн, Европын зэрэг нийтийг төлөөлсөн утга бүхий үг оруулан төөрөгдүүлэхээр бичсэн бол. Жишээлбэл: "Монголын залуу гоо сайханчдын нэгдсэн холбоо”, “Олон улсын гар бөмбөгийн спорт сонирхогчдын холбоо" гэх мэт нэрийг;
3.10.7. Холбоо, сангийн нэрийн хойно нийгэмлэг, академи, холбоо, зөвлөл, дээд зөвлөл, нэгдэл, төв, хүрээлэн, институт, танхим, клуб зэрэг үгээр ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Малчдын холбоо" гэсэн нэр бүртгэгдсэн байвал "Малчдын зөвлөл", "Малчдын клуб” гэсэн нэрийг;
3.10.8. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Дорнын саран” гэсэн нэр бүртгэгдсэн байвал "Завхан дорнын саран" гэсэн нэрийг;
3.10.9. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрд төрийн байгууллагын чиг үүрэг, нэрийг оролцуулан бичсэн бол. Жишээлбэл: "Дагнасан оюуны өмчийн газар” ТББ, “Мэргэшсэн оюуны өмчийн газар” ХХК гэсэн нэрийг;” гэж журамд заасан байна.
Мөн дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй гэж тус тус заасан байдаг. Манай байгуулга 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж барилга барьж байгаа компани, хувь хүмүүст брэнд болтлоо танигдаж чадсан. Гэтэл “*********” гэх нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүргүүлж байгаа нь журам зөрчиж, бидний тогтвортой 15 жилийн үйл ажиллагаанд ноцтой халдаж, харилцагчдад төөрөгдөл үүсгэж байна. Манай “*********” гэх нэр “*********”, “*********”, “*********”, “*********”, “*********” ХХК гэх нэршлүүдийг хэн ч харж уншсан илтэд дээрх журам дүрмийг зөрсөн байгааг ойлгож болохоор байхад ямар учир шалтгааны үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн гомдлын хариу тайлбарт зөрчсөн зүйл байхгүй гэх бөгөөд бид ийм үндэслэлгүй сайтар шалгаагүй худал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тиймээс бидний эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн “Э *********" ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн " *********" ХХК, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн " *********" ХХК, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн " *********" ХХК гэх Улсын бүртгэлд бүртгэсэн, нэрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, тус бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч “*********” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулаад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн “*********” ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2022 оны 10 дугаар 26-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК болон 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК гэх улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Нэхэмжлэгч “*********” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагчийн гаргасан шийдвэрийн дагуу 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “*********” гэх нэрийг улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “*********” гэх нэр томьёо манай компанийг бүртгүүлэхээс өмнө Монгол Улсад байгаагүй. Өмнө нь энэ барилгын тулаасыг байгалийн модоор хийж гүйцэтгэдэг байсан. Энэ компанийг үүсгэн байгуулагч нь өөрөө Бүгд Найрамдах Солонгос улсад энэ чиглэлээр ажиллаж байгаад Монгол улсад Солонгос улсын ********* тулаасаар хийх байгалийн модыг ашиглахгүй байх, байгаль орчинд ээлтэй энэ технологийг Монголд нэвтрүүлж, бизнесийг эхлүүлж, одоо барилгын салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Шинэ технологийн үр нөлөөгөөр Монгол Улсад байгалийн тулгамдсан асуудал болох модоор барилгын тулаасыг хийхгүй байх. Энэ асуудлыг барилгын салбарт шинээр бий болгож, шинэ технологийг гаргаж ирсэн. Ийм учраас Барилга, хот байгуулалтын яамнаас манай “*********” ХХК-тай холбогдоод Монгол Улсад албан ёсны байдлаар шургааг байгалийн модыг тулаасаар ашиглахгүй байх талаар 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Барилгын тухай хууль тогтоомжид өөрчлөлт орж, анх удаа “*********” гэдэг нэр томьёо манай компанийг үүсгэн байгуулснаас хойш даруй жил нэг жилийн дараа орж ирсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газарт бол дараах агуулгаар гомдлыг гаргасан. Яагаад гэхээр 2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш бидэнтэй олон жилийн харилцаатай байсан компаниуд үйлчлүүлэгчид ямар зүйл хэлдэг вэ гэхээр “*********” ХХК-тай холбогдоорой гээд хэлдэг. Бизнес гэдэг бол нэг үйлчлүүлэгчид сайн үйлчилгээ үзүүлсний улмаас дараагийн үйлчлүүлэгчид бид нарыг санал болгох замаар явдаг. Манай үйлчлүүлэгч нар “*********” ХХК-тай холбогдоорой гээд ********* гээд хайхаар гуравдагч этгээдээр оролцож буй компаниудын нэршил жишээлбэл идэвхтэй гарч ирдэг. Үүнээс болж үйлчлүүлэгчид төөрөгдөж эхэлдэг. Тэгээд дараа нь бидэнтэй холбогдоод танай компанийг санал болгосон, танайхтай Б гэж компани гэрээ байгуулаагүй юм уу гэхээр өөр *********тай холбогдчихсон байдаг зэрэг үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулж манай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Жишээлбэл, зарим ********* гэсэн нэр авсан компаниуд үйлчлүүлэгчдээ яг чанартай үйлчилгээг хийж өгөөгүйн улмаас тохирсон хугацаанд түрээсийн *********-уудаа аваачиж өгөөгүйгээс болж манай нэр хүндэд халдаж, манайхыг гэж ойлгоод сөргөөр нөлөөлөх ийм нөхцөл байдал үүсэж байна. Үүнээс болж манай компани үйлчлүүлэгчээ алдах нөхцөл байдал үүсэж байна. 2 дугаарт ********* гэсэн ижил нэртэй компаниудын үзүүлсэн үйлчилгээнээс болоод бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлууд үүсэж байгаа учраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаад “*********” гэсэн нэрийг манай компани 2008 онд авсан байхад 2015 он, 2022 он, 2023 онуудад эдгээр компаниудад Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэсэн хуулийн хориглолтыг зөрчиж нэр олгосон нь 1 дүгээрт шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна. Тийм учраас гуравдагч этгээд болох компаниудын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Манай компанийн эрх ашиг сонирхлыг хөндөгдөөд байна гэж гомдол гаргасан боловч хүлээж авахаас татгалзсан хариу өгснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр эрх зүйн хэм хэмжээний актын эрэмбийн хувьд эхлээд бид хуулиа баримтлах ёстой. Хуулийн араас хуульчилсан акт буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэглэгдэж байгаа холбогдох журмаа баримтлах ёстой. Гэтэл Иргэний хууль дээр энэ нөхцөл байдал үүсэхийг хууль тогтоогчид 2002 онд Иргэний хуулийг батлахдаа урьдчилж хараад хуульчилсан байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэж байна. Тэгэхээр бид “*********” гээд нэр авчихсан. Гэтэл бидний нэрийн урд хойно нь тодотгол хийгээд нэршил аваад байгаа нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хэрвээ ингэж болно гэх юм бол жишээ нь Бат, Шунхлай бат, АПУ бат, Эм Си Эс гээд компанийн нэрийг авч болно гэж тайлбарлаад байна. Гэтэл АПУ гэж компанийн 30 жил үүсгэсэн нэр томьёог зүгээр урд нь тодотгол хийгээд Нандин АПУ юм уу, ингэж авч болохгүй. Жишээлбэл 2008 оноос хойш энэ салбарт барилгын тулаасыг, *********ыг модоор хийж болохгүй гэдэг энэ технологийг манай компани 15 жилийн өмнөөс нэвтрүүлчихсэн байхад манай компанийн бизнесийн нэр хүндийг ашиглаж байна.
********* *********, ********* гэж авах нь байж болохгүй юм. Хуулийн этгээд гэдэг бол үйл ажиллагаагаар нэр хүндээ олж авдаг. Манай компани 2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж, улсдаа татвараа төлж байгаа учраас эдгээр бүртгэлүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Улсын бүртгэлийн байгууллага нь Засгийн газрын 2018 оны 339 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасны дагуу Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулдаггүй. Үүнд:
Групп, Холдинг, Корпораци, Консорциум зэрэг зохион байгуулалтаар, төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийн өмнө хойно Монгол эсвэл Монгол гэсэн үгийн гадаад галигийн дуудлагыг оруулж мөн тухай үгийг ямар нэгэн байдлаар товчилсон товчлолыг оруулсан, хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн хойно тоо бичсэн бол, баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авиа дуудлагын хувьд нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн, төрийн байгууллагын чиг үүрэг нэрийг оролцуулан бичсэн бол зэрэг болно. Монгол хэлний их тайлбар тольд үгийн үндэс гэдгийг үгийн үндсэн утга бүхий хэсэг буюу үгзүйн ёсоор янз бүрийн дагавар залгаж, цаашаа хувилгаж болох хэсэг гэж, үгийн үе (үгийг хэлэхэд уушгинаас гарсан хийн түрэлт дагуу дуу тодорхой сонстох хэсэг), гэж тус тус тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан компаниудын оноосон нэрийн урд " *********”, “*********”, “*********”, “*********” зэрэг нэр үг орсон байгаа нь "*********” ХХК-ийн оноосон нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр үгийн үндэс, үеэр төсөөтэй юм уу, давхардсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Гуравдагч этгээд “*********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Гуравдагч этгээд нь 2022 оны 10 дугаар сард "Е-монголиа" цахим сайтаар дамжуулан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-ын дагуу бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаандаа " *********” нэршил, хаяг самбарыг байршуулан цахим орчинд " ********* ", " ********* ", " ********* " нэртэй хаяг ашиглан борлуулалт сурталчилгаагаа хийдэг. Монгол улсын зах зээл дээр "*********” нэршил нь барилгын салбарын бүх хүмүүсийн нийтлэг ашигладаг нэр томьёо төдийгүй хэн нэгний өмчилсөн, нийтээр ашиглах боломжгүй нэршил биш юм.
Манай компани 100% дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, чөлөөт зах зээлийн зарчмаар энэ салбарт ажиллаж байгаа болно. Цаашид ч энэ чиг шугамаа баримтлан ажиллах ба салбарын бүхий л оролцогчид өөр өөрсдийн бизнесийн зарчим, арга барилаар чөлөөтэй өрсөлдөж ажиллаж байгаа нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ гуравдагч этгээд нарын хуулийн этгээдийн оноосон нэрийг "хэн ч харж уншсан илтэд дээрх журмыг зөрчсөн" гэх тайлбар нь тус журамд хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд ноцтой халдсан, төөрөгдөл үүсгэсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05 өдрийн 6/7678 дугаар "Хариу өгөх тухай" албан бичгийг үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.” гэжээ.
3.5. Гуравдагч этгээд “*********” ХХК болон ********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…********* ХХК-ийн хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бид албан ёсны хүсэлтээ хуулийн дагуу гаргаж, зохих зөвшөөрлийн дагуу хууль зүйд нийцсэн гэж үзэн манай нэрийг олгож бүртгэсэн бөгөөд олгосон өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл таван жилийн хугацаа өнгөрчээ. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т заасны дагуу захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгоно гэсний дагуу таван жилийн хугацаа өнгөрсөн тул энэхүү гаргасан нэхэмжлэл нь хүчингүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Засгийн газрын 2018 оны 339 дугаар тогтоолыг бичжээ. Гэтэл уг тогтоол, журмаа бүрэн гүйцэд ойлгохгүй хуулбарлан нэхэмжлэл гаргасан байна.
" *********" ХХК болон “*********” ХХК нь “*********" ХХК-ийн нэртэй адил, төстэй, андуурагдахаар биш болох нь компанийн лого, ********* гэж нэрлэсэн буюу тодруулсан нэр нь Засгийн газрын 2018 оны 339 дугаар тогтоолыг зөрчөөгүй болох нь батлагдаж байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Түүнчлэн албан ёсны бичилт, бичвэр, дуудлага /Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн баррел бичилт, дуудлага нь өөр/ зэрэг нь өөр болно.
Иймд гуравдагч этгээд " *********" ХХК болон “*********” ХХК нь хууль болон зохих журмын дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.6. Гуравдагч этгээд “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б ********* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг оноосон нэрийг үйл ажиллагааны төрлөөс хамаарч нэг л байгууллагад олгодог. Харин нэр үгийг давхцуулж олгож болдог. Улсын бүртгэлийн газраас нэр үг, үйл ажиллагааны чиглэл нь адилхан тохиолдолд бүртгэн авахаас татгалздаг. Иймд бусад ижил нэртэй газруудаас ялгахын тул урд нь эсвэл ард нь өөр дагавар үг, холбоо үг нэмж ялгагдах шинжээр нь хангаж өгдөг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна гээд 13 дугаар зүйлийн 13.3.1 кирил үсгээр илэрхийлэгдсэн; 13.3.2-д бусад хуулиар хориглоогүй; 13.7-д Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
Дээрх шаардлагуудыг хангасан гэж үзсэн учраас Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлд бүртгэж авсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж оноосон нэр авсан тул манай байгууллагаас “*********” ХХК-ийн тус нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд манай байгууллагаас шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*********” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн “*********” ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр бүртгэсэн “*********” ХХК, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн “********* *********” ХХК, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн “********* ХХК гэх Улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргасан энэ эрх зүйн маргааны тухайд, хуулийн этгээдийн нэрийн бүртгэлтэй холбоотой маргаан байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “нийтийн эрх зүйн маргаан”-д хамаарна гэж үзэн, захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Хуулийн этгээдийн нэр олгож мөн бүртгэж авахад 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор баталсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг мөрддөг гэтэл илтэд зөрчсөн байна: “3.10. Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй:” гэснийг зөрчиж “********* ХХК, “********* ХХК, “********* ХХК, “********* ХХК-ийн нэрийг бүртгэсэн нь хууль бус” гэх агуулгаар маргасан.
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:” гээд, мөн зүйлийн 13.3.1-13.3.2 дахь заалтад “кирилл үсгээр илэрхийлэгдсэн; бусад хуулиар хориглоогүй.” гэж хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулан бүртгэхдээ баримтлах ерөнхий шаардлагыг хуульчилжээ.
4. Мөн зүйлийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын[11] 3.10-д:
“3.10. Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй:
3.10.1.хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр групп”, “Төмөр консерциум”, “Төмөр холдинг”, “Төмөр корпораци” гэсэн нэрийг;
3.10.2.төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно Монгол, МН, Эм Жи Эл, МЖЛ, Мон, МНЖ зэргээр “Монгол” гэсэн утга санаагаар ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр МН”, “Төмөр Монгол”, “Мон төмөр” гэсэн нэрийг;
3.10.3.хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн хойно тоо бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Номин” гэсэн нэр бүртгэгдсэн бол “Номин нэг”, “Номин хоёр” гэсэн нэрийг;
3.10.4.баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Баян гео”, “Эко систем” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Баян геологи”, “Экологи систем” гэсэн нэрийг;
3.10.5.холбоо, сангийн нэрийг Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн гэсэн үгээр ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Монголын скаутын холбоо” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Монголын Үндэсний скаутын холбоо”, “Монгол Улсын скаутын холбоо” гэсэн нэрийг;
3.10.6.холбоо, сангийн нэрэнд Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн, олон улсын, Азийн, Европын зэрэг нийтийг төлөөлсөн утга бүхий үг оруулан төөрөгдүүлэхээр бичсэн бол. Жишээлбэл: “Монголын залуу гоо сайханчдын нэгдсэн холбоо”, “Олон улсын гар бөмбөгийн спорт сонирхогчдын холбоо” гэх мэт нэрийг;
3.10.7.холбоо, сангийн нэрийн хойно нийгэмлэг, академи, холбоо, зөвлөл, дээд зөвлөл, нэгдэл, төв, хүрээлэн, институт, танхим, клуб зэрэг үгээр ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Малчдын холбоо” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Малчдын зөвлөл”, “Малчдын клуб” гэсэн нэрийг;
3.10.8.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Дорнын саран” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Завхан дорнын саран” гэсэн нэрийг;
3.10.9.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрэнд төрийн байгууллагын чиг үүрэг, нэрийг оролцуулан бичсэн бол. Жишээлбэл: “Дагнасан оюуны өмчийн газар” ТББ, “Мэргэшсэн оюуны өмчийн газар” ХХК гэсэн нэрийг;
3.10.10.хуулийн этгээдийн нэрэнд хуулийн дагуу сонгогддог болон томилогддог албан тушаалын нэрийг оролцуулан бичсэн бол. Жишээлбэл: “Ард түмний ерөнхийлөгч”, “Улсын Их Хурлын шилдэг гишүүн” гэсэн нэрийг;
3.10.11.хуулийн этгээдийн нэрэнд дараахь үгийг хуулиар хориглосон, эсхүл нийтийн ёс суртахууны хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөх, эмх замбараагүй байдал үүсгэх, өдөөн турхирах байдлаар бичсэн бол. Тухайлбал, тэмцэгчид, тэмцэл, босогч, дайтагч, дайчилгаа, терроризм, галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, олон шатлалт маркетинг, пирамид, мөрийтэй болон бооцоот тоглоом, казино, садар самуун явдал болон архи, тамхи, тамхины үйлдвэр гэх мэт;
3.10.12.чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээс бусад хуулийн этгээдийн нэрэнд “... чөлөөт бүс” гэж бичсэн бол.
3.10.13. Холбоо, сангийн нэрийг гадаад үг (кирилл үсгээр бичсэн гадаад үг), товчилсон үсгээр бичсэн бол Жишээлбэл: “Монголиан девелопмент ассоциаци”, “МХӨТ нийгэмлэг” гэх мэт.” гэж журамлажээ.
5. Дээр дурдсан хууль болон журмын хэм хэмжээнүүдээс үзвэл, хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулан бүртгэхэд тавигдах шаардлагын шалгалт нь хэд хэдэн шатлалаас бүрдэхээр байх бөгөөд хууль хэрэглээний дарааллын хувьд эхний шатлалд журмаар тогтоосон шаардлагуудыг, түүний дараагийн шатлалд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан болон Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан ерөнхий шаардлагуудыг нягтлах ёстой байна.
6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс судлан үзвэл, нэхэмжлэгч компанийн нэр болох “*********” гэх холбоо үг бүхий нэрийн урд гуравдагч этгээд болох компаниуд нь тодотгол үг нэмж, “********* *********”, “********* *********”, “********* *********”, “********* *********” гэсэн нэрийг баталгаажуулан бүртгэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10.1-3.10.13-д заасан шаардлагатай зөрчилдөөгүй байна.
7. Тиймээс энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
8. Мөн гуравдагч этгээд болох компаниудын нэрийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан ерөнхий шаардлагыг зөрчөөгүй байна.
9. Түүнчлэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.3, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10-д заасан “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т[12] зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй ...” гэсний “өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэх хэсгийг зөрчсөн гэж маргаж буй нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй. Тодруулахад:
10. Хууль, журмын хэм хэмжээн дэх “өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байх” гэсэн энэ шинжийг авч үзэхдээ, объектив нөхцөл байдалд ижил, төсөөтэй байж болохуйц шинж байдал нь бусдыг төөрөгдүүлэх магадлалын хувьд ямар хэмжээтэй эсэх нь голлох ач холбогдолтой.
11. Тухайлбал, баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол бусдыг төөрөгдүүлэх магадлал өндөр гэж үзэж болно. Жишээ нь: “*********ын барилга”, “*********”, “*********” гэх мэт.
12. Маргаан бүхий энэ тохиолдолд, “*********” гэх холбоо үг бүхий нэрийн урд тодотгол үг нэмсэн байгаа нь бусдыг төөрөгдүүлэх магадлал өндөр гэж үзэхээргүй байна.
13. Иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
14. Түүнчлэн, энэхүү хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардана.
15. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс “Манай үйлчлүүлэгч нар “*********” ХХК-тай холбогдоорой гээд ********* гээд хайхаар гуравдагч этгээдээр оролцож буй компаниудын нэршил жишээлбэл идэвхтэй гарч ирдэг. Үүнээс болж үйлчлүүлэгчид төөрөгдөж эхэлдэг. Тэгээд дараа нь бидэнтэй холбогдоод танай компанийг санал болгосон, танайхтай Б гэж компани гэрээ байгуулаагүй юм уу гэхээр өөр *********тай холбогдчихсон байдаг зэрэг үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулж манай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс болж манай компани үйлчлүүлэгчээ алдах нөхцөл байдал үүсэж байна ...” гэх агуулгаар тайлбарласан.
16. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, гуравдагч этгээд нарын “********* *********”, “********* *********”, “********* *********”, “********* *********” гэх нэрийг бүртгэсний улмаас нэхэмжлэгчид ямар хэмжээний бодит хохирол, эсхүл бодитой сөрөг үр дагавар үүссэн болох нь тогтоогдсонгүй.
17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*********” ХХК-ийн гаргасан “2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн “********* *********” ХХК, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр бүртгэсэн “********* *********” ХХК, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн “********* *********” ХХК, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн “********* *********” ХХК гэх Улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 2-3 дахь тал
[2] Хх 6 дахь тал
[3] Нотлох баримтын хавтасны 95 дахь тал
[4] Нотлох баримтын хавтасны 172 дахь тал
[5] Нотлох баримтын хавтасны 206 дахь тал
[6] Нотлох баримтын хавтасны 152 дахь тал
[7] Хх 7 дахь тал
[8] Хх 11 дэх тал
[9] Хх 14 дэх тал
[10] Хх 16 дахь тал
[11] https://legalinfo.mn/mn/detail?lawId=208780&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[12] Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3: Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.